Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                            Д.Ганчимэг

Шүүгдэгч                                                            *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Г.Цэрэндолгор        

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод аймгийн шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

 Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн Б-д зааснаар 15 жил хорих ялаар,

 Баянзүрх дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй “Дорнын малчин” дэлгүүрээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотопомп 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 10-52 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ЛЮ 78041519/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие давж заалдах шатны шүүхэд хандах болсны учир нь иргэн Гэрэлбаатарт учруулсан 330.000 төгрөгийн хохирлоо ажил хөдөлмөр хийж гомдолгүй болгох чин хүсэлтэй байна. Би барилгын туслах ажил хийх бодолтой байсан боловч уг хэрэг дээр 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Надад өөрийн гэр орон байхгүй учир Ганцэцэг гэх 4 хүүхэдтэй өрх толгойлсон дүүгийндээ байдаг. Одоо дүү минь хөлдөө хүнд гэмтэлтэй амьдрал нь хүнд хэцүү байгаа тул боломж, цаг хугацаа алдалгүй хохирлоо төлж дүүдээ тус дэм болох чин хүсэл бодлыг бодолцож эрхэм хүндэт шүүгчид та бүхэн 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгч итгэл хүлээлгэнэ үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийн гэсэн гэр оронгүй, өрх толгойлсон 4 хүүхэдтэй дүүгийндээ амьдарч байгаа. Дүү маань хөлдөө хүнд гэмтэлтэй болсон. Амьдрал нь хүнд байгаа. Ажил хийж амьдралд нь тус нэмэр болох гэсэн юм. Тийм учраас надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй “Дорнын малчин” дэлгүүрээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотопомп 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг, /хх 140/

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Манай дэлгүүр 4 ширхэг хяналтын камертай. Бүгд дотор талдаа байдаг бөгөөд 2 камер нь хаалганы дээд хэсэгт дотор талаа харсан. 2 камер нь үүд хэсгээ харсан байрлалтай байдаг. Тухайн хүний хулгай хийж байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. “Сүхбаатарын ******* гэдэг байх” гэж хүн хэлсэн. ... Алдсан эд зүйлээ олоод авчихвал болно. ...” гэсэн мэдүүлэг,  /хх 17-18/

Гэрч Г.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад өөрийн ажил болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын “Дорнын малчин” ХХК-ийн дэлгүүртээ сууж байхад гаднаас 50 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгтэл орж ирсэн 2 залуугийн нэг нь манай нөхөр болох *******ыг асуусан. Тухайн хүнд байхгүй гэж хэлээд дэлгүүрийнхээ нөгөө өрөөнд худалдан авалт хийж байсан хүмүүстэй уулзаад зогсож байсан. Тэгээд тухайн 2 эрэгтэй хүн гарахдаа худгийн ус сорох зориулалттай помп бариад гараад явчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 19-20/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Шүр” зах дээгүүр архи ууж байгаад “Дорнын малчин” дэлгүүр рүү ороход худалдагч нь наймаа хийгээд завгүй байхаар нь би үүдэнд нь зарж байсан худгаас ус татдаг цахилгаан помпыг хулгайлж аваад гарч үргэлжлүүлж архи ууж явсан. Ингээд яг хаана, хэнд, хэдэн төгрөгөөр зарж байснаа мэдэхгүй байна. ...” гэсэн  /хх-ийн 45-46/ мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх 11/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 13-15/  хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тайлан үнэлгээ, /хх 29-36/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч ******* нь “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан боловч түүний гомдолд дурдсан үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй байна.

 Иймд шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс  дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байхад хэрэгт авагдсан Дамдинсүрэнгийн ******* гэх хүний таслан шийдвэрлэх тогтоолыг үндэслэн шүүгдэгчийн биеийн байцаалтын хэсгийн /1992 оны ял шийтгэлийг/ заримыг буруу бичсэн зөрчил гаргасан байна.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд хамаарахгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй боловч цаашид ийм алдаа зөрчил гаргахгүй ажиллахад анхаарвал зохино. /хх 69-77/

Шүүгдэгч *******ын  2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын  2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

      ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                    З.ЭНХЦЭЦЭГ