Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 111/2017/0018/з |
Дугаар | 221/МА2017/0755 |
Огноо | 2017-10-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2017/0755
Д.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.А-г Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5922395 /таван сая есөн зуун хорин хоёр мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг нэхэмжлэгч Д.А-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ … шийдвэртэй танилцахад Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах мөн хуулийн 23.4, Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна. Үүнд ...23.4.5-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах асуудлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын эрх хэмжээ гэж зохицуулсан.
Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 6 дугаар зорилтод Газрын татвар, төлбөрийг ногдуулах, газрын төлбөрийн орлогыг хураах, тайлагнах ажлыг зохион байгуулах” гэж заасан байгаа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь сумдын газрын даамлуудыг мэргэжил арга зүйгээр ханган газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл Д.А нь дээрх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээлэл болон аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар албан бичгээр Газрын төлбөрийн 2016 оны төлөвлөгөөнд 130.0 сая төгрөг оруулахаар төлөвлөснөөс 30058100 төгрөгийг тасалдуулсан” тухай мэдээллээр нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг дахин хянаж Д.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
Тус шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-т шүүх хуралдааны товыг 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн, Д.С нь мөн өдрийн удирдамжаар ажилд томилогдсоноос үзвэл хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольж шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар захирамжаар Д.А-ийг аймгийн хэмжээний газрын төлбөрт орох ёстой 30 сая төгрөгийг оруулаагүй гэх үндэслэлээр төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг хамтад нь үндэслэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол албан тушаал бууруулах, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол ажлаас халахаар тус тус заажээ.
Маргаан бүхий актад хуулийн 2 өөр зохицуулалтыг үндэслэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй болсноос гадна төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөл буюу албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Газрын тухай хуулийн 23.4.5, ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар зорилтод газрын алба газрын төлбөрийг хураах ажлыг зохион байгуулахаар заасан. ... Д.А нь энэ чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тул төрийн албанаас халсан нь хууль зөрчөөгүй” гэжээ.
Д.А нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/434 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогджээ.
Үүнээс үзвэл Д.А нь 2016 онд бүтэн жил ажиллаагүйтэй холбоотой хариуцагч нь түүнийг томилогдох үед газрын төлбөрийн төлөлт ямар байдалтай байсан, томилогдсоноос хойш уг асуудлыг хэрхэн зохион байгуулж ажилласан зэргийг тодруулж газрын төлбөр дутуу төлөгдсөн нь Д.А-ийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэхийг тогтоогоогүй, энэ талаар тайлбар, нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.А нь ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар зүйлд заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байгаагаас гадна албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх өөр үндэслэл байхгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ