Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02796

 

2019 оны 12 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02796                                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороонд  байрлах А ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороонд байрлах Э ХХК /РД:0000000/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 445,728,795 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, гэрч Н.Н, Э.Ө, Ц.О, Ж.Л нар оролцож, нарийн бичгийн дарга Э.Оюундарь тэмдэглэл хөтлөв.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Манай А ХХК нь Э ХХК-тай 2018.09.11-ний өдрийн №214/18 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр манай компани нийт 500 тн арматур нийлүүлэх, Э ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 3.1, 3.2-д зааснаар арматур нийлүүлж дуусгаснаар арматурын төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар буюу Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд байрлах Х хорооллын орон сууцаар төлөхөөр тохиролцсон. Бидний хувьд худалдан авагчийн захиалгын дагуу 2018.09.17-ний өдөр нийт 498,021 тн арматурыг нийлүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч Э ХХК нь арматурын төлбөр болох 891,457,590 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Бид Э ХХК-тай 2018.12.31-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, нийлүүлсэн арматур болон тус компаниас төлбөл зохих төлбөрийн хувьд тооцоо нийлж, баталгаажуулахад А ХХК-иас 498,021 тн арматур нийлүүлсэн ба Э ХХК нь манай компанид 891,457,590 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталгаажуулж зөвшөөрсөн. Э ХХК нь бэлэн мөнгөөр төлбөл зохих төлбөрийг ч төлөөгүй, бартераар шилжүүлэх орон сууцнуудыг ч шилжүүлж өгөлгүй удаа дараа шаардуулсаар 2019 оны 3 сар хүрсэн учраас арга буюу тус компанийн хүсэлтээр арматурын төлбөрийг бүхэлд нь бартераар буюу Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд байрлах Х орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн С2 дугаар блокын 1-р орц 3 давхар 79,9 м.кв, 1-р орц 3 давхар 74 м.кв, 1-р орц 4 давхар 79.9 м.кв, 1-р орц 4 давхар 74 м.кв, 1-р орц 3 давхар 54.68 м.кв, 1-р орц 3 давхар 59.78 м.кв, 1-р орц 3 давхар 51.08 м.кв, 1-р орц 12 давхар 74 м.кв талбай бүхий орон сууцнуудыг шилжүүлэх замаар барагдуулахаар тохиролцсон. Худалдан авагч Э ХХК нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс шалтгаалж бид ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ зэргийг төлж чадахгүйд хүрч бусдаас хүүтэй зээл авч их хэмжээний хохиролд орсон. Нэгэнт Э ХХК нь бартерийн орон сууцнуудаа хугацаанд нь ашиглалтанд оруулж, манай компанийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон учир бид манай компанид арматур нийлүүлэгч М ХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бартерийн орон сууцнуудыг тус компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Э ХХК-д гаргасан ба 2019.04.19-ний өдөр улсын комисс орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авч, орон сууцнуудыг М ХК-д шилжүүлснээр төлбөр тооцоог дуусгавар болгосон юм.

Ийнхүү Э ХХК нь арматурын төлбөрийг 2018.09.17-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан боловч бартераар шилжүүлэх орон сууцны барилгыг 2019.04.19-ний өдөр улсын комиссод хүлээлгэн өгснөөр бид мөн өдөр төлбөрийг бодитоор хүлээн авсан тул 2018.09.17-ний өдрөөс 2019.04.19-ний өдрийг хүртлэх 214 хоногийн алдангийг тооцоход 572 315 773 төгрөг болж байгаа ба алдангийг Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцүүлэн тооцвол бид нийт 445,728,795 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй болно. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан А ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.09.11-ний өдрийн №214/18 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алданги 445,728,795 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э 2019.12.12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах тайлбартаа:

Нэхэмжлэгч А ХХК нь Э ХХК-тай 2018.09.11-ний өдрийн №214/18 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар худалдан авагчийн захиалгын дагуу 2018.09.17-ны өдөр нийт 498.021 тн арматурыг 2018.09.11-ний өдрийн №214/18 тоот Э ХХК-д нийлүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно.Э ХХК нь арматурын төлбөр болох 891,457,590 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Зүй нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-д зааснаар хариуцагч нь арматурын үнийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар төлөхөөр тохиролцсон боловч арматур нийлүүлснээс хойш шаардсаар атал төлбөрийг огт төлөхгүй байсаар 2018.12.31-ний өдөр талуудын санхүү тооцоо нийлсэн акт үйлдэж, нийлүүлсэн арматурын хэмжээ, түүний үнийг баталгаажуулсан. А ХХК нь Э ХХК-д 2018.09.17-нд арматураа нийлүүлснээс хойш 3 хоногийн дараа буюу 2019.09.20-ны арматурын төлбөрийг төлөхийг шаардаж байсан нь хариуцагчид хүргүүлсэн албан тоотоор тогтоогддог бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-д заасны дагуу хариуцагч нь ийнхүү шаардсанаас хойш 2018.09.30-ний өдрийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлэх байсан боловч үүргээ биелүүлээгүй болно. Ингээд удаа дараа амаар, бичгээр, биечлэн уулзах замаар түүнчлэн утсаар шаардуулсны эцэст хариуцагч нь бэлэн мөнгөөр төлбөл зохих төлбөрийг ч төлөөгүй, бартераар шилжүүлэх орон сууцнуудыг ч шилжүүлж өгөлгүй байсаар эцэст нь арматурын төлбөрийг бүхэлд нь бартераар барагдуулахаар болсон. Хариуцагч нь дээрх тохиролцооны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд резиденс орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн С2 дугаар блокын 8 ширхэг орон сууцыг 2019.04.19-ний өдөр байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч, арматурын үндсэн төлбөрийг төлсөн боловч хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба алдангийг нарийвчлан тооцвол 2018.10.01-ний өдөр бэлэн мөнгөөр 445 728 795 төгрөг төлөх ёстойгоос 2019.04.19-ний өдөр буюу 200 хоногийн алданги 267 437 278 төгрөг, 2018.10.01-ний өдөр бартераар 445 728 795 төгрөг төлөх ёстойгоос 2019.04.19-ний өдөр буюу 200 хоногийн алданги 267 437 278 төгрөг, нийт 537 874 556 төгрөгийн алданги байгаагаас Иргэний хуулийн 232.4-д нийцүүлэн тооцсон дүн нь 445,728,795 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан А ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.09.11-ний өдрийн №214/18 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алданги 445,728,795 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа :

А ХХК нь Э ХХК-тай 2018.09.11-ний өдрийн №214/18 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3-р зүйлд заасан нөхцлөөр алданги нэхэмжилж байгаа гэжээ. Иргэний хуульд алдангийг тодорхой хугацаатай уялдуулж тооцохоор зохицуулсан. Тухайлбал уг хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан гэрээнд талууд төлбөрийг ямар хугацаанд төлөх талаар тохиролцоо байхгүй, өөрөөр хэлбэл А ХХК гэрээнд заасан алдангийг ямар хугацаанаас хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн Э ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд А ХХК-тай гэрээ байгуулсан тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 445,728,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  А ХХК нь Э ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 50 хувийн төлбөрийг бэлэн мөнгөөр, 50 хувийн төлбөрийг бартер хэлбэрээр арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 тн арматурын үнэ 1,790,000 төгрөг, нийт 895,000,000 төгрөгийн арматурыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Э ХХК-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан гэх 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 214/18 дугаар арматур худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 891,457,590 төгрөгийн 498,021 тн арматурыг хариуцагч Э ХХК-нд нийлүүлсэн, барааны нийт төлбөрт бартераар Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороонд байрлах Х хотхоноос нэр бүхий 8 орон сууцыг хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон М ХК-д шилжүүлсэн үйл баримтад маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Э ХХК нь арматурын төлбөрийг 2018.09.17-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан боловч бартераар шилжүүлэх орон сууцны барилгыг 2019.04.19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр бид мөн өдөр төлбөрийг бодитоор хүлээн авсан тул 2018.09.17-ний өдрөөс 2019.04.19-ний өдрийг хүртлэх 214 хоногийн алданги нийт 445,728,795 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд байрлах Х орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн С2 дугаар блокын 8 ширхэг орон сууцыг 2019.04.19-ний өдөр байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч, арматурын үндсэн төлбөрийг төлсөн боловч 2018.10.01-ний өдөр бэлэн мөнгөөр 445,728,795 төгрөг төлөх ёстойгоос 2019.04.19-ний өдөр буюу 200 хоногийн алданги 267,437,278 төгрөг, 2018.10.01-ний өдөр бартераар 445,728,795 төгрөг төлөх ёстойгоос 2019.04.19-ний өдөр буюу 200 хоногийн алданги 267,437,278 төгрөг, нийт 537,874,556 төгрөгийн алданги байгаагаас Иргэний хуулийн 232.4-д нийцүүлэн тооцсон дүн 445,728,795 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлаж байна.

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлжэгч А ХХК нь Э ХХК, Т ХХК нартай арматур худалдах- худалдан авах гэрээг 2018 онд тус тус байгуулж, төлбөрийг тус тус 50 хувийн бартер, 50 хувийн бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байсан ба амаар төлбөр төлөх нөхцлөө өөрчлөн, А ХХК Э ХХК нарын хооронд байгуулсан арматур худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр, А ХХК Т ХХК нарын хооронд байгуулсан арматур худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг 100 хувь бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсны дагуу Т ХХК-ийн төлбөрийг төлсөн, Т ХХК-тай тооцоо нийлсэн актаар А ХХК нь 358,270,900 төгрөгийн өглөгтэй болсон. Гэрээний дагуу бартерийн 8 орон сууцыг нэхэмжлэгчтэй тохиролцсон компанид хүлээлгэн өгсөн, гэрээний үүргээ биелүүлсэн, төлбөр төлөх болон алданги төлөх тухай албан бичгийг хүлээн аваагүй, гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх, мөн зүйлийн 243.2-т худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 214/18 дугаар гэрээг нэг талаас Э ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Л нөгөө талаас А ХХК-ийг төлөөлж Э.Ө нар Арматур худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

Хариуцагч Э ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах бүрэн эрхтэй этгээд буюу Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор боловч мөн хуулийн 56.2-д ... 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ, 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд уг хэлцлийн дагуу бүрэн эрх бүхий этгээд 8 орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг биелэгдсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 214/18 дугаар гэрээгээр төлбөр төлөх үүрэг биелүүлэх хугацааг харилцан тохиролцож тусгаагүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардснаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь 2018.12.27, 2018.09.20, 2018.09.28, 2019.03.21-нд тус тус төлбөр төлөх үүргээ биелүүлэх, алданги төлөх албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг албан бичгийг хариуцагч байгууллагын шуудангаар хүргүүлээгүй, хариуцагч байгууллагын ажилтанд хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдаагүй тул төлбөр төлөх үүргээ биелүүлэх, алданги төлөх албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 4 албан бичгийг А ХХК-ийн захирал Э.Ө-ийн эхнэр Ц.О хариуцагч Э ХХК-ийн барилгын талбайд нягтлан бодогч, холбогдох хүмүүст хүргэж өгсөн болохыг нотлохоор Ц.О гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасныг шүүх хангасан нь шүүх хуралдааны тэмдэглэл, захирамжаар тогтоогдож байна.Тэгвэл гэрч Ц.О гэрчийн мэдүүлэг авахад уг албан бичгүүдийг би хүргэж өгөөгүй, уг компанийн гадаа нөхөр Э.Ө-ын машинд сууж байсан гэх мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэлийн тайлбар, нэхэмжлэлийн тодруулгад дурдсан төлбөр төлөх хугацааг зөрүүтэй тайлбарласан байдлаас нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв тайлбар гаргасан эсэх нь эргэлзээтэй байх тул дан ганц гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна.

Иймд гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй, үүргийн гүйцэтгэлийг хэзээнээс шаардсан нь нотлогдохгүй байх тул гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алданги 445,728,795 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-иас гэрээний үүрэгт 445,728,795 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2,386,594 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ