Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0700

 

 Н.Б-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Бийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Н.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 02, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Э.Т-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 04 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Б-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-ийн ажилгүй   байсан 2017.02.17-ны өдрөөс  2017.07.31-ний өдрийг хүртэлх ажлын 105 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6198360 /зургаан сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун жар/ төгрөгийг Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулж НЭХЭМЖЛЭГЧ Н.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т давж заалдах гомдолдоо: “ … Шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа зүйл, заалт, үндэслэл: Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалт “ … нэхэмжлэгч Н.Б-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд  нь буюу Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоосугай” гэснийг, мөн тогтоох хэсгийн “ ... нэхэмжлэгч Н.Б-ийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын 105 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...” олгохыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гомдлын шаардлага: Нэхэмжлэгч Н.Б нь хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажил үүргийн зөрчилтэй нь холбогдуулж өөрт нь хамааруулж ногдуулсан сахилгын шийтгэл, тушаал шийдвэрийг удирдлагад гаргаж өгдөггүй, үндсэн ажлынх нь хүрээнд хамаарах архивын баримт материалын нөхөн бүрдүүлэлтийг үүрэг даалгавар өгсөөр байтал хийж гүйцэтгэдэггүй зэрэг зөрчлийг байнга гаргадаг. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Н.Б-ийг ажлаас нь халах асуудлаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл болоод ажлын сахилга хариуцлагатай нь холбоотой болон 2016 оноос хойш бүх хугацаан дахь хурлын тэмдэглэлүүдийг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд нотлох баримтаар өгөх боломжийг хааж, өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгосон үйлдлийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэж, үнэлэх шаардлагатай байлаа.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31 -ны өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар захирамжаар Н.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжаар Э.Тыг Хурлын Тэгүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. 

Шүүх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нь хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй” гэж заасныг  нарийн бичгийн даргыг албан тушаалаас халах, чөлөөлөхөд мөн адил хэрэглэж хуралдаанаар хэлэлцүүлж Тэргүүлэгчдийн тогтоолоор шийдвэрлэнэ гэж үзсэн нь үндэслэлтэй байна. 

Мөн захирамжид Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халахаар заасныг баримталсан атлаа “сахилгын шийтгэл” ногдуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус болно” гэж зааснаар хариуцагч сумын Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор шийдвэрлэх Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас халах асуудлыг шийдвэрлэсэн Хурлын даргын захирамж илт хууль бус байна. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Н.Б-ийн албан үүргээ хангалтгүй биелүүлдэг талаар болон ажлын сахилга хариуцлагатай холбоотой 2016 оны хурлын бүх тэмдэглэл, бусад баримтуудыг гаргаж өгөх бололцоо хангаагүй” гэх боловч Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Н.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар хэлэлцүүлэхдээ эдгээр баримтаа гаргаж Н.Б нь ямар зөрчил гаргасан, хэрхэн тогтоогдсон, ямар албан үүргийг хэдэн удаа биелүүлээгүй талаар хэлэлцүүлээгүй нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин зохих журмын дагуу Н.Б-ийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                   Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                   Ц.САЙХАНТУЯА 

ШҮҮГЧ                   С.МӨНХЖАРГАЛ