Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

 

З.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03423 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 12 173 088 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд, гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.С 2018 онд Б ОНӨААТҮГ-т хүнд механизмын жолоочоор ажилаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 101/ШШ2018/ 03822 тоот шийдвэр, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллага 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б/49 тоот тушаалаар ажилд эгүүлэн авахдаа хэд хоног ажиллуулаад эргээд ажлаас хална гэсний дагуу тушаал гарсан хэдий ч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт ажилгүй байсан хугацаа 106 өдрийн цалин 5 371 174 төгрөг болж байгаа.

Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 12 173 088 төгрөгийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Сын Б ОНӨААТҮГазрын даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08/1 дүгээр тушаалаар жолоочийн үүрэгт ажилд томилсон.

Нэхэмжлэгч үүрэгт ажилдаа хайнга хандаж байгууллагад ирсэн гомдол, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03822 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу 1 672 158 төгрөг тушаахаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалин дээрээс суутгадаг 11 хувь болох 183 974 төгрөгийг хасаж суутгаад 1 488 220 төгрөгийг төлж,  З.Сыг ажилд эгүүлэн томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1,38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 тоот тушаалаар нэхэмжлэгчийг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Сыг Б ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд механизмын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 11 502 421 төгрөгийг гаргуулж З.Сод олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Сын ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, З.Сын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Б ОНӨААТҮГазарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч байгууллагаас 100 890 төгрөгийг З.Сод, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 198 989 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлохдоо “Б” ОНӨААТҮГ-ын хүнд механизм /индүү/-ын жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлс 5 371 174 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнд тохирох 100 890 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд ажилгүй байсан цалин хөлсний олговор 12 173 088 төгрөг болгож нэмэгдүүлсэн ба нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй талаар маргасан. Гэтэл шүүх 11 502 421 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагаас 100 890 төгрөгийг З.Сод нэхэмжлэл хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 198 989 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруул гэсэн байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-ийн дагуу хариуцагчаас 198 989 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн мөртлөө нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 6 485 946 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд оруулан тооцсон нь үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны цалинд ногдох хэсэгт тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-ийн дагуу төлдөг. Харин ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нөхцөл нь З.Сын урьд эрхэлж байсан автотээврийн хэсгийн хүнд машин механизмын /индүүн/ жолооч буюу тоног төхөөрөмжийн операторын ажлын байр нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Б” ОНӨААТҮГ-ын даргын тушаалын дагуу энэхүү ажлын байрны орон тоо нь хасагдсан. Иймээс бид ажлын орон тоо хасагдсан ажилтан буюу З.Сын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо нь хасагдсан нь 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 6 дугаартай даргын тушаал, 2018 оны 01 сарын 05-ны өдрийн А/01 тоот тушаалд тоног төхөөрөмжийн оператор 3 хүний орон тоо батлагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаалаар хамгийн сүүлийн бүтэц орон тоо батлагдсан даргын тушаал буюу 2018 оны 01 сарын 05-ны өдрийн А/01 тоот тушаалыг хүчингүй болгож зам индүүдэгч автогрейдерийн жолооч-1, экскаваторын жолооч-1 нийт хоёр хүний орон тоогоор баталсан байгаа нь өмнөх оныхоос нэг хүний ажлын орон тоо нь хасагдсан нь харагдана.

Тухайн ажлын байр нь байхгүй болсон тул тухайн ажилтныг авч ажиллуулах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй бөгөөд манай байгууллага нь үүргээ биелүүлж тухайн ажилтны тухайн орон тоон дээр авч ажиллуулсан. Гэвч бүтэц орон тоо хасагдаж, төсөв санхүүгийн хувьд ямар ч боломжгүй болсон. Тухайн орон тоотой ижил өөр орон тоо байхгүй нөхцөл байдал хүрсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил олгогч ажилтанд 1 сарын өмнө мэдэгдээгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажилд авахаас өмнө 2019 оны 03 сарын 27-ны өдөр ирж уулзахад нь “чиний ажиллаж байсан орон тоо байхгүй болсон тул ажилд эгүүлэн томилоод буцаан хална” гэдгийг амаар мэдэгдсэнийг анхан шатны шүүхэд тайлбарласан. Мөн ажлаас чөлөөлөхдөө анх амаар тохиролцсоны дагуу ажиллуулах ажлын байр байхгүй талаар амаар харилцан тохиролцож хэлцэл хийж энэхүү шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч яг өөрийн биеэр биш итгэмжлэгдсэн төлөөлөгч нь амаар энэхүү харилцан тохиролцсон хэлцлийг илт өөрийн биеэр байсан мэтээр худал тайлбар өгсөн.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй огноогүй нэхэмжлэл гаргасан байдаг тул шүүхэд гомдол гаргах хугацаа нь дууссан байхад нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгч З.С хариуцагч “Б” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 12 173 088 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03822 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291 дугаар магадлалаар З.Сыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил болох “Б” ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

Дээрх шийдвэрээр З.Сод олгох олговрыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцож олгосон байна.

 

“Б” ОНӨААТҮГ-ын дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 тоот тушаалаар З.Сыг авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн ажилд томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Иймд ажил олгогч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх буюу 99 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч энэ хугацаан дахь олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй ба ажил олгогчоос олговорт 5 016 474 төгрөгийг гаргуулж З.Сод олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин “Б” ОНӨААТҮГ даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 тоот тушаалаар З.С нь авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочоор ажиллуулсан боловч уг тушаал гарснаас 17 хоногийн дараа буюу мөн оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 тоот тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эь хуульд нийцээгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч байгууллага ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны ажлын байр орон тооны цомхтголд орсон гэх нөхцөлийг заасан нь хуульд нийцээгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/318 тоот захирамжаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 102 тоот тогтоолыг үндэслэн “Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, зохион байгуулалтын бүтэц, орон тоог 2 дугаар хавсралтаар “дарга1, ерөнхий нягтлан 1, ерөнхий менежер 1, ерөнхий инженер 1, тохижилт ногоон байгууламжийн алба, зам цэвэрлэгээ үйлчилгээний алба, тээвэр үйлчилгээний албыг өөрийн төсөв, үйл ажиллагааны хүрээнд хамруулан орон тоог зохицуулах”-аар баталж, ОНӨААТҮГ-ын дарга нарт үүрэг болгожээ. “Б” ОНӨААТҮГ-ын дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 102 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын А/313 тоот захирамжийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 06 тоот тушаалаар “...автомашины жолооч 14, тоног төхөөрөмжийн оператор 3, ...” гэж, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/01 тоот тушаалаар “...автомашины жолооч 14, тоног төхөөрөмжийн оператор 3, ...” гэж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А/01 тоот тушаалаар “...зам индүүдэгч, Автогейдерийн жолооч 1, Экскаваторын жолооч 1...” гэж тус тус бүтэц, орон тоог баталжээ.

 

Ажил олгогч нь ажилтныг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилохдоо ажилтны ажиллаж байсан орон тоо байхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтантай тохиролцож түүнийг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх З.Сыг ажлаас чөлөөлсөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэн түүнийг авто тээврийн хэсгийн хүнд механизмын жолоочийн үүрэгт эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 485 946 төгрөгийг “Б” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ огноо бичээгүй ч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсныг тэмдэглэж, үйлдсэн дардаст 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж бичсэн байх тул нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тушаалыг гарсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иймд нэхэмжлэл гаргасан хугацаа тодорхойгүй гэх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоогүй байна. Учир нь ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар нь ажилгүй байх хугацааны олговор шаардах эрхийг олгох юм.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний цалин хөлс олгогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ уг заалтыг хэрэглэсэн нь алдаатай болсон тул залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “47 дугаар зүйлийн 47.1” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА