Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 301

 

Ө.Э-ны нэхэмжлэлтэй,

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх

Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн

хяналтын улсын ахлах байцаагч Д.С-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Х.Батсүрэн

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/13/85 дугаарын “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0307 дугаар магадлал,

Нэхэмжлэгч Ө.Э-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.8-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” 20-02/13/85 дугаарын актаар тогтоосон 1256175 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун далан таван төгрөгийн төлбөрийн хэмжээг 1206383 /нэг сая хоёр зуун зургаан мянга гурван зуун наян гурван/ төгрөг болгон багасгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0307 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ө.Э-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Би төрөөс тогтоосон цалин хөлсөө зохих журмын дагуу авч ажилладаг жирийн төрийн албан хаагч, өөрийнхөө цалинг өөрөө тогтоох эрх бүхий албан тушаалтан биш. Миний улсад ажилласан жилээ тодорхойлсон хүсэлтийг үндэслэн удаан жилийн нэмэгдэл олгосон гэж дүгнэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2015-2016 оны хяналт шалгалтаар энэхүү зөрчлийг илрүүлж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож буруутай үйл ажиллагааг таслан зогсоосон бол би хохирохгүй байсан.

4. Уг цалин хөлсийг буруу бодсон буруу шийдвэр гаргасан нэг ч албан тушаалтанд хариуцлага тооцоогүй, хяналт шалгалтыг хуулийн дагуу бүрэн гүйцэд хариуцлагатай хийж үндэслэлтэй шийдвэр гаргаагүй. Сумын Засаг даргын захирамжинд өөрчлөлт оруулаагүй байхад удаан жилийн нэмэгдлийг 5 хувь байх ёстой гэж цалингийн тооцоог буруу гарган намайг 2017 онд 12 сар хохироосонд гомдолтой байна.

5. Төрийн албан хаагчийн хувьд надад шалгалт хийж байгаа тухай нэг ч мэдэгдэх хуудас өгөөгүй надад амаар ч чамтай холбоотой асуудлыг шалгаж байна гэж хэлж мэдэгдээгүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн хуурамч баримт бүрдүүлэн хэргийн материалд хавсаргасан, шалгалтын тэмдэглэл танилцуулаагүй, Засаг даргад ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй зэрэг нь төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг олон хуулийг зөрчсөн байхад энэ хуулийн заалтуудыг давж заалдах шатны шүүх харгалзалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.                                    

6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9-д хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг шалгуулагч этгээдэд өгөх, 5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар улсын байцаагчийн санал хүсэлт, шалгуулагч этгээдийн санал хүсэлт шалгалтын тэмдэглэлд тусгагдсан байхаар хуульчилсан. Гэвч энэ талаар дурдсан зүйл байхгүй байгаа, 5.10 шалгуулагч этгээд шалгалтын  тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана гэж заасньг тус тус зөрчсөн. 10.9.8 хяналт шалгалтын  явцад  илэрсэн зөрчил дутагдлыг таслан  зогсоох түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох аж ахуйн албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах үүргээ биелүүлж сумын Засаг даргад үүрэг даалгавар өгч дутагдлыг засуулах арга хэмжээ аваагүй.

7. Төрийн албаны тухай хуулийн 4.2.1-д төрийн албаны гол зарчим нь захирах захирагдах ёс гэж хуульчилсан. 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна. 14.1.3-т цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажилпах нөхцөл баталгаагаа сайжруулах талаар санал тавих эрхтэй. 27.1.4-т албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх доромжлох, гүтгэх зэрэг үйлдэл үйл ажиллагаанаас тухайн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн 6айгууллагаар хамгаалуулах эрхтэй гэсэн заалтууд.

8. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засаг даргыг хуульд нийцүүлэн захирамж гаргах талаар хуульчилсан заалтууд тус тус зөрчигдсөн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулиудыг шийдвэр гаргахдаа удирдлага болголгүй иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд магадлалыг хуулийн дагуу хянаж буруутай албан тушаалтнуудад хамтад нь хариуцлага тооцуулах гомдол гаргаж байгааг хүлээн  авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

            9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.С-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/13/85 дугаар актаар “... төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд ... илүү авсан 1256175 төгрөгийг Ө.Э-аар төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгох”-оор шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцоогүй ... /атлаа/ төлбөрийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус, ... хяналт шалгалт хийхдээ холбогдох ... /журам/ зөрчсөн” гэж, хариуцагчаас “... акт хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ө.Э-ны төрийн албанд ажилласан хугацаа 21 жил хүрээгүй буюу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгох талаарх Монгол улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам”-д заасан шаардлага хангаагүй байхад Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар Ө.Э-д төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгохоор шийдвэрлэсэн, үүний дагуу Ө.Э-д уг “20 хувийн нэмэгдэл”-ийг 2016 он дуустал олгосон болох нь тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

12. Маргаан бүхий актаар “төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд илүү авсан /мөнгийг/ Ө.Э-аар төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “... /улсын ахлах байцаагч/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх... /эрхтэй/” гэж заасантай нийцсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Өөрөөр хэлбэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд илүү олгогдсон мөнгө нь нэхэмжлэгч Ө.Э-ны “хууль ёсоор” олсон орлого биш, энэ тохиолдолд, түүнийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгч Ө.Э Бугат сумын Засаг даргад хандан, " ... 23 жил ажилласан тул ажилласан хугацааны удаан жилийн нэмэгдэл олгоно уу" гэх хүсэлт гаргасан, хүсэлтийг үндэслэн Бугат сумын Засаг дарга нь ийнхүү төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг Ө.Э-д “илүү” олгосон байх тул “... төрийн албан хаагчийг ... хохироосон” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

            14. Түүнчлэн, анх улсын ахлах байцаагч Д.С-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20-02/59 дугаартай актаар “... илүү олгосон 1,749,205 төгрөгийг Ө.Э-аар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох, дутуу олгосон 865,181 төгрөгийг түүнд нөхөж олгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж” шийдвэрлэснийг Ө.Э эс зөвшөөрч, актыг хүчингүй болгуулахаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан, тус шүүхийн 2017 оны 30 дугаар шийдвэрээр “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн, үүний дагуу хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн маргаан бүхий 20-02/13/85 дугаар акт гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... надад шалгалт хийж байгаа тухай мэдэгдээгүй” гэх агуулгаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

            15. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0307 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Э-ны гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Э-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА