Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

 

 

 

М.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00121 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р ОНӨААТҮГ-т холбогдох,

 

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгож, “Б”-ийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ууганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаалаар “Б”-ийн зоорийн давхарт “Блэйк даймонд мүүн” ХХК-ийн төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй, байгууллагын дотоод зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зохицуулах үүргээ хэрэгжүүлээгүй, давуу байдал олгосон гэх үндэслэлийг зааж албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2014 оны 10 сард бүтэц өөрчлөгдөж “Б” болсноос хойш зоорийн давхар нь тус байгууллагын хяналтад байгаагүй бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. “Блэйк даймонд мүүн” ХХК-ийн цахилгаан ус дулааныг хязгаарлах боломжгүй нэгдсэн цогц системтэй бөгөөд “Блэйк даймонд мүүн” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгааг мэдээгүй. Мэдсэн даруйдаа шаардлага хүргүүлж ус, цахилгааны инженерүүддээ үүрэг өгөөд задгай тоолуураар нэхэмжлэл бичиж өг гэж хэлсэн.

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байрыг суллаж өгөх тухай албан бичиг өгсөн. Нягтлан бодогчид нэхэмжлэл өг гэж хэлсэн боловч хугацаа алдаж 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн байсан.

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагуудад шалгалт явуулж, ба ажлаас халах зорилготой байсан. Ч.М дарга намайг 2, 3 удаа дуудаж уулзаад өргөдлөө өгөөд ажлаас гар гэж хэлж байсан.

Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн ашиглалтын инженер ажлыг хийгээгүй, мэс заслын дараа гам барих ёстой байсан. Энэ ажил нь дандаа подваль, траншэйнээр явдаг ажил учир миний эрүүл мэндэд харшлах байсан.

Би албан тушаал бууруулсан ажлыг хийгээгүй цалин аваагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

“Блэйк даймонд мүүн” ХХК нь тус байранд 5 дугаар сард орсон, хэн оруулсан гэдгийг мэдээгүй гээд байдаг. 7, 8 сарын ашиглалтын зардлыг тэр хүнээс нэхсэн мөртлөө яагаад 5, 6 сарын төлбөрийг нэхээгүй нь тодорхойгүй байна.

Авилгатай тэмцэх тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг мөн хуулийн 33.1.2 дахь заалтуудыг баримтлаад албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, энэ хуулийн 8.1 мэдээлэл мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй.

Мөн хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах гэж заасны дагуу М.Оыг албан тушаал бууруулж Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ны ашиглалтын инженерийн ажилд томилсон боловч ажил хийгээгүй.

“Б”-ийн дарга нарт 40 хүртэлх хувийн үндсэн цалингийн урамшуулал олгоно гэсэн байдаг. Хамгийн сүүлд хэдэн хувийн урамшуулал авсан гэдгийг нь мэдэхгүй. Нэхэмжлэгч хэдэн төгрөгийн нэмэгдэл нэхээд байгаа нь тодорхойгүй байна. “Блэйк даймонд мүүн” ХХК нь 5 сард орсон гээд байхад 7, 8 саруудын төлбөрийг 10 сард нэхэмжлээд төлүүлсэн.

Тушаалд заасан ус дулаанаар ханган, төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй гэдэгт бол 7 хоногоос дээш хоногийг урт хугацаа гэж тооцдог учраас 4 сарыг урт хугацаа гэж үзсэн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Оыг Р ОНӨААТҮГ-ын харьяа Б-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 236 345 төгрөгийг Р ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч М.Оод олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Р ОНӨААТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Р ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66 731 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхэд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт бүртгэлтэй гэх “Б”-ийн үйлчилгээний зориулалттай 79 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Мөн “Б” -ийн дарга хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан тушаалтан тулд Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-д заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан “Блэйк даймонд мүүн” ХХК-аас нэхэмжилсэн тог, усны төлбөрөөр нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь “Б”-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал олгосон, төлбөр тооцоог удаан хугацаанд хийлгээгүй байдал нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М.О хариуцагч “Р” ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын Б/1349 тоот тушаалыг хүчингүй болгуулах “Б”-ийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Р” ОНӨААТҮГ-ын “Б”-ийн даргаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

“Р” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1-д заасныг баримтлан ажлаас сахилгын зөрчлийн улмаас чөлөөлсөн байна.

 

Уг ажлаас чөлөөлсөн тушаалд “Бийн дарга М.О нь тус төвийн зоорийн давхарт “Блэйк даймонд мүүн” ХХК-нд үйл ажиллагаа явуулах боломж олгон, ус дулаанаар ханган, төлбөр тооцоог удаан хугацаанд хийгээгүй байгаа нь байгууллагын дотоод зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж зохицуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгосон” гэх үндэслэлийг зааж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад хамаарах албан тушаалтан тул 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 4/

 

Нэхэмжлэгч нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх замаар буюу хууль зөрчиж эс үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүйгээс гадна Авилгатай тэмцэх газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/10739 тоот албан бичигт “М.О, “Блэйк даймонд мүүн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Мягмарсүрэн нар хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэжээ./хх 69/

 

Иймд “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1349 тоот тушаал үндэслэлгүй байх тул М.Оыг “Б”-ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 3 236 345 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нотлох баримт гаргуулахтай холбоотой гаргасан хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2020/00719 дугаар захирамжийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА