Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 123/ШШ2023/0042

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, ******* нар,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга, газрын даамал нар,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: *******, ******* нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 тоот захирамжуудыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагатай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийтунгалаг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  Нэхэмжлэгч *******, ******* нараас Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамалд холбогдуулан “*******, ******* нарын эзэмшлийн тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах“-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Бие даасан шаардлага: Гуравдагч этгээд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Эрдэнэ сумын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 тоот захирамжуудыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

3.1. Ннэхэмжлэгч *******, ******* нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 05 сарын 27-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг Даргын 186 тоот захирамжаар Бат-Очирын Дамбийд 5 га газрыг гэрчилгээ 0193400, 18695309130341 тоотоор олгогдсон. Энэ 5 га газрыг 2016 оны 06 сарын 24-ний өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын А/431 тоот захирамжаар 2500 га газрыг төрсөн дүү *******эд шилжүүлсэн ба ******* 2.5 га, ******* 2.5 га газрыг албан ёсоор Төв аймгийн Газрын Алба, Эрдэнэ сумын Газрын Албанд кадастрын 2022 оны 04 сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын даамал, Эрдэнэ сумын Засаг дарга дээр 2016 оны 06 сарын 24-ний Төв аймгийн Эрдэнэ сумын захирамж Батсүхийн 18695309161245 тоот газрын гэрчилгээ, Бат-Очирын Дамбийгийн 18695309129436 тоот газрын гэрчилгээтэй хамт авч очиход Ландменер программд бүртгүүлэхээр очиход Засаг дарга, Газрын даамал нар "манай архивд байхгүй, бид мэдэхгүй" гэсэн хариулт өгсөн. Манайхыг газар эзэмшихэд Горхи тэрэлжийн газар гэж байгаагүй, хэн ч энэ талаар хэлж байгаагүй. Манайх газар дээрээ хашаа барьж эзэмшиж байсан, манай хашааг хүмүүс буулгаад нураачихсан байдаг. Бид 2016 оноос 2021 оныг дуустал тогтмол газрын төлбөрийг төлж байсан ба газрын даамалтай байнга холбоотой байлаа. Иймд бидний газрыг Ланд менежер программ-д бүртгүүлж үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна   гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэ сумын Засаг даргын 186 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байдаг. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээ гээд харилцан тохиролцсон бүхий л үүргийг шударгаар биелүүлж ирсэн. Төлбөрөө төлсөн. Ямар нэгэн асуудал байхгүй. Гэтэл энэ цаг хугацаанд Монгол улс Газрын тухай хууль тогтоомж, газрын нэгдсэн систем бүртгэлд өөрчлөлт орсонтой холбоотойгоор газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх систем өөрөө шинэчлэгдсэн. Систем шинэчлэгдэхээр хуучин системд байсан, шинэ системд байхгүй болсон байсан. Бүртгэгдээгүй. Бүртгэгдээгүй баримтаа шинэ системд бүртгэгдээгүй байна бүртгүүлье гээд асуудлыг гаргаж тавьсан. Боломжгүй гэх тайлбарыг хэлдэг. Ланд менежер программд бүртгүүлэх гээд очихоор Засаг дарга болон Газрын даамал нар манай архивд байхгүй, мэдэхгүй гэх тайлбар хэлдэг. Энэ тайлбар хожим захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөний улмаас гуравдагч этгээд, өөр хариуцагч нар орж ирсэн. Энэ газар нэгдүгээрт, Эрдэнэ сумын Засаг дарга газар олгох боломжгүй гэх асуудал яригдсан. Учир нь хилийн цэсийн маргаантай. Хилийн цэсийн маргаан хэзээ эхэлсэн юм бэ. Ямар үндэслэл, ямар эрх зүйн баримт бичгийн хүрээнд үүссэн гэх асуудлыг хариуцагч, гуравдагч этгээд нар ойлгохгүй байгаа. Яагаад гэхээр хилийн цэсийн маргаантай байх хугацаанд эхлэл цэг нь хилийн цэсийн маргаан, хилийн цэсийн маргаантай явж байх хугацаанд гэнэт Эрдэнэ сумын Засаг дарга газар олгосон мэт яриад байна. Гэтэл газар эзэмших эрх буюу эхлэл цэг нь 2008 оноос хойш эхлээд байгаа талаар гуравдагч этгээд нар ойлгох хэрэгтэй. Татгалзлууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш үйл явдал. Захиргааны үйл ажиллагаа хууль дээдлэх зарчим буюу хуульд үндэслэгдэх ёстой. Одоогийн байдлаар энэ хуулийн энэ зүйл заалт дээр ингээд бичсэн учраас таны бүртгэлийг шинэ систем дээр хийх боломжгүй байна гэх тайлбар огт байхгүй. Геодези зураг зүйн газрын албан бичиг ирсэн учраас таныг бүртгэхгүй гэдэг. Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын шийдвэр гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулах ёстой. Хэрвээ Геодези зураг зүйн газраас бичиг ирвэл эсхүл ямар нэгэн шалтгаанаар ингэвэл оруулахгүй гэсэн нөхцөл ямар ч хуулийн зүйл заалтад байхгүй. Хариуцагчийн татгалзаад байгаа татгалзал хуульд үндэслэгдээгүй байгаа учраас хариуцагчийн татгалзал хууль бус байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийн санд бүртгэхийг даалгаж өгнө үү.

Бие даасан шаардлагатай холбогдуулан тайлбараа хэлье. Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол буюу газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай тогтоол гарсан учраас энэ талаар бүртгэх боломжгүй гэж яриад байна. Гэтэл энэ тогтоолыг 2 дугаар зүйл нь нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Байгаль орчин Аялал жуулчлалын сайд, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нарт даалгасугай гэж байгаа. Үүний 2.2-т газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр, холбогдох мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн сан тусгах болон улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэх ажлыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан гүйцэтгэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө олгогдсон шийдвэрийн улмаас бүх мэдээллүүдийг бүртгэлдүүлэх, бүртгэлцүүлэхдээ шинэ систем ашиглалтад оруулаад байгаа Ланд менежерээр дамжуулаад хийх тухай. Түүнээс өмнө гаргасан бүртгэлийг шилжүүлэхдээ бүртгэхгүй гэх ойлголт байхгүй. Гуравдагч этгээд нар газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг ойлгохгүй байна. Манай эрхэд халдсан гэж яригдаж байна. Гэтэл 2013 оны Засгийн газрын тогтоолоор Нагалынхны байгалийн цогцолборт газрыг шинээр үүсгэн байгуулсан. 2008 онд энэ хүмүүс газар эзэмших эрхтэй болчхоод байна. Гэрээгээ байгуулаад баталгаажуулсан. Төлбөрөө төлсөн. Кадастрын зураг хуучин системд бүртгэлтэй байсан. Одоо нэгдсэн системд орсон байгаа зүйлийг төрийн байгууллага та нар хоорондоо учраа ол гэх агуулга яригдах болохоос биш иргэний дуудсанаа танай газар өөр захиргаанд шилжсэн учраас хүчингүй болгоно гэх ойлголт байхгүй. Тийм ч учраас 2008 оноос хүчин төгөлдөр байгаа эзэмших эрхийн гэрчилгээ, захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Хариуцагчийн тайлбарт сонин зүйл дурдагдаж байна. 2017 оноос шинэ системд бүртгэж шинэ системийн дагуу явж байгаа гэх. Гэтэл 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 186 дугаартай захирамжаар эзэмших эрхтэй болсон. Хүсэлт гаргасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А341 тоот захирамжаар хуучин байсан буюу 2008 онд бүтэн байсан газраа 2  тэнцүү хуваагаад 2.5, 2.5 га газар болгосон. Дээшээ, доошоо, хажуу тийшээ өөрчлөгдөөгүй. Нэмж талбай аваагүй. Өөрчлөгдөөгүй. Яагаад он сарыг давтаж хэлж байна вэ гэхээр 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гарсан. Газрын тухай хуульд зааснаар шийдвэр гарснаас ажлын 15 хоногийн дотор бүртгэлдүүлнэ гэж байгаа. 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажлын 14 хоног гэхээр 07 дугаар сарын дундуур болно. Бүртгэлдүүлсэн байдаг. 2017 онд нөгөө бүртгэлийн систем хэрвээ нэгж талбар болгон шинэ систем дээрээ дахиад л А систем дээр байсан бол Б гэх Ланд менежер системд орохдоо түүгээрээ орох ёстой. Яагаад энэ хүмүүсийн бүртгэлийг хасаад байгаа юм бэ. Тийм учраас хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй, бие даасан шаардлага нь тодорхойгүй байгаа учраас бие даасан шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

 3.3. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийтунгалаг шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131-р зарлигийн 1-р хавсралтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг, 2 дугаар хавсралтаар Төв аймгийн Эрдэнэ зэрэг сумдын хилийн цэсийг тогтоосон.Нийслэлийн хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 1996оны 24 дүгээр тогтоолоор шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, манай аймгийн дээрх сумдын хилийн цэсийн хүчингүй болгосон. Монгол Улсын Их Хурал 1998 оны "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 42 дугаар тогтоолыг батлан гаргахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралт болох Эрдэнэ зэрэг сумдын хилийн цэс сэргэсэн. Ингээд Улаанбаатар хотын Налайх дүүргийн хилийн цэс Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24-р тогтоолоор, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар тус тус хүчин төгөлдөр болж 54118,5 га газар нутгийн давхцал, маргаан үүссэн. 2017 онд улсын хэмжээнд газрын кадастрын шинэчилсэн сан Ланд менежер программ хангамжийг нэвтрүүлсэн, тус системд улсын хэмжээний аймаг, сумын хилийн цэс болон багийн хилийн заагийг тэмдэглэсэн байдаг бөгөөд системд Улаанбаатарын хотын Налайх дүүргийн хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор баталсны дагуу оруулсан тул Эрдэнэ сумаас тус маргаантай бүсэд мэдээллийн санд нэгж талбар бүртгэх боломжгүй болсон. Иймд Монгол Улсын Их Хурлаар хилийн цэсийг шинэчлэн баталж, шийдвэрлэх хүртэл дээрх иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, газрын даамал бүртгэхгүй байгаа биш бүртгэх боломжгүй байгаа.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Эрдэнэ сумын Засаг дарга тайлбараа бичгээр өгсөн, тайлбарыг нь дэмжиж байна, Сумын Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу иргэдэд газар эзэмшүүлж захирамж гаргасан... гэжээ.

3.4. Гуравдагч этгээд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн тайлбар, бие даасан шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******, ******* нарын нэхэмжлэлд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 186 тоот захирамжаар Б. Дамбийд 5 га газар олгосон, мөн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/431 тоот захирамжаар 2.5 га газрыг төрсөн дүү Б. Батсүхэд шилжүүлсэн иргэн *******, ******* нарын "Туул голын цаад талд бургасны чөлөөнд байрлах тус бүр 2.5 га газрыг Газрын Кадастрын мэргэжлийн сангийн Ланд менежер программд бүртгэхгүй байгаа Эрдэнэ сумын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотын Налай дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905,5 га газар хамрагддаг. УИХ-ын 1993 оны 83-р тогтоол, Засгийн газрын 1994 оны 9-р тогтоолоор Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг, УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор Нагалынхны байгалийн нөөц газрыг байгуулж улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд авсан. Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 259-р тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/213 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулагдаж, Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905,5 га газар хариуцан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2006 оноос эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжөө, хаваржаа, жимс, жимсгэнэ тариалах, гэр бүлийн хэрэгцээ, үйлчилгээ, аялал жуулчлал, хадлангийн зориулалтаар тус тус иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан "Иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", 35 дугаар зүйлийн 35 2 дах хэсэгт заасан “Хамгаалалтын захиргаа буюу засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна", 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргын саналыг үндэслэн гаргана" гэж заасан байдаг. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга хуульд заасан иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авах хамгаалалтын захиргааны чиг үүрэгт халдаж, хууль зөрчиж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захирамж гаргаж газар олголт хийсэн байдаг. Энэхүү илт хууль бус захирамж гаргахгүй байх, гаргасан захирамжуудаа хүчингүй болгох талаар хамгаалалтын захиргаанаас удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Засгийн газрын "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолоор газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр, холбогдох бусад мэдээллийг газрын кадастрын бүртгэлийн цахим систем бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын мэдээллийн санг Улсын нэгдсэн газар ашиглалтын мэдээллийн сантай /Лүнд Менежер/ программд холбох ажил хийгдсэн. Иймээс Тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар олгогдсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд тусгах, оруулах боломжгүй болсон. Хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Засаг даргад 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 22/686 дугаар албан бичгээр Эрдэнэ сумын Засаг даргын гаргасан илт хууль бус захирамжуудыг хүчингүй болгуулахаар хандсан. Төв аймгийн Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1708 дугаар албан бичгээр хариу өгсөн, албан тоотод Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтуудыг үндэслэн сумын Засаг даргатай хамтран газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн газрыг хууль тогтоомжид нийцүүлэн хамтран шийдвэрлэж ажиллахыг хүсэж, тус бичгийн хувийг Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаярт илгээсэн байна. Дээрх албан тоотод Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дурдсан атлаа тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг орхигдуулсан, хууль зөрчсөн шийдвэр гаргуулах талаар дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/431 тоот захирамжуудыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. Хариуцагчаас шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 тоот захирамжийг архиваасаа гаргаж энэ захирамжаар газар эзэмшүүлсэн гэж тайлбарласан учраас бие даасан шаардлагаа Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 тоот захирамжуудыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор тодруулж байна гэжээ.

3.5. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Улсын хэмжээнд газрын кадастрын Ланд менежер программыг 2017 онд нэвтрүүлсэн. Хилийн маргаантай бүс болон Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нэгж талбар бүртгэх эрх зүйн харилцаатай холбоотой шийдвэр гаргах боломжгүй болгож хаасан... бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3.6. Гуравдагч этгээд, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох 54 мянган га газар нутаг багтдаг. Барилга хот байгуулалтын яамнаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 3/2464 тоот албан бичгээр Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг  эрх бүхий байгууллагаас эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд буюу тодорхойгүй хугацаагаар хаасан ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 186 тоот захирамж, 2016 оны А/431 тоот захирамжаар *******, ******* нар тус бүр 2.5 га газрыг эзэмшиж, ашиглаж, газрын төлбөрийг төлж байгаа, бидний газрыг Газрын  мэдээллийн шин санд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус“ хэмээн тодорхойлсон.

            1.2 Хариуцагч, Эрдэнэ сумын газрын даамлаас “*******, ******* нарын 2 нэгж талбартай газар нь Эрдэнэ сум Налайх дүүргийн маргаантай бүс нутагт хамаарах тул Ланд менежер программ буюу газрын нэгдсэн сангийн системд бүртгэх боломжгүй..” хэмээн тайлбар гарган маргасан.

            Хоёр. 2.1. Гуравдагч этгээд “Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”-нас тус шүүхэд “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох“ тухай бие даасан шаардлага гаргасан.

2.2. Эрдэнэ сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Монгол улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу иргэдэд газар эзэмшүүлсэн, ...гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” хэмээн тайлбарлан маргасан байна.

Гурав. Маргааны үйл баримтуудыг авч үзвэл:

3.1. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:

3.1.1.Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь иргэн *******гийн газар эзэмших тухай хүсэлтийг хүлээн авч, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаар захирамжаар тус сумын 1-р баг, Туул голын бургасанд байршилтай 5 га газрыг  мод үржүүлэг, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар *******д эзэмшүүлсэн.

3.1.2. Хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжаар *******гийн эзэмшлийн 5 га газраас 2,5 га газрыг нь *******эд шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Тус сумын газар даамал нь 2016 оны  07 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нарт тус бүр 2,5 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 000632799, 000632798 дугаартай гэрчилгээг олгож, газрын кадастрын мэдээллийн хуучин сан болох CCLIS санд нэгж талбарын 18695309129436, 18695309131245 дугаарт тус тус бүртгэсэн. Нэхэмжлэгч нараас Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/431 дүгээр захирамжаар газар эзэмшсэн хэмээн тайлбарласан, харин Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын архивт *******, б.Батсүх нарт газар эзэмшүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн захирамжийн дугаарыг засварлан А/432 гэж дугаарласан захирамж хадгалагдсан байх тул нэхэмжлэгч нарт тухайн өдөр А/432 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.

3.1.3. Нэхэмжлэгч нар газраа эзэмшиж, 2016 оноос 2022 онуудад газрын төлбөрт нийт 240,000 төгрөг төлсөн байна.

3.1.4. Нэхэмжлэгч нарын эзэмшиж буй тус бүр 2,5 га газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газартай давхцалтай байгаа нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/1188 дугаартай “нэгж талбарын 18695309129436, 18695309131245 дугаартай газрууд нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газартай бүрэн давхцалтай байна” гэсэн лавлагаа, зураглалаар тогтоогдож байна.

4.1. Төв аймгийн Эрдэнэ сум, Нийслэлийн Налайх дүүргийн хилийн цэсийн маргаантай бүс нутагт хамаарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрыг Газрын мэдээллийн санд бүртгээгүй үйл  баримтын тухайд:

4.1.1. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг, 2 дугаар хавсралтаар Төв аймгийн Эрдэнэ... сумдын хилийн цэсийг тогтоосон. Харин, Нийслэлийн хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор шинэчлэн батлахдаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Их Хурлаас 1998 онд "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 42 дугаар тогтоолыг батлан гаргаж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Нийслэлийн Налайх дүүргийн хилийн цэс Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар тус тус хүчин төгөлдөр болж 54118,5 га газар нутгийн давхцал, маргаан үүссэн.

4.1.2. Нэхэмжлэгч нарын эзэмшиж буй тус бүр 2,5 га газар нь Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргаантай 54118,5 га газарт байршиж буй нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “нэгж талбарын 18695309129436, 18695309131245 дугаартай газрууд нь Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргаантай газартай давхцалтай байна” гэсэн 07/1188 дугаартай албан бичиг, түүний хавсралт зураглал зэргээр тогтоогдсон.

4.1.3. Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг  эрх бүхий байгууллагаас эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хилийн цэсийн маргаан бүхий 54118,5 га газарт аль нэг засаг захиргааны нэгжээс шийдвэр гаргахгүй байх, газрын кадастрын Ланд менежер программд бүртгэх хийхгүй, түр хаасан болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/534 тоот албан бичгээр[1] нотлогдож байна.

4.1.4. Нэхэмжлэгч нарын эзэмшиж буй тус бүр 2,5 га газар нь хилийн цэсийн маргаантай газарт байрлаж буй бөгөөд, эрх бүхий бүхий байгууллагаас тухайн бүс нутагт байршилтай газрыг Газрын мэдээллийн шинэ сан болох Ланд менежер программд бүртгэл хийхийг түр хугацаагаар хаасны улмаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрыг газрын мэдээллийн шинэ санд бүртгээгүй газрын даамлын эс үйлдэхүйг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна: 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх” гэж тус тус заасан үүргээ гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Иймээс, нэхэмжлэгч нарын *******, ******* нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.1. Гуравдагч этгээдийн “улсын тусгай хамгаалалтай газар нутагт газар эзэмшүүлсэн Эрдэнэ сумын Засаг даргын захирамж илт хууль бус” гэх бие даасан шаардлага болон үйл баримтын тухайд:

5.1.1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна: 16.1.1.улсын тусгай хамгаалалттай газар” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараах байдлаар ангилна: 1/ дархан цаазат газар, 2/ байгалийн цогцолборт газар, 3/ байгалийн нөөц газар, 4/ дурсгалт газар” гэж тус тус заасан.

 5.1.2. Монгол Улсын Их хурлын 1993 оны 11  дүгээр сарын 12-ны өдрийн Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай тогтоолоор Туул голын эх, Хэнтийн нурууны өвөр хэсгийг хамарсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт зөвшөөрч, улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрсөн газрын хилийн зааг, тэдгээрийн хамгаалалтын горимыг батлахыг Засгийн газарт даалгасан, Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

5.1.3. Хэрэгт авагдсан баримтуудаар, Эрдэнэ сумын Засаг дарга нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай давхцуулан *******, ******* нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 07/1048 дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын  2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18534 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

5.1.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.

Мөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасан.

5.1.5. Хуулийн дээр дурдсан заалтуудаар, Тусгай хамгаалалттай газар нутагт байршилтай газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх хэмжээг Эрдэнэ сумын Засаг даргад олгоогүй, харин Газрын тухай хуульд заасан журмаар тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрхийг олгосон байна.

Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбортой давхцуулан, *******д 5 га газар эзэмшүүлсэн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаар захирамж болон *******, ******* нарт тус бүр 2,5 га газар эзэмшүүлсэн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаартай захирамжуудыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд эдгээр захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. Иймд, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

6. Тухайн маргааны улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар авч үзвэл:

6.1. Нэхэмжлэгч ******* нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргасныг хариуцагчаас хүлээн авч, хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн түүнд маргаан бүхий 5 га газрыг эзэмшүүлж, тухайн газраас 2.5 га газрыг *******эд шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд /хуучин санд/ бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгч нар энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.3.1-т заасны дагуу газрыг зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглан, газрын төлбөрийг төлж үүргээ биелүүлж байсан нь нотлогдсон.

6.2. Хариуцагчаас болон Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 2008 оноос 2022 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нарыг тухайн газрыг эзэмших эрхгүй гэх үндэслэлээр маргаагүй, газар чөлөөлөх тухай мэдэгдэл, шаардлага өгөөгүй, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамжийг өөрчлөх хүчингүй болгох шийдвэрийг хариуцагчаас гаргаж байгаагүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул тухайн захиргааны маргааны улмаас нэхэмжлэгч нарын тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

 

 

 

 

6.3. Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Энэ хуулийн 42.2-т зааснаар Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, мөн нэхэмжлэгч нар энэ тухай хүсэлтээ хариуцагчид гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт энэ тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.14, 106.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4,3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас Эрдэнэ сумын газрын даамалд холбогдуулан гаргасан “*******, ******* нарын тус бүр 2.5 га газрыг Газрын кадастрын Ланд менежер программд бүртгэхгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргааны бие даасан шаардлагыг хангаж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/430 дугаар захирамжийг тус тус  илт хууль бус болохыг тогтоосугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.1, 35.3.3, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, ******* нар нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй эзэмшлийн газраа нөхөх олговортойгоор солих хүсэлтээ Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ОДСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 72-79 дэх талд,