Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 115/ШШ2017/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Айраг суманд оршин суух, иргэн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Бэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 02, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Э.Туулыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 04 дугаар захирамжуудыг тус тус илт хууль болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг /нийгмийн даатгалын шимтгэлийн хамт/ нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Бэ, түүний өмгөөлөгч Н.У, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 2005 оны 02 дугаар сарын 24-нөөс томилогдон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Бэд сахилгын шийтгэл ногдуулах тухай асуудлыг нэмэлтээр оруулан хэлэлцэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Хурлын даргын захирамж гарсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг Хурлын дарга санал оруулж Тэргүүлэгчид тогтоолоор томилох, чөлөөлөх заалтыг зөрчин Хурлын даргын захирамжаар ажлаас халсан. Тэргүүлэгчдийн  хуралдаанаас захирамж гаргах заалт байхгүй. Мөн ажлаас халах шийдвэр гаргахдаа тодорхой үндэслэл аваагүй, өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй шууд л халсан. Ажлын хариуцлага бус харин улс төр, намын захиалгат байдлаар ажлаас халсан гэж үзэж байна.

Миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр үүрэгт ажилдаа 80 буюу В дээш үнэлгээтэй дүгнүүлсэн. Би өмнө нь ямар нэгэн шийтгэл авч байгаагүй. 2015 онд шийдвэр гарсан гэж байгаа боловч нэг сар цалингийн 10 хувиар хасч байсан. Үүний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн миний ажиллаж байсан албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг Хурлын дарга  мөн захирамжаар томилсон нь хууль зөрчсөн. Иймд Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02,  04 дугаар захирамжийг хоёуланг илт хууль бус болохыг тогтоолгох, цалин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх, ажилдаа эгүүлэн томилуулах гэсэн шаардлага тавьж байна.

Хариуцагч талаас бичгээр ирүүлсэн тайлбар дээр 2015-2016 оны үр дүнгийн гэрээ байгуулагдаад, дүгнэгдээд хууль ёсоор явагдсан. Хурлын тэмдэглэл, бэлтгэл ажил хангалтгүй, үг үсгийн алдаа гаргадаг гэсэн байсан. Үг үсгийн алдаа гаргасан байдлыг үгүйсгэхгүй. Харин утга найруулгын хувьд алдаа гаргадаггүй. Жишээ нь би сумынхаа 90 жилийн ойн номыг Т. Д гэж хүнтэй хамтарч бичсэн байгаа. Сумынхаа хурлаас гаргадаг шагнал урамшууллын эмхтгэлийг би гаргадаг. Мөн бичиг хэргийн стандарт мэддэггүй гэсэн зүйл яригдаад байна. 2015, 2016 онуудад би бичиг хэргийн стандартын хичээлийг зааж байсан. Хурал.мн сайтыг ажиллуулж чаддаггүй гэж байгаа нь үнэн. Бүх сумын нарийн бичгийн дарга нарт нэг өдрийн сургалт зохион байгуулсан. Гэхдээ мэргэжлийн хүн нь биш учраас интернет орчинд ажиллах хүндрэлтэй байсан. Мөн байгууллагын архив албан хэрэг муу байна гэсэн. Яахав миний ажлын алдаатай холбоотой боловч бүх байгууллагын архиваас 600000 гаруй төгрөгийн үнэтэй программыг суулга гэж байсан. Би хурлын даргад суулгамаар байна гэж хэлж л байсан. Үүнтэй холбоотой энэ ажил удаашраад байгаа нь үнэн. Ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой тогтоол гарсан гэж байна. Миний хувьд 40 хувь байдаг, харин 30 хувь болгох талаар Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг нь гаргаж өгөөгүй байсан нь үнэн. Дугаар нь дарааллаараа байгаа, тэр шийдвэр гарахаас өмнө халагдсан учраас гаргаагүй үлдсэн. Мөн Уяачдын холбооны тэргүүнийг давхар хашдаг гэсэн байсан. 2007 онд малчид, ажилчдын хүсэлтээр ажилласан. Тэгээд ашиг сонирхлын хувьд зөрчигдөж байсан учраас удаа дараа ажлаа өгөх гэхэд авах хүн олдоогүй. Ийм ийм учиртай байна хүлээн авах хүн олдохгүй байна гэж Авлигатай тэмцэх газарт хэлэхэд нэгэнт нийгэмд үйлчлэх байгууллага учраас хамаагүй гэж хэлж байсан. Харин энэ 5 дугаар сард уг ажлаа өгсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бэд сахилгын шийтгэл оногдуулан ажлаас халсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017.02.16-ны өдрийн 02 дугаартай захирамж гарсан байдаг. Энэхүү захирамж нь хуульд заасан материаллаг болон процессын эрх зүйн шаардлагыг хангаагүй байна. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан үндэслэл байдаг. Энэ нь Хурлын ажлын албаны үйл ажиллагаатай холбогдуулан захирамж гаргана гэсэн байдаг. Бийг халж байгаа нь хурлын албаны үйл ажиллагаатай холбоотой зүйл биш. Хурлын даргад нарийн бичгийн даргыг халах хуулиар олгогдсон бүрэн эрх байхгүй. Харин мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт зааснаар Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр байгаа. Төрийн албан хаагчийн эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Ажил олгогч гэж тухайн этгээдийг томилсон этгээдийг ойлгож байгаа учраас ажлаас халах эрх хэмжээ нь Тэргүүлэгчдийн хуралдаанд олгогдсон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дагуу гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж тус салбар зөвлөлөөс өргөдөл шалгасан тухай тогтоол гарсан. Ингээд Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн асуудлаар захирамж гаргах эрх зүйн үндэслэлгүй байна гэж тогтоосон байдаг. Төрийн албаны зөвлөлөөс буюу дээд шатны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэрийг заавал биелүүлнэ гэж заасан. Нэгэнт дээд шатны байгууллага хууль бус гэж тогтоосон байхад өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн томилохгүй, цалин мөнгийг нь гаргаж өгөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн  47.1.3 дахь хэсэгт зааснаар чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар акт гаргасан байна. Өөрөөр хэлбэл хурлын нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх бүрэн эрх олгогдоогүй учраас Хурлын даргын 2017 оны 02 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс энэ нь ганц миний шийдвэр биш, хурлын Тэргүүлэгчидтэй хамтарч шийдсэн гэж боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Тэргүүлэгчдээс шийдвэр гарвал тогтоол гарах ёстой. Тиймээс Хурлын даргын захирамж нь Тэргүүлэгчдийн шийдвэр болж чадахгүй. Мөн нарийн бичгийн даргын албан тушаалд  түр орлон гүйцэтгэгчийг Хурлын даргын захирамжаар бус Тэргүүлэгчдийн тогтоолоор томилох байсан гэж үзэж байгаа учраас түүний Э.Тыг томилсон 2017 оны 04 дүгээр захирамжийг мөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна. 

Хариуцагчийн гаргасан 2017 оны 02 дугаар захирамжийн толгойг Бэд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халах тухай гэсэн байна. Гэтэл баримталсан хууль нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах буюу Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг барьсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг барихдаа хуульд заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр халсан байдаг. Гэтэл Бийн хувьд 2015, 2016 онуудад ажил үүргээ хангалттай биелүүлж байсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрвээ сахилгын шийтгэл оногдуулсан бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг барих ёстой. 26 дугаар зүйлд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа ажлаас халах гэсэн шийтгэл байхгүй, төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр ажлаас чөлөөлөх гэсэн сонгох санкц байдаг. Тийм учраас энэ захирамж нь ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулсан гэж хоёр зүйлийг хольсон. Өөрөөр хэлбэл ойлгомжгүй захирамж байгаа юм. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, архивын ажлыг цалгардуулсан гэж үзсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж заасан байдаг. Тэгэхээр ямар заалтыг зөрчсөн  нь тодорхойгүй байгаа тул уг захирамж нь илт хууль бус акт болно.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сумын Хурлын  нарийн бичгийн даргыг ажлаас халсан болон түр орлон гүйцэтгэгч томилох тухай Хурлын даргын 2017 оны 02, 04 дүгээр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бэтэй 2016 оны бүрэн эрхийн хугацаанд мөн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл   хамтран ажилласан. Энэ хугацаанд түүнийг аль болох дэмжин ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа зарим нэгэн зөрчил дутагдал гаргаж ажилдаа хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, Хурлын нарийн бичгийн даргын ажлыг цаашид  үргэлжлүүлэн хийж өөрийгөө хөгжүүлэх идэвх санаачилгагүй, төрийн албанд ажиллах бичиг үсгийн чадваргүй тул хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж ажлаас нь чөлөөлсөн. 

Бид хоёрт хувийн өс хонзон байхгүй. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчид төлөөлөгчид хамтарч ажиллах боломжгүй байна, хурлын бэлтгэл муу байна, бичиг үсгийн алдаа гаргаж байна, ажил цалгардуулж байна гэж шаардлага тавьж байхад нь би аль болохоор  хамгаалж ирсэн. Мөн архивын бичиг хэргийн шалгалтаар  D үнэлэгдсэн. Ямар нэгэн арга хэмжээ ав гээд цалингийн 20 хувиар хасах хэрэгтэй гэхэд би 10 хувиар нь хасч байсан. Оны эцэст ажлаа дүгнэхдээ ч харилцан ярилцаж байгаад дүгнэдэг байсан. Энэ болгонд Тэргүүлэгчид наад хүндээ шаардлага тавьж чадахгүй байна, даргаар нь ажиллаж байж удирдаж чадахгүй байна гэж надад хэлдэг байсан. Б сумын Уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байхад нь наад ажлаа өгөх боломж байна уу гэхэд ажлыг нь авах хүн олдохгүй байна гэхэд нь ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. 2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Хурлын Тэргүүлэгчид энэ байдал үргэлжилж байна, Хурлын нарийн бичгийн даргадаа арга хэмжээ авахгүй байна, аймагт МАН гарсан учраас ямар нэгэн асуудал гараад байна, мөн архив бичиг хэргийн ажлаа хүлээлгэж өгөөгүй, мэдээллүүдээ өгөхгүй байна гэж удаа дараа хэлж байхад нь 2 дугаар сарыг хүртэл хамгаалж ирсэн. 2017.02.06-нд Тэргүүлэгчдээр ХОМ бөглөөд урамшуулал авдаг. 40 хувьд хүрэхгүй байна, цалингийн сан хүрэхгүй, шаардлага хангахгүй байна гээд Тэргүүлэгчид 30 хувь болгож бууруулаад тогтоол төлөвлөгдөөд батлагдсан. Нарийн бичгийн хувьд аймгаас ямар нэгэн бичиг ирээгүй байхад цалингийн сан хүрэхгүй гэдэг шалтгаанаар миний урамшууллыг хасах ёсгүй гэсэн. 30 хувь болгосон тогтоолыг гаргаж өгөөгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор 2 дугаар сарын 10-нд дараагийн Тэргүүлэгчдийн бүрэн эрх хэрэгжчихээд байхад тэмдэглэлүүдийг огт гаргаж өгөөгүй, компьютерт л байдаг. Мөн архив, бичиг хэрэг эмх замбараагүй байгаа гээд 2 сарын 10-нд сануулах арга хэмжээний төсөл өгсөн. Би хүлээн зөвшөөрөхгүй байна, би өөр дээрээ захирамж төлөвлөхгүй гээд төлөвлөөгүй. Дараагийн тогтоол гарахад дугаарлалт байхгүй байсан. Энэ бүхний үүднээс Тэргүүлэгчид хуралдаанаа зарлаж, Бтэй холбоотой асуудлыг хэлэлцэе, сануулах арга хэмжээ авч чадахгүй байгаа бол таньд бас хариуцлага тооцоё гэсэн. Ингээд шаардлагыг Тэргүүлэгчдээс хүргүүлээд маргааш нь хуралдаанаар олонхоороо шийдсэн. Миний зүгээс захирамжийг гаргахдаа юу гэж үзсэн гэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар захирамж гаргах эрхтэй гэж заасан байгаа. Захирамж гаргахдаа өөрөө шууд гаргаагүй, Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэж байж захирамж гаргасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдүүлнэ гэж заасны дагуу томилуулах биш ажлаас чөлөөлөх байсан учраас 25.3 дахь заалтыг барьж захирамж гаргасан.

 Бийг огт юу ч хийхгүй байсан гэж хэлэхгүй, бичиг үсгийн алдаа гаргадагаас бусдаар ажлаа хийгээд явчихдаг, чадвартай ажилтан. 2013, 2014 онуудад хийх ёстой ажлаа хийгээд л явдаг байсан. 2015, 2016 онуудад эрч нь суларсан, олон сонгуулиуд давхацсан. Үүнтэй холбоотойгоор өмнө нь хийж байсан ажлуудаа хойш тавих асуудал гарсан. Хурал.мн гэдэг сайт дээр хийсэн ажлуудаа тавих ёстой байтал тавьдаггүй байсан. Яагаад тавихгүй байгаа юм бэ гэхэд чадахгүй байна гэдэг байсан. Дараагийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах гэхээр танай ажил хийгдээгүй харагдаад байна гэдэг гэж хэлсэн. Иймэрхүү маргаанууд явагдаад амаар үүрэг чиглэл өгөөд л явж ирсэн. Миний хувьд үүрэг даалгавраа өгөөд ажиллаад яваад байвал яваад л байх байсан. Хамгийн гол нь Тэргүүлэгчдийн хуралдаанаас энэ нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй байна, тогтоол гаргахгүй байна, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байна гэдэг үүднээс Тэргүүлэгчдийн саналаар сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халах захирамж гаргасан юм. 

Хурлын нарийн бичгээр Э.Тыг томилсон захирамж нь түр орлон гүйцэтгэгч учраас заавал Тэргүүлэгчдийн хурлаар оруулах шаардлагагүй гэж үзсэн. Хуулинд ч гэсэн түр орлон гүйцэтгэгчийг заагаагүй байгаа. Тиймээс түр ажиллаж байгаа гэдгээр Хурлын даргын захирамж гаргаж түүнийг томилсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч иргэн Бэ нь шүүхэд анх, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаа тодруулж улмаар нэмэгдүүлэн Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн гаргуулах гэж тодорхойлсноор  хэргийг шийдвэрлэсэн болно.

Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар захирамжаар , Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1.2, 25.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Бэд “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг ажилдаа мөрдлөг болгон ажилладаггүй, албан бичгийн утга найруулга, үг үсгийн алдааг байнга гаргадаг, энэ алдаа дутагдлаа засч залруулдаггүй зэрэг зөрчил гаргаж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, улмаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжаар , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Э.Туулыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг Хурлын дарга санал оруулж Тэргүүлэгчид тогтоолоор томилох, чөлөөлөх заалттай, гэтэл Хурлын дарга захирамж гарган намайг ажлаас халж улмаар Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг ч мөн захирамж гарган  томилж хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн нь хууль бус...” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “...Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар захирамж гаргах эрхтэй. Хурлын дарга захирамж гаргахдаа өөрөө шууд гаргаагүй, Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэж байж гаргасан. Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдүүлнэ гэж заасны дагуу томилуулах биш ажлаас чөлөөлөх байсан учраас 25.3 дахь заалтыг барьж ажлаас чөлөөлсөн, Хурлын нарийн бичгээр Э.Туулыг томилсон захирамж нь түр орлон гүйцэтгэгч учраас заавал Тэргүүлэгчдийн хурлаар оруулах шаардлагагүй гэж үзсэн. Хуульд ч түр орлон гүйцэтгэгчийг заагаагүй. Тиймээс түр ажиллаж байгаа гэдгээр шууд Хурлын даргын захирамжаар томилсон” хэмээн тодорхойлж байна.

Нэхэмжлэгч иргэн Бэ нь анх Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор  тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар мөн өдрөөс эхлэн томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тухайн албан тушаалдаа ажиллажээ.

Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, 6-н төрлийн асуудлыг хэлэлцсэний дотор тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Бэд сахилгын шийтгэл ногдуулах тухай асуудлыг хэлэлцээд түүнд “ажлаас халах сахилгын шийтгэл” ногдуулахаар шийдвэрлэсэн  байх ба ингэхдээ тухайн шийдвэр нь хуулиар тогтоосон журмын дагуу тогтоол хэлбэрээр албажиж гараагүй, харин Хурлын дарга захирамж гаргах замаар Бэд уг шийтгэлийг ногдуулжээ. Мөн хариуцагч Хурлын дарга нь үүний дараа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 04 дугаартай захирамж  гарган иргэн Э.Тыг нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан албан тушаалд буюу Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд...”, 20.4-т “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга  байна”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны албан тушаалд...дараахь албан тушаал хамаарна”, 7.1.11-д “...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын...ажлын албаны удирдах, ...албан тушаал” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Бэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах албан тушаалыг мэргэшлийн үндсэн байнга эрхэлж байсан төрийн жинхэнэ албан хаагч  байх ба уг албан тушаалтныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар тухайн шатны Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулах журмаар томилуулах зохицуулалттай байна. Эндээс үзвэл уг албан тушаалтныг томилох бүрэн эрх нь Хурлын даргад бус ийнхүү Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар олгогдсон байх тул уг этгээдийг халах, чөлөөлөх эрх ч мөн адил ажил олгогч буюу томилох эрх бүхий этгээд болох Хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдах учиртай. 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар ... Хурлын дарга захирамж гаргана” гэсэнтэй холбон тайлбарлаж байгаа ба гэтэл түүний гаргасан захиргааны актууд нь уг асуудалтай холбоотой бус харин тухайн албаны хүний нөөцийн бодлоготой холбоотой асуудал учир түүний энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв. 

  Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “...бие даан өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж заажээ. Энэ зохицуулалтаас үзэхэд хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд захиргааны байгууллага гэх ойлголтод хамаарч байх ба энэ тохиолдолд тухайн этгээдийн  үйл ажиллагаа нь уг хуулиар тогтоосон нийтлэг журмын хүрээнд явагдах учиртай. Тодруулбал хариуцагчаас бие даан гаргасан 2017 оны 02, 04 дүгээр захирамжууд нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “захиргааны акт“-д хамаарах тул тэдгээр нь эрх зүйн шаардлагыг, тодруулбал эрх зүйн хэм хэмжээнд урьдчилан тусгагдсан нөхцөл байдлыг хангаж байж тухайн захиргааны актуудын хууль ёсны байх зарчим хангагдана. Харин тухайн захиргааны актууд нь эрх зүйн шаардлагуудыг хангаагүй тохиолдолд  илт хууль бус болох үр дагавартай.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар бие даан захиргааны акт гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх үндэслэл болж байна. Иймээс эдгээр захиргааны актууд нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт болно. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн гаргасан дээрх захиргааны актууд нь илт хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул тухайн захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Бийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан дээрх захиргааны актууд нь эрх зүйн шаардлагыг хангаагүй буюу хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт болох нь нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг ажилдаа мөрдлөг болгон ажилладаггүй, албан бичгийн утга найруулга, үг үсгийн алдааг байнга гаргадаг, энэ алдаа дутагдлаа засч залруулдаггүй зөрчил гаргаж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг” талаарх  үйл баримтуудыг шүүхээс шалган тогтоож,  дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно. 

 

Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02, 04 дүгээр захирамжуудыг илт хууль болохыг тогтоож улмаар нэхэмжлэгч Бийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн   69 дүгээр зүйлийн 69.1-д  “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…ыг олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Бийн цалингийн тодорхойлолт , цалингийн карт , нийгмийн даатгалын дэвтэр  зэрэг баримтуудыг үндэслэн тодорхойлж, нийт ажлын 105 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  6198360 төгрөгийг түүнд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 Шүүгчээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн Э.Тд шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан  шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Бэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 02, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Э.Тыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 04 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Бийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Бийн ажилгүй байсан 2017.02.17-ны өдрөөс 2017.07.31-ний өдрийг хүртэлх ажлын 105 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6198360 /зургаан сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун жар/ төгрөгийг Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Бэд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА