Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00116

 

2020 оны 01 сарын 10 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00116

                    Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Р СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд 8.626.979 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р СӨХ нь ............ дүгээр хороонд байрлах Т хотхоны 501-511 дүгээр орон сууцнуудыг хариуцдаг бөгөөд орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг нь хангахын тулд цэвэрлэгээ, үйлчилгээ, орчны тохижилтыг тогтмол хийж, үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч “Р СӨХ нь сар бүр Т хотхоны оршин суугчдаас СӨХ-ны төлбөр авч Т хотхоны дундын өмчлөлийн зүйлс болох цэцэрлэгт хүрээлэн, зам, талбайг засан сайжруулах, автомашины зогсоол, цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус, дулаан, гэрэлтүүлгийг тогтмол ажиллуулах үүрэг хүлээж, харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч “Р СӨХ-ны хариуцдаг 501 дүгээр байрны 302 тоот орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр худалдан авсан ба Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэлх хугацааны 8.626.979 төгрөгийн СӨХ-ны төлбөрийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Р СӨХ нь хариуцагч С.Б- болон бусад оршин суугчдаас сард тогтмол 150.000 төгрөгийн СӨХ-ны зардал авдаг бөгөөд энэ нь хэт өндөр, үндэслэлгүй байгаа бөгөөд энэ талаар танилцуулахыг СӨХ-д удаа дараа мэдэгдсэн боловч үндэслэл бүхий хариуг өгөөгүй. Мөн уг СӨХ нь Х дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрчилгээгээр “Т” хотхоныг нэгтгэсэн байх бөгөөд бүх гишүүдийн хурлаар нэгтгэсэн болох нь тодорхойгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Р СӨХ-ны нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд 8.626.979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч  “Р СӨХ-ны “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэлх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд тогтмол зардалд 8.626.979 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б- хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, талууд мэтгэлцжээ.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар “Р СӨХ нь ............ дүгээр хороо, Т 501-511 дүгээр байруудыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хамруулан нэгтгэж бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Х дүүргийн Засаг даргаас олгосон 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/63 дугаар гэрчилгээ, Р СӨХ-ны Т хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол зэргээр тогтоогджээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал “............... дүгээр хороо, Т 501 дүгээр байрыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө “Р СӨХ-д хамруулан нэгтгэж, хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2019/15139 дүгээр захирамжийн дагуу Х дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/49 дүгээр албан бичигт “архивт Р СӨХ-г байгуулсантай холбогдох материал хадгалагдаагүй байна” гэснийг дурдав.

 

            Мөн хариуцагч С.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй, С.Б- нь ..................... тоот орон сууцны өмчлөгч мөн талаар маргаагүй болохыг дурдав.

 

            Иймд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Р СӨХ нь хариуцагч С.Б-өөс 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалыг шаардах эрхтэй юм.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахдаа тогтмол төлбөр 122.700 төгрөг, хувьсах төлбөр 1 м.кв нь 270-308 төгрөг, дундын өмчлөлийн хэрэглээнд халаалтын улиралд 1 м.кв нь 158 төгрөг, халаалтын бус улиралд 123 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээнд 150 төгрөг, авто зогсоол 6500 төгрөг” гэсэн байх бөгөөд хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан Харилцагчийн гүйлгээний баримтыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 17 сарын хугацааны тогтмол ашиглалтын зардалд /17 сарыг 112.500 төгрөгөөр тооцож/ 1.912.500 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд /17 сарыг 17.250 төгрөгөөр тооцож/ 293.250 төгрөг, автозогсоолд /17 сарыг 6500 төгрөгөөр тооцож/ 110.500 төгрөг, ус, дулаан, цахилгааны зардалд /17 сарын/ 198.818 төгрөг, нийт 2.515.068 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардлыг хариуцагч С.Б-өөс гаргуулан нэхэмжлэгч “Р СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.111.911 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-өөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 2.515.068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.111.911 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 153.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 55.191 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.СЭМЖИД