Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 123/ШШ2023/0041

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж, Ж.Тамир

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал нарын хоорондын өмчийн газрыг Газрын мэдээллийн санд бүртгүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, хариуцагч М.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж шүүхэд анх “*******ийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны  07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, *******ийн өмчлөлийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргад хандан “өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн бүртгүүлэх” хүсэлт гаргахад, хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот албан бичгээр “******* нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж, Б.Тамир нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ Поошигт торлогтын 1 гудамж, 1 тоот хаягтай, Улсын бүртгэлийн Г-1426004444 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 4116036251 дугаартай 5000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Уг газрыг 2017 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд  авсан бөгөөд тухайн үед, 2012, 2022 оны үед газрын кадастрын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг ямар нэгэн асуудалгүй байсан байна. Өмчийн газраа газрын кадастрын мэдээллийг цахим сангаас харах гэтэл “Мэдээлэл байхгүй байна” буюу мэдээлэл нь устсан байна. ... ******* нь кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж өгнө үү” хэмээн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/275 тоот “******* нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн. Төв аймгийн Засаг даргад 2022 оны 08 сарын 19-ний өдөр гомдол гаргасан, 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр “Анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй гэж” хэмээн мэдэгдсэн. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 5.5.3, 15 дугаар зүйлийн 15.3..., 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн архив нь аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны агентлагийн эрх хэмжээтэй ажиллаж, тухайн орон нутгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиг үүргийг хэрэгжүүлж, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах архивын баримтыг төвлөрүүлж байнга хадгална.” хэмээн заасан Баянчандмань сумын засаг дарга нь өөрт хамаарал бүхий архивын мэдээллийг иргэнээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. .... Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаар бүхий газрын гэрчилгээ олгосон Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг гаргуулж, газрын кадастрын нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга болон Газрын даамал нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль дээр тухайн холбогдох, газар өмчлөх эрх олгосон захирамж, үүнтэй холбоотой бусад дагалдах баримт бичиг сумын байгууллагын архивд хадгалагддаг байтал өөрт байх ёстой баримтыг Засаг даргын зүгээс иргэдээс шаардаж байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай  хуульд зааснаар тухайн өргөдөл, гомдлыг авч шийдвэрлэх эрх бүхий этгээд нь тухайн этгээдээс тайлбар авах, холбогдох бусад байгууллагаас баримт нотолгоо гаргах, ажиллагаа явуулах байтал хариуцагчийн зүгээс ямар нэгэн ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Анхны газар өмчлөх эрх олгосон захирамж нь захирамж гаргасан этгээдэд өөрт нь хадгалагдаж байх ёстой. Энэ бол хуулиар олгосон үүрэг. Иргэнээс заавал гаргуулах, иргэн хадгалах үүргийг хуулиар хүлээгээгүй. Үүнтэй холбоотой нэг асуудал хөндөгдөнө. Эхлээд маргаан газрын кадастртай холбоотой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрх нь хөндөгдөөд байдаг. Анхнаасаа захирамж байхгүй учир бид нар хүчин төгөлдөр захирамжаар олгосон гэж үзэх үндэслэл байхгүй, илт хууль бус гэж хэлдэг. Гэтэл үүнээс өмчлөгчийн газар өмчлөх эрх нь хөндөгдөнө. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баталгаажсан газар өмчлөх эрх нь хөндөгдөх гээд байна. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс тухайн байхгүй байгаа захирамжийг нөхөж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын хүрээнд улсын бүртгэлийн байгууллага болоод хот байгуулалтын газраас ирсэн баримтаар ******* нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжаар нэгж талбар бүхий газрыг өмчилж авсан байна гэдэг захирамж нь хавсралтын хамт ирсэн. Сум дээр байхгүй баримт нь аймаг дээр байгаа юм байна. Аймгаас ирсэн баримтыг үндэслээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий акт болдог. Хариуцагчийн зүгээс программд бүртгэгдсэн хойно нь засвар оруулсан. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эрх хэмжээнд олгогдоогүй эрхийн хүрээнд цаг хугацааг дуусгавар болгож хаасан. Ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр. Ямар нэгэн зөрчил тогтоогдоогүй. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах 13 дугаар зүйлд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг хатуу хориглоно. Гэтэл нэгэнт шинэ мэдээллийн системд бүртгэгдээд орсон бүртгэл байгууллагын зүгээс Засаг даргын шийдвэргүйгээр эсхүл бусад эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Төрийн байгууллага өөрөө хууль дээдлэх үндсэн том зарчмаа дагаж мөрдөх ёстой. Хуулиар олгогдоогүй асуудлаар өөрсдөө дур мэдэн шийдвэр гаргаад явдаг. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 37.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасан. Өөр төрийн байгууллагад А360 дугаартай захирамж байна. Нэхэмжлэгчийн шаардлагын үндсэн дээр эрх ашиг нь  хөндөгдөөд байгаа хүнд тэр 2 төрийн байгууллагаас ирсэн тэр баримтын үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх ашиг эергээр нөлөөлөөд байна. Хариуцагчид байхгүй баримтыг нөхөж гаргуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан. Тухайлбал, захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эергээр өөрчлөгдсөн бол тухайн захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх тухай заасан. Хууль тогтоогчийн зүгээс ямар арга хэрэгслээр дахин гаргасан нь хамаагүй. Заавал нөхөж гаргуулах нэр томьёоны хувьд ямар байх нь хамаагүй. Эерэг нөлөөлсөн эерэг нөлөөлөл бүхий акт бол тэрийг нөхөн гаргуулах ажиллагаа хийж болно гээд заасан. Нөхөж гаргуулах нэр томьёоны хувьд асуудал үүсэхгүй гэж ойлгож байна. Гуравдугаарт, хариуцагчид үүрэг байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Аль нэг байгууллагын тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү гэх хүнтэй холбоотой тэр хүний хариуцлагатай холбоотой талаар маргадаггүй. Гэхдээ гэм буруу дээр нь маргадаг. Тухайн үед иргэдээс ирүүлсэн өргөдлийг авч хадгалаад, бүртгээд Засаг даргад танилцуулаад захирамж гаргасан эсэх талаар Д.Гэрэлхүүгийн тухайн үйл ажиллагаанд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хийж байгаа ажилтай холбоотой учраас төрийн албан хаагч Д.Гэрэлхүү түүнд хяналт тавих этгээд нь өөрөө Засаг дарга байсан. Төрийн албан хаагч иргэдээс ирсэн газар өмчлөх өргөдлийг аваад ямар нэгэн байдлаар байхгүй болгох, алга болгох, захиргааны байгууллага өөрсдөө байхгүй болгосон хохирлыг төр буюу тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна гээд заагаад өгсөн байдаг. Захиргааны байгууллага буруутай этгээдээс төрд учирсан хохирлыг нэхэмжлэх хариуцлага тооцох механизм байгаа. Үүний дагуу эрх ашиг нь хөндөгдөөд газар өмчлөх эрх нь хөндөгдөж, газрын кадастрын мэдээллийн системд кадастрын бүртгэл нь байхгүй болж байгаа иргэний хохирлыг, зөрчигдсөн эрхийг төр сэргээх, төр хариуцах үүрэгтэй. Хэн нэгэн Д.Гэрэлхүүгээс болсон гээд хариуцагчаар татах боломжгүй. Тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага бол хариуцах ёстой. Эх сурвалжаа зааж өгөөгүй гэж байна. Тухайн үед газар өмчлөх өргөдлөө өгч байсан хүн нь өөрөө хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Бид нар тухайн үед газрын даамалд өгч байсан гэж хэлсэн. Төрийн байгууллагын итгэл хамгаалах зарчим байгаа. Ийм байдлаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байгаа. Нэхэмжлэгчид эрх олгосон, давуу байдал болгосон ийм эерэг нөлөөлөл бүхий акт байгаа учраас энэ эерэг нөлөөлөл бүхий актыг нөхөж гаргуулах, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх нь хөндөгдөж болзошгүй кадастрын бүртгэлийг бүртгэхгүй байгаа талаар энэ зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр захиргааны байгууллагад акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. *******ийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа буюу захиргааны акт гаргахаас татгалзсан Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий газрыг өмчилж авсан байдаг. Тухайн үед захирамж гарч, захирамжийн хуулга, бүх баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад өгсний үндсэн дээр хууль ёсны дагуу өмчлөх эрх нь үүссэн. Энэ өмчлөх эрхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга түүний Тамгын газрын газрын даамлын зүгээс энэ эрхийг хязгаарласан үйл баримт байгаа. Үндэслэл нь юу вэ гэхээр 360 дугаартай захирамж архивд байхгүй учраас систем дээр оруулах боломжгүй гэж ярьж байна. Эдгээр асуудлын хүрээнд систем дээр шинээр бүртгэх тухай асуудал биш. Хуучин мэдээллийн системд дээр байсан бүртгэлтэй мэдээллийг шинэ мэдээллийн систем дээр хуулж тавих асуудал байгаа. Шинээр бүртгэх тухай, бүртгэхгүй байх тухай асуудал яригдах ёсгүй. Хоёрдугаарт, 360 дугаартай захирамж сумын архивд байх ёстой. Сумын архивд үзлэг хийхээр 360 дугаартай захирамж байдаггүй. Үзлэгээр юу тогтоогдсон бэ гэхээр сумын архив дээр 360 дугаартай захирамж газар өмчлүүлэхээр гарсан. Тэр баримтын товьёг болон баталгааны хуудас дээр захирамжийн хуудасны тоо оруулж дугаарлагдсан, товьёг дээр нь байж байгаа. Газар өмчлүүлэх тухай гээд. Ганцхан захирамж байхгүй асуудал үүсчхээд байна. Захиргааны байгууллага өөрт байх ёстой баримтаа алга болгочхоод ямар ч хариуцлага хүлээхгүй, тэрний хариуцлагыг хэн хүлээж байна вэ гэхээр газар өмчилж авсан иргэн буюу хууль ёсны дагуу хандаад, эрхээ баталгаажуулаад авсан хүн хохирох нөхцөл байдал үүсээд байна. Хариуцагчийн зүгээс Д.Гэрэлхүү гэх хүн хууль бусаар захирамж гаргасан байж магадгүй гэх төсөөлөл, тайлбар явдаг. Үүнийг тогтоосон байгууллага байхгүй. Шинжээчийн дүгнэлт, хэрэг шийдвэрлэгдээд гэм буруутай этгээдийг тогтоосон зүйл байхгүй. Прокурорын тогтоол дээр гэм буруутай гээд тогтоосон гэж иш татаж яриад байдаг. Гэхдээ гэм буруутай болохыг тогтоодог байгууллага шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэх зарчим байгаа. Эрүүгийн хуульд заасан ерөнхий зарчим байгаа. Прокурорын тогтоол хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шалгалтын ажиллагаа явуулж болохгүй. Шалгалтын ажил явуулахгүй бол нотлох баримт бүрдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Нотлох баримт бүрдээгүй байхад гэм буруутайд тооцож, тэрүүгээр татгалзаж, 360 дугаартай захирамжийг байхгүй, хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Гэрэлхүүг буруутай гэж байна. Тухайн үед газрын даамал, Засаг дарга солигдсон байх. Захиргааны хуульд заасан зарчмын хүрээнд төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас гарч байгаа үр дагаврыг төрийн байгууллага өөрөө хариуцах ёстой. Энэ зарчим байгаа. Энэ зарчмын хүрээнд үнэхээр тэр хүн гэм буруутай нь тогтоогдоод, үр дагаврыг төр хариуцаад тэр дээр хохирол амссан бол Д.Гэрэлхүүтэй холбогдуулаад гомдол, шаардлагаа гаргаад явах боломж байгаа. Гуравдугаарт, өмчлөл, бүртгэлтэй холбоотой асуудлыг Газрын даамал болон Засаг дарга нар шийдвэрлэнэ. Шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан ямар нэгэн ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан болсон үйл баримтыг бодит байдлыг тогтоох, шаардлагатай шийдвэр гаргах үйл ажиллагаанд сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулах, баримтыг цуглуулах зэрэг нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах үйл ажиллагаа огт яваагүй. Хүний эрх, иргэний эрхийг зөрчиж байна. Ямар үндэслэл байгаа юм бэ, төрийн байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр үйл ажиллагаа гарч байх ёстой. Иргэнд газар өмчлүүлэх, тэрний хүсэлтийг бүртгэх журмыг яриад байдаг. Тэр нь энэ харилцаанд үйлчлэх журам биш. Энэ харилцаанд ямар журам үйлчлэх вэ гэхээр 2020 оны А181 тушаалаар батлагдсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем ажиллуулах журам байгаа. Үүний дагуу мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт, тэр системийг ажиллуулах журам энэ журмаараа явагдах ёстой. Гэтэл огт хамааралгүй анх өргөдөл өгч байгаа иргэний бүртгэлийг хүлээж аваад, захирамжийг гаргаад, төслийг хянаж гаргах, тэр мэдээллийг хэрхэн оруулах журмаа барьж татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэл биш. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнээд үзвэл нэгдүгээрт, ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй, хоёрдугаарт, шийдвэр гаргах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй, гуравдугаарт, татгалзаад байгаа тэр үндэслэл болж байгаа захирамж нь байхгүй, хуурамчаар гарсан гэдгийг тогтоосон зүйл огт байхгүй байхад төсөөллөөрөө ярьж байгаагаар хууль бус байсан, хуурамчаар үйлдсэн гэдэг зүйлийг яриад үндэслэлгүйгээр татгалзаад байна. Танайд байхгүй бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан ганц баримт байна. Улсын бүртгэлээс ирчихсэн байна. Тэрийгээр нөхөн бүрдүүлэлт хийгээд баримт бичгээ бүрэн бүтэн болгох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.3. Хариуцагч, Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн өмчилсөн гэх сумын 3-р баг, Поошигт торлогтийн 1-р гудамжны 1 тоот хаягт улсын бүртгэлийн гэрчилгээтэй нэгж талбарын дугаартай газрыг шалгаж үзэхэд *******д газар өмчлүүлсэн сумын Засаг даргын шийдвэр, хувийн хэрэг Тамгын газрын архивд байхгүй... гэжээ.

2.4. Хариуцагч, Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот албан бичиг хууль бус биш. Яагаад гэвэл кадастрыг бүртгүүлэх хүсэлтдээ ямар нэгэн дагалдах бичгийг өгөөгүй. Зөвхөн бүртгэж өгөөч гэсэн агуулгыг тавьсан. Мэдээж захиргааны байгууллага үүнийг судалж үзсэн. Архивд тухайн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчилсөн эрхтэй холбоотой захирамж, хувийн хэрэг огт байхгүй байсан. Энэ асуудлыг байхгүй учраас боломжгүй байна гэх хариу өгсөн. Шаардлагаа нэмэгдүүлээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулна гэсэн. Татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд захиргааны актын нэмэлт зохицуулалт байгаа гэсэн, энд хамаарахгүй, мөн 50 дугаар зүйлд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх тухай заасантай огт уялдахгүй байна. А360 дугаартай захирамж Захиргааны ерөнхий хуульд заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн юм уу эсхүл биш юм уу, үнэхээр ийм акт гарсан юм уу, гараагүй юм уу. Гэтэл нэхэмжлэгч тал улсын бүртгэлд бүртгэхдээ өгсөн тэр канондсон захирамжийг хуулийн дагуу гарсан захирамж гэдэг. Энэ захирамж өөрөө хуулийн дагуу гарсан, гараагүй гэх асуудлуудыг ямар ч нотлох баримт байхгүй яриад байна гэж ойлгож байна. Тухайлбал, үзлэг хийсэн. А360 дугаартай захирамж эх хувиараа хаана ч байхгүй. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргал гэх хүн Захиргааны шүүхэд би ийм захирамж огт гаргаагүй, би 5000 м.кв-аар ийм олон хүнд газар олгоогүй,  захирамжийн хавсралтад би ерөөсөө гарын үсэг зурдаггүй байсан гэх мэдүүлгийг өгсөн. Дараа нь Д.Гэрэлхүү мэдүүлэг өгсөн, мэдүүлэг янз янзаар байгаа. Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан түүний мэдүүлгүүд болон өөрийнх нь шүүхэд өгсөн мэдүүлгүүдэд байгаа. Би 10 орчим захирамжийг хуурамчаар үйлдсэн, канондсон, эх захирамжаас нь гарын үсэгтэй тамгатай хэсгийг нь хуулбарлаж аваад канондож гаргаж өгөөд тухайн хүмүүст өгөөд явуулдаг гэсэн, мөн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байгаа. Тус газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчийн газрыг 0.07 м.кв-аар олгохоор тусгагдсан. Гэтэл энэ захирамжаар 15 иргэнд 5000 м.кв-аар олгохоор тусгасан. Шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Ц.Энхжаргал би 5000 м.к-аар газар олгоогүй, олгох эрх ч байгаагүй гэж хэлдэг. Энэ үндэслэлүүдээр А360 дугаартай захирамж эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан талаар эргэлзээтэй. Ийм нөхцөл байдал үүсэж байна. Ямар ямар нотлох баримтууд бүрдүүлж өгсөн юм бэ. Ямар хугацаанд өгсөн юм бэ. н.Бат-Үнэн гэх хүн аав нь ******* миний хүү тухайн үед насанд хүрээгүй байсан. Баг, хорооны тодорхойлолтууд, кадастрын зураг гэх мэт баримт өгсөн. Хувийн хэрэгт огт байдаггүй. хэзээ, хаана, хэнд өгсөн талаар асуухаар газрын даамалд өгсөн гэдэг. Гэтэл иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд хүсэлтийг Засаг даргад өгнө гэж заасан. Мөн бүртгэлийн материалуудыг үзэхээр өгсөн материал байдаггүй. Хуулийн дагуу авсан эсэх асуудлаа өөрөө нотолж чадахгүй, эх сурвалжаа зааж чаддаггүй. Энэ бүх нөхцөл байдлаас үүдээд А360 дугаартай захирамж нь өөрөө эерэг нөлөөлөл бүхий захирамж гарсан байх боломж байхгүй байгаад байна. Олгосон шийдвэрийг үндэслээд улсын бүртгэл гэрчилгээ олгож баталгаажуулах хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл энэ шийдвэр нь өөрөө асуудалтай шийдвэр болоод явдаг. Үүнийг нэхэмжлэгч тал сайн мэдэж байгаа. Үзлэгээр бүгдээрээ очиж үзсэн. Хаана ч байгаагүй. Энэ захирамж хаанаас гарсан талаар асуудал үүснэ. Газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй, хуулийн дагуу өгөөгүй. Мөн Д.Гэрэлхүү гэх хүнийг цагдаагийн байгууллага шалгасан, би өөрөө компьютерт үйлдээд, хэвлээд иргэдэд өгөөд явуулдаг байсан гэх мэдүүлгүүд нь байгаа. Хуурамчаар үйлдсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тэрийг заавал гэм буруу тогтоох гэхээс илүүтэй тэр хүн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм фактууд байна. Үүнээс ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл гарч байна. А360 дугаартай захирамж нь гараагүй нөхцөл байдал үүсэж байна. Гарсан талаар аль аль тал мэтгэлцээд нотлох эрх, үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нотолж чаддаггүй, хариуцагч тал гараагүй гэдгийг бүх нотлох баримтуудаар нотлоод гаргаж өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

2.5. Хариуцагч, Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяа шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэж, газрын даамал газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл хийдэг учраас ямар нэгэн Засаг даргын газар өмчлүүлсэн захирамж, шийдвэр сумын архивд огт байхгүй, ийм захирамж гарсан нь тодорхойгүй байгаа учраас газрын кадастрын мэдээллийн санд зөрчилтэй бүртгэл, мэдээллийг оруулахгүй байх үүргээ биелүүлж, энэ нэгж талбарын цаг хугацааг дуусган түр хугацаагаар хаасан. Тухайн үед Засаг даргаад ажиллаж байсан Ц.Энхжаргал ийм захирамж гаргаагүй гэдэг мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1.1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж, нэмэгдүүлэн “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны  07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, *******ийн өмчлөлийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” хэмээн тодорхойлсон тул шүүхээс энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

1.2. Хариуцагч, Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нар “*******ийн газар өмчлөх шийдвэр гаргасан захирамжийг ирүүлээгүй учир шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн, сумын газрын даамлаар ажиллаж байсан н.Гэрэлхүү нь хууль бусаар бусдад газар өмчлүүлж эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдсэн, хавсралтыг нь засаж өөрчилсөн асуудал нь  хуулийн байгууллагад шалгагдсан, н.Гэрэлхүүгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэм буруутай гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан...2017 оны А/360 дугаар захирамж сумын архивд байхгүй, тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир Газрын мэдээллийн санд тухайн нэг талбарын цаг хугацааг хаасан, газрыг мэдээллийн санд бүртгэл боломжгүй” гэж маргасан байна.

Хоёр. Маргааны үйл баримтууд:

2.1. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжаар газар өмчилж авах хүсэлтээ ирүүлсэн 10 иргэнд нийт 5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтаар 7 дугаарт Бат-Үнэний Алтангэрэлд Поошигт нэртэй газарт 5000 мкв газар өмчлүүлэх гэж заасан, тухайн захирамж Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт хадгалагдсан.

2.2. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Жаргалсайхан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036251 дугаарт, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын 1-р гудамжны 1 тоотод хаягт байршилтай 5000 мкв газрыг иргэн *******ийн нэр дээр бүртгэсэн.

2.3. Төв аймгийн Улсын бүртгэлийн газар нь *******ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Үнэн, А.Золжаргалын 2018 оны 02 дугаар сарын 08-ны гаргасан мэдүүлэг, Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамж, нэгж талбарын 4116036251 дугаартай газрын кадастрын зураг зэрэг баримтуудыг үндэслэн *******д өмчлүүлсэн гэх, Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын 1-р гудамжны 1 тоотод хаягт байршилтай 5000 мкв газрыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004444 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518977 дугаартай гэрчилгээг *******д олгосон зэрэг нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.4.  Гэрч, Бат-Үнэн шүүхэд “2017, 2018 онд Баянчандмань сумын захиргаа руу орж хүмүүсээс газар яаж өмчлөх талаар асуусан. Дараа нь газрын даамалтай уулзаад  замтай ойр газар авах гэж байгааг хэлээд би бичиг баримтаа бүрдүүлсэн, баримтаа газрын даамалд өгсөн, хамгийн анх *******, Б.Хасчулуун 2 хүүхдийнхээ өмчийн газрыг авахаар ирж байсан. Хүсэлтийг шийдвэрлээд захирамж, хавсралт өгөөд эндэх ажил болсон аймаг руу яв гэсэн, аймгаас кадастр аваад үл хөдлөх рүү очоод газрын даамлаас авсан баримтуудаа үл хөдлөхөд өгсөн. Үл хөдлөхийн гэрчилгээ гарсан, дараа нь тэр орчимд газар худалдаж авах зар харж байгаад Б.Мөнхчулуунтай уулзаж, газар худалдаж авсан... гэсэн мэдүүлэг өгсөн,

2.5. Тус шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архив, газрын даамлын бичиг баримтад хийсэн үзлэгээр, сумын Засаг даргын 2017 оны захирамжийн эх хувийн товьёгт “2017.12.22 өдрийн А/360 “Газар өмчлүүлэх-0 гэж тэмдэглэсэн, захирамжийн эх хувийг үдэж хавтасласан, 228-р хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 22 өдрийн А/359 дугаар захирамж хавсралтын хамт, 230-р хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 361 дугаартай захирамжийг хавсаргасан, харин 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамж, хавсралт зэргийг хавсаргаагүй, 2017 оны Засаг даргын захирамжийн дугаарын бүртгэлд “ХII/22, А/360, газар өмчлүүлэх,  хуудасны тоо 2” гэж бичсэн. 2017 оны газар өмчилсөн иргэдийн хувийн хэрэгт шүүж үзэхэд *******д газар өмчлүүлсэн гэх хувийн хэрэг байхгүй. Өргөдлийн бүртгэлийн дэвтэрт *******ийн нэрийг шүүж үзэхэд 2016 оны өргөдлийн бүртгэлийн 518 дугаарт 2016.06.13, ******* хаяг эрдэнэ баг, өмчлөл хуудасны тоо 2 гэж бичсэн, хэнд газар өмчлүүлэх талаар бичээгүй, 2017 оны өргөдлийн бүртгэлд ******* нэрээр өргөдөл бүртгэгдээгүй, мөн маргаан бүхий газар дээр ямар нэг хөдлөх болох үл хөдлөх хөрөнгө байршуулаагүй, газрыг ашиглаагүй байсан зэрэг нь тогтоогдсон, 

2.6. Баянчандмань сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-хэсэгт Эрдэнэ баг, Поошигт байршилд 332 иргэнд 23,24 га газрыг  өмчлүүлэхээр тусгасан нь 1 иргэнд 700 мөв газрыг /332х700мкв=232,400 мкв буюу 1га=10,000 мкв, 232,400:10,000=23,24 га/ газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн,

2.7. гэрч, Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү шүүхэд “...Захирамжийн нүүр хэсгийг сольдоггүй, хуулбарладаг. Компьютер дээр захирамжийн хавсралт нь эксел программд байдаг, тэр хавсралтын нэрийг солиод бичдэг, захирамжийн нүүрний тамгыг сканердаж компьютерт оруулаад захирамжийн хавсралт дээр нь хэвлэдэг байсан” гэсэн мэдүүлэг өгсөн,

2.8. Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолуудаар Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяа, иргэн Ж.Цэрэнбалжир нараас ирүүлсэн гомдол мэдээллээр 193400368, 193400425 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ...Д.Гэрэлхүү нь тус сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг хуурамчаар үйлдэж, бусдад газар олгосон болох нь тогтоогдож байх боловч...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр тухайн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөн М.Алтантуяагийн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн,

2.9. Төв аймгийн Улсын бүртгэлд хадгалагдаж буй, Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж дээр сумын Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан, мөн тухайн захирамжийн хавсралт дээр сумын Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан, харин тус сумын Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаж буй захирамжийн эх хувь дахь захирамжууд, тодруулбал, 2017 оны 12 дугаар сарын 22 өдрийн А/359 дугаар захирамжийн хавсралт дээр Засаг даргын тамга дарсан, харин хавсралт дээр нь тамга дарсан, Засаг дарга гарын үсэг зураагүй байгаа зэрэг баримтуудаар маргаан бүхий газрыг *******д өмчлүүлсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг Баянчандмань сумын Засаг дарга батлан гаргаагүй, харин тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү нь урьд нь гарсан Засаг даргын захирамжийн хавсралтыг өөрчлөн *******ийн нэр, газрын байршил, хэмжээ зэргийг оруулж хэвлэсэн, хариуцагчаас тухайн захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан, мөн *******ээс газар өмчлөхөөр гаргасан гэх өргөдөл Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаагүй, түүний 2017 онд гаргасан гэх өргөдөл 2017 оны өргөдлийн бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг нь тогтоогдож байна.

2.10. Нэхэмжлэгч *******д өмчлүүлсэн гэх газрыг Газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036251 дугаарт бүртгэсэн байсан бөгөөд тухайн бүртгэлийг Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяа “цаг хугацаа дууссан” гэх үндэслэлээр хаасан нь газрын мэдээллийн санд шүүхээс хийсэн үзлэг, мөн М.Алтантуяагийн “мэдээллийн санд тухайн нэгж талбарыг цаг хугацаа дууссан гэж хаасан” гэсэн тайлбараар нотлогдож байна.

2.11. Дээрх нөхцөл байдлууд, нотлох баримтуудаар, *******д газар өмчлүүлсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийн хавсралтын 7 дахь хэсгийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараах эрхтэй: 19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заасан журмаар батлан гаргаагүй, маргаан бүхий газар тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй нь тогтоогдож байх тул *******д  нэгж талбарын 4116036251 дугаар бүхий 5000 мөв газрыг өмчлөх эрх хуульд заасан журмаар олгогдоогүй, тодруулбал ******* нь тухайн газрыг өмчлөх эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймээс, *******ийн өмчилсөн гэх нэгж талбарын 4116036251 дугаар бүхий газрын бүртгэлийг Газрын мэдээллийн санд цаг хугацаа дууссан үндэслэлээр хаасан газрын даамлын үйлдэл Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.4 дэх хэсэгт сумын газрын даамал, дараах эрх хэмжээтэй байна: 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “*******ийн өмчлөлийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг газрын даамалд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.12. Нэхэмжлэгчээс 2022 оны 06  дугаар сарын 20-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргад хандан гаргасан “...Өмчийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж өгнө үү” тухай хүсэлтэд тус сумын Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот албан бичгээр “******* нь газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариу өгсөн, түүний ийнхүү албан бичгээр өгсөн хариуг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэхэмжлэгчийн өмчийн газрын бүртгэлийг сэргээж бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. *******д газар өмчлүүлсэн гэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамж тус сумын Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаагүй нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцжээ. Иймээс хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоох, улмаар түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.13. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно” гэж, 38.3-т “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна.” гэж, энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно” гэж тус тус заасан, хууль тогтоогчоос ийнхүү захиргааны актад нэмэлт зохицуулалт хийх, мөн тухайн захиргааны актыг дахих гаргах ажиллагааг явуулахдаа урьд нь хуульд заасан журмаар гарсан захиргааны актад нэмэлт хийх, мөн тухайн захиргааны актыг дахин гаргахыг захиргааны байгууллагад зөвшөөрч, түүнийг хэрэгжүүлэх тохиолдлыг тодорхойлон зааж журамласан байна.

 Харин, хуулийн дээр дурдсан зүйлүүдэд захиргааны байгууллагаас хууль бусаар гаргасан, тодруулбал захиргааны акт батлан гаргах эрх бүхий этгээд баталгаажуулж гаргаагүй актыг дахин гаргах талаар заагаагүй байна. Үүнээс гадна, Захиргааны  ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.” хэмээн зааж, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас иргэний зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, хохирлыг барагдуулах талаар журамлан зохицуулсан байна.

2.14. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаар, нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  А360 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь хэсгээр *******д газар өмчлүүлсэн хэсэгт нэмэлт зохицуулалт хийх, мөн тухайн захиргааны актыг дахин гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “*******д 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, *******ийн өмчлөлийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. Гэж заасан, нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дахин 70200 төгрөг төлсөн байх тул урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.4, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны  07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, *******ийн өмчлөлийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, *******д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН