Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00933

 

Болоршүр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00219 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 686 дугаар магадлалтай,

Болоршүр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 1266 шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019.01.08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Болоршүр ХХК-аас 2,424,943,130 төгрөг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн VI хороо, бага тойруу 48 дугаар байрны 1401, 1402 тоот 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,153,700,000 төгрөгөөр үнэлсэн талаар 2019.11.12-ны өдөр мэдэгдсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг манай компани 2,000,000,000 төгрөг байхаар үнийн санал өгсөн. Хотын А бүсэд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн м.кв 4,000,000-5,000,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг. Гэтэл үнэлгээчин зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Мөн тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ хэмжилт хийгээгүй. Хоёр орон сууцыг нийлүүлэн өөрчилснөөс хамаарч талбай хэмжээнд өөрчлөлт орсныг тооцоогүй байна. Тус ажиллагаа нь хууль зөрчиж, журам баримтлаагүйгээс болоод хангалтгүй үнэлгээ гарсан. Мөн үнэлгээг хийхдээ гэрээ хэлцлийн үндсэн дээр хийхээр тусгасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр шинжээчийг томилсон нь тодорхойгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 1,153,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарт: Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019.01.08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Болоршүр ХХК-аас 2,378,420,948 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 1401, 1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Багануур дүүргийн I хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70, 71 дүгээр байрны 299.1 м.кв, 230.9 м.кв, 280 м.кв, 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, мөн MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийг алт баяжуулах скубберийн хамт шилжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн. Манай байгууллагаас нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа шаардахад биелүүлээгүй. Иймд Болоршүр ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн VI хороо, бага тойруу 48 дугаар байрны 1401, 1402 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.06.04-ний өдөр битүүмжилж, 2019.10.10-ны өдөр хураасан. Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хуулийн дагуу шинжээч томилсон. Дээрх шинжээчийн үнэлгээг 2019.11.09-ний өдөр талуудад үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00219 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Болоршүр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 686 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 00219 дугаар шийдвэр, 2020.03.25-ны өдрийн 686 дугаар Давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр ямар гэрээний үндсэн дээр хөрөнгө үнэлгээний компанитай гэрээ байгуулан үнэлүүлсэн талаар нэхэмжлэгчийн зүгээс шаардсаар байхад уг хүсэлтийг шаардлагагүй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэхдээ гэрээ байгуулагдсан эсэх нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэжээ. Харин гомдол гаргагчийн зүгээс гэрээг өөрийн хамаарал бүхий этгээдээр хийлгэсэн эсэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 8.1.1-д заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэдэг асуудлаар хөндөх байсан гэж тайлбар гаргасаар байна. Энэ хууль чухал биш бид шалгуулж болохгүй шүүх ашиглахгүй юм бол урдаас энэ бол хамаарал бүхий биш гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Үнэлгээний компани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зарласан шалгаруулалтад оролцон гэрээ байгуулсан гэж хөрөнгө үнэлгээчин шүүх хурал дээр хэлсээр байхад гэрээ өөрөө ямар үүрэгтэйг үл тоож шийдвэр, магадлал гаргаж байгаад харамсаж байна. Шүүх хуралд шинжээчээс асуухдаа Хэмжилтийн тусгай зөвшөөрөл байгаа юу гэхэд тийм зөвшөөрөл байхгүй гэсэн. Харин анхан болон давж заалдах шатны шүүх үзэхдээ үнэлгээний тусгай зөвшөөрөл гэж андуурч байна. Бидний зүгээс үнэлгээний тусгай зөвшөөрөл бус тус байрыг үнэлэхдээ буулгасан хана тааз орон зайн хувьд эргэлзээг арилгах үүднээс хэмжилтийг заавал хийх үүрэгтэй гэж үзэж байгаа. /Шинжилгээний тухай хууль/ Учир нь м.кв бүрээр үнэ гаргаж байж буулгасан хана хэдэн м.кв нэмж байгааг тооцолгүй үнэлж байгаа нь сул метр квадратыг тус үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан хэн нэгэн этгээдэд давуу тал олгож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө эх сурвалж тодорхойгүй байхад мөн гэрчийн мэдүүлгээр буюу хөрөнгө үнэлсэн үнэлгээчин өөрөө хэмжилтийн тусгай зөвшөөрөл байхгүй, гэрээ байхгүй гэж хэлсээр байхад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу албан ёсны гэрээг гаргуулан хэрэгт хавсарган үнэлэх байгууллагын стандарт, дагаж мөрдөх журам зэргийг үнэн зөв дагаж мөрдөж үнэлгээг хийсэн эсэхээс хамаарч дараа дараагийн шаардлага гомдол, нотлох баримт зэрэг үйл явдал хэрэгжих байсан. Эх сурвалж байхгүй байхад бидний зүгээс дараа дараагийн тайлбар хийх шаардлага алга гэж шүүх хурал дээр тайлбарласан. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 00219 дугаар шийдвэр, 2020.03.25-ны өдрийн 686 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Болоршүр ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй, гомдол гаргах хуульд заасан хугацаа нь өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагчид холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Болоршүр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1266 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Болоршүр ХХК-аас 2,378,420,948 төгрөг гаргуулж, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004092, Ү-2208004093, Ү-2208004097, Ү-2208004098 дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн I хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70, 71 дүгээр байранд байрлах, тус бүр 299.1 м.кв, 230.9 м.кв, 280 м.кв, 135 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнүүд, мөн MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох баримт бичгийн хамт, алт баяжуулах скрубберын хамт шилжүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллага 2019.04.04-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Төлбөр төлөх хугацаатай мэдэгдлүүдийг хариуцагчаас төлбөр төлөгчид  хүргүүлсэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Содхүүгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Болоршүр ХХК, барьцааны зүйлийн өмчлөгч Ц.Содхүү нарт үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2019.10.11-ний өдрийн 185/05 тоот албан бичгээр мэдэгдсэн, төлбөр төлөгч нь хөрөнгийг 2,520,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, улмаар 2019.10.29-ний өдрийн тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, шинжээч томилсон ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 1,153,700,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээний тухай 2019.11.08-ны өдрийн 4/25157 тоот албан бичгийг хариуцагч нь төлбөр төлөгчид 2019.11.11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд харин гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь шинжээч Мөнх-Оргил трейд ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур, хэт багаар үнэлсэн, хэмжилт хийгээгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт орсныг тооцоогүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй буюу 2 орон сууцыг нэгтгэснээр талбайн хэмжээ нэмэгдсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдагдсан 525 м.кв хэмжээгээр тооцон үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийн буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймээс ...метр квадрат бүрээр үнэ гаргаж байж буулгасан хана хэдэн метр квадрат нэмж байгааг тооцолгүй үнэлж байгаа нь сул метр квадратыг тус үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан хэн нэгэн этгээдэд давуу тал олгож байна... гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т ...үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг  шинжээчээр үнэлүүлэх-ээр зохицуулсан, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2019.10.29-ний өдрийн тогтоолоор шинжээчийг томилсон байх тул ...шинжээч ямар гэрээний үндсэн дээр үнэлгээг хийсэн нь тодорхойгүй, хууль зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй юм.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг авах эрхтэй гэж зааснаар шинжээчээр томилсон хуулийн этгээдийн талаар мэдээлэл авах эрхийг хариуцагч байгууллага зөрчсөн гэсэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв хэдий ч хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй, үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой заагаагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 686 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,153,700,000 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Болоршүр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД