| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2022/0061/З |
| Дугаар | 123/ШШ2024/0002 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 123/ШШ2024/0002
2024 01 18 123/ШШ2024/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Өлзий-Учрал,
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал
Гуравдагч этгээд: Т.Бямбасүрэн нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Т.Бямбасүрэнгээс авсан гэх итгэмжлэлийн үндсэн дээр Б.Мөнхчулуунаас нэхэмжлэгч Б.Өлзий-Учралд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар худалдах худалдан авах гэрээ байгуулж газрыг худалдсан байна.
2.2. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 дугаар албан тоотоор “Иргэн Бат-Өлзий овогтой Өлзий-Учрал нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөх өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна гэх хариуг өгчээ[3].
Мөн нэхэмжлэгч сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдол гаргасныг аймгийн Засаг дарга гомдлыг хянаад хариу өгөхдөө буюу маргааны асуудлыг “Б.Өлзий-Учралын Баянчандмань суманд өмчилж буй газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх тухай гомдлыг судлаад дараах хариуг хүргүүлж байна. Баянчандмань сумын Засаг даргын албан бичгээр хүргүүлсэн хариу тайлбарт анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй байна гэж үзсэн байна. Иймд Б.Өлзий-Учралын газрын гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгчээ.[4]
2.3. Нэхэмжлэгч Б.Өлзий-Учрал асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй учир “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох, газрын кадастрын нэгдсэн санд бүртгүүлэхээр 2022 оны 11 сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Өлзий-Учрал нь Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ Поошигт торлогтын ам 2 дугаар гудамж, 228 хаягтай, Улсын бүртгэлийн /Г-1426004474/ дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын /4116036293/ дугаартай 5000 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Тэрээр уг газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед газрын кадастрын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг ямар нэгэн асуудалгүй байсан байна. Гэтэл өөрийн өмчлөлийн газрын кадастрын мэдээллийг цахим сангаас харах гэсэн боловч “Мэдээлэл байхгүй байна” буюу газрын кадастрын мэдээлэл нь устсан байна. Чухам ямар шалтгааны улмаас мэдээлэл нь байхгүй болсон талаар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнаас өнөөдрийг хүртэл мэдэгдэл мэдээлэл ирээгүй байна. Газрын кадастрын бүртгэл нь газар өмчлөх эрхийн салшгүй нэг хэсэг учир газрын кадастрын бүртгэлийн мэдээлэл байхгүй болсноор дээрх өмчлөлийн газар өөр бусад хүний өмчлөлийн газартай давхцах зэрэг асуудал бий болох цаашлаад Б.Өлзий-Учрал нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй тул кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж өгнө үү” хэмээн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/275 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичигт Б.Өлзий-Учрал нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарласан байдаг. Дээрх 01/275 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад 2022 оны 08 сарын 19-ний өдөр гомдол гаргасан байдаг. Тус гомдлын дагуу Төв аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр “Анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй гэж үзсэн тул гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Төв аймгийн Засаг даргын тус албан бичгийн 2022 оны 10 сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно. Б.Өлзий-Учралын өмчлөлийн газар, газрын кадастрын бүртгэлтэй холбоотой дээрх байдлаар хоёр шатны Засаг даргад хандсан боловч үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаад байгаа юм. ...Тиймээс иргэн Б.Өлзий-Учралын өмчлөлийн дээрх газрын кадастрын мэдээллийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах зэргээр шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэх, дээрх шийдвэртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар өмчлөгчид мэдээлэх учиртай юм. Гэтэл Б.Өлзий-Учралын газар өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй байх тул хуульд заасны дагуу өмчлөгч нь тухайн газруудын кадастрын мэдээллийг бүртгүүлж, газрын мэдээллийн санд оруулах эрхтэй юм. Иймд дээрх газрын хууль ёсны өмчлөгч болох Б.Өлзий-Учралын эрх ашгийг хамгаалж, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамалд даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Б.Өлзий-Учралын өмчлөлийн газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхээс татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн газар өмчлөлд олгохоор заасан анхны газар өмчлөх эрх олгосон захирамж буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлийн тухайд, Б.Өлзий-Учрал нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Т.Бямбасүрэн гэх хүнээс тухайн маргаан бүхий газрыг худалдаж авсан. Тухайн үед худалдаж авах үед ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Түүний дагуу Б.Өлзий-Учралын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, өмчлөх эрхээ хэрэгжүүлээд явж байсан. Гэтэл өмчлөгчийн зүгээс тухайн газрыг газрын мэдээллийн цахим системээс харах гэсэн боловч кадастрын зураг харагдахаа больсон байсан. Энэ талаар холбогдох байгууллага буюу Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад хандсан. Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор газрын кадастрын бүртгэл байхгүй байна, үүнийг сэргээж өгнө үү гэдэг байдлаар хандсан. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр шийдвэрлэх боломжгүй. Учир нь өргөдөл гаргагч нь өргөдөлтэйгөө холбоотой баримтаа ирүүлээгүй байна. Анхны өмчлөгчид ямар дугаартай захирамжаар хэрхэн өмчилсөн шийдвэр олгосон нь байхгүй байна. Энэ талаарх баримтаа ирүүлээгүй учир шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 16 дугаар зүйлийн 16.4-т тухайн байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамаарч байгууллага бүр архивтай байхаар заасан. Төрийн байгууллага буюу эрх бүхий албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэр, захирамж нь тухайн байгууллагад архивлагдаж, хадгалагдаж үлдэх үүрэгтэй байхаар хуульчилсан. Үүний дагуу Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс өөрт байх ёстой баримтыг иргэнээс шаардаж байгаа. Хоёрдугаарт, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулахаар заасан. Тухайн өргөдөлтэй холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс холбогдох байгууллага буюу Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, гэрчилгээ авах байдлаар иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой нотлох баримтууд цугларсан. Эхний ээлжид хариуцагчийн зүгээс бид нарт захирамж байхгүй, анхны өмчлөгчид газар олгосон А/105 дугаартай захирамж байхгүй байна гэж тайлбарладаг. Ажиллагааны явцад дахин тайлбар гаргахдаа тухайн захирамжийг илт хууль бус байна, тиймээс бүртгэх боломжгүй гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагч М.Алтантуяагийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар ирүүлдэг. Тэр тайлбараар А/105 дугаартай захирамж бид нарт байхгүй, сумын архивт байхгүй, гэхдээ бид нар Улсын бүртгэлийн байгууллагаас хуулбарыг авч явуулж, ирүүллээ гэж тайлбарладаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр анх иргэн газрынхаа иргэний газар өмчлөх эрх хөндөгдөөд байна, бид нар энэ асуудлаа шийдвэрлэе гээд холбогдох байгууллагад хандахад бид нарт энэ баримт байхгүй, та нар өөрсдөө энэ баримтаа ирүүлээгүй байна, бид нар мэдэхгүй гэх байдлаар шийдвэрлэхгүй гэж тайлбарладаг. Гэтэл шүүх баримт шаардахаар бид нарт байхгүй, гэхдээ бид нар Улсын бүртгэлийн байгууллагаас аваад ирүүллээ гэх байдлаар ирүүлдэг. Иргэн шүүхэд хандахаас өмнө газар өмчлөх эрхээ хамгаалахаар хандсан боловч тодорхой шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс зайлсхийсээр ирсэн. Шүүхэд хандахаар баримт гаргаж өгдөг, иргэн хандахаар баримт гаргаж өгдөггүй үйл баримт болоод байгаа. Түүнчлэн тухайн газартай холбоотойгоор төрийн байгууллагын зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байдаг. Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох, энэ талаар ямар нэгэн байдлаар шийдвэр гарсан бол Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой ажиллагаа явагдах ёстой. Тэр ажиллагаа хийгдээгүй. Тухайн А/105 дугаартай захирамжийг хуурамч, илт хууль бус учраас бүртгэх боломжгүй гэж тайлбарладаг. Анхны өмчлөгч буюу Т.Бямбасүрэн нь газар өмчлөхтэй холбоотойгоор Засаг даргад өргөдөл, гомдлоо ирүүлж байсан, газар өмчлөх өргөдлөө гаргаж байсан эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн баримт байхгүй гэж тайлбарладаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Газрын тухай хуульд заасан арга хэмжээ аваагүй гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь нэхэмжлэгч Б.Өлзий-Учрал нь Т.Бямбасүрэнтэй худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу өмчлөгч болсон. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг эд хөрөнгө хүлээн авч байгаа этгээд мэдээгүй бол шударга өмчлөгч гэнэ гэж зааж өгсөн байдаг. Үүний дагуу Т.Бямбасүрэн нь тухайн газрыг гэрээний дагуу шилжүүлж авсан. Шилжүүлж авах үед газар өмчлөх эрхийн гэрчилгээ Т.Бямбасүрэн гэх хүн дээр гарсан байсан. Гэрчилгээг үндэслэж шилжүүлж авсан байдаг. Тухайн газрыг Т.Бямбасүрэнгээс авахдаа Т.Бямбасүрэнгийн гэрчилгээг хараагүй, Т.Бямбасүрэнгийн нэр дээр гэрчилгээ байхгүй үед нь Б.Өлзий-Учрал гэх хүн худалдаж авчихаад сүүлд өөр хүний нэр гараад ирэхээр миний газар биш байсан. Өөр хүний нэр дээр байсан. Гэхдээ би мөнгөө төлсөн гэж дайрч байгаа асуудал биш. Иргэний хувьд тодорхой шалгах ёстой, боломжтой хувилбараар шалгасан. Шалгасны үндсэн дээр гэрчилгээ Т.Бямбасүрэн дээр байсан. Т.Бямбасүрэнгээс шилжүүлж авсан гэх асуудал үүсэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн. Үзлэгийн явцад Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны захирамжууд 2 хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн товъёг дээр А/104, А/106 дугаартай захирамж гэж 2 авагдсан байдаг. А/104 дугаарын дараа буюу өнөөдрийн маргаантай холбоотой А/105 дугаартай захирамж байхгүй болсон байдаг. Огт байхгүй. Гэхдээ захирамжийн дугаар олгогдсон, алгасаад явсан. Өөрөөр хэлбэл, дундаас нь алга болсон байдалтай байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс тус захирамж гараагүй, илт хууль бус гэж байгаа. Байхгүй байсан нь өөрөө илт хууль бус юм уу юу гэж үзэх нь тодорхойгүй. Байхгүй байсан тухайн захирамжийг гараагүй байна гэж тайлбарлах нь боломжгүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж тодорхойлж өгсөн байдаг. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь эрх зүйн үйлчлэл нь чиглэгдсэн этгээдэд ашигтай нөхцөл байдал бүрдүүлсэн тохиолдолд тухайн захиргааны актыг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ гэж заасан. Өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд анхны газар өмчлөгчид эрх олгосон захирамж буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаартай захирамж хавтаст хэрэгт байхгүй. Баянчандмань сумын архивд байхгүй. Гэхдээ захирамжийн дугаар олгосон гарсан байх боломжтой байгаад байгаа. Архивд байхгүй захирамж нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байгаад байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр анхны өмчлөгчид газар олгосон захирамж нь сумын архивд байхгүй боловч Улсын бүртгэлийн байгууллагад байгаа. Үүний дагуу анхны өмчлөгчид гэрчилгээ олгогдоод газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Үүний дагуу иргэн Б.Өлзий-Учрал худалдаж авсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газар өмчлөх эрх нь газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар баталгааждаг. Үүний дагуу Т.Бямбасүрэнд гэрчилгээ гарсан. Нөхөн гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага дээр А/105 дугаартай захирамжийг нөхөн гаргуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. А/105 дугаартай захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт учраас нэхэмжлэгч Б.Өлзий-Учралд эрх зүйн үйлчлэл нь эерэгээр нөлөөлж байгаа гэж харагдаж байна. Тийм учраас байхгүй байгаа захиргааны актыг дахин гаргах ажиллагааны дагуу буюу Захиргааны ерөнхий хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.1-т заасны дагуу нөхөн гаргуулах ажиллагааг дахин хийлгэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн хариуцагч Газрын даамлын зүгээс тайлбараа ирүүлсэн. Монгол Улсын иргэнд газрын кадастрыг ашиглах журам, иргэнд газар өмчлүүлэх кадастр хийх журмын 7.1-т заасны дагуу бүртгэх боломжгүй гэдэг. Гэтэл иргэнд газар өмчлүүлэх, кадастр хийх журмын 7.1 дэх заалт анх газар өмчлүүлэх эрх олж авч байгаа этгээдийн газрыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхтэй холбоотой асуудал. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарладаг. Бид нар хуучин мэдээллийн системээс шинэ мэдээллийн системд шилжихэд тухайн асуудлыг олж харсан. Тухайн захирамжтай холбоотой асуудал үүссэн гэдэг. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирсэн албан бичиг дээр “Эл Эн” программ газрын мэдээллийн нэгдсэн сан буюу шинэ программ дээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийг хаасан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр шинэ мэдээллийн санд нэхэмжлэгчийн газрын кадастр аль хэзээний бүртгэлтэй байсан. Бүртгэлтэй байсан газрыг хариуцагч Газрын даамлын зүгээс өөрчлөлт оруулж хаасан. Энэ өөрчлөлт оруулсан зүйл нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хийгдсэн үү гэвэл үгүй. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажлуулах журам байгаа. Тус журмын 13 дугаар зүйлийн 13.1-т хориглох зүйлийг зааж өгсөн. Тус хориглох зүйлд юу ордог вэ гэхээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэл эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөлт оруулахыг хориглоно. Бүртгэлийг устгахыг хориглоно гэж заагаад өгсөн байдаг. Үүнд хяналт тавих чиг үүрэг бүхий Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан бичиг ирсэн байдаг. Шүүхээс А/105 дугаартай захирамжийн талаар холбогдох тайлбарыг авахаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанаас шаардсан боловч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанаас 2017 оны А/105 дугаартай захирамжийг бид нар тухайн үед авч шалгаад устгалд оруулсан гэдэг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанаас тухайн захирамжийг Газрын даамлаас авахдаа тухайн онд заагдсан газрын төлөвлөөний дагуу тусгагдсан эсэх, тухайн захирамж нь ямар нэгэн асуудалтай эсэхийг шалгаад устгалд оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтын явцад ямар нэгэн асуудал үүсээгүй. Үүсээгүй учраас устгалд оруулсан байна. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажлуулах журмын 14 дүгээр зүйлд хяналт шалгалтын талаар зааж өгсөн байдаг. Тус хяналт шалгалтын хүрээнд ямар нэгэн байдлаар тухайн захирамжтай холбоотой асуудал үүсээгүй. Үүсээгүй учраас шинэ мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн. Ийм асуудал байгаа. Гэтэл Газрын даамлын зүгээс үндэслэлгүйгээр ямар нэгэн зөрчил илрээгүй байхад ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр иргэний газрын кадастрын мэдээлэлд өөрчлөлт оруулаад өөрчлөлт оруулсны үндсэн дээр хаасан нөхцөл байдал үүсээд байна гэв.
3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллага хууль бус гэж үзнэ үү, илт хууль бус гэж үзнэ үү тэр талаар шалгаж шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа байх. Гол асуудал нь ямар нэгэн шийдвэр, хуулийн байгууллагаар, эрх бүхий байгууллагаар тэр баримт бичгийг авсан үйл ажиллаагаанд нь ямар нэгэн хууль бус ажиллагаа байгаа гэдгийг тогтоогоогүй байхад улсын бүртгэл дээр хэний нэр тухайн өмчийн эзнээр бүртгэгдсэн байна. Тэр хүнийг өмчийн эзэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, одоогоор Б.Өлзий-Учралыг маргаад байгаа газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байгаад байна. Хууль бус, үндэслэлгүй гэж байгаа бол захиргааны байгууллага, шийдвэр үйл ажиллагаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан тэнд заасан шаардлагыг хангасан баримт бичгийг үйлдэх ёстой. Юуны төлөө хууль гэж байгаа юм бэ. Журамласан журмын зохицуулалт байгаа. Мэдэгдэх, сонсох, шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах зарчмуудыг тодорхой тусгасан байгаа. 25, 26, 27 дугаар зүйлд. Эдгээр ажиллагааг хийхгүйгээр, оролцоог нь огт хангахгүйгээр өмчлөгчид нь огт мэдэгдэхгүйгээр системээс мэдээллийг хааж, дуусгавар болгож, өмчлөх эрхийг нь хязгаарлаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Б.Өлзий-Учрал бол Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар багийн Эрдэнэ Поошигт Торлогын ам 2 дугаар гудамжны 228 тоот хаягтай үл хөдлөхийн өмчлөгч. Өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон эсхүл өмчлөх эрхийг хууль бус болохыг тогтоосон ямар нэгэн шийдвэр, холбогдох хуулийн байгууллагын дүгнэлт, тогтоол, шийдвэр, магадлал байхгүй. Б.Өлзий-Учрал гэх хүнийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс тайлбар хэлж байна. Хуурамч бичиг баримт байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хуурамч гэдгийг шүүх тогтоодог зүйл биш. Хуурамч гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эсхүл холбогдох шийдвэр нь хэрэгт байхгүй. Таамаг, төсөөллөөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж байна гэж үзэж байна. Баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Хоёрдугаарт, гэмт үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай зүйл өмнө дурдсан. Гэмт үйлдэл гэдгийг тогтоосон баримт бичиг байхгүй. Гэмт үйлдэл гэж юу юм бэ. Гэмт хэрэг гэж юу юм бэ. Хууль зүйн үр дагавартай, тусдаа үр дагавартай. Ямар нэгэн үндэслэл бүхий баримт нотолгоотой, хавтаст хэрэгт авагдсан зүйл байхгүй учраас үндэслэлгүй тайлбар гэж харж байна. Мөн энэ асуудлыг шийдэх гэж байсан. Шийдэхээс өмнө шүүхэд хандсан гэх асуудлыг ярьж байна. Шийдвэр гаргах гэж байсан гэж ярьж байна. Энэ нь алдаатай дүгнэлтийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргахаас өмнө тэр шийдвэр нь хэрэгжсэн байх боломжгүй зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бид нар өнөөдөр шүүх дээр ирэхээс өмнө нэхэмжлэл гарсан учраас шийдвэрээ гаргаж амжаагүй байна гэж тайлбарлаж байгаа боловч тэр шийдвэр нь ямар зорилготой гарах гэж байна вэ гэвэл эрх олгоод байгаа 105 дугаартай захирамжийг хүчингүй болгодог юм уу эсхүл бүртгэл нь үндэслэлгүй гэж гардаг юм уу. Тийм шийдвэр гаргах гээд байх шиг байна. Гэтэл аль хэдийн Б.Өлзий-Учрал гэх хүний өмчлөх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа хэрэгжсэн байна. Энэ тайлбар үндэслэлгүй, алдаатай. Ямар ч хууль бус, хуурамч гэдгийг тогтоосон үйл ажиллагаа, захиргааны хуульд заасны дагуу захиргаа өөрөө шийдвэр үйл ажиллагаа гаргахдаа үнэхээр хууль бус, хуурамч гэдгийг тогтоогоод шийдвэрээ гаргах эрх хэмжээ нь байгаа. Энэ эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлах ёстой. Энэ журмаа баримталж шийдвэрээ гаргаагүй байна. Ямар үндэслэлээр бүртгэлээс хасаад байгаа талаар тодорхойгүй. Нэг этгээд тийм байж болзошгүй гэж бодчихоод тэрийг дуусгавар болгож, хүний өмчлөх эрхийг хязгаарладаг нь өөрөө эрх зүйт төрд байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Захиргааны байгууллага санаачилгаараа иргэдийг дуудаж авч ирээд, үүнийг цаг хугацааг нь дуусгавар болгох гээд байна гээд хийгдээд байгаа ажиллагаа биш. Энэ бол түрүүлээд хийгдсэн байсан. Яаж мэдэж байна вэ гэхээр иргэд тухайн цаг хугацаанд газрын кадастрын мэдээллийн сан дээр эрх нь чөлөөтэй, хэвийн байгаа. Цаг хугацааны дараа болохоо болихоор дараа нь иргэд очиж уулзаад мэдээд нэхэмжлэл, хүсэлт гаргаад явж байгаа. Түүнээс биш захиргааны байгууллага шалгаж илрүүлж тогтоож, нотлох баримтаа бүрдүүлээд та нар ийм болсон байна, та нар тайлбар нотлох баримттайгаа ирээрэй гэдэг асуудал яваад байгаа юм биш. Саяны тайлбараас, юу ч мэдээгүй, шийдвэр гаргах боломжгүй, одоо л тодорхой болж байна гэж тайлбарлах гээд байх шиг байна. Үндсэндээ юуг ч мэдээгүй, шийдвэр гаргаагүй, нотлоогүй, ямар нэгэн баримт цуглуулаагүй байж тэр үйл ажиллагаа хэрэгжсэн үйл явдал болоод байна. Яах ёстой вэ гэхээр хууль ёсны дагуу шийдвэр гарах ёстой. Шийдвэрийн дагуу тэр шийдвэр хэрэгжих ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь зорилго зөв байж магадгүй. Гэхдээ тэрний арга нь ямар ч хамаагүй байж магадгүй гэж ийм арга байгаад байгаа нь өөрөө үндэслэл бүхий хууль ёсны байж чадахгүй гэдэг агуулгаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, зорилго нь ч зөв байх ёстой. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлж байгаа аргууд нь зөв байх ёстой. Зөв зорилгын төлөө хүрэх гэж шийдвэр гаргах гэж байгаа бол тэр шийдвэрээ гаргаад тэр шийдвэрээ хуульд заасан журмын дагуу гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Газрын мэдээллийн кадастрын санд бүртгэхээс, цаг хугацааг дуусгавар болгож байгаа тэр үйл ажиллагаа нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй талаар өөрсдөө хэлж байгаа. Хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Хууль бус гэж байгаа бол захиргааны байгууллага өөрөө шийдвэр гаргахаасаа өмнө хууль бус гэдгийг тогтоогоод нотлох баримтаа бүрдүүлсэн байх ёстой. Хавтаст хэрэгт өнөөдрийг хүртэл тийм баримт авагдсан зүйл байхгүй. Иймд бүртгэхгүй байгаа, бүртгэлээс цаг хугацааг дуусгавар болгож хаагаад байгаа нь хууль бус, хуульд үндэслээгүй. Шийдвэр хууль ёсных уу, хууль ёсны бус уу эсхүл хуурамч уу гэдгээс үл хамааран бүртгэлтэй холбоотой тэр бүртгэлийг дагаад өмчлөх эрхтэй холбоотой асуудал яригдана. Хууль бус бол захиргаа өөрөө шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шийдвэрлэсэн зүйл байхгүй. Бүртгэлд үндэслэлгүйгээр эрхийг нь хязгаарлаад байгаа. Хууль бус, хүчингүй юм бол магадгүй тэрийг захиргаа өөрөө шийдвэрлэх ёстой байсан. Ямар нэгэн шийдвэр гараагүй, тэрийг хууль бус гэдгийг тогтоогоогүй байж өмчлөх эрхээр гаргасан захирамж нь өөрөө өөрсдийнхөө гаргасан захирамжийг өөрсдөө шүүх дээр ирээд хууль бус, хүчингүй гэж байгаа тайлбар нь үндэслэлгүй. Үнэхээр хүчингүй, хууль бус байсан юм бол тэр асуудлыг шийдвэрлэх боломж нь захиргаанд өөрт нь нээлттэй байгаа. Өнөөдөр хурал дээр тодорхой болоод шийдвэрлэх боломжтой болж байгаа мэт тайлбарлаж байгаа боловч тодорхой болж байгаа гэх асуудлынхаа шийдвэр, үр дагаврыг 2020 онд дуусгавар болгосон үйл ажиллагаа нь хэрэгжээд дууссан байх ёстой. Одоо асуудал тодорхой болж байна гэдэг нь өөрөө үндэслэлгүй гэв.
3.4 Хариуцагч М.Алтантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Өлзий-Учралын нэхэмжлэлтэй Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох захиргааны хэрэгт нэгж талбаруудын мэдээлэл иргэн Тарва овогтой Бямбасүрэн 4116036293 нэгж талбарын дугаар бүхий газрыг сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар өмчилсөн гэж мэдээллийн санд бүртгэн, аймгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Дээрх 2017 оны А/105 дугаар захирамжинд газар өмчлөгч иргэний нэр байхгүй тул Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/177 тоот тушаалын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 заалтын дагуу “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын дагуу газрын кадастрын мэдээллийн санд тухайн нэгж талбарыг бүртгэх боломжгүй гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Газрын кадастрын бүртгэлийг сэргээн, газрын кадастрын мэдээллийн санд оруулах, бүртгэхийг даалгах, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаартай захирамжийг нөхөн гаргуулах шаардлага гаргасан. Сая тайлбаруудаас харахад 01/275 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох асуудлыг тайлбарлаж байна. Газрын мэдээллийн санд бүртгэх асуудлыг ярьж байна. А/105 дугаартай захирамжийг нөхөн гаргуулах асуудлыг огт ярьсангүй гэж ойлголоо. Энэ захирамж нь өөрөө хуурамч гэдгийг ойлгоод дахин захирамж гаргах шаардлага юм уу энэ шаардлагыг ойлгосонгүй. 01/275 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох гэдгийг Засаг даргын зүгээс тайлбараа гаргасан. Анх өмгөөллийн “Таван лекс” ХХК-аас Баянчандмань сумын Засаг даргад хүсэлт ирүүлдэг. Баянчандмань сумын Засаг дарга боломжгүй, тодорхойгүй байна гэх хариу өгсөн. Архивын тухай хууль болон бусад хуулийг ярьж байна. Хавсралт материалууд байгаагүй гэх асуудал үүссэн. А/105 дугаартай захирамж архивд байхгүй гэх асуудал үүссэн. Үүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжгүй гэх асуудлыг хөндсөн. Боломжгүй байна гэснийг заавал хийх ёстой байсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбар гаргаж байгаа. Мэдээллийн санд бүртгэх эсэх асуудлыг Газрын даамал тодорхой тайлбарлах байх. Хуучин мэдээллийн санд бүртгэлтэй, өмнөх мэдээллийн санд бүртгэлгүй гэх асуудал. Бид нар өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гол асуудал юу вэ гэхээр маргаан бүхий 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаартай захирамж. Энэ захирамж хууль ёсны дагуу гарсан уу эсхүл гараагүй юу гэдэг асуудал үүсэж байна. Энэ захирамжид Т.Бямбасүрэн гэх хүний нэр дээр захирамж гараад Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. Энэ хүн шүүхэд тайлбар өгсөн. 1хх-ийн 84 дүгээр талд байгаа. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн. Ямар ч мэдээлэл байхгүй. Газартай байсан бол юу гэж 120.000 төгрөгөөр зарах вэ. Мөн энэ хүнийг хэн төлөөлж ийм захирамж гаргуулсан бэ гэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчулуун гэх хүн гарч ирнэ. Сая огт ярихгүй байна. Өмнөх асуудал бидэнд хамаагүй гэх байдлаар хандаж байх шиг байна. Гэхдээ Б.Мөнхчулуун гэх хүн итгэмжлэлээрээ Б.Өлзий-Учралд олгосон. Шилжүүлчихээд байгаа. Түүнээс Т.Бямбасүрэн гэх хүн шилжүүлээгүй. Хоёрдугаарт, энэ захирамж архивд байхгүй. Энэ захирамжийг хаанаас, хэн гаргасан бэ гэдэг асуудал үүсэж байна. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргал гэх хүний мэдүүлэг байгаа. Би ийм захирамж гаргаагүй гэх. Д.Гэрэлхүүгийн мэдүүлэг байгаа. Засаг дарга гарын үсэг зурахгүй байсан учраас би скайнердаж гаргаад, өгөөд явуулсан гэх мэдүүлэг байгаа. Та А/105 гэсэн захирамжийн дугаарыг хэрхэн, яаж авсан юм бэ гэхээр би бичиг хэргийн ажилтнаас түрүүлээд авсан байсан. Би нөхөөд гаргана гэж бодож байсан. Гэтэл Засаг дарга гарын үсэг зураагүй учраас байхгүй гэх. Энэ гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр газар өмчлөх асуудал бол Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу явагдана. Энэ хуулийн зориулалт нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж байгаа. Энэ хуулийн дагуу асуудлууд явагдах ёстой байсан. Энэ хуулийн 5.1.1-т газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна гэж заасан. Гэтэл Т.Бямбасүрэн гэх хүн үүнийг сайн дурын үндсэн дээр өмчилсөн байна уу гэдэг асуудал үүсэж байгаа. Хууль зөрчигдөөд эхэлж байгаа. Энэ хүн огт газар өмчилснөө мэдээгүй. Энэ хүний эрхийг хөндөж байгаа. Энэ хүний үнэгүй, нэг удаа өмчлөх, 5.1.4-т заасан нэг удаа үнэгүй өмчлөх энэ эрхийг нь Б.Мөнхчулуун гэх хүн ашиглаад гаргасан асуудал байгаад байна. Газар өмчлөх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Газар өмчлүүлэх тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Газар өмчлүүлэхдээ ерөнхий төлөвлөгөөнд тусгана. Газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгоод, хэмжээ байршлыг тогтооно гэх заалт. 2017 оны энэ захирамж гарахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн эсэх асуудал үүснэ. Мөн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. Энэ заалт зөрчигдөж байна. Засаг дарга захирамж гаргаагүй. Нотолсны үндсэн дээр захирамж гаргана гэдэг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэний хүсэлт, 19.1, 20-т заасан өргөдөл эдгээр байснаар захирамж гарах ёстой байсан. Энэ хуулийн дагуу огт явагдаагүй. Шүүх хэд хэдэн удаа үзлэг хийсэн. Энэ захирамжийн дагуу хувийн хэрэг хөтөлсөн байна уу гэхээр үгүй. Нэг ч материал архивд байхгүй. Хаана ч байхгүй. Б.Мөнхчулуун гэх хүн гэрчийн мэдүүлэг өгдөг. Би аваачиж өгсөн гэдэг. Хуулийн дагуу өргөдөл, бичиг баримтууд байснаар захирамж гарах ёстой байсан. Энэ асуудал огт байхгүй. А/105 дугаартай захирамжийг хуурамчаар гаргасан гэдгийг Д.Гэрэлхүү өөрөө нотолсон. Д.Гэрэлхүү яаж нөлөөлөөд дарамталсан уу, авилгал өгсөн үү яаж гаргасан гэдэг нь тодорхойгүй. Цагдаагийн байгууллага Д.Гэрэлхүүг шалгаад гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр прокурор хэргийг хаасан. Энэ бүх нөхцөл байдал, бодит үйл баримтыг харахаар Газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ямар ч шийдвэр захирамжгүйгээр газар өмчилсөн гэх асуудал үүсээд байгаа. Нэхэмжлэгч тал та бүхэн энэ асуудлаа шийдэхгүй яасан юм бэ гэж ярьж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас энэ асуудлыг шийдвэрлээгүй. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явж байгаа. Анхны шаардлага нь мэдээллийн санд бүртгэх асуудал байсан. А105 дугаартай захирамжийг нөхөн гаргана гэдэг ойлголт огт байхгүй. Боломжгүй. Хуурамч захирамжийг мэдсээр байж бид нар төрийн албан хаагчид, төрийн хууль дээдлэх, бусад зарчмуудыг зөрчөөд 105 дугаартай захирамжийг нөхөөд гаргаад өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл, шаардлага байхгүй. Бүртгэлийн системд хасагдаагүй байгаа талаар Газрын даамал олон удаа тайлбарласан. Кадастер, зураг нь байгаа. Хасагдсан гэх ойлголт явж байгаа. Огт хасаагүй гэж тайлбарладаг. Хоёрдугаарт, хуурамч баримт бичиг гэдгийг тогтоосон зүйл байхгүй, нотлох баримт байхгүй гэж ярьж байна. Хавтаст хэрэгтэй бүгдээрээ танилцсан. Хавтаст хэргийн 164 талд Д.Гэрэлхүүгийн мэдүүлэг байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаартай захирамжийг Засаг дарга баталж өгөөгүй, шалгуулна гэхээр нь өөрийн компъютер дээр захирамжийг төлөвлөөд Засаг даргын гарын үсэгтэй тамгыг скайнардаж аваад тэгээд компъютероос хэвлэж гаргаад 1 хувийг нөгөө хүнд өгөөд явуулсан. Захирамжийн дугаар яаж авсан бэ. Засаг даргад орохоос өмнө бичиг хэргийн ажилтнаас захирамжийн дугаар авчихсан байсан. Мөн Засаг дарга н.Энхжаргалын мэдүүлгүүд байгаа. Юуг хэлээд байна вэ гэхээр энэ үйлдлээ энэ хүн өөрөө хэлээд байна. Хууль бус байна уу эсхүл үгүй юу гэдэг асуудал. Заавал тогтоосон гэдэг асуудал хөндвөл прокурорын тогтоол байгаа. Прокурорын тогтоол юу юм бэ. Зүгээр цаас юм уу. Гэмт хэргийн шинжтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийн хаалаа гэх. Энэ юу юм. Нотлох баримт биш юм уу. Хоёрдугаарт дугаар үлдээгээд үзлэгийн тэмдэглэлээр А/105 гээд дугаар авсан гэж хэлээд байна. Б.Нямдорж гэх хүн би ийм дугаар өгсөн гэж хэлээд байна. Архивын материалд тэр дугаар үлдсэн хоосон байна. Энэ захирамж гарсан байна гэж үзэх үндэслэл харагдах юм уу. Дугаар авчихаад өөрөө үйлдсэн үйлдэл нь ойлгомжтой байгаад байна. Хуульд зааснаар Засаг дарга л захирамж гаргана. Хуулийн дагуу. Энэ асуудлыг бид хөндөж тавиад байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн юм уу. Хуурамч захирамж эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох юм уу. Хийсэн хүн нь хийсэн гэдгээ хэлж байна. Гаргах ёстой эрх бүхий Засаг дарга нь гаргаагүй гэдгээ хэлж байна. Бид нар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн дахиад захирамж гаргаад өгье гэж хэлж болох юм уу. Б.Өлзий-Учралын хувьд бид асуудал яриагүй. Шилжүүлж авсан гэдэгт. Б.Мөнхчулуун гэх хүнд асуудал байгаад байна. Т.Бямбасүрэн гэх хүн өөрөө аваагүй байгааг хэлээд байна. Үүнийг таамаг, төсөөллөөр энэ захирамж гараагүй гэх асуудал биш. Нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгааг хэлье. Хариуцагчийн хувьд өөрийнхөө байр суурийг дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэх байр сууриа дэмжиж байна. Шинжлэн судалсан нотлох баримттай холбоотойгоор захирамж нь гараагүй байхад кадастр нь гараад байгаа асуудал 1 дүгээр хх-ийн 9 талд байгаа. Ш.Жаргалсайхан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар гээд 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулаад байна. Дараа нь А/105 дугаартай захирамжийг үндэслэн гээд байгаа. А/105 дугаартай захирамж нь 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Газар өмчлөх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхны шийдвэр гэдэг агуулгыг хөндөөд байгаа. Өмчлөлийн тухай хуульд заасан 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан шийдвэр гараагүй гэх. Энэ шийдвэр гараагүй хэр нь 22 дугаар зүйлийн 22.1-т заасан баталгаажуулах гэрчилгээ гарсан. Хууль зөрчөөд Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон гэдэг дүгнэлтэд хүрч байна. 22 дугаар зүйлийн 22.1-т ч байгаа. Иргэнд өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон эдгээрийг үндэслээд энэ эрхийг олгоно гэх. Энэ шийдвэр нь гараагүй гэж үзэж байна. Гаргасан гэх 105 дугаартай шийдвэр нь гарах эрх бүхий этгээд Засаг дарга гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ямар аргаар, яаж гаргасан гэдэг асуудлын нэлээн ярьж байгаа.Д.Гэрэлхүү гэх хүн гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд одоо 5-6 жилийн дараа мэдүүлэгтээ би санахгүй байна, нэлээн хэдэн захирамж гаргасан. Алийг нь гэдгийг мэдэхгүй байна гэх тайлбарыг өгдөг. Нэг л асуудал байгаа. Б.Мөнхчулуун гэх хүнээс бурууг огт нэхэхгүй байгаа. Т.Бямбасүрэн гэх хүн огт хамаагүй болж байна. Энэ хүн бол Б.Өлзий-Учралаас нэг төгрөг ч аваагүй. Захирамж гарсан газартай болсноо ч мэдэхгүй. Б.Мөнхчулуун гэх хүнтэй та нар нэг тал болсон асуудал үүсээд байна. Үнэхээр худалдаж аваад зарсан өмчлөл нь маргаантай болоод ирэх юм бол та бүхэн нэхэмжлэх эрхтэй. Гэтэл яагаад энэ хүнээс нэхэмжлэхгүй, энэ хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө ийм янз янзын бичиг баримтыг огт өгөөгүй, хуулийн дагуу аваагүй, өөрөө хөөцөлдөн авсан гэдгээ хэлдэг. Б.Мөнхчулуун хэлээд байгаа. Би бүх зүйлийг анхнаасаа хөөцөлдөөд би авсан гээд байгаа. Та нараас тодорхой хэмжээний мөнгө авсан юм уу мэдэхгүй. Ийм л асуудал байгаа. Энэ хүнтэй огт маргахгүй. Энэ хүний авсан процессыг зөв ч гэхгүй буруу ч гэхгүй гэдэг байдалтай байгаад байна. Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Ийм асуудлууд байгаа. Хариуцагч талын хувьд шийдвэргүйгээр гэж хэлж байна. Бид өмнө тайлбарласан. Шүүхийн процессын шатанд явж байгаа. Одоо бүх зүйл ойлгомжтой болсон гэж тогтоогдож байна. А/105 дугаартай захирамж угаасаа байхгүй, гараагүй гэх асуудал. Шийдвэрлэх боломж нь захиргааны байгууллагын ажиллагаа нь нотлох баримтаар хангалттай цугларсан гэж үзэж байна гэв.
3.6. Гуравдагч этгээд Т.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 онд Т.Бямбасүрэн миний бие Б.Цэрэнням охины хамт 13 дугаар хороолол Эко захын ойролцоох цайны газрын тэр хавьд газрын өмчлөх эрхийг худалдаж авч байх сургаар очсон. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул тус бүр 120.000 төгрөгөнд зарсан. Иргэний үнэмлэх канондаж хуулбарлаж аваад гарын үсэг зуруулсан болно. 2017 онд Төв аймгийн Баянчандмань суманд газартай байгаагаа мэдээгүй, ямар ч мэдээлэл байхгүй байна. Хэрэв газартай байсан бол юу гэж 120.000 төгрөгөнд зарах билээ гэжээ.
3.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжав шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Өлзий-Учралын нэхэмжлэлтэй Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд болох Т.Бямбасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр болох Б.Нямжав миний бие ажилтай тул энэ хэргээс нэг мөсөн гарах хүсэлтэй байна. Ямар нэгэн санал гомдол байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Б.Өлзий-Учралын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 4116036293 нэгж талбарын дугаар газрын өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, Б.Өлзий-Учралын өмчлөлийн газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад болон газрын даамал нарт даалгах” гэж тодорхойлжээ.
1.1 Нэхэмжлэгч талаас “Б.Өлзий-Учрал нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Т.Бямбасүрэн гэх хүнээс тухайн маргаан бүхий газрыг худалдаж авсан. Тухайн үед худалдаж авах үед ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Түүний дагуу Б.Өлзий-Учралын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, өмчлөх эрхээ хэрэгжүүлээд явж байсан. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс өөрт байх ёстой баримтыг иргэнээс шаардаж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс холбогдох байгууллага буюу Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, гэрчилгээ авах байдлаар иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан. Газрын даамлын зүгээс үндэслэлгүйгээр ямар нэгэн зөрчил илрээгүй байхад ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр иргэний газрын кадастрын мэдээлэлд өөрчлөлт оруулаад өөрчлөлт оруулсны үндсэн дээр хаасан нөхцөл байдал үүсээд байна” гэж,
1.2. Хариуцагч талаас “... маргаан бүхий 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/105 дугаартай захирамж. Энэ захирамж хууль ёсны дагуу гарсан уу эсхүл гараагүй юу гэдэг асуудал үүсэж байна. Т.Бямбасүрэн гэх хүний нэр дээр захирамж гарсан гэж Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. 2017 оны энэ захирамж гарахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн эсэх асуудал үүснэ. Мөн захирамжийн дагуу хувийн хэрэг хөтөлсөн байна уу гэхээр үгүй. Нэг ч материал архивд байхгүй. Хаана ч байхгүй. Б.Мөнхчулуун гэх хүн гэрчийн мэдүүлэг өгдөг. Би аваачиж өгсөн гэдэг. Хуулийн дагуу өргөдөл, бичиг баримтууд байснаар захирамж гарах ёстой байсан. Энэ асуудал огт байхгүй. А/105 дугаартай захирамжийг хуурамчаар гаргасан гэдгийг Д.Гэрэлхүү нотолсон” гэж.
1.3 Гуравдагч этгээд талаас “...газрын өмчлөх эрхийг худалдаж авч байх сургаар очсон. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул тус бүр 120.000 төгрөгөөр, иргэний үнэмлэхийн хулбар өгсөн. Төв аймгийн Баянчандмань суманд газартай байгаагаа мэдээгүй. Хэрэв газартай байсан бол юу гэж 120.000 төгрөгөнд зарах билээ” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т сумын Засаг даргын эрх, үүргийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж, 23 дугаар зүйлийн 23.2-т сумын Газрын даамлын эрх, үүргийг мөн хуулийн “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж зааснаар тус тус бүрэн эрх, үүргийг нь хуульчилсан байна.
3. Маргааны үйл баримтаар нэхэмжлэгчийн худалдан авсан гэх маргаан бүхий газрыг шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлэхэд үндэслэл болох 1 актыг үзвэл, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/105 дугаар захирамжаар 15 иргэнд газар өмчлөх эрх олгосон баримт байх ба Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс хавсралт бүхий баримтуудыг ирүүлжээ.[5] Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний 01/83 дугаар албан бичгээр тус сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 тоот захирамж нь сумын архивт байхгүй бөгөөд ... захирамжийн хавсралтан дээр Засаг даргын гарын үсэгтэй захирамжийн нүүрэн дээр дардаг тамга, гарын үсгийг хуулбарлан тавьсаныг илт хууль бус шийдвэр гэж үзэн 4116036293 нэгж талбарын дугаартай газрыг газрын кадастрын мэдээллийн сан дахь мэдээллийн цаг хугацааг дуусган хаасан болно гэх албан бичгийг[6] ирүүлжээ.
4. Мөн Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/75 дугаар албан бичигт “ ... Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Поошигт торлогтын ам 2 дугаар гудамж 228 тоотын 4116036293 нэгж талбарын дугаартай газар нь 2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд газар олголт хийгдсэн байна. ... газрын кадастрын мэдээллийн систем болох LM программаас 4116036293 дугаартай нэгж талбарыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цаг хугацааг дуусгавар болгосон байна гэх лавлагаа баримтуудыг ирүүлжээ.[7]
5. Дээрх баримтуудыг үзвэл Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/105 дугаар захирамж болон захирамжийн хавсралтын 10 дахь жагсаалтад “Тарва Бямбасүрэнд Поошигт хаягт 5000 метр квадрат газрыг өмчлүүлсэн, захирамжийг баталгаажуулж Засаг даргаас тамга дарж, гарын үсэг зураад, хавсралт нэрсийн жагсаалтын дээд хэсэгт гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.
Мөн тус сумын архив бичиг хэрэгт тухайн захирамж байхгүй байсан эсэх талаар,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл”-д ... Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны захирамж гэх хүрэн бор өнгийн хавтастай 2 хавтас бүхий баримт материалд үзлэг хийхэд хуудсыг нэг бүрчлэн дугаарлаагүй, товъёоглоогүй, нууцлаагүй нийт 362 захирамж гарсан байв. Нэгдүгээр хавтасны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаартай захирамж нь хавсралтад дурдагдсан нэр бүхийн 15 иргэнд 7.2 га газрыг өмчлүүлсэн, хавсралт хэсэгт 1.Б.Болортуяа, 2.Т.Ариунтуяа, 3.Т.Ариунзаяа, 4.Т.Ариундэлгэр, 5.Т.Ариунхүслэн, 6.Б.Цэрэнням, 7.Г.Ганцэцэг, 8.А.Оюундарь, 9.Г.Отгончимэг, 10.Т.Бямбасүрэн, 11.Э.Намуунаа, 12.Э.Гантулга, 13.Э.Батболд, 14.Ө.Эрдэнэчимэг, 15.Ш.Цолмонбаяр нарт олгосон байна. Тус захирамж, хавсралт нь эх хувиараа биш, захирамжийн ар хэсэгт боловсруулсан тэмдэг байхгүй, зүүн доод булан хэсэгт шифр дугаар байхгүй байв. Товъёог үйлдсэн хүний нэр байхгүй, нэр бичээгүй, төгсгөл хэсэгт нь гарын үсэг байхгүй гэх тэмдэглэл[8],
- Тус захирамжийг гарах үед Газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүүгээс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Баянчандмань суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнгөнхүүгийн хууль сануулан авсан мэдүүлэгт “ ... Би Засаг дарга дээр орохоосоо өмнө нарийн бичиг Нямдоржоор А/105 гэсэн захирамжийн дугаар тавиулцан байсан юм. Тэгээд дарга руу орчхоод буцаад гараад ирэхэд нарийн бичиг Нямдорж байхгүй байсан юм. Тэгэхээр нь би өрөө лүү явчихсан юм. Тэгээд дараа нь нарийн бичиг Нямдорж А/105 дугаартай захирамжийн эх хувь нь хаана байна гэхээр нь олдохгүй байна. Олохоороо өгье гэж хэлсэн. Нөгөө хуурамч захирамжаа хэвлэж гаргасан юм” гэсэн мэдүүлэг,[9]
Д.Гэрэлхүүгээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөгч, комиссар Б.Эрдэнэсайхан гэрчээс дахин хууль сануулан авсан мэдүүлэгт“ ... Би Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд сумын Засаг даргын газар олгох захирамжийг 10 орчим удаа хуурамчаар үйлдэж байсан” гэсэн мэдүүлэг,[10]
Мөн тус шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Гэрэлхүүгээс асуусан мэдүүлэгт “ ... Т.Бямбасүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны А/105 дугаар захирамжийг яаж гаргасан талаар тодруулахад “... тухайн үед Засаг дарга байхгүй байсан. Газрын алба болон Захиргааны газраас дарамт ирдэг байсан. Ажлын ачаалал ихтэй, иргэдээс гомдол ирвэл ажлаас чөлөөлнө гэсэн болохоор хүмүүст гаргаж өгсөн. Гаргахад бэлэн болсон захирамж дээр нэрийг нь солиод хуурамч захирамж гаргадаг” гэсэн мэдүүлэг,[11]
Тус газрыг худалдсан гэх Б.Мөнхчулууныг гэрчээр асуусан мэдүүлэгт “ ... Тухайн үед Улаанбаатар хотод 0.5, аймагт 1000, суманд 5000 газрыг иргэн бүрт нэг удаа үнэгүй газар өмчилж авах хууль байсан. Тэрний дагуу найзууд болон гэр бүлээрээ газар өмчилж авах хүсэлт өгсөн. Тодорхой хугацаанд хүлээсний дараа захирамж шийдвэр гарсан. Найзуудын найзууд болон танилууд дүү нарын найзууд газар өмчлөх эрхээ зармаар байна та хөөцөлдөж өгөх үү гэж ирсэн. Тэгээд тэрний дагуу л хөөцөлдөж авсан. Тухайн үед интернет онлайн шоп ажиллуулж байсан” гэсэн мэдүүлэг,[12]
Тус захирамжийг гарах үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргалыг гэрчээр асуусан мэдүүлэгт “ ... миний гаргасан захирамж биш байна. Газрын захирамжийг гаргахдаа нүүр хэсэгт үндсэн тамгаа дардаг. Хавсралтад нэртэй тамга дардаггүй. 5000 м.кв-аар ийм олон газар олгоогүй, 0.07 га л газар олгодог байсан. 103 болон 104 дүгээр захирамжийг харахад ойлгомжтой байх” гэсэн мэдүүлэг,[13]
Тус захирамжийг гарах үед бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Н.Нямдоржийг гэрчээр асуусан мэдүүлэгт “ ... Захирамжийн хавсралт дээр гарын үсэг зурдаггүй. Захирамж дээр зурдаг. Хавсралт дээр тамга дардаг. Гарын үсэг зурдаггүй. Хавсралт дээр Засаг дарга тухайн үед зурсан үгүйг мэдэхгүй байна. Мэргэжилтэн өөрөө захирамжаа төлөвлөөд, хянуулаад захирамж гаргана гэж файлээ над руу өгөөд би бланкан дээр хэвлэж өгөөд мэргэжилтэн Засаг дарга дээр захирамжаа өөрөө авч ороод гарын үсэг зуруулдаг. Захирамжийн дугаарыг бланкан дээр хэвлэх үед би бичиж өгдөг” гэсэн мэдүүлэг,[14]
Мөн шүүхээс Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүүгийн эмхэлж, цэгцлээгүй үлдээсэн газрын бичиг баримтуудаас газрын хувийн хэрэг үүсгээгүй, өргөдөл нь шийдвэрлэгдээгүй баримтуудыг сүүлд ажилд орсон М.Алтантуяагийн цэгцэлсэн 6 бор хавтас үдсэн баримтад хийсэн үзлэгээр 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжтай хувийн хэргийг шүүж үзэхэд 2017 оны 04 дүгээр 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн хувийн хэрэг авагдаагүй байна.
Дээрх гэрчийн мэдүүлгүүд болон шүүхийн үзлэгээр Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй захирамжийн хавсралтын нэрсийн 10 дахь жагсаалтад “Тарвагийн Бямбасүрэн Поошигт” гэх хаяг байршил бүхий 5000 метр квадрат газрыг өмчлүүлсэн хэсэг нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс эрх олгогдоогүй буюу нэхэмжлэгч иргэн Б.Өлзий-Учралын худалдан авсан өмчлөх эрхтэй болсон гэх газар нь эхнээсээ зохих ёсоор өмчийн эрх үүсээгүй хуурамчаар үйлдсэн баримтаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
6. Тодруулбал нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг анх бүртгүүлэхэд үндэслэл болсон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/105 дугаартай захирамжийг үзвэл, уг захирамжийн хавсралтын нэрсийн жагсаалтын 10-т Т.Бямбасүрэнд газар өмчлүүлсэн гэх баримт Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн байх ба гуравдагч этгээд Т.Бямбасүрэнгийн шүүхэд ирүүлсэн тайлбар “ ... газрын өмчлөх эрхийг худалдаж авч байх сургаар очсон. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул тус бүр 120.000 төгрөгөөр, иргэний үнэмлэхийн хуулбар өгсөн. Төв аймгийн Баянчандмань суманд газартай байгаагаа мэдээгүй. Хэрэв газартай байсан бол юу гэж 120.000 төгрөгөнд зарах билээ” гэх тайлбар, мөн гэрч Д.Гэрэлхүүгийн “Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар газар өмчлүүлэх захирамжийг хуурамчаар гаргаж өгсөн” гэх мэдүүлэг зэргээс холбогдуулан үзэж уг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/105 дугаартай захирамжийн Т.Бямбасүрэнд холбогдох хэсэг нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс олгогдоогүй болох нь тогтоогдож байна.
Үүнээс нэхэмжлэгч Б.Өлзий-Учралын иргэн Т.Бямбасүрэнгээс худалдан авсан өмчлөлийн газар нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж зааснаар эрхийн доголдолтой эд хөрөнгө байсан болох нь тогтоогдож байх учир тус газрын өмчлөх эрхийг захиргааны хэргийн шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, хууль бус эрхийг зөвтгөн эрхийг шилжүүлэн авсан этгээдэд сэргээж өгөх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгчийн худалдан авсан гэх газар нь хууль бус газар өмчлөх эрхийн акт үйлдэгдэж, улмаар түүнийг худалдан авсан гэдгээр нэхэмжлэгч газрын мэдээллийн санд бүртгүүлэх хууль ёсны эрх хөндөгдсөн гэж үзэж илт хууль бус актыг зөвтгөх, хэн нэгэнд газар өмчлүүлэх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд Засаг даргын акт болон хариуцагч нарын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харин хэргийн үйл баримтын тухайд авч үзвэл нэхэмжлэгч газар өмчлөх хууль ёсны эрхийн үндсэн дээр энэ маргааны шаардлагаа гаргах боложм байх ба нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дүгнэснээр нэхэмжлэгчийн уг газраа өмчлөх эрхийг хамгаалан шаардах эрх хязгаарлагдаж байна.
7. Нөгөө талаар хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нь Газрын тухай хуульд заасан үндэслэлээр бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, газрын даамал нь газар эзэмших болон өмчлөх харилцаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан. Хариуцагч газрын даамал Газрын тухай хуульд заасны дагуу хяналт тавих чиг үүргийнхээ дагуу энэ захирамж гараагүй болохоор бүртгэх боломжгүй гэх мөн хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга нь энэ маргаанд холбогдох нөхцөл байдлыг тогтоож, албан тоотоор “Иргэн Б.Өлзий-Учрал нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна” гэх хариуг өгсөн нь хуулийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, асуудлыг эрхийн хүрээнд шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах, нэхэмжлэгчид газар өмчлөх эрхийг олгох боломжгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр тухайн байгууллага болон албан тушаалтнаас нэхэмжлэгчийн газрыг мэдээллийн санд бүртгэх, улмаар өмчлөх эрхийг хангаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм.
Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан бүртгэлийг шинэчлэгдсэн мэдээллийн санд шууд бүртгүүлэх, мөн нөхөн өмчлөх захирамж гаргах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл маргаанд нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэлүүдэд дүгнэлт өгвөл, Захиргаа зохих журмын дагуу шалган шийдвэрлэж хариу өгөөгүй гэж нэхэмжлэгчээс маргасанд үзвэл, хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтан Захиргааны ерөнхий хуульд зааснаар зохих ёсоор шалган шийдвэрлээгүй байх хэдий ч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримт буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн газар гэх газар нь албан ёсоор өмчлөх эрх үүсээгүй болох нь тогтоогдож байх учир хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих ёсоор шалгаагүй үйлдэлд буруутгах үндэслэлээр нэхэмжлэгчийг газар өмчлөх эрхтэй болгож нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.
Төв аймгийн Баянчандмань сумын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж нэхэмжлэгч тал маргаж байх боловч А/105 дугаар захирамжийг эерэг нөлөөлөл бүхий акт гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь А/105 гэх акт нь акт гаргах эрх бүхий этгээдээс гаргаагүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон тул акт байгаа гэж үзэх, эерэг нөлөөлөл бүхий акт гэж үзэх боломжгүй учир нөхөн гаргах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг үзвэл захирамж захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл эс үйлдэхүйд холбогдуулан маргаж байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтнууд нь хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргаж хариу өгөөгүй гэж үзэх үндэслэл байх хэдий ч үүнээс нэхэмжлэгч уг газрын өмчлөх эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч нь энэхүү маргаанд хэлэлцэгдсэн баримт, түүний дотор хариуцагчийн тайлбараар хуурамч бичиг баримт үйлдэгдсэний улмаас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, үл хөдлөх эд хөрөнгө бий болгосон дээрх актуудыг хүчинтэй буюу үр дагавар үүсгэсэн хэвээр байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх бүртгэлтэй байж, маргаан гарч байх тул зохих ёсоор үр дагавар бий болгож буй дээрх асуудлыг шийдвэрлэх, худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хэн нэгэн хохирохгүй байх, гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан этгээд нь гэрээний хохирлоо барагдуулах үндэслэлийг гаргаж өгөх шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрхээс нэхэмжлэгчээс газар өмчлөх эрхийн хүрээнд зөрчигдсөн нэхэмжлэл гаргасан бөгөөд маргааны үйл баримтаар уг нэгж талбар бүхий газрыг хэн нэгэнд өмчлүүлсэн шийдвэр албан ёсоор гараагүй учир хариуцагч Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, мөн хамтран хариуцагч сумын Газрын даамлын болон Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй гэж маргасан газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн газар өмчлөх хууль ёсны эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 4116036293 нэгж талбарын дугаар газрын өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, Б.Өлзий-Учралын өмчлөлийн газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад болон газрын даамал нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Өлзий-Учралын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамалд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 4116036293 нэгж талбарын дугаар газрын өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, Б.Өлзий-Учралын өмчлөлийн газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад болон газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзий-Учралд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] 1 дүгээр хавтас 22 хуудас
[2] 2 дугаар хавтас 93 хуудас
[3] 1 дүгээр хавтас 212 хуудас
[4] 1 дүгээр хавтас 11 хуудас
[5] 1 дүгээр хавтас 38-51 хуудас
[6] 1 дүгээр хавтас 102 хуудас
[7] 1 дүгээр хавтас 52-54 хуудас
[8] 1 дүгээр хавтас 169 хуудас
[9] 1 дүгээр хавтас 164 хуудас,
[10] 1 дүгээр хавтас 173 хуудас,
[11] 1 дүгээр хавтас 195 хуудас,
[12] 2 дугаар хавтас 45 хуудас,
[13] 2 дугаар хавтас 61 хуудас,
[14] 2 дугаар хавтас 81 хуудас,