Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 435

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Петрочайна дачин тамсаг” ХХК 

Хариуцагч: Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.Одончимэг, П.Батбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нарыг оролцуулан хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь тус компанид холбогдуулан тогтоосон Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг эс зөвшөөрч Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад хандан гомдол гаргасныг тус даргаас хянаад “Улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна” гэх хариуг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр өгснийг нь нэхэмжлэгчээс эс зөвшөөрч байгаа.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу дээрх хариуг эс зөвшөөрч түүний дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдол шаардлагын зөвлөлд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Газрын тосны газарт хандан 2015 оны 10  дугаар сарын 27-ны өдөр тус тус гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас манай гомдлыг хянаад 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/2324 дүгээр албан бичгээр “...актаар тавигдсан төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулж ажиллахыг зөвлөж байна” гэсэн хариуг өгсөн. Уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дээрх хариуг эс зөвшөөрч түүний дээд талын албан тушаалтан болох нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн С.Эрдэнэд хандан гомдол гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/2587 дугаар албан бичгээр “гомдлыг авч хэлэлцэх боломжгүй” гэх хариуг өгсөн болно.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн хуулийн этгээд ...энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу захиргааны актыг эс зөвшөөрч гаргасан гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол Улсын Засгийн газраас эрх олгосны  дагуу 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага болон Австрали Улсын “Команд Петролиум” Лтд, Монгол Улсын Цагаан шонхор Ойл корпораци, “Соко тамсаг Монголиа Инк” ХХК нарын хооронд Матад-ХХ, Тамсаг ХХ1 талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээг Монгол Улсын Засгийн газар 1996 оны 8 дугаар сарын 09-ний өдөр батламжилж, батламж бичиг олгосноор уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба уг Засгийн газрын 1996 оны 183  дугаар тогтоол, 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаар тогтоолоор тус тус зөвшөөрч, 1997 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор гэрээг баталсан болно. 1996 оноос хойш уг гэрээний заалт бүрийг Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд болон “Петрочайна дачин тамсаг” ХХК ягштал мөрдөж, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Уг гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Монгол Улсад байнга оршин суудаг, тус улсын аль нэг байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн...Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид хамрагдана” гэж заасан байсан.

“Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээрийг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталснаар 2 орны хооронд гэрээ үйлчилж эхэлсэн билээ.

Уг хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т “Энэхүү зүйлийн 1 дүгээр заалтыг үл харгалзан Хэлэлцэн тохирогч Улсын Засгийн газар /БНХАУ-ын Засгийн газар гэж ойлговол/ буюу орон нутгийн эрх барих байгууллагын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон түүнтэй адилтгах бусад төлбөрт Хэлэлцэн тохирогч Улсад татвар /Хятад Улсад/ оногдуулна” гэж, мөн хэлэлцээрийн 19 дүгээр зүйлийн 2-ын б-д “гэхдээ уг хувь этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад байнга оршин суугч бөгөөд тэр улсын харьяат бол дээр дурдсан тэтгэвэрт зөвхөн хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулна” гэж, мөн зүйлийн 3-т “Хэлэлцэн тохирогч Улсын Засгийн газар буюу орон нутгийн эрх барих байгууллагаас аж ахуйн үйл ажиллагаа явуулахтай холбоотой алба хашсаны хувьд олгосон төлбөр, тэтгэвэр нь энэхүү хэлэлцээрийн 15, 16, 17 ба 18 дугаар зүйлд хамаарна” гэж тус тус заажээ.

Энэхүү хэлэлцээрийн заалтуудын агуулга нь тэтгэвэр төлөх улс нь тэтгэвэр болон түүнтэй адилтгах төлбөрт татвар /шимтгэл/ оногдуулан төлөхөөр тохирчээ.

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэд нь өөрийн харьяалах улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалд хамрагдаж байгаа учир эдгээр иргэдийг давхардуулан шимтгэл төлөхийг шаардсан нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний аравдугаар зүйлийн 10.4-д “Гэрээлэгч болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газраас ногдуулах орлогын татвар, аливаа нийгмийн даатгал болон улс төрийн байгууллагын татвар, хураамжаас чөлөөлөгдөнө” гэж харилцан тохиролцож баталсан байдаг.

Энэ бол Монгол Улсын Засгийн газраас өөрөө зөвшөөрч баталсан гэрээний заалт бөгөөд Олон Улсад эрх зүйн чадамжтай, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газраас нь гарсан шийдвэр гэдгийг тодотгож байна.

Энэ ч учраас манай компани  дээрх Гэрээний дээрх заалтын дагуу 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын хуулийн дагуу төлөх татвар, төлбөр, хураамжийн асуудлыг уг гэрээгээр шийдвэрлэж, өмнөх Засгийн газрууд, түүний харьяа байгууллага, албан тушаалтнуудтай гэрээний дээрх заалтын талаар бүрэн ойлголцож, хамтран ажиллаж ирсээр одоог хүрсэн билээ.

Гэтэл Нийслэлийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч Ц.Одончимэг, П.Батбаяр нараас манай компанид хяналт шалгалт явуулж, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай актаар манай компанийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн 2013, 2014 онд гадаад ажилчдад олгосон 4,257,088,800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 979,130,424 төгрөгийн шимтгэл төлөөгүй гэж үзэн, уг шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн үнийн дүнгээс 489,565,212 төгрөгийн алданги, нийт 1,468,695,636 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж эс зөвшөөрч байна.

Хариуцагч нар нь Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрсний дагуу Газрын тосны асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг эрх зүйн хүчин чадалгүй буюу олон улсын гэрээ биш гэж тайлбарлаж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний Аравдугаар зүйлийн 10.4-и заалтыг зөрчиж байна.

Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын тайлбарлаж байгаагаар Монгол Улсын Засгийн газар нь бүтээгдэхүүн хуваах гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хууль зүйн хүчин чадалгүй баримт бичиг бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус, талууд гэрээг мөрдөх ёсгүй гэж үзсэн гэж байгаа юм бол түүнийгээ бидэнд нотлох ёстой байсан.

Ийнхүү бүтээгдэхүүн хуваах гэрээний үйлчлэл дуусгавар болоогүй, Монгол Улсын Засгийн газраас уг гэрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авахтай холбоотой өөрчлөлт оруулах талаар санал огт гараагүй, Засгийн газраас нь гэрээний энэ заалтыг мөрдөхгүй талаар манайд мэдэгдээгүй, ийм нотлох баримт байхгүй байхад улсын байцаагч нараас дээрх үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж байгааг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлээр гэрээний заалт зөрчин шимтгэл нөхөн төлүүлэх, цаашилбал, алданги тооцож байгаа улсын байцаагчийн акт нь эрх зүйн зөрчилтэй бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үндсэн дээр үүссэн харилцааг хууль бусаар зогсоосон хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учир хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний Хорин хоёрдугаар зүйлийн 22.1-д “Гэрээнд оролцогч талуудын хооронд уг гэрээтэй холбогдон гарах /түүнийг хэрэгжүүлэх, тайлбарлах, хэрэглэх, хугацаа дуусах, цуцлах, эсвэл сунгах/ аливаа маргааныг эв зүйгээр шийдвэрлээгүй бол энэхүү гэрээ хүчин төгөлдөр болмогц үйлчлэх НҮБ-ын олон улсын худалдааны эрх зүйн байгууллагын арбитрын дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ...” гэж заасан.

Гэрээний энэ заалтын дагуу манай компани нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Олон Улсын арбитрын шүүхэд хандах эрх нээлттэй байгаа боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу манай компанид чиглэн гарсан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн хууль бус актыг эхний ээлжинд хүчингүй болгуулах арга замыг сонгож байгаа гэдгийг энд онцгойлохыг хүсэж байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар акт нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтыг зөрчин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нийслэлийн нийгмийн даатгалын газраас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д 2015 оны 5 сард шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар тус компани нь “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж 2013, 2014 онд гадаад ажилчдад олгосон 4 257 088 800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 979 130 424 төгрөгийн шимтгэл, 489 565 212 төгрөгийн алданги нийт 1 468 695 636 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлэхээр 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот улсын байцаагчийн акттай холбогдуулан удаа дараа гарсан тус компанийн хүсэлтүүдэд дараах албан бичгүүдээр хариу өгөгдсөн. 

1. Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ирүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 09/2774 тоот албан бичиг

2. Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамнаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хүсэлтэнд хүргүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 5/1326 тоот албан бичиг

3. Нийслэлийн нийгмийн даатгалын газраас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний хүсэлтэнд хүргүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/223 тоот албан бичиг 

4. Мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газраас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний хүсэлтэнд хүргүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн 1/250 тоот албан бичиг

5. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкин дах дансыг хаасан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 15000261 тоот мэдэгдэл

6. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний хүсэлтэнд хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 1/234 тоот албан бичиг 

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь улсын байцаагчийн актын талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч хуулинд заасан хугацаанд гараагүй учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.2-т заасны дагуу улсын байцаагчийн актыг баталгаажуулахаар Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хзүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүхээс хянаж үзээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39395 дугаартай шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг хууль зөрчөөгүй болохыг баталгаажуулан 4925 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан. Үүний дагуу улсын байцаагчийн акт хангагдаж 1 468 695 636 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Нийгмийн даатгалын санд төлүүлсэн болно. Тус компани нь дээрх үйл ажиллагаа явагдсаны дараа 2015 оны 12 дугаар сарын 14-нд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд 2015 оны 12 дугаар сарын 11-нд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд тус тус хандсаны дагуу албан бичгээр хариу нь хүргэгдсэн. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15/1-1214 тоот албан бичигээр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдол шаардлагын зөвлөлд, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Газрын тосны газарт, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/2587 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн С.Эрдэнэд тус тус гомдлоо гаргаж .....улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь уг гомдлыг хүлээн аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд ...энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Шүүх дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч Ц.Одончимэг, П.Батбаяр нар нь 2013, 2014 онуудын санхүүгийн тайлан, холбогдох баримтанд хяналт шалгалт хийж гадаад ажилчдад олгосон 4 257 088 800 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 979 130 424 төгрөгийн шимтгэл төлөөгүй гэж үзэн, уг шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн үнийн дүнгээс 489 565 212 төгрөгийн алданги, нийт 1 468 695 636 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирсэн ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу суутган төлөөгүй гэж нийгмийн даатгалаас акт тавьсан. Гэтэл хятад иргэд Хятадад байх толгой компаниас цалингаа аваад нийгмийн даатгалаа харьяа улсдаа төлж байгаа, нэг орлогоос хоёр нийгмийн даатгал үүсгэж байгаа нь хууль бус мөн гадаад ажилчдад байнгын ажлын байраар хангаж ажилладаггүй 2, 3 сар ажиллаж байгаад нутаг буцдаг эсвэл тодорхой хугацаанд ажилладаг...” гэжээ.

 Монгол Улсын Засгийн газраас эрх олгосны дагуу 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага болон Австрали Улсын “Команд Петролиум” Лтд, Монгол Улсын Цагаан шонхор Ойл корпораци, Соко тамсаг Монголиа Инк ХХК-иудын нарын хооронд Матад-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна.

 Монгол Улсын Засгийн газар 1996 оны 8 дугаар сарын 09-ний өдөр батламжилж, батламж бичиг олгосноор уг гэрээ 1997 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор гэрээг баталсан байна.

1996 оноос хойш уг гэрээний дагуу “Петрочайна дачин тамсаг” ХХК мөрдөж, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд энэ талаар талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Дээрх бүтээгдэхүүн хуваах гэрээний Аравдугаар зүйлийн 10.4 /i/-д “Гэрээлэгч болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газраас ногдуулах орлогын татвар, аливаа нийгмийн даатгал болон аливаа улс төрийн байгууллагын татвар, хураамжаас чөлөөлөгдөнө” гэж харилцан тохиролцож баталсанаас үзвэл нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхөөр заасан байх бөгөөд хариуцагч нь уг гэрээнд заасан асуудлыг шалгаж тогтоолгүй акт үйлдэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т 1.Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна, 1 дэх хэсгийн 2-т Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар хуульчилсан байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж  цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ гэж тайлбарласан байна.

Дээрх тайлбараас үзвэл байнгын шинжтэй орлого гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгохоор хуульчилсан байна. 

Байнгын шинжтэй орлого гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх байнгын ажлын байр гэсэн ойлголттой төсөөтэй байдлаар ойлгож, хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд дээрх үндэслэлүүдээс үзэхэд байнгын шинжтэй орлого гэж ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэсний үр дүнд тодорхой хугацаанд, байнгын давтамжтайгаар орлого олох буюу харьцангуй удаан хугацаагаар орлого олж байхыг ойлгохоор байна. 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч болон ажил олгогч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нь сар бүр суутгагдах, байнгын шинжтэй орлогод хамааралтай хуулийн зохицуулалт байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн сайн дураар даатгуулж болохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нийгмийн даатгалд байнгын ажлын байранд, тодорхой хөдөлмөр эрхэлж байгаа этгээд албан журмаар даатгуулах, тодорхой хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд тухайн иргэн сайн дураар даатгуулж болох журамтай байхад хариуцагч нар нь тэдгээр иргэдийн сарын хугацаанд ажилласан нөхцөлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаатуулан төлбөр тогтоосон акт үйлдсэн нь үндэслэлгүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий  газрын улсын байцаагч нарын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ