Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2019/03423

 

 

 

 

2019 оны 12 сарын 03 өдөр       Дугаар 101/ШШ2019/03423             Улаанбаатар хот

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗДНҮГ  ОНӨААТҮГ/рд:-/-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/******* дугаар шийдвэр гарснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсний олговорт 5,371,174 төгрөг гаргуулах, хүнд механизмын жолоочоор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 12,173,088 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн төлөөлөгч Б.Хулан, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч З.С би тус байгууллагад 2018 онд хүнд механизмын жолоочоор ажилд ороод ажиллаж байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаснсраа анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 101/ШШ2018/ ******* тоот шийдвэрээр, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б/49 тоот тушаалаар ажилд эгүүлэн авахдаа хэд хоног ажиллуулаад эргээд ажлаас хална гэсний дагуу дагуу тушаал гарсан хэдий ч ажил хийлгэхгүй байсаар 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халсан.Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхэд гомдол гаргаж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор12,173,088 төгрөгийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш эргээд ажилдаа орон хугацаа буюу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт ажилгүй байсан хугацаа 106 өдрийн цалин /анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан/ 5,371,174 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Сын БЗДНҮГ  ОНӨААТҮГазрын даргын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08/1 дүгээр тушаалаар жолоочийн үүрэгт ажилд томилсон. Нэхэмжлэгч үүрэгт ажилдаа хайнга хандаж байгууллагад ирсэн гомдол, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн .Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/******* тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй тул Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0840 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл ирсний дагуу нийт 1,672,158.18 төгрөг тушаахаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалин дээрээс суутгадаг 11 % болох 183,974 төгрөгийг нэхэмжлэгчтэй болон шийдвэр гүйцэтгэгч *******тэй зөвшилцөн хасаж суутгаад 1,488,220.78 төгрөгийг Төрийн сангийн 106000059575 тоот дансанд шилжүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйл,21 дүгээр зүйл,24 дүгээр зүйлийн 24.1, 24.2,24.3 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1,36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 291 магадлал, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 20111 оны 190 тоот Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрын дүрэм батлах тухай тогтоолын 2.4 дэх хэсгийг үндэслэн З.Сыг ажилд эгүүлэн томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1,38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 тоот тушаалаар нэхэмжлэгчийг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн болно. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид шийдвэр гүйцэтгэлийн журмаар цалин хөлсний олговрыг олгогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.С хариуцагч БЗДНҮГ  ОНӨААТҮГазарт холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/******* шийдвэр гарснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсний олговорт 5,371,174 төгрөг, хүнд механизмын жолоочоор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6801,974 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн БЗДНҮГ  ОНӨААТҮГазар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл баримт тогтоогдов.

1.    5,371,174 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/******* шийдвэрээр нэхэмжлэгч З.С БЗДНҮГ  ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд машин механизмын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй  байсан хугацааны цалин хөлсний олговорт 1,672,158.18 төгрөгийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцох, дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх 2019 оны 02 дугаар сарын   15-ны өдрийн 291 дүгээр магадлалаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд ажил олгогч БЗДНҮГ  ОНӨААТҮГ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан бүх хугацааны олговрыг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/******* шийдвэрээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойших ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацааны хугацааны цалинг шаардах эрхтэй.

 Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход З.Сын ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,329,082 төгрөг /3,329,082 төгрөг: 3 сар/ нэг сарын дундаж цалин 1,109,694 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоход /1,109,694 төгрөг:21.5 хоног/ нэг өдрийн дундаж цалин нь 51,613.67 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан З.Сын нэг өдрийн цалин 50,671.46 төгрөгт тооцож 106 өдрийн цалин хөлс буюу 5,371,174 төгрөгийг шаардсан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/******* шийдвэр гарсан өдрөөс  БЗДНҮГ  ОНӨААТҮГ-ын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх ажлын 99 хоногт тооцон /99*50,674.46/ 5,016,474.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байдаг тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

2. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олговор 6,801,974 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх бичилт хийлгэх шаардлагын тухайд:

 БЗДНҮГ  ОНӨААТҮГ-ын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 37.1.8., 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан З.Сыг авто тээврийн хэсгийн хүнд механизмын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ./хх-ийн 5 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч З.С хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч З.Сыг шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 тушаалаар авто тээврийн хэсгийн хүнд механизмын жолоочийн ажилд эгүүлэн томилж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхэд мэдүүлсэн тайлбараар тогтоогдсон гэж үзэв.

  БЗДНҮГ  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тушаалаар “Байгууллагын бүтэц орон тоог батлах тухай” тушаалаар зам индүүдэгч, Автогрейдерийн жолооч -1, экскаваторын жолооч-1 болж орон тоо хасагдсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тооны цомхтголд орсон тул нэхэмжлэгчийг  ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчид хөдөлмөрийг гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдсэн болох нь баримтаар нотлоогүй, даргын тушаалыг амаар танилцуулсан гэх хариуцагч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх тухай зохицуулсан ба хариуцагч байгууллага хуульд заасан тухайн үүргээ зөрчсөн гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч З.С-ыг ажлаас чөлөөлсөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар тушаал хууль бус гэж дүгнэн түүнийг авто тээврийн хэсгийн хүнд механизмын жолоочийн үүрэгт эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар тушаал гарсан өдрөөс хойш Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг өмнөх шүүхийн шийдвэрт заагдсан нэг өдрийн цалин 50,671.46 төгрөгт тооцон 6,801,974 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход З.Сын ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,329,082 төгрөг/3,329,082 төгрөг 3 сар/нэг сарын дундаж цалин 1,109,694 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /1,109,694 төгрөг:21.5 хоног/ нэг өдрийн дундаж цалин нь 51,613.67 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу З.С-ын нэг өдрийн цалинг өмнөх шүүхийн шийдвэр/Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/0382/-т заагдсан 50,671.46-төгрөгийг ажлын 128 хоногт тооцон 6,485,946.88 төгрөгийг БЗДНҮГ  ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.С-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, шимтгэлийг зохих ёсоор нөхөн төлөх, дээрх дэвтрүүдэд нөхөн бичилт хийх үүргийг БЗДНҮГ  ОНӨААТҮГазарт даалгах нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сартуул овгийн З.С-ыг БЗДНҮГ  ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хүнд механизмын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БЗДНҮГ  ОНӨААТҮГ/ рд: /-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 11,502,421 төгрөгийг гаргуулж З.Сод олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.С-ын ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, З.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг БЗДНҮГ  ОНӨААТҮГазарт даалгасугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг  баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч байгууллагаас 100,890 төгрөгийг З.Сод, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 198,989 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Зохигчид шийдвэрийн нэгдэх заалтад  гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж,  бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ