| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0409/э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 113.2.2., 113.2.3., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 105
Б.Б-, Э.О- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Г.Нямхүү, Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.О-н өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Б.Б-, Э.О- нарт холбогдох 201701000028 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгч Э.О- өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 61-27 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Б-н Б,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2 хүүхэд, дүү нарын хамт, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 15 дугаар гудамжны 329-20 тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 588-Ө дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс биечлэн 4 сар 26 хоногийн ялыг эдэлж, одоо үлдсэн 4 жил 8 сарын 4 хоногийн ялаас 2 жилийг хасч, эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялыг төрөхөөс өмнө 45 хоногоос илүүгүй хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг түүний хүүхдийг төрснөөс хойш 1 жилээс илүүгүй хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 281 дугаар шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Товгууд овогт Э-н О.
Б.Б-, Э.О- нар нь бүлэглэн Б.С-, насанд хүрээгүй С.Б- нарыг “БНХАУ-д цайны газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн, ашиг олох зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд улсын хил давуулан БНХАУ-ын Эрээн хотод бусдад худалдаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-, Э.О- нарыг бүлэглэн, хоёр буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг, улсын хил давуулан бусдад худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт оногдуулсан хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, Э.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б- гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж шүүгдэгч нарын болон миний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тус шүүх хуралдаанд өөрийн биеэр “онлайн”-аар оролцох хүсэлт бичгээр гаргасан хэдий ч Э.О-г оролцуулан намайг оролцуулаагүй шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 7.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “Яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргавал талуудын саналыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.” “Яллагдагчийг энэ хуульд заасан үндэслэлээр дуу-дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцуулж болно.” гэсэн эрхийг ноцтой зөрчсөн, мөн хуульд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны байх зарчим зөрчигдсөн гэх үндэслэлтэй.
Мөрдөн байцаагч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, гэтэл үүрэгт ажлаа бодитой хийж чадаагүй. Учир нь анх мөрдөн байцаагч намайг баривчлан авч явахдаа ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар бүрэн ойлголт өгөөгүй, мөн өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаагүй, тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үед мөнгөний тухай би О-д шилжүүлсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Намайг хорино гэсэн байцаагчийн үгнээс мултрах гэж ийм мэдүүлэг өгсөн. Миний хувьд хохирогч Б.С-, С.Б- нарыг танихгүй. ..бид 2 урагшаа гарч мөнгө олох гэсэн юм гэхээр нь Эрээнд байхдаа ажиллаж байсан Бөхөө гэгчтэй утсаар ярьсан. Бөхөө ..ажил хийнэ гэвэл биеэ үнэлнэ гэж хэлсэн. Тэр 2 ажил хийж чадах биш биеэ л үнэлнэ шүү дээ гэж байсан. С.Б- нь намайг ятгаж, сүрдүүлээгүй гэж бичиг мөрдөн байцаах шатанд өгсөн, хавтаст хэрэгт байгаа. Б.С-н хувьд бид хоёроос мөнгө авах зорилготой, худал мэдүүлэг өгөхийг С.Б- болон түүний асран хамгаалагчид хэлж ятгасан, үүнийг С.Б- гэрчилдэг. Ийм байхад биднийг нүүрэлдүүлэн байцаагаагүй, Бөхөө гэгчээс хэдэн төгрөг авч хэнд, хэдэн төгрөг, хэнээр дамжуулж өгснийг тогтоолгүйгээр бүх зүйл хөдөлбөргүй тогтоогдсон гэж дутуу дүгнэлт хийж намайг яллаж байгаа. Хэргийн нөхцөл байдлаас харахад 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч биеийг нь үнэлүүлэхийг урьдчилан мэдээгүй байдаг бол мөн хуулийн 124 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд биеэ үнэлж байгаа этгээд үүнийгээ урьдчилан мэдсэн байдгаараа ялгагдана. Гэтэл үүнийг мэдсээр байж хууран мэхэлж авч явсан гэж гүтгэхээс өөрцгүй гомдол гаргасан Б.С- нь насанд хүрээгүй хохирогч С.Б-ийн биеийг нь үнэлүүлж ашиг олж байсан мөн түүнийг Эрээн гарч биеэ үнэлэх гэмт хэрэгт уруу татан оролцуулсан гэмт үйлдлүүд тодорхой байхад Э.О-бид хоёрыг гэмт хэрэг үйлдсэн гэж шалган Б.С-г шалгалгүйгээр түүнийг хохирогч гэж үзэж байгаа нь иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчимд нийцэхгүй байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэрэгсэхгүй болгож хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Г.Нямхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Э.О-, насанд хүрээгүй хохирогч С.Б-, хохирогч Б.С- нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-гийн хяналтын шатанд гаргасан гомдол зэрэг хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэг дээрх байдлаас харахад Б.Б-, Э.О- нар нь Б.С-, С.Б- нарыг БНХАУ-ын Эрээн хотод цайны газар оруулж өгнө гэж хуурч авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Б.С-, С.Б- нар өөрсдөө Эрээн гарч биеэ үнэлэхийг хүссэн тэр тухайгаа мэдэж байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Шүүгдэгч нар нь Б.С-, С.Б- нарын чөлөөтэй явах эрхийг нь хязгаарлаж паспортыг нь хураан авч бусдад худалдаж мөнгө авч ашиг олсон гэх нь насанд хүрээгүй хохирогч С.Б-ийн Б.С- эгч тэнд биеэ үнэлж байхдаа Монгол руу 3-4 удаа гарсан гэх мэдүүлэг, мөн хилийн албаны лавлагаагаа зэргээс харагддаг. Б.Б- нь Бөхөөгөөс өөрийнхөө авах ёстой мөнгийг л авсан гэдэг. Харин хохирогч нарын яриад байгаа “Бөхөө бид нарт Б.Б- надаас мөнгө авсан та нар төлөх ёстой” гэж хэлсэн гэх боловч Бөхөө нь үнэхээр тэгж хэлсэн эсэх, мөн Б.Б- нь Бөхөөд хохирогч нарыг худалдаж төлбөрт нь хэзээ, ямар байдлаар, дансаар эсвэл бэлнээр авсан эсэхийг бодитой тогтоож чадаагүй юм.
Шинжээчийн дүгнэлтээр Б.С-, С.Б- нар нь бэлгийн замын халдварт архаг өвчтэй болохыг тогтоосон. Хохирогч нар нь Монголд байхдаа байнга биеэ үнэлдэг байсан нь тэдгээрийн өөрсдийн болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог тул бэлгийн замын өвчнөөр Эрээнд байхдаа өвчилсөн гэх үндэслэлгүй байхад шүүгдэгч нарыг буруутгах нотолгооны үндэслэл болгосон нь буруу.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, мөн хэргийн нөхцөл байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч эргэлзээгүй тогтооно гэж заажээ. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар үнэхээр эргэлзээгүй тогтоож чадаагүй. Учир нь Б.Б-, Э.О- нар нь хохирогч нарын чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж, бусдад худалдаж ашиг олох санаа зорилго байсан эсэх харин Б.С-, С.Б- нарыг урагш гарч биеэ үнэлэхэд тусалсан эсэх хоёр эргэлзээтэй нөхцөл байдаг. Өмгөөлөгчийн хувьд хохирогч нарыг хууран мэхэлж бусдад худалдаж ашиг олсон гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоож чадаагүй харин Б.С-, С.Б- нарыг Эрээн гарч биеэ үнэлэхэд зуучилсан нь нотлогдож байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Б-, Э.О- нар энэ хэрэгт тус тусдаа ямар оролцоотой байсныг шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулбал хэргийн нөхцөл байдалд тохирсон хуулийн шийдвэр болно гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.С- нь насанд хүрээгүй хохирогч С.Б-ийг биеийг үнэлүүлж ашиг олж байсан, мөн БНХАУ-ын Эрээн хот руу биеийг үнэлүүлэхээр уруу татан оролцуулсан гэдгийг насанд хүрээгүй хохирогч С.Б-, мөн шүүгдэгч нар мэдүүлдэг бөгөөд энэ талаар шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгахаар шүүгдэгч Б.Б-, Э.О- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бичсэн өмгөөлөгч миний хувьд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлсэн боловч тус шүүх магадлалдаа энэ талаар дүгнэж шийдвэрлэсэн зүйл байхгүй, мөн миний үйлчлүүлэгч Б.Б- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаж байхад шүүгдэгч Э.О-г оролцуулж Б.Б-г оролцуулаагүй шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 7.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан “Яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргавал талуудын саналыг харгалзан шүүх шийдвэрлэнэ”, “Яллагдагчийг энэ хуульд заасан үндэслэлээр дуу-дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцуулна” гэсэн мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чандлан сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдсөн байна гэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Б.Б-, Э.О- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн эрхийг зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын, магадлалын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, хамтран оролцсон хэлбэрийг нэг бүрчлэн тусгах, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарын гаргасан гомдолд Б.С- гэгч хүнийг насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлж ашиг олж байсан мөн БНХАУ-ын Эрээн хотод биеийг нь үнэлүүлэх зорилгоор гэмт хэрэгт татан оролцуулсан нь гэмт хэргийн хамтран оролцогчийн нэг хэлбэр гэтэл энэ үйлдлийг шалгаагүй нь шүүгдэгч нарын зүгээс биднийг ялгаварласан гэж үзэж байна гэсэн нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн байдлыг магадлалын тодорхойлох хэсэгт дурдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар тус хуулийг ноцтой зөрсөн үндэслэл байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал болон процесс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хүн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдож байгаа хэдий ч шүүх хуралдааны товыг мэдэгдэх ёстой гэтэл мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь хуульд заасан шүүгдэгчийн эрхүүдийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Э.О- өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг дараах үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байна.
Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Э.О-т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Шүүгдэгч Э.О-холбогдож байгаа хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайлбал шүүгдэгч Э.О-, хохирогч Б.С-, насанд хүрээгүй хохирогч С.Б-, гэрч П.Ц, гэрч Б.М нарын мэдүүлэг зэрэг Э.О-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан дээрх баримтуудад шүүхээс үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт өгсөнгүй.
2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд “Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, ... залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, ... эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол ... гэж заажээ.
Улсын дээд шүүхийн тогтоол /2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №12/-д “Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирогчийн биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсны орлого бүхэлдээ гэмт этгээдийн ашиг болсон” бол дээрх зүйл хэсэгт зааснаар зүйлчилнэ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хохирогчийн эрх, эрх чөлөө гэмт этгээдээс бүрэн хамааралтай, боолчлогдох шинжтэй байхын зэрэгцээ гэмт хэргийн хохирогч биеэ үнэлүүлэхийг урьдчилан мэдээгүй байдаг гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Э.О-нь хохирогч гэх С.Б-, Б.С- нарын биеийг үнэлүүлж буюу бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан нь тогтоогдоогүйн гадна ямар нэгэн ашиг орлого аваагүй байна. Мөн хохирогч гэх С.Б-, Б.С- нарын эрх, эрх чөлөө гэмт хэрэг үйлдсэн гэх Э.О-с бүрэн хамааралтай, боолчлогдох шинжтэй байгаагүй. Хамгийн гол нь хохирогч гэх С.Б-, Б.С- нар Эрээнд очоод биеэ үнэлүүлэхийг урьдчилан мэдсэн, тэнд очиж мөнгө олох хүсэл зорилготой явсан байна. Эдгээрээс дүгнэхэд, шүүгдэгч Э.О- үйлдэлд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байна.
Э.О-г хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлаж шийдвэрлэсэн нь илтэд буруу болжээ. Э.О-нь Б.Б- худал мэдүүлсэн гэж хэлдэг. Б.Б- анхны байцаалтад мэдүүлгээ худал өгч, хохирогч гэх Б.С-ор худал өргөдөл өгүүлсэн гэдэг. Э.О-нь ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, хэнийг ч хуурч мэхлээгүй. Б.Б-тай бүлэглэж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамласныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хоёр. Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг “Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан бол ... “, мөн хуулийн 124.2 дахь хэсэгт “Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, ... , тээврийн хэрэгсэл, орон байр бусад зүйлсээр үйлчилсэн бол ... “ гэж заажээ.
А.Шүүх хуралдааны тэмдэглэлд насанд хүрээгүй хохирогч С.Б-, хохирогч Б.С- нарын мэдүүлэг,
Б. Шүүгдэгч Э.О- гадаад паспорт дахь тэмдэглэлээс харахад Э.О-тухайн хэрэг болох үед Эрээн хот руу очоогүй байна.
В. Хохирогч Б.С-, насанд хүрээгүй хохирогч С.Б- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл “Эрээн рүү явж биеэ үнэлэх газар ажиллана” гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлсэн.
Улсын дээд шүүхийн тогтоол /2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №12/-д “Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд ашиг, орлогын тодорхой хэсэг нь гэмт этгээдийн мэдэлд шилжинэ. Дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэргийн тухайд биеэ үнэлж байгаа этгээд нь гэмт этгээдээс ямар нэгэн байдлаар хараат байх боловч эрх, эрх чөлөө нь бүрэн хязгаарлагдсан шинжгүй байна. Түүнчлэн гэмт хэргийн хохирогч биеийг нь үнэлүүлэхийг урьдчилан мэдсэн байна” гэжээ. Хэрэгт авагдсан дээрх баримтаас дүгнэхэд Э.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг анхаарч, ойлгож байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Б.Б-, Э.О- нар бүлэглэн Б.С-, насанд хүрээгүй С.Б- нарыг БНХАУ-д цайны газарт ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн, ашиг олох зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд улсын хил давуулан БНХАУ-ын Эрээн хотод бусдад худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч, ... нарын мэдүүлгүүд, ... шинжээчийн дүгнэлт, ... зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ” /магадлалын 10 дугаар хуудас/ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.О-г гэм буруутайд тооцохдоо, “... Шүүгдэгч Б.Б-, Э.О- нарын тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг нарийвчлан зааглаж гаргаагүй нь учир дутагдалтай байна.
Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг хуульд заасан шаардлагыг хангаж тусгасангүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “2002 оны Эрүүгийн хуулийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дахь хэсэгт зааснаар Б.Б-, Э.О- нарт ... хорих ял тус тус оногдуулж, ... шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд нь тохирсон” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ... ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх”-ээр тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Э.О-т холбогдох прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотолно гэснийг тодруулалгүй орхигдуулжээ. Шүүгдэгч Э.О-т хүн худалдаалах санаа зорилго, гэмт хэргийн сэдэлт байгаагүй. Тэрээр энэ тухай удаа дараа мэдүүлдэг.
Тав. Э.О-нь хийсэн хэрэгтээ маш их гэмшдэг. Түүний хувийн байдлыг харгалзан мөн дээрх үндэслэлээр хууль зөрчигдөж байгаа тул Э.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Э.О-нь Хятад улсад гаргаж биеийг нь үнэлүүлэх, худалдаалах хүнээ олдог. Цааш худалдах, хил гаргах асуудлыг Б.Б- гүйцэтгэдэг байсан. Хохирогч Б.Солонгын хувьд хүн худалдаалах гэмт хэргийн улмаас бэлгийн замын халдварт өвчин тэмбүү, сүрьеэ өвчтэй болсон, насанд хүрээгүй хохирогч С.Б-ийн хувьд бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй болсон нь тус тус шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Э.О-нь хохирогч Б.С-д хэлэх үг, хийх үйлдлийг нь зааж өгөөд, хохирогч нарт гадаад паспорт авах ажлыг хөөцөлдсөн байдаг. Б.С-н хувьд Монгол улсын хилээр давтлаа Эрээн хотод очиж “Ягааны гудамж”-д очиж шилэн хоргон дотор сууж биеэ үнэлэхээ мэдээгүй, цайны газарт очиж ажил хийнэ, мөнгө олно гэсэн бодолтой байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр насанд хүрээгүй С.Б- хил давж, Эрээн хотод очоод өөрийгөө ямар ажил хийх, хэдэн төгрөгөөр худалдагдсанаа мэдсэн. С.Б-, Б.С- нарын мэдүүлэгт зөрүүтэй зүйл байдаггүй. Насанд хүрээгүй С.Б-ийг хилээр гаргахад Э.О-хамт явсан. Насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан учраас Т- гэдэг гаалийн байцаагчийн дүү шүү гэж хэлээрэй гэж С.Б-т үг зааж өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Ийм учраас анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгч Э.О- өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-, Э.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Б-, Э.О- нар нь бүлэглэн, ашиг олох зорилгоор Б.С-, насанд хүрээгүй С.Б- нарыг “БНХАУ-д цайны газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд улсын хил давуулан БНХАУ-ын Эрээн хотод бусдад худалдаалсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-, Э.О- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж Б.Б-, Э.О- нарыг шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-, Э.О- нарыг бүлэглэн, хоёр буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг, улсын хил давуулан бусдад худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Б.Б-, Э.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргасан байна.
Шүүгдэгч Б.Б- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцох хүсэлтээ гаргасан гэх боловч давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тийм зүйл тусгагдаагүй, хүсэлтээ зохих ёсоор гаргасан эсэх талаар ямар нэгэн баримт авагдаагүй байх бөгөөд хуралдаанд түүний сонгон авсан өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Г.Нямхүү нар оролцсон байх тул шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тогтоох нь эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ байдаг бөгөөд гагцхүү уг нийтлэг дүрэмд хамаардаггүй зохицуулалт бол ямар нэгэн байдлаар хөнгөн гэж тооцогдох хууль сүүлд батлагдсан бол тухайн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт үүсдэг.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Б-, Э.О- нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн атлаа хууль буцаан хэрэглэх зохицуулалтын агуулга, үндэслэлийг аль аль нь буруу ойлгон тайлбарлаж, 2015 оны Эрүүгийн хуулийн хууль буцаан хэрэглэх талаарх заалтыг өөр өөр байдлаар баримталсан нь буруу болжээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг баримталсан хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, түүнчлэн шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах”, “зүйлчлэлийг зөвтгөн өөрчлүүлэх”, “хувийн байдлыг нь харгалзан үзэх” зэрэг үндэслэлээр гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэсэн, мөн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” гэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгч Э.О- өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН