Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0784

 

 Р.Ц-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Ц-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг баримтлан Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай “Р.Ц-ийг төрийн албанаас чөлөөлөх ... тухай” тушаалыг хүчингүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Р.Цийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2426752 / Хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговорыг Р.Ц-т олгохыг Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Ж.Бат-Өлзий/-т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Р.Ц нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баримтлан дагаж мөрдөх ёстой. 

Гэтэл нэхэмжлэгч нь уг дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4-д заасан “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэснийг, 5.2.1-д заасан “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах” гэснийг зөрчиж байгууллагын удирдах алба тушаалтанд өөрийгөө албан тушаал нэмэгдүүлэхийг шаардах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар хэрэглэхийг уриалсан /төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэх, газрын даргадаа би хэлтсийн дарга болмоор байна гэж шаардсан зэрэг/ тус тус зөрчсөн байна.

Дээрхээс гадна цалин хөлс нэмэгдүүлэх хүсэлт гаргах эрхтэй ч тэрээр хүсэлт бус шаардлага гаргаж байгаа нь албан хаагчийн ёс зүйг тодорхойлж үнэлэлт өгч байгаа хэрэг юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн зөрчсөн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “Сахилгын шийтгэл” хүлээлгэх үндэслэл болж байна. Р.Цт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулах талаар арга хэмжээг удаа дараа авсан. 

Ингээд Боловсрол соёл урлагын газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр өөр ажлын байр санал болгосон. Өөрөө хүсвэл санал болгосон ажлыг хийж болох байсан, ямар нэг дарамт шахалт энд байгаагүй бөгөөд Боловсрол соёл урлагын газрын даргатай харилцан ярилцаж 20 дугаар цэцэрлэг, Насан боловсролын төвд нягтлан бодогчоор ажиллахаар болсон байсан. 

Тэгээд энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Б/25 дугаар тушаал гарсан. Шүүхийн шийдвэрт “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөхдөө түүнийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсныг тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаар төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гарсан, эсхүл төрийн албан хаагч энэ үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байх зэргийг ойлгох нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхөөс өмнө төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллуулж болох тухай агуулга харагдаж байна. Захиргааны албан тушаал хашиж байхад давхар үйлчилгээний албан хаагчаар ажиллах тухай шийдвэр гаргаж болохоор ойлгогдож байна. 

Гэтэл энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг зөрчиж байна.

Нэхэмжлэгч өөрөө 20-р цэцэрлэг, Насан туршийн боловсролын төвд нягтлан бодогчоор ажиллах хүсэлтээ илэрхийлж Ингээд Боловсрол соёл урлагын газрын даргатай зөвшилцсөн байсан. Энэ тухай тэмдэглэлд дурдсан байгаа. Үүнийг үндэслэн Б/25 тушаал гарсан. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан үндэслэл юм. 

Ингээд 20-р цэцэрлэг, Насан туршийн боловсролын төвд ажиллахаар тохиролцож Б/25 дугаар тушаал гарсны дараа Р.Ц нь өөрөө дээрх байгууллагад ажиллаж чадахгүй би Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллана гэж төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаснаар одоог хүртэл ажилгүй байгаа. Ингээд Боловсрол соёл урлагын газраас түүнийг ажлын байраар хангасан боловч өөрөө уг ажлыг хүлээн аваагүйг энд дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2017 оны 05 дугаар сарын 08-нд Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл гомдлыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 30 хоногоор сунгаж энэ тухай гомдол гаргагчид мэдэгдсэн байна. Харин сунгасан хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусах бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байхад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Анхан шатны шүүх нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг оруулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагчийн гомдолд “... нэхэмжлэгч Р.Ц нь ... Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, 5.2.1-д заасныг зөрчиж төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэх, албан тушаал ахиулах гэх мэт хууль бус шаардлага гаргасан нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон, шийтгэл ногдуулахаас өмнө өөрөө хүсэж нягтлан бодогчоор ажиллахаар болсон. Гэтэл шүүх төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөхдөө үйлчилгээний албан тушаалд ажиллах болсныг тогтоох шаардлагатай ... гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн 15.1.8-д “орон тооны албан тушаалыг давхар гүйцэтгэхийг хориглох” тухай заалтыг зөрчсөн гэжээ. 

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь төрийн захиргааны албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөхөөс өмнө үйлчилгээний албан тушаалыг хавсран ажиллах ёстой гэсэн агуулгагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д заасныг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Мөн Р.Ц нь сахилгын зөрчил гаргасан талаар хэрэгт баримт байхгүйгээс гадна үйлчилгээний албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан болох нь тогтоогдоогүй байх тул Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг буруу хэрэгжүүлсэн гэж үзэж, уг тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Р.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, тус салбар зөвлөлөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гомдол хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан гэж хэлсэн гэж нэхэмжлэлд дурдсантай холбоотой хариуцагчаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж давж заалдах гомдлоо гаргажээ. 

Төрийн албаны салбар зөвлөл нь сунгасан хугацааны дотор Р.Ц-ийн гомдлыг шийдвэрлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “... гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг  шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                    Ц.ЦОГТ 

ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                    С.МӨНХЖАРГАЛ