Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

 

 

 

“БЭСЛ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00200 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “БЭСЛ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Н ,

Хариуцагч: Н.Д ,

Хариуцагч: “ББ ” ХХК-д тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 18 947 848 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагч Ч.Н , Н.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Содончимэг,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Энхтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.Н  нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэлтийн гэрээний дагуу 7273 ОРО улсын дугаартай Вольво маркийн машинаар “ББ ” ХХК-ийн өмнөөс ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улс руу тээвэрлэлт хийж явахдаа буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дэх замд 2695ГЧ дугаартай чиргүүлийнхээ дугуйг шатаж байгааг анзаарахгүй, болгоомжгүй байдал гаргаснаас “БЭСЛ с” ХХК-ийн зуучилж ачуулсан 18 950 кг хэмжээтэй, 32 447 848 төгрөгийн үнэ бүхий Сэнгүүр шар айргийг шатааж “БЭСЛ с” ХХК-д хохирол учруулсан.

Харин “БЭСЛ с” ХХК тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэж ачуулсны хувьд захиалагч компанид шар айргийн үнэ 32 447 848 төгрөгийг бүрэн төлсөн.

Уг 7273 ОРО улсын дугаартай Вольво маркийн машины хууль ёсны эзэмшигч нь Н.Д бөгөөд 2 компанийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулж байх үед машины улсын дугаар нь 0778 УНЛ байжээ. Харин энэхүү тээвэрлэлтийг хийх үед Н.Д  нь өөрийн эцэг Ч.Н д машиныг эзэмшүүлж байсан. Хариуцагч хохиролд 13 500 000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч Ч.Н , Н.Д  нараас хувь тэнцүүлэн 18 947 848 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч “ББ ” ХХК-аас татгалзаж байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуульд тээвэрлэлтийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг ашиглагч, эзэмшигч нар нь хариуцна гэж заасан.

Тээвэрлэлт хийх саналыг “БЭСЛ с” ХХК-д Н.Д тавьж байсан. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа нь дээр би төлнө гээд Н.Д  гарын үсгээ зурсан байдаг. Тухайн үед Н.Д  нь 13 500 000 төгрөгийг хохиролд суутган төлөхийг зөвшөөрч байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Ч.Н , Н.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ч.Н  нь хүү Н.Д ын хэлсний дагуу ОХУ-ын Эрхүү хотоос 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт автомашинаар тээвэрлэлт хийх үед гэнэт чиргүүлийн дугуй шатсан асуудал болсон. Энэ явдал нь жолоочоос огт хамааралгүйгээр гарсан гэнэтийн галын осол байсан. Гал гарсны улмаас ачиж явсан барааны хэдийг устгалд оруулсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Өнөөдрийг хүртэл жолоочийн болгоомжгүй үйлдлээс болсон гэсэн ямарваа нэгэн ослын акт гараагүй байхад хариуцагч нарыг буруутай мэт мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага Ч.Н , Н.Д  нарт хамааралгүй.

“БЭСЛ с” ХХК болон “ББ ” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Н.Д ын эзэмшлийн Вольво маркийн 2332УНУ улсын дугаартай зүтгүүр /арлын дугаар 4V4NC9GH16N42065/, Вольво маркийн 0778УНЛ улсын дугаартай зүтгүүр /YV2B4DMA31E674516/ гэсэн хоёр техникээр тээвэрлэлтийг хийхээр болжээ.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотоос Ч.Н  “БЭСЛ с” ХХК-ийн барааг татахаар явсан ба тэрээр тээвэрлэлтийн гэрээний талаар сайн мэдээгүй, Н.Д  түүнд тайлбарлан хэлээгүй. 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр гарсан галын осол нь хэн нэгнээс үл шалтгаалсан нөхцөл байдал үүссэн байхад заавал хэн нэгэн буруутай мэт үзэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна уг тээвэрлэлийн гэрээг “ББ ” ХХК-ийн захирал н.М байгуулсан. Хоёр компаний хооронд хийгдсэн гэрээнд Н.Д  хамааралгүй.

Тээвэрлэлтийн ажлын хөлсөнд 13 500 000 төгрөг авахаар тохиролцсон байсан бөгөөд ажлын хөлсийг “БЭСЛ с” ХХК нь хохиролд тооцон авсанд гомдолтой байна. Иймд “БЭСЛ ” ХХК-аас ажлын хөлс 13 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Н , Н.Д  нараас нийт 18 947 848 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “БЭСЛ с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “БЭСЛ с” ХХК-аас 13 500 000 төгрөгийг гаргуулах хариуцагч Н.Д ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БЭСЛ с” ХХК хариуцагч “ББ ” ХХК-д холбогдуулан гаргасан 18 947 848.65 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “БЭСЛ с” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 690 төгрөгийг, хариуцагч Н.Д ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасныг болон мөн хуулийн тээвэрлэлтийн улмаас учирсан хохирлыг тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч нар хариуцах тухай заалтыг хэрэглэсэн бол Н.Д , Ч.Н  нараар нэхэмжлэлд заасан 18 947 848 төгрөгийг төлүүлэх тухай шийдвэр гаргах байсан. Учир нь жолооч Ч.Н  нь шар айргийг ачуулсан ОХУ-ын компаниас ачааны дагалдах бичгүүдийг бүрэн авсан.

Нэхэмжлэгчийн "ББ " ХХК-тай байгуулсан гэх тээвэрлэлтийн гэрээнд тус компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан нь эргэлзээтэй гэж хариуцагч тал мэтгэлзсэн. Хариуцагч Н.Д  тээвэрлэлт хийх санаачлага гарган тээвэрлэлтийн гэрээнд тус компанийн эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулахаар гэрээний төслийг Эрдэнэт хот руу авч явж байсан. Үүнтэй холбоотойгоор мөн гэрээнд нэхэмжлэгч талын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг мөн зурагдаагүйг бид мэдсэн. Уг гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаагүй байсан тул "ББ " ХХК-ийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хэрэг биш.

Мөн шүүх нэхэмжлэгч болон "ББ " ХХК-ийн хооронд үүргийн харилцаа үүссэн мэтээр дүгнэж хууль буруу хэрэглэсэн. Нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагч талын галын осол хэн нэгнээс үл шалтгаалсан байдалд гарсан гэж болон нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн нь ямар ч нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүх нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “БЭСЛ ” ХХК хариуцагч Ч.Н , Н.Д , “ББ ” ХХК-д холбогдуулан хохиролд 18 947 848 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Н.Д  ажлын хөлс 13 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

“БЭСЛ ” ХХК нь “ББ ” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулж “ББ ” ХХК Н.Д ын эзэмшлийн Волво маркийн 23-32 УНУ, 07-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “БЭСЛ ” ХХК-ийн ачааг тогтоосон газар, хугацаанд тохиролцсон маршрутаар тээвэрлэж, бүрэн бүтэн хүлээлгэх өгөх, тээвэрлүүлэгч нь ачаа хүлээлцсэн актыг үндэслэн ажлын хөлсийг тээвэрлэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх9-12/

 

Ч.Н  нь Н.Д ын эзэмшлийн Волво маркийн 72-73 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр “БЭСЛ ” ХХК ачааг тээвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр автомашины чиргүүлд гал гарч 32 447 848 төгрөгийн үнэ бүхий Сэнгүр нэртэй шар айраг устсан талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь “дээрх хохиролын төлбөрт 13 500 000 төгрөгийг Н.Д  төлсөн, үлдэх 18 947 848 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй” гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10585 дугаар захирамжаар хариуцагч Ч.Н , Н.Д , “ББ ” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ББ ” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын дээрх татгалзлалын талаар тодруулаагүй, нэхэмжлэлээс татгалзсаны үр дагаварыг тайлбарлан өгсөн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгчийн дээр хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн хариуцагч Ч.Н  Н.Д  нарт холбогдуулж гаргасан агуулгатай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольсон тохиолдолд анхан шатны шүүх мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулах учиртай.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА