Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 066

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00066                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ө.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ,

Хариуцагч: Ц нарт холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халинжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнням, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бэрхсайхан, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Ж, Ц.У нартай 2019 оны 1 сарын 21-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулан, 2018 оны 8 сарын 25-ны өдөр байгуулагдан, Орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалж, хариуцагч нар нь 10,0 сая төгрөгийг 2019 оны 2 сарын 10-ны дотор бүрэн төлөх үүргийг хүлээж, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нар үүргээ зөрчиж, төлбөр барагдуулахыг удаа дараа шаардсан ч үүргээ огт биелүүлээгүй. Иймд 2019.01.21-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу А.Ж, Ц.У нараас 10,0 сая төгрөг, хэлцлийн 1.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангид 5,000.000 төгрөг, нийт 15,0 сая төгрөг гаргуулна. Хариуцагч нар 600,000 төгрөг төлсөн тул шаардлагаа багасгаад, 14,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 10,0 сая төгрөгөөс 600,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн, алданги төлөхгүй. Анх гэрээ хийхдээ 2 жилээр хийсэн боловч дур мэдэн гэрээг өөрчилж байсан, намайг төөрөгдүүлж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн ба үүнийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Данс битүүмжилж хүргэнээс 500,000 орчим төгрөг татан авсан. Нэхэмжлэгч нь хууль шүүхийг гартаа авсан гэж байнга намайг айлган сүрдүүлдэг, гэхдээ би шүүгчийг хардаагүй. Өмнөх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдэхгүй гэсэн хариултыг байнга хэлж байсан, төлөөлөх боломжгүй байсан атал дахин шүүх хурал хийж байгааг ойлгохгүй байна. Өөр хүнд дамжуулж түрээсэлж 2,000,000 төгрөг, ашиглалтын зардал 400,000 нийт 2,400,000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг анхны  гэрээний дагуу төлж дуусгах саналтай байна. Гэрэгэ 2 талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулдаг. Талууд харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний 3.2-т заасныг ноцтой зөрчиж 2 сар давхар өөр хүнд түрээслэсэн байдаг. Гэрээний үүргээ мэдсээр байж зөрчсөн нь хууран мэхэлсэн үйлдэл юм. Хариуцагчийн хувьд өнөөдөр маш хүнд байдалд нөхөр нь хорт хавдартайн дээр саяхан хөрөөнд гараа гэмтээсэн. Би өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах зөвлөгөө өгсөн ч тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй хэцүү байдалд байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийг төөрөгдөлд оруулж хийсэн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө.Б нь А.Ж, Ц.У нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хуралдаан дээр 600,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээ багасгаж, 14,400,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардлаа.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нар нь бусдад түрээсэлсэн болон ашиглалтын зардлыг хасч 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, ар гэрийн амьдралын хувьд боломжгүй үндэслэлээр алдангийг төлөхгүй гэж маргав.

 

А.Ж, Ц.У нар нь Ө.Бтай 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэг, 10 хороо, Буянт-Ухаа гудамж, 61/2 байр, 38б тоот хаягт байрлалтай, 20 м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг 2 жилийн хугацаагаар хөлслүүлэх, нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдүүлж, хүүгийн төлбөрт мөн хугацаанд дээрх орон сууцыг хөлслөхөөр тохиролцон гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар хариуцагч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргийг, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Хариуцагч нар орон сууцыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлсэн, 10,000,000 төгрөгийг хүлээн авсан байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7-д хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслөх эрхтэй байхаар заажээ.

 

Талууд Орон сууц хөлслөх гэрээний 3.2 дахь заалтаар орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэхийг хориглохоор тохиролцсоныг нэхэмжлэгч нь зөрчиж, хариуцагч нарын зөвшөөрөлгүйгээр орон сууцыг Б.Дагвадоржид 2018.10.01-ний өдөр хөлсөлжээ.

Ийнхүү орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгч зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан, хариуцагч нар нь гэрээг цуцлахыг зөвшөөрч хүлээн зөвшөөрч, 2019.01.21-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээгээр А.Ж, Ц.У нар нь Ө.Бд 2019.02.10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг буцаан өгч орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон байна. 

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч нар тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй бөгөөд 10,000,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч шаардлагаа багасгасан тул үлдэгдэл 9,400,000 төгрөгөөс Б.Дагвадоржоос Ө.Бд орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 1,500,000 төгрөгийг хасч тооцлоо.

 

Учир нь “Манлай зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалтай 2018.10.01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу сар бүр 500,000 төгрөгөөр орон сууцыг дамжуулан хөлсөлж, 3 сарын хугацааны 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан тул гэрээ зөрчиж орлого олсон гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд /10,000,000-600,000-1,500,000/ хариуцагч нар нь 7,900,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болгосонтой холбоотойгоор төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Талууд Төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

 

Хариуцагч нар гэрээний үүрэг зөрчсөн буюу 2019.02.10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 7,900,000 төгрөгөөс алданги /39,500х7 сар буюу 210 хоног/ тооцоход 8,295,000 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” гэж заасанд нийцүүлэн /7,900,000:2/ алдангид 3,950,000 төгрөгийг тооцов.

 

Иймд дээрх үндэслэлийг нэгтгэхэд орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,900,000 төгрөг, алданги 3,950,000 төгрөг буюу нийт 11,850,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч тал орон сууцны ашиглалтын зардлыг төлбөрөөс хасуулна гэж тайлбарласан боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тусдаа бие даасан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 269,900 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 204,550  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан А, Ц.У нараас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,850,000 /арван нэгэн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан, Өд олгож, шаардлагаас үлдэх 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 269,900 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 204,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ