Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

у

нийгэмлэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02779 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: у нийгэмлэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.аржид холбогдох,

 

Орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53 955 000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагч гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цолмон, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Ц.арж нь у нийгэмлэгийн маргаан бүхий тус байрыг 2014 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан.

Тус байрыг ашиглуулах тухай төмөр замын даргын баталсан журмын дагуу болон түүнтэй байгуулсан гэрээнд албан тушаалын орон сууцыг албан тушаалаас чөлөөлсөн даруйд маргаангүйгээр суллаж өгнө гэж заасан ба уг гэрээний үүргийг биелүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрч байна.

Улаанбаатар төмөр замын даргын баталсан 2014 оны А/108 тоот тушаалаар Улаанбаатар төмөр зам нь ашгийн төлөө байгууллага гэдэг утгаараа төмар замд байгаа обьектүүд, хөрөнгүүдийг түрээсэлдэг. Уг түрээсийн тарифыг замын даргаас орон нутгийн байршлыг харгалзан тогтоодог бөгөөд 2014 оны 05 дугаар сард уг дүрмийг шинэчлэхдээ Улаанбаатар болон Замын үүдэд гадны байгууллага болон иргэдэд түрээслүүлж байгаа үйлчилгээний болон объектын м.кв-ын ашигтай талбайн түрээсийн доод хэмжээг 12 500 төгрөгөөр тогтоосон байдаг.

Улаанбаатар төмөр замын даргын баталсан доод үнэ 12 500 төгрөгөөр бодоод 2 жил 9 сар түрээсэлсэн төлбөр, граш нэмэгдээд нийт 53 955 000 төгрөг болох бөгөөд хариуцагчаас 53 955 000 төгрөгийг гаргуулж, уг байрыг чөлөөлүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Анх тус байранд Төмөр замын даргын тушаал, шийдвэрээр орсон ба 2019 оны 04 дүгээр сард надад анхны мэдэгдлийг өгөхөд байр чөлөөлөх хугацааг сунгаж өгөхийг хүссэн, мөн орон сууцыг худалдан авах хүсэлт гаргасан. Өндөр настны нийгмийн асуудлыг тэтгэвэрт гаргасан байгууллага хариуцах ёстой.

Манай гэр бүлийн хүн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус байгууллагад ажиллаж байсан. Тус байгууллагын нягтлан “танай гэр бүлийн хүн ажиллаж байна, танд байрыг өгөх асуудал байгаа, таны асуудлыг шийдвэрлэхээр санхүүгийн материал бүрдүүлсэн” гэж хэлсэн.

Улаанбаатар төмөр зам уг байрыг нөөц байдлаар хадгалдаг, ажилтандаа түрээсэлдэггүй. Өндөр настны байрны асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн байр чөлөөлөх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдол байдаг.

Энэ байрыг надад хүлээлгэж өгөхдөө ямар ч гарааш хүлээлгэж өгөөгүй. Гараашийг өвлийн улиралд 11-1 дүгээр сарын хооронд 3 сараар ашигладаг. Надад машин байхгүй, гараашийн хэрэг байхгүй. Мөн таны нэр дээр ийм түрээс гарч байгаа гэж мэдэгдэж байгаагүй. Би 2 балконы хаалт, гал тогоо, хувцасны шкаф зэргийг хийсэн, гэрлийн бүрхүүл сольсон ба эдгээрийг уг байранд үлдээнэ.

Би цэцэрлэгийн насны 5 настай хоёр ихэр хүүхэд, 16 насны 1 хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн одоо ажилгүй, биеийн эрүүл мэнд нь сайн биш байгаа. Дарга нар намайг очих болгонд уг байрыг танд хувьчилж өгнө гэж хэлдэг. Би өөрийн захиалсан байр ашиглалтад орсон нөхцөлд маргаан бүхий байрыг ямар ч маргаангүйгээр өөрийн хүсэлтээр шийдвэрлэж өгнө, хүлээсэн үүргээ биелүүлнэ. Түрээсийн төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар у нийгэмлэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах, 112.8 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 17 тоот авто зогсоолын хамт хариуцагч Ц.аржийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 53 955 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1 039 558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улаанбаатар төмөр замын дарга 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 дугаар тушаалаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам Нийгэмлэгийн орон сууцны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл уг дүрмээр Улаанбаатар төмөр замын ажилтан, алба хаагчдын ашиглаж буй албан тушаалын орон сууцтай холбогдох харилцааг зохицуулсан.

Дээрх дүрмийн 6.1-т “энэхүү дүрмийн дагуу Зангилааны орон сууцны комиссоос олгосон “УБТЗ-ын технологийн орон сууц хөлслөх эрхийн бичиг ” болон Төв комиссоос олгосон “УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглах эрхийн бичиг” нь Улаанбаатар төмөр замын өмчлөлийн орон сууцыг ажилтанд хөлслүүлэх, ашиглуулах үндэслэл болно. 6.12-т энэхүү дүрмийн шаардлага хангаагүй орон сууцны эрхийн бичиг, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан бөгөөд Ц.арж нь энэхүү дүрэмд заагдсан бүх шаардлагыг хангасан орон сууц ашиглах эрхийн бичиг болон Улаанбаатар төмөр замын орон сууц хөлсөөр ашиглуулах гэрээг байгуулж, үүний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг ашиглаж байгаа.

Дүрмийн 7.1, 7.1.1, 7.2-т зааснаар үзэхэд төв болон зангилааны орон сууцны комисст орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцлах шийдвэр гаргах эрх хадгалагдаж байгаа нь харагдаж байна.

Гэтэл дүрмийн 7.1-д заасны дагуу Ц.аржид 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ТК00225 дугаартай эрхийн бичиг, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.арж, Улаанбаатар төмөр замын дарга Д.Тунгалагтай байгуулсан “УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-г цуцалж, эрхийн бичгийг хүчингүй болгосон шийдвэрийг төв болон зангилааны орон сууцны комиссоос гараагүй.

Өөрөөр хэлбэл энэхүү дүрмийн 7.1.9-т заасан “Албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан” гэх үндэслэл тогтоогдож байх боловч уг маргаан бүхий орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул өнөөдрийг хүртэл хууль бусаар бус албан тушаалын орон сууц ашиглуулах эрхийн бичиг болон гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа гэж үзэхээр байна.

Миний бие Ц.арж нь нийт 16 жил Улаанбаатар төмөр замд ажиллаж, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б-1- 268 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Өндөр настны нийгмийн асуудлыг тэтгэвэрт гаргасан байгууллага хариуцах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу 4 өрөө орон сууцыг, 17 тоот авто зогсоолын хамт хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч у нийгэмлэг нь хариуцагч Ц.аржид холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53 955 000 төгрөг гаргуулах, орон сууцыг авто зогсоолын хамт албадан чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч орон сууц болон авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, олох байсан орлого нэхэмжилснийг эс зөвшөөрч маргажээ.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-5/3231 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууцыг у нийгэмлэгийн балансад бүртгэлтэй, үндсэн хөрөнгө болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

у нийгэмлэг тус байгууллагад ажилтай Ц.аржтой 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Ц.арж нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууцыг тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд эзэмшиж, ашиглуулахаар тохиролцжээ.

 

Уг гэрээг үндэслэж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын орон сууцны төв комиссын дарга 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц.аржид тус орон сууцыг тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа ашиглахыг зөвшөөрч Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууц ашиглуулах ТК00225 тоот эрхийн бичгийг олгожээ./хх 14/

 

Нэхэмжлэгч байгууллагын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б-1-268 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ц.аржийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Ц.арж нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа орон сууц чөлөөлж өгөхийг зөвшөөрсөн /хх37-38/ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа гараашийг өвлийн улиралд буюу 11-1 сарын хооронд ашиглаж байсан гэснийг үндэслэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ц.аржийн эзэмшлээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоот орон сууцыг 17 тоот авто зогсоолын хамт албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

“УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-г цуцалж, эрхийн бичгийг хүчингүй болгосон шийдвэрийг төв болон зангилааны орон сууцны комиссын шийдвэр гараагүй гэж хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан боловч энэ талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Орон сууц ашиглах хугацаанд олох байсан орлого 53 955 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02779 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА