Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/00200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Н/РД: /,

                                                            

Хариуцагч: Н.Д/РД: /,

 

Хариуцагч: “БЭ” ХХК/РД: / нарт холбогдох

 

18 947 848.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Н нь 2016.01.07-ны өдрийн 07/16 дугаартай Тээвэрлэлтийн гэрээний дагуу 7273 ОРО улсын дугаартай “Вольво” маркын машинаар “БЭ” ХХК-ийн өмнөөс ОХУ-ын Эрхүү хотоос Монгол улсруу тээвэрлэлт хийж явахдаа буюу 2016.12.24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дэх замд 2695ГЧ дугаартай чиргүүлийнхээ дугуйг шатаж байгааг анзаарахгүй, хэт болгоомжгүй байдал гаргаснаас “Бс” ХХК-ийн зуучилж ачуулсан цэвэр жин нь 18 950,4 кг хэмжээтэй 32 447 848,65 төгрөгийн үнэ бүхий “Сэнгүүр” шар айргийг шатааж тус “Бс” ХХК-д хохирол учруулсан байна.

Харин “Бс” ХХК тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэж ачуулсны хувьд захиалагч “М-Си-Эс Азиа пасифик брюэри” компанид шар айргийн үнэ 32 447 848,65 төгрөгийг бүрэн төлсөн.

Уг 7273 ОРО улсын дугаартай “Вольво” маркийн машины хууль ёсны эзэмшигч нь Нн Д бөгөөд 2 компанийн хооронд 2016.01.07-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулж байх үед машины улсын дугаар нь 0778 УНЛ байжээ. Харин энэхүү тээвэрлэлтийг хийх үед Н.Д нь өөрийн эцэг Ч.Нд машиныг эзэмшүүлж байсан аж.

Хариуцагч нар хохирлоос 13 500 000 төгрөгийг 2017.05.11-нд багтаан “Бс” ХХК-ийн зүгээс уг асуудлаар шүүхэд хандахад хүргэлээ.

Хариуцагч нараар 18 947 848,65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “Бс” ХХК-д хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Би нэхэмжлэгч “Бс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагч “БЭ” ХХК-ийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан.

Харин нэхэмжлэлд заасан 18 947 848,65 төгрөгийг хариуцагч Ч.Н, Н.Д нараар хувь тэнцүүлэн төлүүлэх шаардлага хэвээр үлдээж байгаа болно.” гэв.

 

Хариуцагч Ч.Н, Н.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан “Бс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Н, Н.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Н.Дын хувьд: Нэхэмжлэгч “Бс” ХХК болон “БЭ” ХХК-ийн хооронд 2016 оны 01 сарын 07-ны өдөр 07/16 дугаартай тээвэрлэлтийн гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр Н.Дын эзэмшлийн Volvo маркийн 2332УНУ улсын дугаартай зүтгүүр /арлын дугаар 4V4NC9GH16N42065/, Volvo маркийн 0778УНЛ улсын дугаартай зүтгүүр /YV2B4DMA31E674516/ гэсэн хоёр техникээр тээвэрлэлтийг хийхээр гэрээ хийсэн болно.

2016 оны 12 сарын 22-нд ОХУ-ын Эрхүү хотоос манай аав Ч.Н “Бс” ХХК-ийн барааг татахаар явсан ба аав маань тээвэрлэлтийн гэрээний нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй би ч тайлбарлан хэлээгүй болно.

2016 оны 12 сарын 24-нд гарсан дээрх галын осол нь хэн нэгнээс үл шалтгаалсан нөхцөл байдал үүссэн байхад заавал хэн нэгэн буруутай мэт үзэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ер нь бол би ч энэ гэрээний талаар нарийн сайн мэдэхгүй бөгөөд гэрээн дээр “БЭ” ХХК-ийн захирал Мөнх-Од гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.

Миний бие үүгээрээ ямарваа нэгэн хариуцлагаас мултрах гэсэн үг биш бөгөөд бодит үнэн бол хоёр компаний хооронд хийгдсэн гэрээ юм. Харин гэрээнээс үүдсэн хариуцлагыг хувь хүн үүрэх нь шударга бус юм.

Хариуцагч Ч.Нгийн хувьд:  Ч.Н нь Н.Дын төрсөн эцэг бөгөөд 2016.01.07-ны өдрийн “Бс” ХХК-ийн хооронд хийгдсэн тээвэрлэлтийн гэрээний тухай сайн мэдэхгүй байгаа болно.

Өөрийн хүү Н.Дын хэлсний дагуу ОХУ-ын Эрхүү хотоос тээвэрлэлт хийж байгаад 2016 оны 12 сарын 24-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт явж байхад нь гэнэт чиргүүлийн дугуй шатсан асуудал болсон. Энэ явдал нь жолоочоос огтоос хамааралгүйгээр гарсан гэнэтийн галын осол байсан юм.

Нэхэмжлэгч байгууллага нь энэхүү гэнэтийн галын осол нь жолоочийн буруутай үйлдлээс болсон биш гэдгийг маш сайн мэдэж байгаа хэрнээ учирсан хохирлыг надаар төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь “Бс” ХХК-ийн өмнө тээвэрлэлтийн гэрээгээр ямар нэг үүрэг хариуцлага хүлээгээгүй, тэгээд ч энэ нь гэнэтийн хүчин зүйлс гэж ойлгож байгаа. Харин ч миний хувьд тээвэрлэлтээр явсан цалин хөлсөө нэхэмжлэгч байгууллагаас аваагүй байгаа болно.

Нэхэмжлэлд дурдагдсанаар чиргүүлийнхээ дугуйг шатаж байгаа анзаарахгүй хэт болгоомжгүй байдал гаргаснаас болж “Бс” ХХК-ийн зуучилж ачуулсан цэвэр жин нь 18 950,4 кг хэмжээтэй 32 447 848,65 төгрөгийн үнэ бүхий Сэнгүр шар айргийг шатааж, “Бс” ХХК-д хохирол учруулсан байна гэжээ.

Үнэндээ дээрх барааны хэдийг устгалд оруулсан гэдэг нь тодорхойгүй байгаа энэ талаар мэдээлэл өгдөггүй.

Өнөөдрийг хүртэл жолоочийн болгоомжгүй үйлдлээс болсон гэсэн ямарваа нэгэн ослын акт гараагүй байхад намайг буруутай мэт мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ч.Н, Н.Д нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т заасныг үндэслэж, тайлбарлаж байна. Тээвэрлэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тээвэрлэлтийн гэрээний дагуу хийсэн. Тээвэрлэлтийн гэрээндээ тодорхой заасан байгаа юм. Тухайлбал, Тээвэрлэгч нь “БЭ” ХХК-ийн захирал, н.Мөнхболд гэдэг хүн байсан. Харин тээвэрлүүлэгч нь “Бс” ХХК байна. Тэгэхээр энэхүү нэхэмжлэлээ “БЭ” ХХК-д холбогдуулж, гаргах ёстой байсан юм биш үү гэж үзэж байна. Н.Д гэдэг хүн сайн дураараа өөрөө орж ирээд гэрээ байгуулсан гэж байна. Тэгж үзэж байгаа бол Н.Д яагаад энэ гэрээг өөрөө байгуулаагүй юм. Хариуцлагын талаар ярих гэж байгаа бол зайлшгүй Тээвэрлэлтийн гэрээнд заасан хариуцлагын дагуу тооцох ёстой. Иймээс Н.Дд холбогдолтой асуудал биш юм. Яагаад гэвэл, гэрээнд оролцогч тал биш. Хавтаст хэргийн 12 дугаар талд байгаа “БЭ” ХХК-ийн гэрчилгээнээс хараахаар 1 гишүүнтэй байна. Тиймээс хариуцагчаар “БЭ” ХХК-ийг татан оруулж ирэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна. 386 дугаар зүйлд Ачаа тээвэрлэлтийн гэрээг заасан байгаа. 386.1-т заахдаа 386.1-т заахдаа Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасан. Дагалдах бичгийн хэлбэрээр байгуулсан гэдэг нь Н.Дын байгуулсан гэрээг хэлээд байгаа юм. Харин 381.1 дэх заалтын тухайд Ачаа тээвэрлэлтийн гэрээ бүхэлдээ зохицуулагдана. Ийм учраас Ачаа тээвэрлэлтийн гэрээнд заасны дагуу “БЭ” ХХК нь хариуцагчаар татагдан орж ирэх ёстой юм. Мөн Иргэний хуулийн 393 дүгээр 393.1-т тээвэрлэгчийн хариуцлагыг заасан. Тэгэхээр тээвэрлэгч нь  “БЭ” ХХК юм. Иймээс 393 дугаар зүйл нь Ч.Н, Н.Д нартай холбогдолгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага Ч.Н, Н.Д нарт хамааралгүй гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ч.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан “Бс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Н, Н.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.Д миний бие дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 сарын 07-ны өдөр “Бс” ХХК болон “БЭ” ХХК-ийн хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээг үндэслэн 2016 оны 12 сарын 24-ний өдөр гарсан ослын үүдэлтэй гэм хорын хохирлоо иргэн надаас нэхэмжилсэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Харин ч энэхүү асуудлаас болж би хийсэн ажлынхаа хөлсийг энэхүү 2 компани хоорондын тооцооны үлдэгдэлдээ тооцон би одоог хүртэл хохирч явна. Би ажлын хөлсөндөө 13 500 000 төгрөг авахаар тохиролцсон байсан бөгөөд миний энэхүү ажлын хөлсийг “Бс” ХХК нь нийт хохирол болох 32 447 848 төгрөгнөөс хасаад одоо үлдэгдэл 18 947 848 төгрөгийг нэхэмжилж шүүхэд гаргасан байна билээ.

Иймд миний бие “Б” ХХК-иас ажлын хөлс 13 500 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь гэвэл тухайн болсон явдал Монгол улсын хууль, Ачаа бараа тээвэрлэлтийн дүрмийн заалтуудаар сөрөг нэхэмжлэлийг гаргах үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуульд заахдаа тээвэрлэлтийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг ашиглагч, эзэмшигч нар нь хариуцна гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар хариуцагч тал хийсэн зүйлүүдээ үндэслэлгүйгээр үгүйсгээд байгаад нь үнэхээр харамсалтай байна. Хариуцагч Н.Дыг сөрөг нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Тээвэрлэлт хийх саналыг “Бс” ХХК-д анх Н.Д тавьж байсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч хүн байгаа юм. Нөгөө талаар тооцооны үлдэгдлийн баталгаа нь дээр би төлнө гээд Н.Д гарын үсгээ зурсан байдаг. Үүнийгээ үгүйсгэх ямар нэгэн баримт байхгүй. Тухайн үед Н.Д нь 13,500,000 төгрөгийг хохиролд суутган төлүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Одоо болохоор хүлээн зөвшөөрөхгүй байсан мэтээр тайлбарлаж, байгаад нь харамсаж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Ч.Н, хариуцагч Н.Д, хариуцагч “БЭ” ХХК нарт холбогдуулан хохирол 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Н.Д нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Ч.Н, Н.Д нарын өмгөөлөгч тээвэрлэгч нь “БЭ” ХХК юм иймээс нэхэмжлэлийн шаардлага Ч.Н, Н.Д нарт хамааралгүй гэж маргасан.

 

          Нэхэмжлэгч “Б” ХХК нь тооцооны үлдэгдлийн баталгаа дээр би төлнө гээд Н.Д гарын үсгээ зурсан гэж маргасан.

 

          2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Ш.Дариймаад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч Ш.Дариймаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч Ш.Дариймаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва нь хариуцагч “БЭ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бс” ХХК хариуцагч “БЭ” ХХК-иас 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч нь “М Би Си Азиа Пасифик” ХХК-ийн 2.3/хоёр аравны гурав/ литрийн хуванцар сав бүхий нийт 8064/найман мянга жаран дөрөв/ ширхэг бүгд 32 447 848.65/гучин хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийн үнэтэй Сэнгүр нэртэй шар айргийг Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос тээвэрлүүлэх Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан болох нь № 07/16 Тээвэрлэлтийн гэрээний болон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, № 624А/2016 Тээврийн падааны хуулбар болон орчуулга, Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн № 10/149 албан бичгийн болон “Бс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107/16 дугаар бичгийн хуулбар, “Ми-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч Ч.Нгийн жолоодож явсан Волво маркийн 72-73 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гал гарч ачиж явсан ачаа болох 2.3/хоёр аравны гурав/ литрийн хуванцар сав бүхий нийт 8064/найман мянга жаран дөрөв/ ширхэг бүгд 32 447 848.65/гучин хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийн үнэтэй Сэнгүр нэртэй шар айраг шатсан болох нь № 07/16 Тээвэрлэлтийн гэрээний болон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, № 624А/2016 Тээврийн падааны хуулбар болон орчуулга, Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн № 10/149 албан бичгийн болон “Бс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107/16 дугаар албан бичгийн хуулбар, “Ми-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч Ч.Нгийн жолоодож явсан Волво маркийн 72-73 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Н.Д бүртгэгдэж, уг тээврийн хэрэгсэл өмнө нь 07-78 УНЛ улсын дугаартай байсан болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа болон № 00380509 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Бс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107/16 дугаар албан бичгийн хуулбар, “Ми-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч “БЭ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй № 07/16 “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулан хариуцагч Н.Дын эзэмшлийн Волво маркийн 23-32 УНУ, 07-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлт хийхээр харилцан тохиролцсон болох нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 07/16 Тээвэрлэлтийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 07/16 Тээвэрлэлтийн гэрээгээр хариуцагч “БЭ” ХХК нь нэхэмжлэгчийн захиалгаар ачааг тогтоосон газар, хугацаанд нь тохиролцсон маршрутаар тээвэрлэж, ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээнд тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 07/16 Тээвэрлэлтийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь ачааг тогтоосон газар хүргэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн тус Тээвэрлэлтийн гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан Тээвэрлэлтийн гэрээний шинжтэй байх тул Тээвэрлэлтийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

          Гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь хариуцагч “БЭ” ХХК-тай Гэрээг байгуулаагүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

          “БЭ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй Гэрээг байгуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч нь хариуцагч “БЭ” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гэрээг байгуулж, Гэрээнд хөлсийг “БЭ” ХХК-ийн “Төрийн банк” ХХК-д эзэмшиж байгаа дансанд шилжүүлэх тухай заасан болох нь Гэрээний болон “БЭ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Бс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107/16 дугаар албан бичгийн болон “Ми-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаар албан бичгийн хуулбар, “БЭ” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Гэрээнд зааснаар хариуцагч “БЭ” ХХК нь “М Би Си Азиа Пасифик” ХХК-ийн Сэнгүр нэртэй 8064/найман мянга жаран дөрөв/ ширхэг шар айргийг тээвэрлэх явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 361 гарам өнгөрөөд Волво маркийн 72-73 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гал гарч шар айраг шатсаны улмаас “М Би Си Азиа Пасифик” ХХК-д 32 447 848.65/гучин хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрээний болон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, № 624А/2016 Тээврийн падааны хуулбар болон орчуулга, Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн № 10/149 албан бичгийн болон “Бс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107/16 дугаар албан бичгийн хуулбар, “Ми-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь “М Би Си Азиа Пасифик” ХХК-д учирсан хохирол 32 447 848.65/гучин хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, “Бс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107/16 дугаар албан бичгийн болон “Ми-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаар албан бичгийн хуулбар, “М Би Си Азиа Пасифик” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № АD-COL-02/21 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн ... хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БЭ” ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирол болох 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийн хохирлыг барагдуулах үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч “БЭ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

          Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Н, Н.Д нараас нэхэмжлэгчид учирсан хохирол 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Хариуцагч Н.Д нэхэмжлэгчээс 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

          Гэрээнд зааснаар хариуцагч “БЭ” ХХК нь хариуцагч Н.Дтай харилцан тохиролцон Н.Дын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэлт хийсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч Н.Д нь “БЭ” ХХК-иас ажлын хөлс 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

          Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Д олгох үндэслэлгүй.

 

          Шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Н, Н.Д нараас нийт 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Бс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох,  нэхэмжлэгч “Бс” ХХК-иас 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч Н.Дын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Н, Н.Д нараас нийт 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Бс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Бс” ХХК-иас 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч Н.Дын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бс” ХХК хариуцагч “БЭ” ХХК-д холбогдуулан гаргасан 18 947 848.65/арван найман сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч  “Бс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 690 төгрөгийг, хариуцагч Н.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ

 

 

                              ШҮҮГЧ                                     Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

                                                                           Б.УУГАНБАЯР