Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0602

 

“И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваанаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

“И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Инкомнэт” ХХК-ийн эрхийг “И Эм Ай Си” ХХК шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “И Эм Ай Си” ХХК нь анх 2009 онд “Эм И Ар Си” ХХК /50%/,иргэн Ц.Сэргэлэн /50%/ гэсэн 2 үүсгэн байгуулагчтайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

“Эм И Ар Си” ХХК нь С.Гантулга /15%/, Б.Одсүрэн  /85%/ гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй байна. 2012 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Ц.Сэргэлэн өөрийн эзэмшлийн 50%-ийн хувьцаагаа Б.Одсүрэнд шилжүүлсэнг бүртгэсэн байна.

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч “Эм И Ар Си” ХХК нь 42,5%-ийг Б.Одсүрэнд,7,5%-ийг С.Гантулгад хувьцаа худалдах , худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.Одсүрэн 92.5%, С.Гантулга 7.5% гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй болсон байна.

“Инкомнэт” ХХК-ийн 100%-ийн хувьцааг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу И Эм Ай Си ХХК-д шилжүүлэн бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна.

 “Инкомнэт”ХХК-ийн бүртгэсэн хувьцаа эзэмшигчийг өөрчилж бүртгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд нийцүүлэн бүртгэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна” гэжээ.

Гуравдагч этгээд “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Одсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”Инкомнэт” ХХК-ийн хувьцааг 2014 оны 08 дугаар сард “И Эм Ай Си” ХХК нь 100 хувь шилжүүлэн авсан.

Тус компанийн хувьцааг шилжүүлэн авах үед “И Эм Ай Си” ХХК-ийн хувьцааг “Эм И Ар Си”ХХК 50%-ийг /”Эм И Ар Си” ХХК-ийн эзэмшдэг 50%-ын хувьцааны 7.5%-ийг С.Гантулга, 42.5%-ийг Б.Одсүрэн эзэмшдэг/, Б.Одсүрэн би 50%-г тус тус эзэмшиж байсан байна. Үүнд:

Б.Одсүрэн би “И Эм Ай Си” ХХК-ийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшиж байсан учир бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагагүй байх гэж бодоод “Инкомнэт” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах үед “И Эм Ай Си” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулалгүй, дангаар хурлын тогтоол, тэмдэглэлийг үйлдэж компанийн дүрмийг боловсруулан гаргаж эрх шилжүүлэгч талын гүйцэтгэх удирдлага Д.Ерөөлтөд хүлээлгэн өгсөн. Статистикийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ажлыг хариуцан ажилласан.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Инкомнэт” ХХК-ийн эрхийг “И Эм Ай Си” ХХК шилжүүлэн авсан бүртгэлийг зөв хийгдсэн гэж өнөөг хүрсэн.

Хэрэв тухайн үед компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай хувь нийлүүлэгчдийн хурлаар асуудлыг хэлэлцэж тогтоол гаргах тогтоол болон компанийн дүрэмд бүх бүх хувьцаа эзэмшигч нар гарын үсэг зурах шаардлагатай мэдэгдсэн бол бид тавьсан шаардлагыг биелүүлж бүртгэлийг бүртгэлийг зөвтгөх боломжтой байсан гэдгийг дурдмаар байна.

Нэгэнт “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Гантулгаас зөвшөөрөл авалгүй “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, компанийн дүрэмд гарын үсэг зуруулаагүй, бүртгэлийг хийлгэсэн нь миний хууль зүйн мэдлэг дутмагаас гарсан алдаа тул “Инкомнэт”ХХК-ийн эрхийг “И Эм Ай Си” ХХК шилжүүлэн авсан бүртгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1,Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11дүгээр зүйлийн 11.3 , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003оны)-ийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.3, 22 дугаар зүйлийн 22.2–т заасныг тус тус баримтлан “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс 1 нэмэгдэж , 6 хасагдаж үүсгэн байгуулагчийн нийт тоо 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв гэсэн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Инкомнэт” ХХК-ийн 9011113163 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 543 тоот шийдвэрийг эс зөвшөөрч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн миний бие давж заалдах гомдол гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс 1 нэмэгдэж 6 хасагдаж үүсгэн байгуулагчийн нийт тоо 1 болж үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах дараах үндэслэлээр эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргаж байна Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт “Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Улсын бүртгэлийн ерөнхий  хуулийн 3 дугаар, зүйлийн 3.1.4 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.3, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс 1 нэмэгдэж 6 хасагдаж үүсгэн байгуулагчийн нийт тоо 1 болж  үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай гэсэн байна.

Компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болох заалттай

Иймд Инкомнэт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу “И Эм Ай Си” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 14/08/22-01 тоот хурлын тогтоол нь хүчин төгөлдөр хуульд нийцсэн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл тухайн бүртгэл хийх үед И Эм Ай Си ХХК-ийн хувьцааны 50%-ийг “Эм И Ар Си” ХХК/ Б.Одсүрэн 85%, С.Гантулга 15%/, үлдэх 50%-ийг Б.Одсүрэн эзэмшиж байсан ба Б.Одсүрэн нийт саналын эрхтэй хувьцааны 92.5%-ийг эзэмшиж байсан байна

Бүртгэлийн байгууллагад маргаж байгаа бүртгэл хийлгэхээр тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ерөөлт нь УБ-05 маягтыг бөглөн гарын үсэг зурж ирүүлсэн байна

Иймээс 2014 оны 08дугаар сарын 26-ны өдөр “Инкомнэт” ХХК-ийн 100%-ийн хувьцааг “И Эм Ай Си” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн байна.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй буруу дүгнэлт хийн шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 543 тоот шийдвэрийг хүчингүй болгож , “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Эм И Ар Си” ХХК-ийн 15 хувийн хувьцаа, “И Эм Ай Си” ХХК-ийн 7.5 хувийг хувьцааг эзэмшдэг бол гуравдагч этгээд Б.Одсүрэн нь “Эм И Ар Си” ХХК-ийн 85 хувийн хувьцаа, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “хувьцаа худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “И Эм Ай Си” ХХК-ийн 92.5 хувийн хувьцаа эзэмшигч байна.

Улсын бүртгэлийн байгууллага “Инкомнэт” ХХК-ийн захирал асан Д.Ерөөлтийн  Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, “И Эм Ай Си” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, хуралдааны тэмдэглэл болон бусад баримт бичгийг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Инкомнэт” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “И Эм Ай Си” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

Нэхэмжлэгч С.Гантулга нь ““Инкомнэт” ХХК-ийн эрхийг “И Эм Ай Си” ХХК-д шилжүүлэн авахдаа хувьцаа эзэмшигч надад мэдэгдэлгүй шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэл хууль бус” хэмээн маргасан байна. Шүүх “И Эм Ай Си” ХХК нь “Инкомнэт” ХХК-ийн хувьцааг худалдан авахдаа “И Эм Ай Си” ХХК-ийн С.Гантулгын зөвшөөрлийг аваагүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.5-г /Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.3 гэж буруу бичсэн/ зөрчсөн гэж үзсэн боловч энэхүү бүртгэл хийгдснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Энэ бүртгэл нь С.Гантулгын “И Эм Ай Си” ХХК-ийн эзэмшдэг хувьцаанд  нь өөрчлөлт оруулсан бүртгэл биш харин “И Эм Ай Си” ХХК нь өөр компанийн хувьцааг худалдан авсныг бүртгэсэн бүртгэл юм. Өөрөөр хэлбэл, “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлж авсан нь С.Гантулгын “И Эм Ай Си” ХХК-ийн эзэмшдэг хувьцааны хувьд нөлөөлөөгүй, хувьцаа эзэмшигчийн хувьд эрхийг нь ямар нэг байдлаар зөрчих үйлчлэлгүй байна.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж зааснаар гуравдагч этгээд Б.Одсүрэн нь “И Эм Ай Си” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувиас илүүг эзэмшдэг тул түүний оролцоотойгоор “И Эм Ай Си” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 14/08/22-01 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Компанийн дотоод асуудлаар маргаантай бол иргэний журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай.

Нэхэмжлэгчийн маргаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-ын зохицуулалт нь шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх, 22 дугаар зүйл нь өөрчлөн байгуулагдах замаар шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага байх бөгөөд энэ тохиолдолд хамааралгүй, маргаж буй бүртгэл 2014 онд буюу 2015 оны хууль үйлчлэхээс өмнө хийгдсэн байна.

Харин шүүхийн хэрэглэсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 22 дугаар зүйлийн (15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.3) зохицуулалт нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад тавигдах шаардлага байх бөгөөд энэ бүртгэл нь “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулсан баримт бичигт өөрчлөлт оруулах бүртгэл биш байна. Хэрэгт “Инкомнэт” ХХК-ийн үүсгэн байгуулсан баримт бичигт өөрчлөлт оруулах бүртгэл буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар хийгдсэн “Инкомнэт” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан өөрчлөлт оруулах шийдвэр авагдсан байна.

Иймд “И Эм Ай Си” ХХК-ийн 2014 оны 14/08/22-01 тоот хурлын тогтоол болон холбогдох баримтуудыг үндэслэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, журамд нийцүүлэн хийсэн Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгын ““Инкомнэт” ХХК-ийн  эрхийг “И  Эм Ай Си” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ