Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

2022       04          08                                             2022/ШЦТ/126

                                               

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Иргэдийн төлөөлөгч А.Ганцэцэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин  овогт ******* *******  холбогдох эрүүгийн 2221000000081 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 24-19 тоотод  оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хатагин  овогт ******* Мөнгөнтулга /РД: ЖЯ79100476/

 

Холбогдсон хэргийн талаар:1

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг 405-15 тоотод хохирогч *******ы цээжний зүүн хажуу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн талын цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед аав маань ковид хүрээд эмнэлэгт хэвтэж байсан. Би аавыгаа сахиж байгаад 3 дугаар сарын 11-ний өдөр сахиулаа солиод хар байшинд очиж Мөнх-Адъяатай нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч уусан. Тэрийгээ дуусгаад дахиад хөрш айлын хүмүүстэй архи уусан. Бид  юм яриад сууж байгаад би согтсон байсан. Яг юу болсон талаар сайн санахгүй байна. Найз маань ирээд надад агсам тавиад байхаар нь би уурлаад хутгалсан юм шиг байсан. Хутгалсан гэдгээ сайн санахгүй байна. Ганбаяр ах чи хүн хутгалсан гэж хэлээд түргэн дуудсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч явсан...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал одоо зүгээр болсон...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч А.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүйн улмаас хүний биед гэмтэл учруулсан гэм буруутай...” гэв.

 

Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний орой гэртээ ажлын газрын Мөнхтулга, Бямбажав нарын хамт архи ууж байгаад орой 21 цагийн орчимд гэрээсээ гарч тэр хоёроос салаад найз Мөнгөнтулгын гэр рүү такси барьж очсон. Намайг гэрт нь ороход Мөнгөнтулга эхнэр Туул, найз Мөнх-Адъяа нарын хамт байсан.  Би архи уухаараа агсан талдаа хүн бөгөөд Мөнгөнтулгын уурыг хүргэсэн байх. Бид 2 маргалдаад байж байх үед Мөнгөнтулга гэнэт ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн хавирганы доороос 2 дахь үений гол хэсэгт нэг удаа дүрэх шиг болсон. Мөнгөнтулга түрхэн зуурын уурандаа л ийм үйлдэл хийсэн юм шиг байна лээ. Намайг хутгалаад их сандарч байсан... Миний санаж байгаагаар бид хоорондоо зодолдсон зүйл байхгүй, маргалдаж байгаад ийм зүйл болсон. Миний биед учирсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Эмч нарын хэлснээр хэвтэж байгаад миний  биеийн байдал зүгээр болно гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Гэрч Ш.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ороод 20-30 минут орчим болсон байх зурагт үзээд хэвтэж байхад Мөнгөнтулга гэх залуу манайд орж ирээд би хүн хутгалчихлаа ахаа гэхээр нь гэрт нь ороод харахад Мөнхчулуун өрөөний хаалган талын орон дээр цагаан ноосон цамцтай цээжний зүүн хэсэгт цус болсон байдалтай хэвтэж байхаар нь цамыг нь сөхөөд харахад зүүн талын хавиргануудын доороос 3, 4 дэх хавирга хэсэгт 2-3 см орчим хутганы сорви байсан... Би Мөнхчулуунд хэн гэмтэл учруулсныг хараагүй. Харин Мөнгөнтулга би түүнийг хутгалчихлаа гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч Я.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний орой ...19 цагийн орчим 1 шил вино аваад хажуу хөрш болох Мөнгөнтулгынд ороод Мөнгөнтулга, Туул, төмөр замынх нь найз болох залуу 3 архи уучихсан байдалтай сууж байсан. Тэгээд би авч орсон виногоо задлаад нөхөр Ганбаяр, Мөнгөнтулга, Туул, төмөр замынх нь найз болох залуугийн хамт хувааж ууж юм ярьж байгаад удалгүй би гэртээ орсон. Би гэртээ ороод амарсан бөгөөд Мөнгөнтулгынд эргэж ороогүй. ...Ганбаяр надад хэлэхдээ Мөнгөө Акигаа хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд Акиг ирснийг мэдээгүй, хэн хэнийгээ хутгалсныг хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 132 тоот дүгнэлтэд:

1. Д.Мөнхчулууны биед зүүн талын цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл  тогтоогдлоо.

2. 3. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 37-38/

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт  сахиж байгаад дүү Мөнгөнцэцэгтэй солигдож эмнэлгээс гараад түрээслэн амьдарч байсан гэртээ ирж цагаан сарын баярыг тэмдэглээгүй байсан учир найз Мөнх-Адъяагийн хамт ойр зуурын юм ярьж байгаад архи уухаар болж дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн архи худалдан авч ууж эхэлсэн. Ингээд авсан архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч Туул, Мөнх-Адъяа бид 3 ууж байхад 17 цагийн орчим манай хөрш Ганбаяр ах, Урнаа эгч 2 орж ирсэн бөгөөд Ганбаяр ах орж ирэхдээ нэг вино авч ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн ууж юм ярьж сууцгаасан. Үүнээс цааш би юу болсон талаар зарим зүйлийг санахгүй, согтсон байсан. ...манай найз Мөнхчулуун манай гэрт орж ирээд надтай ам хэлээрээ маргалдаж агсан, согтуу тавиад байх шиг байсан.  Үүнээс болж л би түүнийг хутгалсан юм шиг байна. Тухайн үед би цагдаа болон эмнэлэгийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 45/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09/

-Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 10/

-Гэрч Б.Туулын мэдүүлэг /хх-ийн 19-20/

-Гэрч Ц.Мөнх-Адъяагийн мэдүүлэг /хх-ийн 25/

-Гэрч С.Мөнгөнсүхийн мэдүүлэг /хх-ийн 30/

-Гэрч У.Сийлэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 31/

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-48/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-56/

-Хохирогч *******ы прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг 405-15 тоотод хохирогч *******ы цээжний зүүн хажуу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн талын цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл  бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Ш.Ганбаяр, Я.Уранчимэг, Б.Туул, Ц.Мөнх-Адъяа  нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 132 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь хутга хэрэглэн хохирогч *******ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 132 тоот “Д.Мөнхчулууны биед зүүн талын  цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл  тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч А.Ганцэцэгийн шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүйн улмаас хүний биед гэмтэл учруулсан гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Мөнгөнтулгыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Мөнгөнтулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирогч *******ы  “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, би хүний уур хүргэж, найз маань түрхэн зуурын уурандаа ийм үйлдэл хийсэн байна. Найзад маань хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Мөнгөнтулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ы эмчилгээний зардлыг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч С.Мөнгөнтулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар бариултай, бариул хэсгийг цагаан өнгийн утсаар ороосон нийт 18 см урттай хутга 1 ширхэгийг устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагин овогт ******* Мөнгөнтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ******* 3 /гурав/ жил 5 /тав/ сарын  хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар бариултай, бариул хэсгийг цагаан өнгийн утсаар ороосон нийт 18 см урттай хутга 1 ширхэгийг устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.НАМУУНТУЯА

     ШҮҮГЧИД                                             Л.БАТЖАРГАЛ

                                                        П.ПАГМА