Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А,

Хариуцагч: Ц нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Тамир,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Бэрхсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Б, А, Ц нар 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “төлбөр барагдуулах хэлцэл”-ээр дээрх орон сууц хөлслөх гэрээг цуцалж, хариуцагч нар нь 10 000 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөх үүргээ хүлээж, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор” тохиролцсон.

Гэтэл хариуцагч нар үүргээ зөрчиж, төлбөр барагдуулахыг удаа дараа шаардсан ч үүргээ биелүүлээгүй.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу А, Ц нараас 10 000 000 төгрөг, хэлцлийн 1.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг төлөхөөс хариуцагч нарын төлсөн 600 000 төгрөг хасч 14 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 000 000 төгрөгөөс 600 000 төгрөгийг  төлсөн, алданги төлөхгүй. Анх гэрээ хийхдээ 2 жилийн хугацаатай байгуулсан ба дур мэдэн гэрээг өөрчилж, намайг төөрөгдүүлж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн ба үүнийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна.

Данс битүүмжилж хүргэнээс 500 000 орчим төгрөг татан авсан. Орон сууцыг өөр хүнд дамжуулан түрээсэлж 2 000 000 төгрөг, ашиглалтын зардал 400 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг анхны гэрээний дагуу төлж дуусгах саналтай байна.

Талууд харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч гэрээний 3.2-т заасныг зөрчиж 2 сар давхар өөр хүнд түрээсэлсэн байдаг. Гэрээний үүргээ мэдсээр байж зөрчсөн нь хууран мэхэлсэн үйлдэл юм.

Хариуцагчийн хувьд өнөөдөр маш хүнд байдалд байгаа, нөхөр нь хорт хавдартайн дээр өөрөө саяхан хөрөөнд гараа гэмтээсэн. Иймд хариуцагчийн төлөөлөгчийг төөрөгдөлд оруулж хийсэн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан А, Ц нараас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 850 000 төгрөг гаргуулан, Бд олгож, шаардлагаас үлдэх 2 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 269 900 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 204 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Б, А, Ц нар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр барагдуулах хэлцлийг байгуулан орон сууц хөлслөх гэрээг цуцалж, тус гэрээний үүргийг дуусгавар болгосон байтал анхан шатны шүүх орон сууц хөлслөх гэрээн дээр дүгнэлт хийж хэргийн хүрээнээс хальж, хэрэгт хамааралгүй зүйлд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хариуцагч нарын зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгө зуучлагчтай гэрээ байгуулж, гэрээний дагуу орон сууцыг дамжуулан хөлсөлж 3 сарын хугацаанд 1 500 000 төгрөгийг бэлнээр авсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтад хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгө зуучлалтай гэрээ байгуулж, гэрээний дагуу сар бүр 3 сарын хугацаанд 1 500 000 төгрөгийг бэлнээр авсан баримт байхгүй. Нэхэмжлэгч Б би хариуцагч нарын зөвшөөрлөөр үл хөдлөх хөрөнгө зуучлалтай гэрээ байгуулсан нь “Төлбөр барагдуулах хэлцэл”-р нотлогдоно.

Мөн анхан шатны шүүхээс “хариуцагч тал орон сууцны ашиглалтын зардлыг төлбөрөөс хасуулна гэж тайлбарласан боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тусдаа бие даасан нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж шийдвэрлэсэн атлаа хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад орон сууц дамжуулан хөлсөлсөн, гэрээ зөрчиж олсон орлогыг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь учир дутагдалтай байна.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргаж холбогдох баримт материалыг цуглуулан нэхэмжлэгчээс гэрээ зөрчиж олсон орлогыг шаардах эрх нээлттэй байсан бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын 2 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч А, Ц нарт холбогдуулан гэрээний үүрэгт 14 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 7 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Ц, Б нар 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 10 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж, Б нь зээлийн хүүнд тооцон А, Ц нартай мөн өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 10 хороо, Буянт-Ухаа гудамж, 61/2 байр, 386 тоот хаягт байрлалтай, 20 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2 жилийн хугацаагаар хөлсөлсөн, гэрээний аль нэг талын хүсэлтээр гэрээг цуцлахад 10 000 000 төгрөгийг Б хүлээн авсны дараа орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцжээ. /хх 51-52, 54/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нар орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч хариуцагч нарт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 3.2-д “хөлслөгч тал орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэхийг хориглоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын зөвшөөрөлгүйгээр орон сууцыг Б.Дагвадоржид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөлсөлсөн, үүний улмаас гэрээ цуцалж талууд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр барагдуулан хэлцэл хийсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлээр А, Ц нар нь Бд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10 000 000 төгрөгийг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нар төлбөр барагдуулах хэлцэлд тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 10 000 000 төгрөгөөс 600 000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарласан тул гэрээний үндсэн үүргээс хасвал хариуцагч нарын хүлээх үүргийг 9 400 000 төгрөгөөр тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Төлбөр барагдуулах хэлцлийн 1.2-д “гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд алдангийг 9 400 000 төгрөгөөс тооцвол 9 870 000 төгрөг /47 000х210 хоног/ болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал алданги 4 700 000 /9 400 000:2/ төгрөг болно.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар А, Ц нараас үндсэн зээл 9 400 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг, нийт 14 100 000 төгрөгийг гаргуулж Бд олгож шийдвэрлэв.

 

А, Ц, Б нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан хариуцагч тал нэхэмжлэгчээс орон сууцыг бусдад дамжуулан хөлсөлж олсон орлогыг хасч тооцуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлажээ. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн тайлбартай холбогдуулж талуудыг мэтгэлцүүлэх зарчмыг зөрчжээ.

 

Б нь “Манлай зууч” ХХК-аар зуучлуулснаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг иргэн Б.Дагвадоржтой байгуулсан боловч уг гэрээний дагуу Бын олсон орлогын хэмжээ тогтоогдоогүй байхад шүүх 1 500 000 төгрөгббр тооцсон нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугара зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзал нотлогдох шаардлагыг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг өөрчлөв. Хариуцагч нар орон сууц хөлслөх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирлыг шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт” гэж, “11 850 000 төгрөг” гэснийг “14 100 000 төгрөг” гэж, “2 550 000 төгрөг” гэснийг “300 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “204 550 төгрөг” гэснийг “228 450 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                         

                              ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА