Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00219 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн ат холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1266 шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Б” ХХК-аас 2 424 943 130 төгрөг гаргуулж Монгол улсын Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу 48 дугаар байрны 1401, 1402 тоот 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 153 700 000 төгрөгөөр үнэлсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг манай компани 2 000 000 000 төгрөг байхаар үнийн санал өгсөн. Хотын А бүсд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн м.кв 4 000 000-5 000 000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг. Гэтэл үнэлгээчин зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Мөн тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ хэмжилт хийгээгүй. Хоёр орон сууцыг нийлүүлэн өөрчилснөөс хамаарч талбай хэмжээнд өөрчлөлт орсныг тооцоогүй байна.

Тус ажиллагаа нь хууль зөрчиж, журам баримтлаагүйгээс болоод хангалтгүй үнэлгээ гарсан. Мөн үнэлгээг хийхдээ гэрээ хэлцлийн үндсэн дээр хийхээр тусгасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр шинжээчийг томилсон нь гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 1 153 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Б” ХХК-аас 2 378 420 948 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 1401, 1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70, 71 дүгээр байрны 299.1 м.кв, 230.9 м.кв, 280 м.кв, 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж,

мөн MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийг алт баяжуулах скубберийн хамт шилжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн.

Манай байгууллагаас нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа шаардахад биелүүлээгүй. Иймд төлбөр төлөгч “Б” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу 48 дугаар байрны 1401, 1402 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураасан.

Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хуулийн дагуу шинжээч томилсон. Дээрх шинжээчийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр талуудад үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн ат холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нь ямар гэрээний үндсэн дээр хөрөнгө үнэлгээний компанитай гэрээ байгуулан үнэлүүлсэн талаар нэхэмжлэгчийн зүгээс шаардсаар байхад хүсэлтийг шаардлагагүй гэж дүгнэсэн.

Учир нь үнэлгээний компани нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зарласан шалгаруулалтад оролцон гэрээ байгуулсан гэж хөрөнгийн үнэлгээчин шүүх хурал дээр хэлсээр байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг үл тоож зөвхөн эрх бүхий байгууллагын хүсэлтээр гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс шинжээчээс “хэмжилтийн тусгай зөвшөөрөл байгаа юу” гэж асуухад “тийм зөвшөөрөл байхгүй” гэсэн бөгөөд “Нийслэлийн атай ямар шалгуурын үндсэн дээр гэрээ байгуулан ажилладаг талаар” асуухад “газрын даргатай гэрээ байгуулан ажилладаг” гэж хэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн хэлээд байгаа нэхэмжлэгч нотлоогүй, гомдол гаргаагүй гэх үндэслэлүүд нь өөрөө эх сурвалж тодорхойгүй байхад мөн гэрчийн мэдүүлгээр буюу хөрөнгө үнэлсэн үнэлгээчин өөрөө хэмжилтийн тусгай зөвшөөрөл байхгүй, гэрээ байхгүй гэж хэлсээр байхад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу албан ёсны гэрээг гаргуулан хэрэгт хавсарган үнэлэх байгууллагын стандарт, дагаж мөрдөх журам зэргийг хэр зэрэг үнэн зөв дагаж мөрдөж үнэлгээ хийснээс эхлэн дараа дараагийн шаардлага гомдол, нотлох баримт зэрэг үйл явдал хэрэгжих байсан.

Эх сурвалж байхгүй байхад бидний зүгээс дараа дараагийн тайлбар хийх шаардлага алга гэж шүүх хурал дээр тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Нийслэлийн ат холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1266 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Б” ХХК-аас 2 378 420 948 төгрөг гаргуулж, “Монгол улсын Хөгжлийн банк” ХХК-д олгохоор, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004092, Ү-2208004093, Ү-2208004097, Ү-2208004098 дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70, 71 дүгээр байранд байрлах, тус бүр 299.1 мкв, 230.9 мкв, 280 мкв, 135 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнүүд,

мөн MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийн хамт, алт баяжуулах скрубберын хамт шилжүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /33, 90-104/

 

Хариуцагч байгууллага төлбөр төлөх хугацаатай мэдэгдлүүд төлбөр төлөгчид өгч, улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Содхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280484/02 тоот тогтоолоор хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 38, 43/

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч “Б” ХХК, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Содхүү нарт үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалданд оруулах үнийн санал ирүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 185/05 тоот албан бичгээр мэдэгджээ. Уг албан бичигт үнийн санал ирүүлэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэж тогтоосон байна. Төлбөр төлөгч “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Содхүү нь тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь зөв болжээ.

Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлээс дүгнэвэл төлбөр төлөгч байгууллагаас үнийн саналаа 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон албан бичгийг [email protected] гэх цахим хаягаар шийдвэр гүйцэтгэгчид 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн байна. Энэ нь төлбөр төлөгчийг тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлсэн гэж дүгнэхгүй юм. /хх48/

 

Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1 153 700 000 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/25157 тоот албан бичгийг хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур, хэт багаар үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгөнд хэмжилт хийгээгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт орсныг тооцоогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч 1401, 1402 тоот 2 орон сууцыг нэгтгэснээр талбайн хэмжээ нэмэгдсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь 1401, 1402 тоот 2 орон сууц нийлээд 525 м.кв гэж тодорхойлж үнэлгээ гаргасан нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсантай нийцжээ.

 

Түүнчлэн “Мөнх-Оргил трейд” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг явуулдаг болох нь Улсын бүртгэлийн 9011106018 тоот гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй болох нь Сангийн сайдын 2017 оны 07 дугаар тушаалаар олгосон 07120004 тоот тусгай зөвшөөрлөөр нотлогдож байх тул тус компанийг шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэж дүгнэнэ. Харин уг компанитай Нийслэлийн а хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх нь шинжээчийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00219 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА