Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0544

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0544

Улаанбаатар хот

 

“Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа, Б.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Б.Төрсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448  дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гартал Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ““Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үйл баримтын тухайд:

 “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар тогтоолоор 4/43 дугаартай хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос хоршооны үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг тус хорооны даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан удирдамжийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн.

Шалгалтаар тус хоршоог хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус хоршооны зүгээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

 Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гартал маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий акт болох Санхүүгийн зохицуулах хорооны 400 дүгээр шийдвэр нь хууль бус болох нь анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад тодорхой болсон бөгөөд хүчингүй болгох хангалттай үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдсан болно.

“Бизнесийн оргил” ХЗХ-нд Санхүүгийн зохицуулах хорооноос хэд хэдэн удаа хяналт, шалгалтын хийсэн байдаг. 2012 онд хийсэн хяналт, шалгалтын үр дүнд “Хангалттай” гэсэн үнэлгээ өгч, үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг 71,4 хувь гэж дүгнэсэн. 2014 онд ээлжит шалгалтаар тус хадгалагч зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод буй үндэслэл болох Д.Урт-Амарын асуудлаар хяналт, шалгалт явуулсан. Үүнийг  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурал дээр С.Батсүх баталж, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 576.000 төгрөгийн торгууль ногдуулахад  Д.Урт-Амарын арга хэмжээ багтаж байгаа биз? гэж асуухад “..тийм” гэж хариулсан. Энэ асуудлаар хариуцлага хүлээснийг харуулж байна гэж үзэхэд хүргэж байна.

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор биелүүлэх арга хэмжээнүүд өгөгдсөнийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14/05 дугаар албан бичиг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын тайланд 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэж заасан байсан. Тиймээс тухайн үед үүрэг даалгавар дутуу байна гэж ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд үүрэг даалгавар биелүүлээгүй байсан бол арга хэмжээ авах байсан. Гэтэл арга хэмжээ аваагүй, ямар нэг байдлаар бидэнд хариу ирүүлгээгүй тул үүрэг даалгавраа бүрэн биелүүлсэн гэж ойлгож ирсэн.

Гэтэл 2015 онд дахин хариуцагч байгууллагаас хяналт шалгалт хийж,  нэгэнт шалгаж тогтоож, хариуцлага ногдуулсан асуудлаар дахин хариуцлага ногдуулсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гаргасан өдрөөс зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заасны дагуу захиргааны хариуцлагад татах хугацаа дууссан байхад хариуцлагыг давхардуулан ногдуулсан нь хууль бус юм.

Хяналт шалгалт нь 2 хоногийн хугацаанд хийгдэж үр дүнг тайлагнах ёстой байсан боловч хоёр сарын дараа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шалгалтын тайланг танилцуулсан. Шалгалтын тайлангийн он, сар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэсэн байгаа боловч тайланг сарын дараа танилцуулсан байдаг. Шалгалтын явц нь алдаатай явагдсан гэдэг нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас тодорхой харагддаг. Мөн С.Төрсайхан нь нэмэлт материал Д.Урт-Амараас ирээд байсан болохоор хугацааг сунгасан гэж 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарладаг боловч энэ талаар тухайн үедээ манайд мэдэгдээгүй, сунгасан талаар шийдвэр шүүхэд гаргаж өгөөгүй. Анхнаасаа л хадгаламж зээлийн хоршооны одоо байгаа гишүүдийн эрх ашгийг уландаа гишгэж Ж.Болормаа гэдэг хүнийг луйварчин, мөнгө угаагчийг гэж дуудан дарж авъя гэсэн байдал гаргаж байсан. Тиймээс тааралдах болгондоо дээрх үгсийг хэрэглэн иргэн намайг доромжилж байсан нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм. Дэндүү нэг талыг барьж хандаж байсан болохоор шалгалтын тайлантай танилцахаас ч өмнө манай хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь мэдэгдэж байсан. 

2015 оны хяналт шалгалтын тайланд 3 төрлийн зөрчил буюу гишүүн бус этгээдэд зээл олгосон, Ж.Болормаа нь өөрийн нэр дээр зээлдэгчийн автомашиныг шилжүүлсэн, зээлийн судалгаагүйгээр өндөр хүүтэй зээл гаргасан нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Харин шалгалтын тайланд өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар огт дурдаагүй байдаг. 

Д.Урт-Амар гэгч нь тус хоршооны гишүүн байсан этгээд юм. Эдгээр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, Д.Урт-Амарыг гишүүнээр элсүүлсэн тогтоол, хурлын тэмдэглэл болон гишүүнээс хассан тогтоол, хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно. Иймд гишүүн бус этгээдэд зээл олгосон зүйлгүй юм.

Дээр дурдсанчлан Д.Урт-Амартай холбоотой асуудлаар 2014 онд хяналт шалгалт хийж, торгууль ногдуулсан тул дахин уг асуудлаар хариуцлага ногдуулан, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Д.Урт-Амарын эхнэр Б.Мөнхцацрал нь Санхүүгийн зохицуулах хороонд хэд хэдэн удаа гомдол гаргаж, хариуцагч байгууллагаас ч энэхүү гомдлуудад тухай бүрт нь хариу өгч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Тухайлбал Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 9/2217 дугаар албан бичгээр өмнө гаргасан гомдлын дагуу хянан шалгаад хариу өгсөн байх тул дахин хянан шалгах боломжгүй талаар мэдэгдсэн байна. Үүгээр ч Д.Урт-Амарын гомдлоор хянан шалгасан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн 2015 оны хяналт шалгалтын үр дүн болон Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан тогтоолын төслөөс үзвэл тус хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хариуцлага ногдуулахаар гаргасан байна. Тогтоолын төсөлтэй хуралдаанд оролцох гишүүд танилцан хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байдаг. Төслийн хяналтын хуудасны маягтаас үзэхэд хэрэв тусгайлсан санал байгаа тохиолдолд “САНАЛ” хэсэгт тэмдэглэх боломжтой байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Хорооны дарга хүчингүй болгох санал гаргасныг үндэслэн, зарчмын зөрүүтэй санал гарч байхад  хуралдаанд оролцогч гишүүдээс санал авсан эсэх нь тодорхой бус нэг гишүүн санал хэлээгүй, харин бүгд дэмжсэн байсан.

2015 оны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь түдгэлзүүлэх хариуцлага ногдуулах хэмжээний байсан байтал хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болох хүчингүй болгох үндэслэл нь ялгаатай. Хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох шаардлагатай байтал ямар ноцтой зөрчил гарсан талаар тодорхой судалгаа, хяналт шалгалт хийгдээгүй байтал нэг хүний гаргасан саналаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан нь Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны хуралдааны дэгийн дагуу явагдах ёстой байна. Энэхүү дэг нь нэлээдгүй нарийн зохицуулалттай бөгөөд хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаан болон санал гаргасан ажиллагаа нь дэгийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

 Ийнхүү маргаан бүхий акт болох Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 400 дүгээр тогтоол нь хуулийг зөрчсөн, хууль бус захиргааны акт болох нь хангалттай үндэслэлээр нотлогдож байтал шүүхээс үүнийг үнэлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хадгаламж зээлийн хоршооны ны гэм буруугүй гишүүдийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр “Бизнесийн оргил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булган оролцож шүүх хуралдааны тэмдэглэлийг үйлдсэнээр тусгагджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор тус шүүхэд захиргааны хэргийг ирүүлсэн байх боловч хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 88 дугаар зүйлийн 88.1, 88.3-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримт төдийгүй шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу явагдсан эсэхийг нотлох баримт юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн явдал бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэл болж байна.

Мөн  анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэг авагдаагүй байгааг дурдах зүйтэй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт өгч хэргийг хэлэлцэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР