Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 449

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02376 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б,

Хариуцагч: Д.А нарт холбогдох,

 

Хамтран ажиллах хэлцэл хийснийг тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 78 дугаар байрны 4, 5, 6 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарыг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгуулах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750 төгрөг хасуулах тухай нэхэмжлэлтэй,

 

5, 6 тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766 төгрөг, 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835 төгрөг гаргуулах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Боос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Монголмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэнгүүн,

Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Дэлгэрцэцэг, Л.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бтай хамт ломбард ажиллуулж хамтарч ажиллаж байсан тул түүнд итгэж байсан. 2008 оны үед Ч.Б надад 10 дугаар хороололд 3 эмнэлэгийн замын урд талд 10х12 хэмжээтэй газар байна, дулаан цэвэр ус, цахилгаанаа татсан гэж хэлсэн ба 2011 оны 04 дүгээр сард тус газар дээр барилга хамтарч барих талаар ярилцсан ба тухайн үед 90 000 000 төгрөг байна гэдгийг хэлэхэд Ч.Б 90 000 000 төгрөгөөр 6 давхар бетон карказ босно гэж хэлсэн.

С.Б, Ч.Б хоёроос өөр хэн ч хөрөнгө оруулахгүй, өөрсдөө барилгаа дуусгана, хөрөнгө дуусвал 1 давхрыг нь зарж хөрөнгө босгоно, хэрэв хөрөнгө хүрэхгүй бол дуусаагүй барилгын зээл авна, банкнаас зээл авахдаа уг барилгыг өөрөөр нь л зээл авна, өөр хөрөнгө тавьж зээл авахгүй, хэрэв зээл авахаар бол заавал ярилцаж байж авна, барилгаас 1, 1 давхрыг нь аваад үлдсэнийг нь түрээслэх, хэн илүү мөнгө оруулсан нь түрээсийн мөнгөнөөс түрүүлж зөрүү мөнгөө авч дуусмагц түрээсээ тэнцүү 2 хуваан авч байх, барилгаа босмогц дотоод заслын ажлаа өөр өөртөө хуваарилагдсан талбайгаа өөрсдөө засуулах, барилга баригдахаар 1 давхрыг нь 3 айл болгож хуваагаад зарах гэж амаар тохиролцоод С.Б эхэлж хөрөнгө оруулж, ажлаа эхэлсэн.

Нэхэмжлэл гаргахад талуудын барьсан барилгыг улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 03 дугаар сард улсын комисс хүлээж авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой болсон. Ч.Б нь маргаан бүхий 4 тоот 2 өрөө орон сууцнаас гадна 6 тоот, 150 м.кв талбай бүхий мансардтай 2 өрөө орон сууц, 5 тоот 79.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

Уг барилгыг хэдийгээр Ч.Б, Д.А, бид 3 хөрөнгө гаргаж барьсан боловч барилгын гүйцэтгэгч болон газар эзэмших эрхийн гэрээний дагуу Д.Аын амины орон сууц гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг оруулсан тоо хэмжээ мөн эзэмшиж байгаа байруудыг дотоод засал хийгээд хувь хувьдаа эзэмшиж байгааг тодорхойлоод гаргасан. Хариуцагч Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 4 тоот орон сууцыг буцаан авна гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн явцад хариуцагч хамтран ажиллах гэрээ байсан, оруулсан хөрөнгө нь хүрээгүй гэж тайлбарлаж хүлээн зөвшөөрч байна.

Нийт эзэмшлийн 1133.93 м.кв талбайтайгаас С.Б нь 344.74 м.кв, С.Бэлэгсайхан нь 597.11 м.кв, Р.Амгаланбаатар 192.07 м.кв эзэмшиж байгаа. Оруулсан хөрөнгийн хувьд талууд анхнаасаа төсөв гаргаагүй. Эзэмших талбайн хэмжээний талаар бичгээр тохиролцоогүй.

Дээрх орон сууц тус бүрт дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн.

Иймд С.Быг Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс, 78 тоотод амины орон сууцны 4 тоотын 2 өрөө орон сууц, 5 тоотын 2 өрөө орон сууц, 6 тоотын 2 өрөө орон сууцнуудын өмчлөгч мөн болохыг тогтоож, өөрийн өмчлөлд ирэх барилгын давхруудын гадна талд байрлуулсан рекламны самбарыг буулгуулах, дахин рекламны самбар байрлуулахгүй байхыг даалгуулах, 32 107 750 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 4 тоот орон сууцыг худалдан, худалдан авах гэрээ нь огт байгуулагдаж байгаагүй.  4 тоот орон сууцанд гарсан зардлыг нэхэмжлэгч тал гаргасан.

Хамтран ажиллах гэрээний дагуу барилгыг бусдад барьцаалсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. 69 699 766 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь 4, 5, 6 тоот орон сууцыг барих, мөн тухайн 4, 5, 6 тоот орон сууцыг нийтийн эзэмшлийн зам талбайн газарт хүрэлцэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ашиглалтын зардал төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч нэр сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Быг 150 м.кв, 79.5 м.кв талбайтай 2 байр, орон гэртэй болгоод зогсолгүй боломжтой болохоороо мөнгийг нь өөгөөрэй гэж 81.5 м.кв талбайтай 3 дахь орон сууцыг өгсөн.

 Хамтран ажиллах гэрээг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа.

С.Б нийт 311 м.кв буюу 5 тоотын 79.5 м.кв, 6 тоотын 150 м.кв-ыг тус тус 12 990 000 төгрөг өгснөөр өмчлөх эрхтэй болох байсан. Р.Амгаланбаатар энэ бүхнийг зөвшөөрсөн,  5, 6 тоот байрыг С.Бод эзэмшүүлэхээр тохиролцсон.

Анхны тохиролцоогоор нэхэмжлэгчид 79.5 м.кв, 150 м.кв байсан ба нийтдээ 229.5 м.кв-г гаргаж өгсөн байгаа.  5 тоотын 75.37 м.кв талбайд нийтийн эзэмшлийн 9.45 м.кв оногдож,  6 тоотын хувьд 153.46 м.кв, оногдох нийтийн эзэмшлийн талбай нь 19.25 м.кв болж байгаа. Нийт нийлээд 257.53 м.кв болж байгаа юм.

нэхэмжлэгч С.Б нь 12 900 000 төгрөгийг 5, 6 тоотын тооцоо нь дээрээ дутуугаа нөхөж өгч байсан.

 4 тоот орон сууцны хувьд эхнээсээ С.Бын мөнгө хүрэхгүй байсан. Энэ нөхцөл байдлаасаа болоод 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4 тоот орон сууцны үнэ болох 100 000 000 төгрөгийг өгнө гэж Ч.Бтай тохиролцсон байдаг. Энэ талаар удаа дараагийн шүүх хуралдаанаар тайлбарлаж ярьж байсан. Уг мөнгийг өгөөгүй тул орон сууцыг н.Мөнхнасанд худалдсан.

Нэхэмжлэгч 147 420 182 төгрөгөөр гурван орон сууц худалдаж авах боломжгүй нь тодорхой. Иймд түүнээс 5. 6 тоот орон сууцны зөрүү төлбөрт 69 688 766 төгрөгийг гаргуулна.

   Орон сууц ашиглалтын зардал төлөөгүй тул түүнээс уг зардалд 338835 төгрөгийг гаргуулна. 4 тоот орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, уг орон сууцыг буцаан гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б барилгын нийт 310 гаруй м.кв талбайтай гурван орон сууцыг ашиглаж, түрээслэн орлого олж байгаа. 3 дахь орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, өөрийнхөө мэдэлд авч байсан атлаа шүүхэд өөр зүйл бичиж өгсөн байна.

Мөн уг барилгын газрыг 10 гаруй жилийн өмнө миний бие Ч.Бд зарсан боловч газрын эзэмших эрхийг одоо болтол түүний нэр дээр шилжүүлээгүй байснаас дээрх хөрөнгө нь мөн миний нэр дээр бүртгэгдсэн. Энэ газар, барилга нь Ч.Бы өмч, хөрөнгөөр бий болсон, харин би барилгын компаниараа хамтран ажиллаж барилга баригдсан. Анхнаасаа Д.Аыг хамтарч оролцож байсныг С.Б мэднэ.

Тооцоо нийлэхэд С.Б бараа материал худалдаж авахад нийт 128 000 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байсан.

Манай компани энэ барилгын ажлыг эхлэх үед уг газар дээр гадна инженерийн байгууламж хийгдсэн зураг төсөл батлагдаж зөвшөөрөгдсөн, газар шорооны ажил зэрэг нь Ч.Бы хөрөнгө, техникээр хийгдсэн. Энэ барилга нь нийтийн орон сууцны бус, зөвхөн амины орон сууцны зориулалтаар баригдсан. С.Бын нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 5 тоот болон 6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үлдсэн Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах, хариуцагч Д.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4, 100 дугаар зүйлийн 100.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Боос 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Бд олгож, нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 4 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үлдсэн 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж,  4 тоот орон сууцыг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Боос шинжээчийн ажлын хөлсөнд 1 000 000 төгрөгийг гаргуулан Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д, Эм Эм Инженеринг ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсний тал хувь 731 500 төгрөгийг, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсний тал хувь 100 000 төгрөгийг, Барилгын Хөгжлийн Төв ТӨҮГ-ын шинжээчийн ажлын хөлсний тал хувь 1 844 200 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Ч.Бд олгож, хариуцагч Ч.Баас шинжээчийн ажлын хөлсөнд 1 000 000 төгрөгийг гаргуулан Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож, нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Ч.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 995 773 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 388 689 төгрөгийг, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 249 586 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид 105 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бод, нэхэмжлэгч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 81 015 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хөрөнгө оруулалтын хэмжээг буруу тооцсон. Шүүхээс нийт 735.808.258 төгрөгийн хураамжаар уг орон сууцны барилгыг барьж дуусгасан гэж дүгнэхдээ дараах нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн тайлбарласан зардлын баримтыг шууд үнэлж шийдвэрлэсэн.

Зураг төсөл геодезийн зардал нийт 217.296.571 төгрөг, барилга угсралтын үе шат 274.578.688 төгрөг, ашиглалтын үед гарсан зардал 40.431.737 төгрөг, барилга баригдсаны дараа гарсан зардал 3.867.447 төгрөг нийт 536.174.503 төгрөг гэсэн тооцооллыг гаргаж ирүүлсэн.

 Хариуцагчийн энэхүү зардлаас зураг төсөл геодезийн зардал гэсэн хэсэгт тусгагдсан газрын үнэ 180.000.000 төгрөгөөр үнэлж оруулсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар талууд ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл байхгүй.

Газрын үнэлгээний талаар удаа дараа шинжээч томилуулсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй бөгөөд уг газрын үнэлгээ нь 180.000.000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний үнэ цэнэтэй гэдэг нь тогтоогдоогүй болно. Барилгын суурийн ажлын хөлс 9.037.970 төгрөг нь 2016 онд хийгдсэн төсөвт үндэслэсэн бөгөөд уг ажлын зардал нь кассын дэвтэрт тусгагдсан, барилга угсралтын үе шатанд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн зардал болно. Энэ нь хэрэгт авагдсан кассын дэвтрийн хуудсанд тодорхой тусгагдсан болно.

Барилга угсралтын үе шат гэсэн зардалд "Очир ундраа ОМЗ" ББСБ-аас авсан зээл гэх 12.152.000 төгрөгийн зардал үндэслэлгүй бөгөөд уг зээлийг авсан зориулалт, зарцуулсан зарцуулалт өөр болно. Барилгын ажлын явцад гарсан бүх зардал болон хөрөнгө оруулалтыг Ч.Бы хөтөлж байсан кассын дэвтэрт бүрэн тусгасан болно. Уг кассын дэвтэрт тусгагдснаар Ч.Б нь нийт 262.281.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг дэвтэрийг өөрөө хөтөлсөн, гарсан зардлыг бүрэн тусгаж бичиж байснаа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн бөгөөд тэмдэглэлт тусгагдсан.

Ашиглалтын үед гарсан зардал 40.431.737 төгрөг гэх нь огт үндэслэлгүй, нотлох баримтгүй бөгөөд өмгөөлөгчийн хөлс, манаачийн цалин, комисст өгөх болон дутуу ажлыг гүйцээх зэрэг зардал нь огт баримтгүй, талуудын оруулах хураамжид хамааралгүй болно. Барилгын төсөв гэж гаргаж ирсэн 1.200.000 төгрөг нь хариуцагч шүүхэд маргаан үүссэний дараа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх зорилгоор хийгдсэн төсөв болно. Талуудын тохиролцоо хэрэгжих буюу дотор засал ороогүй орон сууцыг тус тусын эзэмшилд хүлээж авч засвар хийх хүртэл хариуцагч Ч.Б нь нийт 262.281.313 төгрөгийн хураамж төлсөн бөгөөд дотор засал ороогүй 7 давхар орон сууцыг нийт 459.986.313 төгрөгийн шууд зардлаар барьж дуусган талууд өөр өөрсдийн хураамжид нийцүүлсэн хэмжээгээр тохиролцон хувааж авч дотор заслуудыг тус тусын хөрөнгө оруулалтаар хийж эзэмшсэн. Энэ нөхцөл байдлыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 151 дугаар шийдвэрт “...дээрх амины орон сууцанд Д.А 45.412.000 төгрөг, Ч.Б 262.281.000 төгрөг, С.Б 152.292.002 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна ...тохиролцооны дагуу С.Б 4,5, 6тоот нийт 3 байр авахаар болсон ба дээрх 3 байрандаа өөрийн хөрөнгөөр дотоод заслыг хийж амьдарч байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна...” гэж дүгнэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар уг барилгын ажилд зарцуулсан шууд зардлын тооцоогоо гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шууд зардалд ороогүй дээр дурдсан зардлыг оруулж тооцох үндэслэлгүй гэж маргасан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр 1 кв талбай нь 786.690 төгрөгийн төсөвт өртөгтэй байна гэж дүгнэж хөрөнгө оруулалтыг 735.808.258 төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй болно.

Хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “...төсөвт өртөгийг урьдчилан тодорхойлох хөрөнгө оруулалтыг урьдчилан төлөвлөхөд хэрэглэх бөгөөд санхүүжилтэд хэрэглэхгүй... гэж тодорхой дүгнэсэн.

Иймд уг барилгын нийт зардлыг шууд гаргасан санхүүжилтээр тогтоох бөгөөд шүүхийн дүгнэсэн байдал шиг төсөвт өртөгөөр байх боломжтой гэж дүгнэх үндэслэл байхгүй болно.

Нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалт нь түүний одоогийн эзэмшиж байгаа орон сууцны талбайд бүрэн хүрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй болно.

Мөн хариуцагч Ч.Б нь хариуцагч Д.Ааас дутуу оруулсан хураамжид гэж .... төгрөгийг нэмэлтээр хүлээж авсан болно. Талуудын байгуулсан тохиролцоо маргааны зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаар талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулж уг маргаан бүхий амины орон сууцыг барьж, дотоод засал ороогүйгээр өөрт ногдох хэсгийг хуваарилж авахаар тохиролцсон.

Уг тохиролцооны дагуу хөрөнгө оруулалтыг оруулж дотор засал ороогүй байдлаар орон сууцыг хуваарилж, тус бүрдээ дотор заслыг хийж гүйцэтгэж эзэмшилдээ авч хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлж дуусгавар болгосон. Гэрээ хэрэгжиж дуусгавар болсны дараагаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хураамжаа нэмж оруулахыг шаардсан үйл баримтаас энэхүү маргаан 2013 онд үүссэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага зэргээс үзэхэд хамтран ажиллах гэрээгээр оруулах ёстой байсан хураамжаа нэмж оруулахыг шаардсан, татгалзсан маргаан 6 жилийн турш шүүхэд хянагдсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан журмын дагуу хамтран ажиллах гэрээний үр шимийг талууд хэрхэн хуваарилж авах талаараа харилцан тохиролцож, гэрээг дуусгавар болгосон байгаа нөхцөлийг шүүхээс анхаарч үзэлгүйгээр 4 тоот орон сууцны өмчлөгч нь хариуагч Ч.Б гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэрвээ нэхэмжлэгчийг оруулах ёстой байсан хураамжаа оруулаагүй байна гэж үзвэл уг хураамжийг шүүх гаргуулан шийдвэрлэх боломжтой байсан.

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзах ямар нэгэн шаардлага огт гаргаагүй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцэл бүрэн хэрэгжиж дуусгавар болсон болно. Иймд дээрх үндэслэлийн дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж Баянгол дүүргийн 4 хороо үйлдвэрийн төвийн бүс 4 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Быг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримт болон хэлэлцэгдсэн үйл баримт, бодит нөхцөл байдал, тооцооллын хувьд зөрүүтэй алдаатай байх тул шийдвэрийн алдааг засуулах, сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаагүй орхигдуулсан хэсэгт холбогдуулан гомдол гаргаж байна.

Юуны өмнө хэргийн оролцогч нар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа адил тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмын үндсэн дээр улсын тэмдэгтийн хураамжийг зөвхөн хуульд зааснаар төлөх үүрэгтэй байтал холбогдох хуулийн зохицуулалт нэгэн адил үйлчилсэнгүй.

Нэхэмжлэгч С.Боос шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн шаардлага тус бүрд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тодорхойлогдон төлөгдөх ёстой, мөн хураамжаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ. Хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, рекламны самбарыг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг даалгуулах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32.107.750 төгрөг гаргуулах, 4,5,6 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагуудад улсын тэмдэгдийн хураамжийг шүүх яаж тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд 388.689 төгрөгийг дутуу төлсөн гэж шийдвэрлэсэн, харин нэхэмжпэгч шүүхийн шийдвэрийн тогтоосон хэмжээнээс 275.821.945 төгрөгийн хэмжээгээр зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргахдаа 409.637 төгрөгийн хураамж төлсөн байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан дээрх 5 шаардлагыг хэлэлцэж, рекламны самбарыг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн “тогтоох” хэсэгтээ тусгаагүй орхигдуулсан алдаа гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Ч.Баас шинжээчийн ажлын хөлсөд 1.000.000 төгрөгийг гаргуулан Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Монголын төсөвчдийн холбооны 2018.12.04-нйи өдрийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцэхгүй, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй, бодит байдлыг тогтоох хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй байсан тул эс зөвшөөрч хүсэлт гаргасныг, шүүх хянаад үндэслэлийг хүлээн авч, дахин шинжээч томилсон.

Хууль, шүүхийн өмнө үүрэг хүлээсэн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д заасныг хэрэгжүүлээгүй ба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр бүрэн тогтоогоогүй гаргасан байх тул уг дүгнэлтийг хууль ёсны дагуу, хуульд нийцүүлж гаргасан дүгнэлт гэж үзэх үндэсгүй. Монголын төсөвчдийн холбооны дүгнэлтээр тогтоогдсон гэх байдал нь хууль бус болох нь, бодит байдлаас илтэд зөрүүтэй болох нь төрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргадаг мэргэжлийн Барилгын хөгжлийн төвийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж байгаа төдийгүй маргалдагч талууд дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Ийнхүү хууль зөрчиж, шүүгчийн захирамж болон хуулиар тогтоосон шаардлагад хангаагүй дүгнэлт гаргаж, үндэслэлгүй санал дүгнэлтийг шүүхэд ирүүлсний төлөө хариуцагч Ч.Бд төлбөр төлөх үүрэг үүсгэж байгаа нь шудрага бус гэж гэж үзэж байна.

Мөн ямар хуулийн заалтыг үндэслэн хуульд нийцээгүй ажлын хөлсөнд 1.000.000 төгрөгийн төлбөр гаргуулах үүрэггэй гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тооцоолсон тооцооллын алдаа гаргасны улмаас нэхэмжлэгчид оногдох талбайн хэмжээ, үнийн дүнг буруу тооцсон байна гэж үзэхээр байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийг нийт барилгын хэмжээнээс 20.4 хувийг өмчлөх эрхтэй гэж үзэхдээ 5,6 тоот орон сууцанд оногдох нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг тооцолгүй орхигдуулсан байна. Талуудын хүлээн зөвшөөрсөн шинжээчийн дүгнэлтээр нийт барилгын талбайн хэмжээг 1133.94 м.кв гэж тогтоосноос 5 тоотын 75.37 м.кв талбайд 9.45 м.кв, харин 6 тоотын 153.46 м.кв талбайд 19.25 м.кв тус тус нийтийн эзэмшлийн талбай оногдох ёстой байтал 231.32 м.кв талбайг өмчлөх эрхтэй гэж дүгнэсэн байна. /75.37+9,45+153,46+19,25= 257.53-231.32=26.21 м.кв/ 5,6 тоот орон сууцыг хамтран ажиллах гэрээний дагуу өмчлөх эрх үүсч байгаа нөхцөлд 26.21 м.кв хэмжээ бүхий нийтийн эзэмшлийн талбайг ногдуулаагүй, уг нийтийн эзэмшлийн талбайг хамтад нь оногдож тооцогдох үндэслэлээр тайлбарлан зөрүү мөнгийг нэхэмжилж 69.688.766 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан. Гэтэл нэхэмжлэгч С.Бод нийтийн эзэмшлийн талбайг оногдуулахгүй хариуцагч Ч.Бд ногдуулж тооцсон нь буруу болжээ. Шүүхийн тооцсон тооцооллоос зөрүүг тооцон үзвэл, 17.007.694 төгрөгийн үнэ бүхий талбайг С.Бод оногдуулж, мөнгийг нь тооцоогүй байх тул 17.007.694 төгрөгийг С.Боос гаргуулж шийдвэрлэхээр байна.

Ч.Баас барилгыг барихад гарсан зардлуудыг тооцоогүй, дүгнээгүй үлдээсэн байна. Иймд гомдлын дээрх үндэслэлүүдээр хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцүүлж, шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Ч.Бы эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

 

Нэхэмжлэгч С.Б хариуцагч Ч.Б, Д.А нарт холбогдуулан хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78 тоот хаягт оршин байх байрны 4, 5, 6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарыг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750 төгрөгийг хасуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол

хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч мөн хаягт оршин байх байрны 5, 6 тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766 төгрөгийг, уг байрны 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлсөн төлбөр 338 835 төгрөгийг тус тус гаргуулах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Боос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах, түүний хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргажээ. Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

С.Б, Ч.Б нар 2011 онд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө 78 тоот барилгыг барих талаар хамтран ажиллахаар тохиролцож гэрээг амаар байгуулсан талаар тэд маргаангүй. Гэрээ хэрэгжих хугацаанд Д.А хамтран ажиллах гэрээнд оролцсон нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Иргэний хуулийн 476.2 дах хэсэгт зааснаар гэрээг амаар байгуулж болох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Харин талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлсон нь алдаатай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэрээний талууд хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамжийн хэмжээ, түүнд ногдох хөрөнгийн хэмжээний талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт гэрээний хэрэгжилтээс үзвэл талууд хамтын ажиллагааны явцад бий болсон дундын хөрөнгийг оруулсан хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн авахаар тохиролцсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар нь тус орон сууцны барилгыг 2011 оны 4 дүгээр сараас барьж эхэлсэн, уг барилга Д.Аын өмчлөлийн газар дээр баригдсан, барилгыг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, шүүхийн дүгнэлт зохигчийн тайлбар, Д.Ат олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгогдсон газар эзэмших 0251205 тоот гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгджээ.

 

 Хамтран ажиллах гэрээний үр дүнд дээрх хаягт орших 5 давхар барилга бий болсон бөгөөд “Эм Эм Инженеринг” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07-01/2018 тоот дүгнэлтийг үндэслэн уг барилгын нийт талбайн хэмжээг 1 133.93 м.кв  гэж анхан шатны шүүх зөв тогтоосон, барилгын талбайн хэмжээний талаар талууд маргаагүй байна. /10 хх 99-108 дах тал/

 

Анхан шатны шүүх барилгыг барихад 735 808 258 төгрөгийн зардал гаргасан гэх хариуцагч Ч.Бы тайлбарыг үндэслэн талуудын хамтран ажиллах гэрээний нийт хураамжийг тодорхойлсон нь нотлох баримтад үндэслэгдээгүй, нотолгооны хуваарилалтыг буруу хийж, алдаатай дүгнэлт гаргажээ. Учир нь хэргийн үйл баримтыг тогтоох нотлох баримт байхгүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тодорхойлох зарчим нь зохигч нотлох баримт гаргасан тохиолдолд хамаарахгүй юм.

 

Хэрэгт мэргэшсэн төсөвчин П.Баатарцогтын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийсэн иргэн Д.Аын амины орон сууцны барилгын нэгдсэн төсөв / 1 хх, 181-199 дах тал/, зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Ж.Гомбын дүгнэлт /10хх 165-184 дэх тал/ нотлох баримтаар тус тус авагдсан байна.

 

Шинжээч П.Баатарцогтын төсвийг үндэслэн маргаан бүхий 5 давхар барилгын үнийг  708 993 444 төгрөгөөр тогтоосон өртгөөр барилгын үнэлэх нь үндэслэлтэй байна.

 

Харин шинжээч Ч.Гомбын гаргасан дүгнэлтийг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна: Учир нь улсын комиссын актад барилгыг орон сууц, үйлчилгээний зориулалттай гэж тодорхойлсон байхад шинжээч Ч.Гомбын дүгнэлтэд барилгыг хувийн сууцны зориулалттай гэж дүгнэж, ашиг, захиалагчийн зардал, магадлашгүй ажлуудын зардлыг тооцоогүй, түүнээс гадна барилгын үндсэн тэнхлэгээс гадагш гарган хийгдсэн тагт болон цахилгааны шит, дулааны узель, ариун цэврийн өрөөнүүдийн талбайг тооцоогүй байна.

 

Мөн маргаан бүхий барилгыг иргэн Д.Аын өмчлөлийн газар дээр барьсан тул түүний газрын үнийг хамтран ажиллах гэрээний хураамжид оруулж тооцох учиртай. Газрыг 10,0 сая төгрөгөөр тооцож Ч.Б нь Д.Ааас худалдаж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй тул газрын үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж үнийг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 512 тоот дүгнэлтээр Д.Аын өмчлөлийн газрын зах зээлийн үнийг 2011 оны 4 дүгээр сард 24 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сард 21 600 000 төгрөг, 2018 оны байдлаар 60 000 000 төгрөг гэж, “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр өнөөгийн буюу дүгнэлт гаргасан өдрийн зах зээлийн үнэлгээгээр 142 000 000 төгрөг гэж, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр 2018 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээг 88 941 100 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын зах зээлийн үнэлгээг 186 480 840 төгрөг/ 10 хх 150-157, 230-242 дахь тал, 11 хх 44-54 дэх тал/ тус тус тогтоосон нь хоорондоо зөрүүтэй байна. Иймд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан 2011 оны байдлаар газрын үнийг тогтоосон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн газрыг 24 000 000 төгрөгөөр үнэлж хураамжид тооцож тодорхойлох боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээрхээс дүгнэвэл хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон барилгын үнийг 732 993 444 /708 993 444+24 000 000/ төгрөгөөр тогтоож анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийг жишиг үнэлгээ”-ний дагуу тооцвол орон сууцны барилгын нэг м.кв талбайд харгалзах төсөвт өртөг 786 690 төгрөгөөр тооцож 1 133, 93 м.кв талбайн үнэлгээ болох 892 051 391 төгрөгөөс доогуур байх тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй юм.

 

Нэхэмжлэгч өөрийн төлсөн хураамжийг 152 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул хариуцагч Ч.Бы тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн хураамжийг 145 580 000 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна. 145 580 000 төгрөгийн хураамжид барилгын 20 хувь        /145 580 000:732 993 444/ ногдох бөгөөд 1133,98 м.кв талбайгаас нэхэмжлэгч С.Бод 228 м.кв талбай ногдож байна. Нэхэмжлэгч С.Бын төлсөн хураамжид 5 тоот 75,37 м.кв, 6 тоот 153,46 м.кв нийт 228 м.кв талбай бүхий 2 ширхэг орон сууц ногдож байхад зөрүү үнийг төлснөөр нэхэмжлэгчийг уг 2 орон сууцны өмчлөгч болно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Харин уг барилга 40 хувийн гүйцэтгэлтэй байхад өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Д.Аын нэр дээр улсын бүртгэлийн байгууллагаас олгосон, Д.А нь хамтран ажиллах гэрээний оролцогч тал байхад түүнд холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд маргаан бүхий 5, 6 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Быг тогтоож, сөрөг нэхэмжлэлээс дээрх 2 орон сууцны үнэд 69 688 766 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт нийцнэ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч С.Бын төлсөн хураамжийн хэмжээ нь 4 тоот орон сууцыг ногдох хэсэгт тооцуулж гаргуулахад хүрэхгүй тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар ашиг авахаар шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах зорилготой ба өмчийн эрх зүйн маргаан нь уг хуулийн дагуу захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм. Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх тогтоогдсон гэж дүгнэхгүй болно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгийн барилгын гадна талбайд реклам байршуулсныг буулгуулах, дахин энэ зөрчлийг гаргуулахгүй байхтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх энэ шаардлагад холбогдох дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт заалгүй орхигдуулжээ. Холбогдох нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдааг залруулах боломжтой. Энэ алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Харин нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох дүгнэлт, шийдэлд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдэл, дүгнэлтийг хэвээр үлдээв.

 

Түүнчлэн шүүх 32 107 750 төгрөгийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тогтоогдоогүй гэж дүгнэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч нь маргаан бүхий 4 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй, байгуулагдаагүй гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий 4 тоот орон сууцыг эзэмшдэг ба уг эзэмшлээ хууль ёсны дагуу гэдгээ нотлоогүй, уг 4 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн этгээд байхгүй боловч уг орон сууц Ч.Бд ногдох хэсэг болох талаар хариуцагч Д.А маргаагүй тул нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг гаргуулж хариуцагч Ч.Бд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 92 дугаар 92.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь 5 болон 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд 338 835 төгрөгийг хариуцагч Ч.Бд төлөхийг хүлээн зөвшөөрснийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь  зөв болсон боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой. Тухайн зардал нь нэхэмжлэгч С.Боос бусдад төлөх төлбөр байх бөгөөд түүний өмнөөс Ч.Б уг үүргийг гүйцэтгэсэн тул тэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

Нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн ажлын хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2 дах хэсэгт зааснаар хуваарилах нь зүйтэй.  Нэхэмжлэгч С.Б шинжээчийн зардалд 300 000 төгрөг, хариуцагч Ч.Б шинжээчийн зардалд 5 635 400 төгрөгийг тус тус төлсөн ба нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг харгалзан үзэж хэн аль нь тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй гэж дүгнэвэл С.Боос 2 667 700 төгрөгийг гаргуулж Ч.Бд

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлбөр зохих улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон, төлөгдөөгүй тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 3 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 32 107 750 төгрөг гаргуулах болон үнэлэх боломжгүй нэхэмжлэлд  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нийт 229 595 218 төгрөгт ногдох зохих улсын тэмдэгтийн хураамж болох 1 308 926 төгрөг дээр 70 200 төгрөгийг нэмж 1 379 126 төгрөгийг төлөх байжээ. Үүнээс түүний төлсөн 140 400 төгрөгийг хасвал 1 238 726 төгрөг төлөгдөөгүй байна. Нэхэмжлэлээс хангагдсан хэсэг болох 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоох хэсэгт холбогдох хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 832 868    /1 м.кв*646419 төгрөг*228 м.кв=147383532 төгрөгөөс 13000000 төгрөгийг хасч үлдэгдлийг 0,5 хувиар үржүүлж гарсан тоон дээр 225 950 төгрөгийг нэмж/  нэхэмжлэгчид төлөх ёстой боловч нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байдлыг харгалзан үзэж хариуцагчаас 832 868 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгчээс нөхөн төлүүлэх хэмжээг 405858 төгрөг/1 238 726-832 868/-өөр тодорхойлж, түүнээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг хэвээр үлдээв.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсгийг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 5 тоот болон 6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох  мөн хаягт оршин байх 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 32 107 750 төгрөгийг хариуцагч Ч.Баас гаргуулах, зар сурталчилгааны самбар буулгуулах, дахин байршуулахгүй байхыг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4, 100 дугаар зүйлийн 100.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсгийг” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 92 дугаар зүйлийн 92.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг” гэж

3 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 000 төгрөг, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 995 773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 405 858 төгрөг,  Ч.Бэлэгсайхнаас 868 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, С.Боос шинжээчийн зардалд 2 667 700 төгрөгийг гаргуулж Ч.Бд олгож, С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 81 015 төгрөгийг гаргуулж Ч.Бд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 637 төгрөг, хариуцагч Ч.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 988 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       

                              ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА