Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02796 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 445 728 795 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Энхжин,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Түвшинтамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК нь “Э” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр манай компани нийт 500 тн арматур нийлүүлэх, “Э” ХХК нь арматур нийлүүлж дуусгаснаар төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд резиденс хорооллын орон сууцаар төлөхөөр тохиролцсон.

Бид 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр нийт 498 021 тн арматурыг нийлүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч “Э” ХХК нь арматурын төлбөр болох 891 457 590 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

“Э” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нийлүүлсэн арматур болон тус компаниас төлбөл зохих төлбөрийн хувьд тооцоо нийлж, “Ө” ХХК-д “Э” ХХК нь 891 457 590 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталгаажуулж зөвшөөрсөн.

“Э” ХХК нь бэлэн мөнгөөр төлбөл зохих төлбөрийг ч төлөөгүй, бартераар шилжүүлэх орон сууцнуудыг ч шилжүүлж өгөлгүй удаа дараа шаардуулсаар 2019 оны 3 сар хүрсэн ба тус компанийн хүсэлтээр арматурын төлбөрийг бүхэлд нь бартераар буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд резиденс орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн С2 дугаар блокийн 1-р орц 3 давхар 79,9 м.кв, 1-р орц 3 давхар 74 м.кв, 1-р орц 4 давхар 79.9 м.кв, 1-р орц 4 давхар 74 м.кв, 1-р орц 3 давхар 54.68 м.кв, 1-р орц 3 давхар 59.78 м.кв, 1-р орц 3 давхар 51.08 м.кв, 1-р орц 12 давхар 74 м.кв талбай бүхий орон сууцнуудыг шилжүүлэх замаар барагдуулахаар тохиролцсон.

Худалдан авагч “Э” ХХК нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс шалтгаалж бидэнд их хэмжээний хохирол учирсан. Нэгэнт “Э” ХХК нь бартерийн орон сууцнуудаа хугацаанд нь ашиглалтад оруулж, манай компанийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон учир бид манай компанид арматур нийлүүлэгч “Материал импекс” ХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бартерийн орон сууцнуудыг тус компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “Э” ХХК-д гаргасан ба 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч, орон сууцнуудыг “Материал импекс” ХК-д шилжүүлснээр төлбөр тооцоог дуусгавар болгосон.

“Э” ХХК нь арматурын төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан боловч бартераар шилжүүлэх орон сууцны барилгыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр улсын комиссод хүлээлгэн өгсөн учир бид 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги шаардах эрхтэй.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэн мөнгөөр 445 728 795 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу 200 хоногийн алданги 267 437 278 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бартераар 445 728 795 төгрөг төлөх ёстойгоос 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу 200 хоногийн алданги 267 437 278 төгрөг, нийт 537 874 556 төгрөгийн алданги байгаагаас Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн тооцсон дүн нь 445 728 795 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө” ХХК нь “Э” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3-р зүйлд заасан нөхцөлөөр алданги нэхэмжилж байгаа гэжээ.

Иргэний хуульд алдангийг тодорхой хугацаатай уялдуулж тооцохоор зохицуулсан. Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан гэрээнд талууд төлбөрийг ямар хугацаанд төлөх талаар тохиролцоо байхгүй, өөрөөр хэлбэл “Ө” ХХК гэрээнд заасан алдангийг ямар хугацаанаас хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд “Ө” ХХК-тай гэрээ байгуулсан тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Э” ХХК-аас гэрээний үүрэгт 445 728 795 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2 386 594 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ө” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээгээр төлбөр төлөх үүрэг биелүүлэх хугацааг харилцан тохиролцохдоо гэрээний 5.4-д “Худалдагч тал арматурыг захиалгын дагуу нийлүүлэх ба барилгын талбай руу тээвэрлэх арматурын марк, хэмжээ, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан ажилтны гарын үсэг, нэр зэргийг тэмдэглэсэн баримт /бараа материалын зарлагын падаан/-ыг Худалдан авагчид хүлээлгэн өгнө. Талууд энэхүү баримтыг үндэслэн тооцоо хийнэ” гэж зааснаар Худалдан авагч буюу “Э” ХХК нь арматурыг зарлагын падаанаар хүлээн авсан даруй арматурын үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээнд заасан тоо хэмжээ бүхий арматурыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан зарлагын падаанаар тогтоогддог бөгөөд арматурыг тухайн өдөр хүлээн авсан үйл баримттай хариуцагч маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.

Талууд гэрээний 2.1-д гэрээний хугацааг арматурыг тоо хэмжээгээр нийлүүлж дуусах хүртэл хугацаагаар байгуулсан нь Худалдан авагчийн хариу төлбөр төлөх хугацааг арматурыг хүлээн авсан даруйд төлөхөөр тогтоосон болохыг давхар нотолж байгааг анхан шатны шүүх анхааралгүй, худалдагч тал буюу “Ө” ХХК нь зөвхөн барааны үнээ шаардсан тохиолдолд л худалдан авагч төлбөрийг төлөх үүрэгтэй, талууд төлбөр төлөх хугацааг огт тохиролцоогүй мэтээр дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

“Ө” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж, арматурыг нийлүүлснээс хойш 2018 оны 09 дүгээр 20-ны өдөр төлбөрийн нэхэмжлэхийг, албан бичгийн хамт “Э” ХХК-д хүргүүлсэн боловч хариуцагч нь арматурын 50 хувийг мөнгөн хэлбэрээр төлөх үүргээ биелүүлээгүй, мөн бартерт өгөх орон сууцнуудтай холбогдох гэрээ хэлцлийг байгуулахгүй байсан учраас дахин 2018 оны 09 дүгээр 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн, үүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Тооцоо нийлсэн акт”-аар арматурын үндсэн төлбөр 891 457 590 төгрөг болохыг баталгаажуулсан боловч төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог атал шүүх үйл баримтуудыг зөвхөн хариуцагчид ашигтайгаар тайлбарлан үнэлж, нэхэмжлэгчээс хүргүүлсэн албан бичгүүдийг “хүргүүлсэн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ө” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 214/18 дугаар гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алданги 445 728 795 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дээрх үндэслэлээ дахин дурдаж, хэзээ хэрхэн шаардаж байсан, мөн алдангийг ямар тооцоогоор шаардаж байгаагаа тодруулсан, дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний тодруулгын, хооронд төлбөр төлөх хугацааг зөрүүтэй тайлбарласан зүйл огт байхгүй атал анхан шатны шүүх ямар үндэслэлээр дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байх бөгөөд илэрхий нэг талын эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэгч компани их хэмжээний бараа материалаа худалдагчид хүлээлгэн өгсөн атлаа бүтэн 7 сарын туршид нэг ч төгрөгийн төлбөр авч чадахгүй хохирч ирснийг анхаараагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гэрч О.Оюун-Эрдэнэ, Э.Өнөболд, хариуцагчийн гэрч Ж.Лхагвадорж, Н.Нандин нар гэрчээр мэдүүлэхдээ зөрүүтэй тайлбар өгсөн боловч дараах нөхцөл байдал тогтоогдсон.

Гэвч талууд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжпэгчээс 498,021 тн арматурыг хариуцагч тал хүлээн авсан. Нэхэмжпэгч нь хариуцагч талтай 2018 оны 10 дугаар сар, 12 дугаар саруудад уулзаж, төлбөрөө шаардаж байсан болохыг гэрч Э.Өнөболд, О.Оюун-Эрдэнэ нар зөрүүгүй мэдүүлсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр талууд тооцоо нийлж, 891 457 590 төгрөгийн үнэ бүхий арматурын үнийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн талаар маргаагүй байдаг. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бартерийн төлбөрт өгсөн орон сууцнуудыг улсын комисст хүлээлгэн өгснөөр төлбөрийг төлсөн үйл баримттай маргаагүй.

Иймд нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Э” ХХК-аас талуудын хооронд байгуулсан гэрээний 10.2-т заасны дагуу алданги шаардах эрхтэй, гэхдээ төлбөр төлөх хугацааг анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэж байгаа тохиолдолд хариуцагч талын гэрч Н.Нандингийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан “Тооцоо нийлсэн акт”-аар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид 498 021 тн арматурын үнийг төлөх үүрэг үүссэн болох нь маргаангүй тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү үүрэг үүссэн өдрөөс хойш үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 109 хоногт ногдох алдангийг тооцоход 291 506 633 төгрөг болж байх атал энэхүү үйл баримтыг шүүх огт анхаарч үзэлгүйгээр нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

Иймд анхан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн маргаагүй гэрээний төлбөр төлөх үүргийг хэтрүүлсэн хугацаанд ноогдох алданги буюу 291 506 633 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 445 728 795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Ө” ХХК нь “Э” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ө” ХХК нь 500 тонн арматурыг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч “Э” ХХК нь 1 тонн арматурын үнийг 1 790 000 төгрөгөөр тооцон 895 000 000 төгрөгийг худалдагчийн тогтоосон хугацаанд төлөх, уг төлбөрийн 50 хувийг мөнгөн хөрөнгөөр, 50 хувийг бартераар буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хорооллоос 1 м.кв-ын үнийг 1 700 000 төгрөгөөр тооцож орон сууц байдлаар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

“Эрин инвесмент” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 891 457 590 төгрөгийн үнэ бүхий 498 021 тонн арматурыг хүлээн авсан нь бичгийн баримтаар тогтоогдсон энэ талаар хариуцагч маргаагүй байна. /хх-38, 10/

 

Худалдах, худалдан авах гэрээний 4.4-д “худалдан авагч нь арматурыг гэрээ, захиалгад заасан хугацаанд өөрийн зардлаар буулгаж, .... арматурын үнийн дүнг худалдагчид тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба “Ө” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Э” ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг бичсэн боловч хүргүүлсэн баримтгүй байна. Иймд хариуцагч тал бараа материалыг хүлээн авсан өдрөөс хойш Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн дотор төлөх буюу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин талууд гэрээний үнэ төлөх нөхцөлийг өөрчилсөн, хариуцагч төлбөрийг бүхэлд бартераар буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд резиденс орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн С2 дугаар блокын 1-р орц 3 давхар 79,9 м.кв, 1-р орц 3 давхар 74 м.кв, 1-р орц 4 давхар 79.9 м.кв, 1-р орц 4 давхар 74 м.кв, 1-р орц 3 давхар 54.68 м.кв, 1-р орц 3 давхар 59.78 м.кв, 1-р орц 3 давхар 51.08 м.кв, 1-р орц 12 давхар 74 м.кв талбай бүхий орон сууцнуудыг “Материал импекс” ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.  

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагад дээрх 8 ширхэг орон сууцыг “Материал импекс” ХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсний дагуу “Э” ХХК 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Материал импекс” ХК-д шилжүүлж өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Талууд тооцоо нийлэхдээ алдангийн талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч алдангийг шаардах эрхгүй бөгөөд алдангийн талаар бичгээр байгуулсан хэлцэлгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар гэрчээр нотлох эрхээ алдана.

 

Иймд алданги 445 728 795 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 615 485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА