Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0543

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г*******а

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: ““И” ХХК-ийн эрхийг “И ” ХХК шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

“И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г*******а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Г*******а би 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар “И ” ХХК-ийн хувьцааг “Эм ” ХХК /“Эм ” ХХК-ийн 85 хувийг иргэн Б.О, 15 хувийг иргэн С.Г*******а нар тус тус эзэмшдэг/ 50 хувь, иргэн Б.О 50 хувийг  эзэмшиж байсан. 

Тус компанийн хувьцаа эзэмшигч нь “С.Г*******а” болох нь “И ” ХХК болон “Эм ” ХХК-ийн дүрмээр тус тус нотлогдоно.

Гэтэл Б.О нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг бусадтай байгуулахдаа "И " ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэг болох С.Г*******а надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл, итгэмжлэл авалгүй, гарын үсэг зуруулалгүй дур мэдэн "И " ХХК-ийг төлөөлж өөрөө гарын үсэг зурж "И" ХХК /РД:2700034/-ийн эрхийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох А.О*******, А.С*******, Б.Д*******, Ө.Б, С.Г, Ч.Г нараас 100 хувь шилжүүлэн авсан байна.

Би энэ байдлыг 2016 оны 01 дүгээр сарын сүүлчээр мэдэж, "И " ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Г*******а миний эрхийг дараах байдлаар зөрчиж:

1. "И" ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрөл аваагүй байхад;

2. "И" ХХК-ийг шилжүүлэн авах зөвшөөрөл буюу итгэмжлэлийг "И " ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Од олгоогүй байхад;

3. Хуулийн этгээд шилжүүлэн авах тухай "И " ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулаагүй, шийдвэр, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй байхад; 

4. Хуулийн этгээдийн эрх шилжүүлэн авах Хувьцаа худалдах, худалдан авах болон

Компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байхад;

5. Хуулийн этгээдийн дүрмийг танилцаагүй, гарын үсэг зураагүй байхад;

Би "И " ХХК-ийн нэг гишүүн болох Б.Огийн хууль бусаар хийсэн бичиг баримт, гэрээг үндэслэж, хууль зөрчиж хийгдсэн ""И" ХХК-ийн эрхийг "И " ХХК шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах" тухай гомдлоо Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын газарт 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 8/3002 тоот албан бичгээр надад: "... Та уг өргөдөлд дурдсан асуудлаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд "И " ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Г*******а би Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3,1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 31.5.3, 11.5.11, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.2.2, 22, 23 дугаар зүйл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.3 дах заалтыг тус тус зөрчиж хийгдсэн "И" ХХК-ийн эрхийг "И " ХХК шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах"-аар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна…” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““И ” ХХК нь анх 2009 онд “Эм ” ХХК /50%/, иргэн Ц.С******* /50%/ гэсэн 2 үүсгэн байгуулагчтайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

“Эм ” ХХК нь С.Г*******а /15%/, Б.О /85%/ гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй байна.

2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Ц.С******* өөрийн эзэмшлийн 50%-ийн хувьцаагаа Б.Од шилжүүлснийг бүртгэсэн байна.

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч “Эм ” ХХК нь 42.5%-ийг Б.Од, 7.5%-ийг С.Г*******ад хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.О 92.5%, С.Г*******а 7.5% гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй болсон байна.

“И” ХХК-ийн 100%-ийн хувьцааг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу И ХХК-д шилжүүлэн бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна.

• УБ-05 маягт

• “И” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын тогтоол /хурлын тэмдэглэл/,

• И ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 14/08/22-01 дугаар тогтоол /хурлын тэмдэглэл/,

• Татварын байгууллагын тогтоол,

• Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас,

• Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

• “И ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

• “И” ХХК-ийн 198/A/SN 02 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

• “И” ХХК-ийн шинэчилсэн дүрэм,

• Хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ,

“И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчилж бүртгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд нийцүүлэн бүртгэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“И” ХХК-ийн хувьцааг 2014 оны 08 дугаар сард “И ” ХХК нь 100 хувь шилжүүлэн авсан.

Тус компанийн хувьцааг шилжүүлэн авах үед “И ” ХХК-ийн хувьцааг  “Эм ” ХХК 50 %-ийг /“Эм ” ХХК-ийн эзэмшдэг 50%-ын хувьцааны 7.5 %-ийг С.Г*******а, 42.5 %-ийг Б.О эзэмшдэг/, Б.О би 50%-г тус тус эзэмшиж байсан. Үүнд:

Б.О би “И ” ХХК-ийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшиж байсан учир бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагагүй байх гэж бодоод “И” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах үед “Т ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулалгүй, дангаар хурлын тогтоол, тэмдэглэлийг үйлдэж, компанийн дүрмийг боловсруулан гаргаж, эрх шилжүүлэгч талын гүйцэтгэх удирдлага Д.Е*******өд хүлээлгэн өгсөн.

Тэрээр “И” ХХК-ийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг Улсын бүртгэл, статистикийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ажлыг хариуцан ажилласан.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “И” ХХК-ийн эрхийг “И ” ХХК шилжүүлэн авсан бүртгэлийг бүртгэхээс татгалзаж, материалыг буцаалгүй өөрчлөлтийг бүртгэсэн байсан.

Иймээс би “И” ХХК-ийн хувьцааг “И ” ХХК шилжүүлэн авсан бүртгэлийг зөв хийгдсэн гэж бодож өнөөг хүрсэн.

Хэрэв тухайн үед компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай, хувь нийлүүлэгчдийн хурлаар асуудлыг хэлэлцэж тогтоол гаргах, тогтоол болон компанийн дүрэмд бүх хувьцаа эзэмшигч нар гарын үсэг зурах шаардлагатай мэдэгдсэн бол бид тавьсан шаардлагыг биелүүлж, бүртгэлийг зөвтгөх боломжтой байсан гэдгийг дурдмаар байна.

Нэгэнт “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Г*******аас зөвшөөрөл авалгүй “И” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, компанийн дүрэмд гарын үсэг зуруулалгүй, бүртгэлийг хийлгэсэн нь миний хууль зүйн мэдлэг дутмагаас гарсан алдаа байсан тул “И” ХХК-ийн эрхийг “И ” ХХК шилжүүлэн авсан бүртгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

“И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г*******а “И*******” ХХК-ийн эрхийг “И ” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч “И ” ХХК-ийн нэг гишүүн Б.О “И*******” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авахаар бүрдүүлж өгсөн баримт бичиг , материалыг нягтлан шалгаж үзэлгүй хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Г*******а “И ” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болох нь 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тус компанийн болон 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Эм ” компанийн дүрмээр тус тус нотлогдсон байна.

Дээрх компаниудыг үүсгэн байгуулагчийн нэг Б.О 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  “И ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол үйлдэн “И*******” ХХК-ийн хувьцааны эрхийг шилжүүлэн авахаар шийдвэрлэхдээ тус компанийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшигч нэг гишүүн болох С.Г*******ад мэдэгдэлгүй шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ.”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;” гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “И*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчилж бүртгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд нийцүүлэн бүртгэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Б.Од “Эм ” ХХК-ийн 42.5%-ийг, С.Гандулгад 7.5%-ийг, хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.О 92,5%, С.Г*******а 7,5% гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй болсон байна гэж нотолсон атлаа дээрх компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөн бүртгэхдээ хувьцаа эзэмшигч С.Г*******ын зөвшөөрөл, оролцоо байсан эсэхийг шалгалгүй өөрчлөлтийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх:, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх:” гэсэн үндсэн зарчимтай нийцээгүй байна.

Нөгөө талаар гуравдагч этгээд Б.Огээс  “..нэгэнт “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Г*******аас зөвшөөрөл авалгүй “И*******” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, компанийн дүрэмд гарын үсэг зуруулаагүй бүртгэлийг хийлгэсэн нь миний хууль зүйн мэдлэг дутмагаас гаргасан алдаа байсан тул тус бүртгэлийг шилжүүлэн авсан бүртгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна.” гэсэн хариу тайлбар, түүнийг шүүхийн мэтгэлцээний явцад дэмжиж ярьсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нь хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг нотолж байна.

Өөрөөр хэлбэл дээрх байдал байгааг нягтлан шалгаагүй бүртгэсэн нь улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “....нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах:” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн “И*******” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрөл аваагүй, Б.Од энэ тухай итгэмжлэл, зөвшөөрөл өгөөгүй, “И ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй, шинэчилсэн дүрэмтэй танилцаагүй байхад хууль зөрчиж өөр компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч маргаан бүхий өөрчлөлтийг бүртгэж байх үед мөрдөж байсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хууль (2003 оны)-ийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална.”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.”, 16 дугаар зүйлийн 16.3-д “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно.” гэснийг зөрчиж өргөдөл гаргах эрх бүхий С.Г*******ад мэдэгдэж биечлэн оролцуулаагүй нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд “И*******” ХХК-ийн хувьцааны эрхийг “И ” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.3, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан “И******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс 1 нэмэгдэж, 6 хасагдаж үүсгэн байгуулагчийн нийт тоо 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв.” гэсэн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “И*******” ХХК-ийн 90******* дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.НАСАНДЭЛГЭР