Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

 

 

 

“Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 183/ШШ2020/00116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сд холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал 8 626 979 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Сайнсанаа,

Хариуцагч: С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Хангай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Тайм скүэр хотхоны 501-511 дүгээр орон сууцнуудыг хариуцдаг бөгөөд орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг нь хангахын тулд цэвэрлэгээ, үйлчилгээ, орчны тохижилтыг тогтмол хийж, үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч “Х” СӨХ нь сар бүр Тайм скүэр хотхоны оршин суугчдаас СӨХ-ны төлбөр авч Тайм скүэр хотхоны дундын өмчлөлийн зүйлс болох цэцэрлэгт хүрээлэн, зам, талбайг засан сайжруулах, автомашины зогсоол, цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус, дулаан, гэрэлтүүлгийг тогтмол ажиллуулах үүрэг хүлээж, харин оршин суугчид дээрх ажил, үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг.

Хариуцагч С нь нэхэмжлэгч “Х” СӨХ-ны хариуцдаг 501 дүгээр байрны 302 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр худалдан авсан ба 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэлх хугацааны 8 626 979 төгрөгийн СӨХ-ны төлбөрийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х” СӨХ нь С болон бусад оршин суугчдаас сард тогтмол 150 000 төгрөгийн СӨХ-ны зардал авдаг бөгөөд энэ нь хэт өндөр, үндэслэлгүй. Энэ талаар танилцуулахыг СӨХ-д удаа дараа мэдэгдсэн боловч үндэслэл бүхий хариуг өгөөгүй.

Мөн уг СӨХ нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрчилгээгээр “Тайм скүэр” хотхоныг нэгтгэсэн байх бөгөөд бүх гишүүдийн хурлаар нэгтгэсэн болох нь тодорхойгүй байна гэжээ.

 

Шүүх: Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Сөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, завсар, үйлчилгээний зардалд 2 515 068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 111 911 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 153 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сөөс улсын тэмдэгтийн хураамжид 55 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон зохигч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар зэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс “Х” СӨХ нь Тайм скүэр хотхоныг 2018 онд нэгтгэсэн гэж буруу дүгнэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

“Х” СӨХ-с анхан шатны шүүхэд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот Тайм скүэр хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот “Х” СӨХ-ны Тайм скүэр хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоолуудыг гаргаж өгсөн бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар Тайм скүэр хотхон нь Х СӨХ-д нэгдэж, 2018 онд Х СӨХ-ны харьяанд хэвээр үлдэхээ хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогддог боловч шүүхээс дээрх баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор судалж үзээгүйгээс, үндэслэлгүй дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, Тайм скүэр хотхон нь 2015 онд ашиглалтад орсон цагаасаа хойш Х СӨХ-д 2015 онд нэгдэж дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээ, засварыг Х СӨХ-д хариуцуулахаар сууц өмчлөгчид шийдвэрлэсэн. Улмаар 2018 онд Х СӨХ-ны бүрэлдэхүүнд хэвээр үлдэхээ дахин баталгаажуулж, шинээр СӨХ байгуулалгүй, Х СӨХ-ны бүрэлдэхүүнд үлдсэн.

Нөгөөтээгүүр СӨХ-ны гэрчилгээ нь компанийн гэрчилгээнээс ялгаатай бөгөөд СӨХ нь шинээр орон сууц бүртгүүлэх бүрт СӨХ-ны гэрчилгээний хойно нэмэлтээр тэмдэглэдэггүй бөгөөд үүний оронд хуучин гэрчилгээг нь хураан авч, шинээр орон СӨХ-ны гэрчилгээ олгодог тул “Х” СӨХ нь 2015 оны гэрчилгээг гарган өгөх боломжгүй байсан болохыг шүүх хуралдаанд тайлбарлан, холбогдох бүх гишүүдийн хурлын тогтоолыг нотлох баримтаар хүргүүлсэн боловч шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээтэй талаас нь дүгнээгүй.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12-р сарын 20-ний өдрийн шүүгчийн 183/Ш32019/15139 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Х СӨХ-г бүртгэсэнтэй холбоотой бүх баримтыг гаргуулахаар захирамжилсан боловч “Х” СӨХ-г бусад орон сууцны байруудыг өөрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг орон сууцны бүрэлдэхүүнд нэгтгэсэнтэй холбоотой баримт бичгийг гаргуулахаар захирамжлаагүй болно.

Өөрөөр хэлбэл “Х” СӨХ нь Цэцээ гүн хотхон, Тайм скүэр хотхонуудыг өөрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг орон сууцны бүрэлдэхүүнд нэгтгэхтэй холбоотой баримт бичиг нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивт байгаа боловч гаргуулахаар захирамжлаагүй тул шүүхэд тус баримтууд ирээгүй.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын бичиг баримт хариуцдаг мэргэжилтний хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас “Х” СӨХ-г 2012 онд байгуулсантай холбоотой бүхий л баримт бичгийг архивт шилжүүлээгүй байсан бөгөөд тус баримтуудыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хадгалагдаж байсан.

Тус буруутай үйл ажиллагаагаа тайлбарласан албан бичгийг 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн 09/2485 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс “Х” СӨХ-д хүргүүлж тайлбарласан. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсээс 2020 оны 01-р сарын 09-ны өдрийн 11/49 дүгээр албан бичгээр “Х” СӨХ-г байгуулсантай холбоотой материал архивт хадгалагдаагүй байна гэх хариу хүргүүлсэн байдаг.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12-р сарын 20-ний өдрийн шүүгчийн 183/Ш32019/15139 тоот захирамж гарсан боловч тус захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэг бүрэн биелэгдээгүй нөхцөлд шүүгч анхан шатны шүүх хурлыг хуралдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэв шүүгчийн захирамж биелэгдсэн бол нэхэмжлэгч “Х” СӨХ нь Тайм скүэр хотхоныг 2015 онд нэгтгэсэн, 2018 онд нэгтгэснийг сууц өмчлөгчид хүлээн зөвшөөрсөн тухай, мөн СӨХ-ны гэрчилгээ гарсан он сар өдрийг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон СӨХ-ны шаардах эрхээ нотлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шийдэх нөхцөл бүрдэх байсан болно.

Иймд хариуцагч С нь шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх явцад “Х” СӨХ-г 2015 онд Тайм скүэр хотхоныг нэгтгэсэн, 2018 онд Тайм скүэр хотхоныг хариуцан үйл ажиллагаа явуулдаг орон сууцны бүрэлдэхүүнд үлдээхийг маргаагүй буюу талууд “Х” СӨХ Тайм скүэр хотхоныг харьяандаа нэгтгэсэн асуудал дээр маргаагүй асуудал дээр шүүхээс дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болсон 2 810 955 төгрөгийг буюу нийт 5 326 023 төгрөгийг хариуцагч Сөөс гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Х” СӨХ, хариуцагч Сд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд 8 626 979 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 183/ШЗ2019/15139 дугаар захирамжаар “Х” СӨХ-ны бүртгэлтэй холбоотой бүх баримтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна.

 

Шүүгчийн дээрх захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/49 дугаар албан бичгээр “тус дүүргийн архивт “Х” СӨХ-г байгуулсантай холбоотой материал хадгалагдаагүй байна” гэж хариуг ирүүлсэн ба уг захирамжийн үндэслэх хэсэгт бүрдүүлэх нотлох баримтыг нэрлэн дурдсан хэдий ч захирамжлах хэсэгт тодорхойлохдоо алдаа гаргаснаас нотлох баримт бүрдээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд нотлох баримт бүрдүүлэх уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 183/ШШ2020/00116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА