Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 448

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгчийн төлөөлөгч Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүх, Төрсайхан, Н.Батгэрэл нарыг оролцуулан “Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Бизнесийн оргил” ХЗХ /РД: 2378132/.

Хаяг: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө Эрдэнэт суварга төвийн байр, 407 тоот.

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3, Засгийн газрын IV байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бизнесийн оргил” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар тогтоолоор 4/43 дугаартай хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооноос хоршооны үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг тус хорооны даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан удирдамжийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн.

Шалгалтаар тус хоршоог хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүнийг бид эс зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01 дүгээр тогтоол гарган манай байгууллагад шуудангаар хүргүүлжээ. Энэ үед миний бие нь Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ходоодны архаг үрэвслийн улмаас 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн болно.

Ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1832 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэсэн.

Тус хадгаламж, зээлийн хоршоонд Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтын тайлан нь мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Шалгалтын тайлангаар хадгаламж, зээлийн хоршоог 3 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн.

1. Иргэн Б.Оюунболороор зуучлуулсан гэх Д.Урт-Амар болон бусад зээлдэгчид тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш гэжээ.

Д.Урт-Амар нь анх 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элссэн бөгөөд 10.000.000 төгрөгийн зээл олгосон. Д.Урт-Амар нь зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул түүнийг хоршооны гишүүнээс хасч, зээл болон хүүг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 08 дугаар сард хийсэн шалгалтаараа Д.Урт-Амартай холбоотой асуудлыг шалгасан бөгөөд зөрчилтэй байсан тул захиргааны хариуцлага ногдуулж 576.000 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд шилжүүлж байсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400 дугаар тогтоолоор "Бизнесийн оргил" Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэгэнт шалгаж тогтоож, хариуцлага хүлээлгэсэн асуудалд дахин хариуцлага тооцсон нь хууль бус байна.

2. Д.Урт-Амарын зээлийн барьцаа болох 2 ширхэг машиныг Хадгаламж, зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаагийн нэр дээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэжээ

Д.Урт-Амар нь зээлийн барьцаанд 2 автомашин барьцаалсан. Тухайн үед Ж.Болормаа миний нэр дээр шилжүүлсэн боловч зээлдэгч нь зээл авахад авто машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна гэсэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад буюу зээлийг төлж дуусгаагүй байхад автомашиныг буцаан шилжүүлсэн.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооноос нэгэнт шалгаж хууль зүйн хариуцлага тооцож шийдвэрлэгдсэн асуудлаар хяналт шалгалтыг дахин хийж, хууль журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж буй Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож буй нь хуульд нийцэхгүй бөгөөд нэг асуудалд давхар хариуцлага тооцож бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан үйл ажиллагаа болоод байна.

... Ийнхүү тус хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, журмаар өөр хариуцлага ногдуулахаар заасан заалтыг баримтлан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “"Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршоо нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус Хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасанд хариу тайлбарыг хүргүүлж байна.

Иргэн Д.Урт-Амар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцацрал, иргэн Ц.Энхбаатар нараас 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой Хороонд гаргасан гомдлын дагуу Хорооны даргын баталсан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд "Бизнесийн оргил" ХЗХ-ны үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийх удирдамжийн дагуу Хяналт шалгалтын газрын Бичил санхүүгийн хяналтын хэлтсийн хянан шалгагч Улсын байцаагч Б.Төрсайхан, хянан шалгагч С.Батсүх нар хийж гүйцэтгэсэн ба шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн болно. Үүнд:

1.  Иргэн Б.Оюунболороор зуучлуулсан гэх Д.Урт-Амар болон бусад зээлдэгчид тус Хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш гэдэг нь дараах зүйлсээр нотлогдож байна.

-   Бүх гишүүдийн зар хүргүүлдэггүй, хурлын протоколд хуралд оролцсон гэх нэр, гарын үсэг байдаггүй, зээлдэгчийг гишүүнээр элссэн гэх хугацаанаас хойших Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн жагсаалтад бүртгэлгүй.

-   Гишүүдэд ногдол ашиг хуваарилж байгаагүй.

Энэ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Хадгаламж зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно: 18.1.2 гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах" гэж заасныг зөрчсөн,

2.  Д.Урт-Амарын зээлийн барьцаа болох 2 ширхэг автомашиныг Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь зээлийн барьцааны гэрээнд тусгагдаагүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.7-д  "зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль,  гэрээнд заасны дагуу зохицуулна"  гэсэн заалтыг зөрчсөн  болох  нь

тогтоогдсон.

3.   Дээрх үйлдлүүд нь Хадгаламж зээлийн хоршооны нэрийн дор гишүүн бус этгээдэд өндөр хувийн хүүтэйгээр, мөн зээлийн эргэн төлөх чадварыг судлалгүйгээр, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байгааг нь ашиглан зээл олгож байсан нь ноцтой зөрчил гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

Иймд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хохирол учруулсан, мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 18.1, 18.2-т заасныг зөрчсөн үйлдэл нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно" гэсэн заалтыг тус тус үндэслэн "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авна гэсэн дүгнэлт гарсан. Тус шалгалтын тайлантай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ж.Болормаа, хяналтын зөвлөлийн гишүүн н.Дэлгэрсайхан нар танилцаж гарын үсэг зурсан болно,

Дээрх зөрчлүүд нь Б.Мөнхцацралаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүд байсан ба өмнөх шалгалтын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй зэргийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Уг танилцуулгад:

1.  Газар дээрх шалгалт хийгдэж байсан талаар:

2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Бичил санхүүгийн газар /тухайн үеийн бүтцээр/-ын хянан шалгагч Д.Ариунаа, хянан шалгагч С.Доржпагма нар газар дээрх хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтын ажлын хэсгээс Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг "Хангалттай" буюу эрсдэлд өртөж болзошгүй гэж үнэлээд зөрчил, дутагдлыг бүрэн арилгаж чадвал цаашид хэвийн ажиллах боломжтой гэж дүгнэсэн.

2014  оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Бичил  санхүүгийн  газар /тухайн  үеийн  бүтцээр/-ын ахлах хянан шалгагч  Д.Ариунаа, мэргэжилтэн Ц.Энхтуул нар газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус Хадгаламж зээлийн хоршоо нь шалгалт эхлэх өдрийн байдлаар 2012 онд хийсэн шалгалтын тайлангаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тухайн шалгалтын ажлын хэсэгт нэр төдий биелэлт хүргүүлснээс, зөвлөгөөг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1.5, 25.1.7 дахь заалт болон шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн захиргааны шийтгэл ногдуулж 576,000 /таван зуун далан зургаан мянган/ төгрөгөөр торгосон байна. Уг торгуулийг 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хорооны холбогдох дансанд төвлөрүүлсэн. .

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ирсэн өргөдлийн дагуу тус Хадгаламж зээлийн хоршоонд Хяналт шалгалтын газрын БСХХ-ийн хянан шалгагч, Улсын байцаагч Б.Төрсайхан, С.Батсүх нар газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба уг шалгалтаар гишүүн бус этгээдэд зээл олгосон, уг зээлийг зээлийн хороогоор хэлэлцэн шийдвэрлээгүй, зээлийн барьцаа болох 2 ширхэг автомашиныг Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан зэрэг зерчлүүд илэрсэн.

Уг шалгалтаар 2014 онд хийсэн шалгалтын тайлангаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байсан.

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл: Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилох, тэргүүлэгчдийн зөвлөл нь мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, мөн хуулийн 36 дугаар зүйлийг баримтлан Хяналтын зөвлөлийг шинээр томилох, 37 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах, 38.2 дахь хэсэгт "Зээлийн хороог тэргүүлэгчдийн зөвлөл 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ба зээлийн хороо нь үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана" гэж заасныг хэрэгжүүлж хуулийн 38 дугаар зүйлийг баримтлан Зээлийн хорооны гишүүдийг шинээр томилох зэрэг хуулийн заалтуудыг тус Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэгжүүлж ажиллаагүй нь 2012, 2014, 2015 онуудад хийгдсэн шалгалтуудын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнд:

2012 онд хийсэн газар дээрх хяналт шалгалтаар энэ талаар үүрэг даалгавар өгч биелэлт 71,4 хувь байсан байна. 2014 онд хийсэн газар дээрх хяналт шалгалтаар өмнөх шалгалтын өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй бөгөөд Хяналтын зөвлөл, Тэргүүлэгчдийн зөвлөл, Зээлийн хорооны гишүүдийг шинээр томилсон боловч Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэн захиргааны шийтгэл ногдуулсан боловч 2015 онд хийгдсэн газар дээрх хэсэгчилсэн шалгалтаар уг зөрчил арилаагүй байна. Тус Хадгаламж зээлийн хоршооны Хяналтын зөвлөлийн дарга Ж.Өлзийсайхантай уулзсан уулзалтын үеэр өгсөн тайлбарт Хадгаламж зээлийн хоршооны ажлыг би сайн мэддэггүй, хөдөө ажлаар байнга явдаг, гүйцэтгэх захирал Ж.Болормаа хоршооны бүх үйл ажиллагааг гардан явуулдаг гэсэн тайлбар өгсөн.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, дэх хэсэгт "Хадгаламж зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлсийг хориглоно: 18.1.2 гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах" гэж заасныг зөрчсөн байна. Үүнд:

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ирсэн өргөдлийн дагуу тус Хадгаламж зээлийн хоршоонд хийсэн шалгалтаар бүх гишүүдийн хурлын зар хүргүүлдэггүй, хурлын протоколд хуралд оролцсон гэх нэр, гарын үсэг байдаггүй, зээлдэгчийг гишүүнээр элссэн гэх хугацаанаас хойших Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн жагсаалтад бүртгэлгүй, гишүүдэд ногдол ашиг хуваарилж байгаагүй зэрэг нь нотлогдсон.

Өргөдөл ирүүлсэн иргэн Д.Урт-Амарыг гишүүнээр элсүүлэхдээ түүнийг зуучилсан гэх Б.Оюунболор нь албан ёсны итгэмжлэлгүйгээр гишүүнээр элсүүлэх өргөдөл бичиж, гишүүний анкетад гарын үсэг зурсан баримтыг үндэслэж зээл олгосон. Энэ үед тус Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал байсан Д.Баярцогт ээлжийн амралттай байсан тул уг зээлийг Ж.Болормаа нь зээлийн хорооны шийдвэргүйгээр олгосон.

Д.Урт-Амарын зээлийн барьцаа болох 2 ширхэг автомашиныг Хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бус гүйцэтгэх захирал Ж.Болормаа нь өөрийн нэр шилжүүлэн авсан нь зээлийн барьцааны гэрээнд тусгагдаагүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д "зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зохицуулна" гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Зээлийн хүүгийн тооцоолол хууль, журмын дагуу үнэн зөв явагдаж байсан эсэх талаар шалгаж үзэхэд тус хоршоонд мөрдөж буй Зээлийн үйл ажиллагааны журам нь холбогдох хууль, журмын нөхцөл шаардлагад нийцэж байгаа хэдий ч зээл олгохдоо зээлийн дүнгээс хүүгийн хэмжээгээр урьдчилан мөнгө суутгаж авдаг нь тус Хадгаламж зээлийн хоршооны зээлийн журамд тусгагдаагүй нь зээлдэгчдийг хохироох үндэслэл болсон.

Дээрх зөрчлүүд удаа дараа гарсан, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд заасан болон ХЗХ-ны сайн дурын гишүүнчлэлтэй, гишүүдийн ардчилсан удирдлага хамтын хяналт, ил тод, нээлттэй байх, гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх зэрэг үндсэн зарчмууд алдагдаж дан ганц гишүүний /гүйцэтгэх захирал Ж.Болормаа/ Хадгаламж зээлийн хоршооны нэрийн дор мөнгө хүүлэх байгууллага болсон зэргээс үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.8,-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Хороонд санал оруулах" гэж заасны дагуу Хорооны хуралдаанд оруулж тус хуралдаанаас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.4 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан "Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам"-ын 9.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 400 дугаар тогтоолоор "Бизнесийн оргил" Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

Иймд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 16/15 тоот нэхэмжлэл, үүссэн

захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

“Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Ж.Болормаа Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо 400 дугаар тогтоолоороо “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ 2014 оны хяналт шалгалтаараа нэгэнт тогтоож, хариуцлага хүлээлгэсэн үйл баримтад 2015 онд дахин хариуцлага ногдуулсан нь хууль бус гэж маргажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 4/43 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршооны талаар иргэдээс ирсэн гомдол, мэдээллээр тус хорооны улсын байцаагчид шалгалт хийж тодорхой зөрчлүүд байсан гэж үзэж хоршооны үйл ажиллагааг түдгэлзүүлж хариуцлага ногдуулахаар дүгнэлт гарган хорооны хуралдаанд оруулсан байна.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай:” асуудлыг хэлэлцээд хуралдааны явцад хорооны даргын санал болгосноор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль, журамтай нийцээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх боломжтой бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж хариуцагчаас дахин шинэ акт гартал уг тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан “Бизнесийн оргил” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийх удирдамжаар тус хорооны улсын байцаагчид 2015 оны 08 дугаар сарын 12-оос 14-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж:

1. “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршоо, “Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан “Гишүүн бус этгээдэд зээл олгосон...” гэсэн хориглосон заалтыг зөрчиж зээл олгосон. Зээлдэгч Д.Урт-Амарт хоршооны бүх гишүүдийн хурлын зар хүргээгүй, хуралдаанд оролцсон нэр, гарын үсэг байхгүй, хоршооны гишүүдийн жагсаалтад бүртгэлгүй, ногдол ашиг хуваарилж байгаагүй зэргээс үзэхэд тэрээр хоршооны гишүүн биш гэдэг нь нотлогдсон;

2.Зээлийн барьцааны машиныг хоршооны гүйцэтгэх захирал Ж.Болормаагийн нэр дээр шилжүүлж “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасан “Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хууль, гэрээнд заасны дагуу зохицуулна.” гэснийг зөрчсөн;

3.Гүйцэтгэх захирал Ж.Болормаа зээлийн хорооны шийдвэргүй дур мэдэн зээл олгосон, 2014 оны шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаагүй;

4.Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам”-ийн 9.1.2-т “Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэлт гаргажээ.

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгчөөс, хорооны гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа дараах байдлаар тайлбарлажээ.

1.Санхүүгийн зохицуулах хорооны 400 дугаар тогтоолд хорооны дарга гарын үсэг зураагүй байсан нь “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд хорооны дарга гарын үсэг зурна.” гэснийг зөрчсөн бөгөөд хорооны тогтоолыг гадагшаа гаргахдаа даргын гарын үсэггүй явуулдаг, үүнийг зохицуулсан журам байдаг гэж тайлбарласан хэдий ч түүнийгээ нотлоогүй;

2. Зээлдэгч Д.Урт-Амарын хоршооны гишүүн Б.Оюунболороор зуучлуулан зээл авах хүсэлт гаргасныг судлаж 2013 оны 07 дугаар сард хоршоонд элсүүлж зээл олгосон бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул мөн оны 12 дугаар сард гишүүнээс хассан, хоршооны бүх гишүүдийн хурал жил бүрийн эхэнд болдог бөгөөд энэ зээлдэгч гишүүнээс хасагдсан учир хурлын зар хүргэх шаардлага байгаагүй, нэгэнт гишүүнээс хасагдсан учир хуралдааны ирцэд болон гишүүдийн жагсаалтад бүртгэлгүй, хоршоо ашигтай ажиллаагүй тул ногдол ашиг хуваарилаагүй, өөрөөр хэлбэл зээлдэгч Д.Урт-Амарт тухайн үед хоршооны гишүүн гэж үзэж зээл олгосон байсан тул гишүүн бус этгээдэд зээл олгож зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй;

3. Д.Урт-Амарын зээлийн барьцаанд тавьсан 2 машиныг гүйцэтгэх захирал Ж.Болормаагийн нэр дээр бүртгэсэн байсан хэдий ч зээлийн үүргээ биелүүлж дуусаагүй байхад түүнд буцаан шилжүүлж, өмчлөгч үр шимийг нь өөрөө хүртэж байсан, нөгөө талаар иргэн Д.Урт-Амарын зээлтэй холбоотой асуудлыг 2014 оны 08 дугаар сард хийсэн шалгалтаар зөрчил гэж үзэж 576.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага ногдуулсныг нэхэмжлэгч зөвшөөрч төлсөн байхад дахин нэг зөрчилд давхар хариуцлага ногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа;

4. “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хороо нь “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;” эрхтэй хэдий ч тухайн асуудлыг бүрэн шалгаж тодруулаагүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр хяналт шалгалтаар заасан зөрчилд тохирсон эсэх нь эргэлзээтэй;  

5.”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэдгийг үндэслэн тусгай зөвшөөрөл хүчингүй болгохдоо “...нөхцөл, шаардлага...”ыг яаж тодорхойлж байгаа, ямар нөхцөл шаардлагыг удаа дараа, эсвэл ноцтой зөрчсөнийг судалж ойлгоогүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй;

6. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын журам”-ийн 9.1.2-т “Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг  тогтоосон хугацаанд биелүүлээгүй.” гэснийг баримтлахдаа тус хоршооноос өмнөх шалгалтын үүргийн биелэлтийн тухай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж зээлийн хоршоодын хэлтэст хүргүүлсэн материалыг нягталж үзэлгүйгээр шийдвэр гаргасан;

7. Тус хадгаламж зээлийн хоршооны асуудлыг хорооны хурлаар авч хэлэлцэхдээ хоршооны удирдлага, эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, хуралдаанд оролцож тайлбар хийх, байр сууриа илэрхийлэх боломж олгоогүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тус тус тайлбарлажээ.

 Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо “Бизнесийн оргил”  хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн санал бүхий тайлан, дүгнэлтийг хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч талын дээр дурдсан үйл баримт, хууль эрх зүйн үндэслэлүүдийг сайтар нягтлан судлалгүйгээр хуралдааны явцад хорооны даргын гаргасан тус хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хуралдаанд оролцсон 5 гишүүн 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн нь  нэхэмжлэгчийн хувьд хууль журамд нийцээгүй тогтоол гарсан гэх гол үндэслэл болжээ.

Түүнчлэн хяналт шалгалтын тайланд тусгагдсан “Бизнесийн оргил” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зөрчлүүдийн талаар хуралдаанд оролцсон гишүүд хэрхэн хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч оролцсон талаар хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй, улсын байцаагчдын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр оруулсан саналыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэрхэн хэлэлцсэн талаар баримтжуулаагүй зөвхөн хорооны даргын саналыг дэмжих байдлаар асуудлыг шийдсэн нь хангалтгүйн дээр маргаан бүхий үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд үнэлэлт өгч дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гартал Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР