Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2023/0044

 

 

 

 

 

2023        11           20                                         123/ШШ2023/0044

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, сумын Газрын даамал нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд анх “******* миний эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрын эзэмших эрхийг сэргээх, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* миний эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Сүхдорж Овогтой Амарсанаа миний бие нь 2015 оны 12 сарын 22-ны өдрийн А/450 тоот захирамжаар Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ард 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших болсон юм. Уг газрыг эзэмших захирамж 2015 оны 12 сарын 22-нд гарсан боловч уг захирамжийг Төв аймгийн газар зохион байгуулах албаар баталгаажуулаад 2016 оны 04 сарын 26-нд газрын суурь үнэнд 1.920.000 төгрөг төлж газрын сүүлийн хагас жилийн хураамжид 360.000 төлсөн болно. Үүнээс хойш 2017, 2018, 2019 онуудад жил бүр 720,000 төгрөг төлсний гадна 2017 оны 8 дугаар сард 3 га газраа төмөр шонтой төмөр торон хашаагаар хашаажуулахад 13.920.000 төгрөг зарцуулж хашааны сахиулд 2017 оны сараас 2023 оны 5 сар хүртэл 6.900.000 төгрөг төлж уг газрыг авснаас хойш нийтдээ 31.260.000 төгрөгийн зардал гараад байна. ******* миний бие нь газрын суурь төлбөрийг болон бусад төлбөрийг 3,5 жил төлөөд, хажуу айлаасаа цахилгаанаа авах бэлтгэлээ хангаад байхад ашиг сонирхолдоо хөтлөгдөн хуучин Засаг дарга Н.Мөнхсайхан миний газар эзэмших эрхийг хүчингүй болголоо гэсэн гомдлыг Төв аймгийн шүүхэд 2022 оны 06 дугаар сард гаргасан боловч шүүх 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 123/ Ш32022/0217 тоот шийдвэрээр буцааж Төв аймгийн Засаг даргад хандахыг зөвлөсөн. Төв аймгийн газрын харилцаа хот байгуулалтын албанаас *******гийн Засаг даргад гаргасан өргөдөл гомдлыг хуулийн дагуу судалж үзээд дараах чиглэлийг хүргүүлж байна. Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжаар Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Баяндавааны ард 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд иргэн *******д Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Иргэн ******* нь Газрын суурь үнэ 2016 онд 1920000 төгрөг, газрын төлбөр 2016 онд 360000 төгрөг, 2017 онд 720.000 төгрөг, 2018 онд 720.000 төгрөг, 2019 онд 720.000 төгрөг төлсөн байна. Мөн иргэн өөрийн эзэмшлийн газартаа 13.900.000 төгрөгөөр төмөр шонтой торон хашаа барьсан байна. Уг захирамжийг хүчингүй болгох хэсэгт үндэслэсэн Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн 19-04-031/221 тоот албан шаардлагыг татан авч үзэхэд иргэн *******гийн 2015 оны А/450 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар хүчингүй болгохоор дурдаагүй бөгөөд Төв  аймгийн Аудитын газрын 2017 оны 09 сарын 04-0ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага нь байхгүй байгаа тул иргэний газрын хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж иргэнд албан бичгээр хариу өгнө үү гэжээ. Ийнхүү Төв аймгийн газрын албанаас Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаярт өгсөн албан бичиг нь С. Амарсанаагийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 тоот захирамжийн заалт нэг бүрийг тухайн үед мөрдөж байсан хууль журмын дагуу тайлбарлан иргэн *******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болохгүй гэдгийг Төв аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төв аймгийн газрын албанаас шалгаж тогтоосон зүйлээрээ хариу өгүүлэхээр 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 07/663 тоот албан бичгээр Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаярт чиглэл өгсөн боловч Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нэг жил шахам хугацаа өнгөрсний дараа буюу 2023 оны 06 сарын 08-ны өдөр 01/164 тоот хариундаа *******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон буюу Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийг иш татаж Төв аймгийн газрын албанаас шалгаж тогтоосон албан бичгийг үл ойшоосон хариу өгч байгааг аргаан барсан дээрээ удирдлагагүй хяналтгүй дураараа дургисан мэт хариу өглөө. Дээрх хариу өгөхийн өмнө утсаар шаардуулж байж албан бичгээр хариу өгнө гэсэн боловч өгөөгүй, бичгээр хариу өгөхгүй болохоор нь хариугаа шаардаж 3 удаа очиход дарга даамал хоёр бие бие руугаа ээлжлэн үзүүлж асуудлыг шийдэж өгөх маягтай дүр эсгэдэг боловч харин нь 3 дахь удаагийн очилтоор буюу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Засаг дарга А.Мөнгөнбаяр газрын даамалд газар эзэмших эрхээ сэргээх өргөдлөө өгөөрэй гэсэн нь дараа дахиад ирээрэй гэсэн үг байв. Ингээд дараагийн удаа ээлжит очилтоороо хариугаа авахаар очиход буюу 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 01/164 тоотоор хариу өгснийг хавсаргав. 2023 оны 07 сарын 04-нд өгсөн бүрдүүлбэрт: Төв аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг хавсаргав гэжээ.

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь ******* миний бие 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А450 тоот захирамжийг Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт Баяндавааны ард 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Уг газрыг эзэмшиж захирамж нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарсан боловч захирамжийг Төв аймгийн Газар зохион байгуулалтын албаар баталгаажуулаад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газрын суурь хөрөнгө 1.928.000 төгрөг төлж, газрын сүүлийн хагас жилийн хураамжид 360.000 төгрөгийг төлж гэрчилгээгээ авч байсан. Үүнээс хойш 2017, 2018, 2019 онд жил бүр 720.000 төгрөг төлөх ёстой төлбөрийг төлж байсан. 2017 оны 08 дугаар сард 3 га газарт төмөр шонтой, төмөр торон хашаагаар хашаажуулж 13.920.000 төгрөгийг зарцуулж, хашааны цохиур 2017 оны 08 дугаар сараас 2023 оны өдийг хүртэл 7.000.000 гаруй төгрөгийг хашааны сахиурт төлөөд явж байгаа. Нийт 32.000.000 гаруй төгрөг болж нэмэгдээд явж байгаа. Миний бие уг газрын суурь төлбөрийг 3.5 жил төлөөд 800 м урт бүхий 3 га газраа хашаажуулаад айлаас 3.80-ын тог авна гээд тохирчихоод бэлтгэлээ хангаад байж байсан. 2018 онд тэрийг мэдэгдээгүй. Надад огт мэдэгдээгүй. Би газар цуцалсан талаар газрын суурь төлбөрийг төлөх гээд Төв аймгийн Газрын алба дээр очиход мэдсэн. Түүнээс өмнө мэдээгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр газар цуцалсан талаар мэдсэн. Тэр үед энэ Газрын даамал болон Засаг дарга байгаагүй. Тэр үед яагаад манай газрыг цуцалсан талаар хүсэлтээ тавьсан. Манай газар хашаатай гэхэд баталгаажуулаад зургийг нь аваад ир тэгээд судлаад өгье гэж Засаг дарга болон Газрын даамал нь хэлж байсан. Тэгээд зургийг нь аваад маргааш нь очих хооронд Ковидын хамгийн анхны тохиолдол бүртгэгдээд дуусаад хөл хорио тогтоож байсан. Хөл хорио дуусаад 2022 онд Төв аймгийн Газрын алба дээр очиход одоогийн М.Өлзийтунгалаг гээд Газрын даамал н.Мөнхбаяр гээд Засаг дарга томилогдсон байсан. Тэгээд би юм танилцуулаад хэлэхэд тухайн үед маш их ачаалалтай байна. Хүмүүс газраа бүртгэж байна гээд бараг 2-3 өдөр явж байж ороход Засаг дарга болно гэж ярьж байснаа сүүлдээ Газрын даамал мэднэ гэж хэлсэн. Газрын даамал нь болохгүй гэж очих бүрт өөр өөр зүйл яриад шалтаг тавиад толгой эргүүлээд байдаг байсан. Тэгээд танай газар дээр хашаа байдаггүй гэж ярьдаг. Би очоод үзчих гэж хэлэхээр чадахгүй, миний ажил биш гэж хэлдэг гэв.

2.2. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн Ч.Амарсанаа нь сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн өдрийн А/450 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ард 3 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн бөгөөд дээрх газар нь Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагыг үндэслэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр буюу түүнээс жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болсон гэжээ.

2.3. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч сумын газрын даамал Б.Өлзийтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаартай захирамжаар газрыг тус сумын 1  дүгээр баг Баяндавааны ард аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг эзэмшээд, өөрийнх нь хэлснээр гэрээнд заасан үүргээ биелүүлээд явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон тул уг захирамжийг хүчингүй болгож, миний газрын эрхийг сэргээж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байдаг. Сумын Засаг даргын ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж үзэхэд ******* нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  450 дугаар захирамжаар уг зориулалттай газрыг эзэмшсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаартай захирамжаар хүчингүй болсон. Уг захирамж нь Төв аймгийн Аудитын газрын албан шаардлагыг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагад үндэслэн гарсан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдсан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг үндэслэж, энэ шалтгааны улмаас гарсан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх хүчингүй болсон байдаг. Газар эзэмшигч ******* нь 2020 онд газар эзэмших эрхийг хүчингүй болсныг мэдсэн байдаг. Тухайн үед суманд албан ёсоор бичгээр өргөдөл хүсэлт, хашаа хороо барьж, үйл ажиллагаа явуулж байсан, эрхийн гэрчилгээний эрхтэй холбоотой санал гомдол гаргасан материал, архив нэгж талбарын хувийн хэрэгт байдаггүй. Иргэн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сумын Засаг даргад газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг судалж үзээд 2023  оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0164 дүгээр хариу хүргүүлэх албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй байна гэх хариуг сумаас өгсөн байдаг. Мөн иргэний газар эзэмшсэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаартай захирамжаар иргэн уг газрыг Газрын хуульд зааснаар дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын аль нэг хэлбэрээр эзэмших ёстой. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаас бусад зориулалтаар. Иргэн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар ороогүй байдаг. Мөн 2020 онд газар эзэмших эрх сэргээлгэх хүсэлтээ үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тайлбар гаргаагүй байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үеийн шийдвэр гаргах үед үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй, тогтоогдох боломжгүй, газраа ашиглаагүй байсан учраас орон нутгаас эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй гэх хариуг өгсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хариу өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1.1. Нэхэмжлэгч ******* нь  шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж “******* миний эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсон тул шүүхээс энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

1.1. Нэхэмжлэгчээс Сүхдорж Овогтой Амарсанаа миний бие нь 2015 оны 12 сарын 22-ны өдрийн А/450 тоот захирамжаар Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян-давааны ард 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаа гаар эзэмших болсон юм. Уг газрыг эзэмших захирамж 2015 оны 12 сарын 22-нд гарсан боловч уг захирамжийг Төв аймгийн газар зохион байгуулах албаар баталгаажуулаад 2016 оны 04 сарын 26-нд газрын суурь үнэнд 1.920.000 төгрөг төлж газрын сүүлийн хагас жилийн хураамжид 360.000 төлсөн болно. Үүнээс хойш 2017, 2018, 2019 онуудад жил бүр 720,000 төгрөг төлсний гадна 2017 оны 8 дугаар сард 3 га газраа төмөр шонтой төмөр торон хашаагаар хашаажуулахад 13.920.000 төгрөг зарцуулж хашааны сахиулд 2017 оны сараас 2023 оны 5 сар хүртэл 6.900.000 төгрөг төлж уг газрыг авснаас хойш нийтдээ 31.260.000 төгрөгийн зардал гараад байна. ******* миний бие нь газрын суурь төлбөрийг болон бусад төлбөрийг 3,5 жил төлөөд, хажуу айлаасаа цахилгаанаа авах бэлтгэлээ хангасан байхад  2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иймд Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн иргэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж,

1.2. Хариуцагч, Эрдэнэ сумын Засаг дарга, газрын даамал нар “Иргэн Ч.Амарсанаа нь сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн өдрийн А/450 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ард 3 га газрыг ал, жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн бөгөөд дээрх газар нь Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагыг үндэслэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр буюу түүнээс жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болсон учраас орон нутгаас эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй гэх хариуг өгсөн” гэж тус тус маргасан байна.

Хоёр. Маргааны үйл баримтууд:

2.1. Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн өдрийн А/450 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ард нэгж талбарын 18692299002990 дугаар бүхий 3 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000632159 дугаартай гэрчилгээг сумын газрын даамал А.Цэцэгжаргал олгосон[1].

 

2.2. Нэхэмжлэгч нь Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжид холбогдуулан Төв аймгийн Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/663 дугаартай албан бичгээр “ ... Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага нь байхгүй байгаа тул иргэний газрын хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг судлан үзэж иргэний бичгээр хариу өгнө үү. Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр танаа” гэжээ.

 

Мөн нэхэмжлэгч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/164 дугаартай албан бичгээр “...Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагыг үндэслэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр буюу түүнээс жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болсон” гэсэн хариуг авсан байна[2].

2.3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян давааны ард аялал жуулчлалын зориулалтаар авсан 3 га газрыг авснаас хойш гарсан зардлын тооцоо. 1-т газрын төлбөр 2016-2019 онуудад дүн 4.440.000 төгрөг, 2-т хашааны  сахиулын хөлс (сар бүр) 2017-2022 онуудын дүн 5.700.000 төгрөг, төмөр шонтой төмөр торон хашаа  дүн 13.920.000 төгрөгөөр, 4 хүний ажлын хөлс  дүн 3.600.000 төгрөг, бусад материал 270.000 төгрөг, хашааны төмөр хаалга 2 ширхэг дүн 1.400.000 төгрөг, ажилчдын хоол тээврийн зардал дүн 730.000 төгрөг, бүгд дүн 30.060.000 төгрөг. Мөн хашааны сахиулд төлбөр төлсөн  гэж баримт болгон дансны хуулгуудыг хавсаргасан.[3]

2.4. Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.1.7 дахь заалтыг,  Төв  аймгийн Аудитын газрын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага, Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн 19-04-031/221 тоот албан шаардлагыг тус тус  үндэслэсэн байх бөгөөд хавсралтын 70 дугаарт Сүхдоржийн Амарсанаа, 3 га, аялал жуулчлал, Баяндавааны ард байршилтай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[4].

2.5. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 07/991 дугаар албан бичигт “1. Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны А/450 дугаар захирамжаар газар эзэмшигч иргэн Сүхдоржийн Амарсанаагийн 18692299002200 нэгж талбарын дугаартай 3 га газар нь CCLIS буюу хуучин мэдээллийн санд бүртгэлтэй байна. 2. Эрдэнэ сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтын шаардлага хангуулан Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас авах боломжтой. 3. *******гийн эзэмшлийн 18892299002200 нэгж талбарын дугаартай 3 га газар нь газрын кадастрын мэдээллийн санд улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай, мөн бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байна. 4. *******гийн эзэмшлийн 18692299002290 нэгж талбарын дугаартай 3 га газрын 2016-2023 оны сансрын зурагтай давхцуулан зураглалыг хавсаргав. 5. *******гийн эзэмшлийн 18692299002290 нэгж талбарын дугаартай 3 га газрын 2015-2022 онуудад газрын төлбөр төлсөн лавлагааг хавсралтаар хүргүүлж байна.[5] газрын төлбөр төлсөн хуулга “ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 720 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 720 000 төгрөг гэсэн байна.

2.6. Тус шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэ сумын нутагт маргаж буй газарт үзлэг хийсэн бөгөөд тэмдэглэлээр “... 3 га газрыг төмөр торон хашаагаар хашсан. Уг газар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй...[6]” гэж газрыг ашигласан гэх ул мөр байхгүй байсан нь тогтоогдсон.

2.7. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээнд ... газрын даамал А.Цэцэгжаргал, Сүхдоржийн Амарсанаа нар аялал жуулчлалын зориулалттай 3 га газрыг 1 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. Гэрээний Дөрөвт: 1. Газар эзэмшигч нь эхний жил хашаа барина. 2. Газар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу ашиглана. 4.3-т Газрыг гэрээний дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд хүчингүй болгоно гэж гэжээ байгуулсан.

 2.8. Дээрх нөхцөл байдлууд, нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... газар хоосон байгаа. Гэхдээ жил бүр хашаагаа засаж байсан. Адуу малтай айл, янз бүрийн хүн очоод эвдчихдэг. Сахиул байсан хэдий ч очоод эвдчихдэг. 2020 онд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонг мэдэх хүртэл төлөвлөөд явж байсан” гэх тайлбар болон нотлох баримтуудаар *******гийн газраа эзэмшихэд ийнхүү саад болж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд газар эзэмшигч нь Газрын тухай хуульд зааснаар газраа эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 

2.9. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь газраа зориулалтын дагуу ашиглаж гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарсан тохиолдолд иргэн нь эзэмшил бүхий газартаа зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь нээлттэй байна. Гэтэл энэхүү эрхээ нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлэхгүйгээр 2016 оноос 2020 оны 11 дүгээр сарын 10-нд эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэх хүртэл ашиглаагүй болохоо өөрөө тайлбарлаж байгаагаас үндэслэн үзвэл маргаан бүхий актыг гарсан хугацаанд, өөрөөр хэлбэл Засаг даргын 2015 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар актаар газар эзэмших эрх үүсч, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан бол энэ хугацаанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл уг газар дээрээ нэхэмжлэгч нь хашаа барьсан гэхээс өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ... газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, байгууламж, зам талбай бариагүй болох нь тогтоогдсон байна.

2.10. Захиргааны хэргийн шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч ******* эзэмшил бүхий газраа 2 жил дараалан ашигласан гэх, эсхүл газраа эзэмшиж, ашиглахад нь бусдын хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг дахин дурдах нь зүйтэй.

2.11. Мөн “тухайн нэгж талбарыг хүчингүй болгохтой холбогдуулан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд тайлбарлахдаа: “Сонсгох ажиллагааг хийсэн байдаг, ...  суманд хуулбар байгаа учраас шүүх рүү хүргүүлэх боломжгүй байсан” гэх тайлбарласан боловч хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзэхээр байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч өөрөө газар эзэмших үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 2.12. Нэхэмжлэгч тал маргаж буй газартаа хашаа барьсан, цалинтай манаач ажиллуулсан, хажуу айлаасаа цахилгаанаа авах бэлтгэлээ хангасан гэж маргадаг боловч уг газрын эзэмшигч нь тухайн газартаа гэрээний дагуу хашаа барьж газраа болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөө хамгаалах үүрэгтэй юм.

2.13. Иймд Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь хэсэгт “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”  бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул түүнийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан, нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн  “******* миний эзэмшиж байсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжтай Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баян давааны ард олгосон 3 га газрыг 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЗОРИГТБААТАР

 

[1] Хавтас хэргийн-4

[2] Хавтас хэргийн-74

[3] Хавтас хэргийн 7-38

[4] Хавтас хэргийн 68-73

[5] Хавтас хэргийн -99-106

[6] Хавтас хэргийн 190