Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2024/0012

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн С.Амарсанаа,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг, иргэдийн төлөөлөгч Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. 1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.Амарсанаагаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд  гаргажээ.

            1.2. Нэхэмжлэгч С.Амарсанаа нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/663 дугаартай албан бичгийг Эрдэнэ сумын Засаг даргад хүргүүлэн, “...хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг судлан иргэнд хариу өгөх”-ийг мэдэгдэж, албан бичгийн хувийг С.Амарсанаад хүргүүлсэн. Эрдэнэ сумын  Засаг даргаас С.Амарсанаад 2023 оны 06 дугаар сарын  08-ны өдөр “... газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй” гэсэн хариуг 01/164 тоот албан бичгээр өгсөн байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч С.Амарсанаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч Д.Гүрдорж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амарсанаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5/450 дугаартай захирамжаар тус сумын Баяндавааны ард байрлах 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж, газар эзэмших эрхийг гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр авсан.  Газар эзэмшихдээ гаргасан өргөдлийн хувь, бичсэн бусад баримтын хувь С.Амарсанаад байхгүй, сумд өгсөн. Сумын Засаг даргын газрын суурь үнийг төлөөд газрыг авах боломжтой гэх тайлбарын дагуу газрын суурь үнийн төлбөрт 1.920.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлж, газар эзэмших гэрчилгээ авсан. Мөн газрын төлбөр болох 720.000 төгрөгийг 2016, 2017, 2018, 2019 онуудад бүрэн төлсөн. 2017 онд тухайн эзэмшил бүхий газарт 400 ширхэг төмөр торон хашааг 13.920.000 төгрөгийн үнийн дүнгээр худалдан авч, мөн ажлын хөлсөнд нийт 3.600.000 төгрөгийг,  бараа материалын зардалд 270.000 төгрөг, хашааны төмөр хаалга 2 ширхэгийг солиулж 1.400.000 төгрөг,  нийт ажилчдын хөлсөнд 730.000 төгрөг зэрэг зардлуудыг төлж, эзэмшил газарт хашаа барьсан. 2017 оны 09 дүгээр сараас хойш газар дээр хамгаалалт, сахиул ажиллуулж, сар бүр 100.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр газрын төлбөр төлөхөөр Эрдэнэ сум дээр очоод сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдсэн. Холбогдох эрх бүхий байгууллагад гомдлыг гаргасан. Эрдэнэ сумын Засаг даргаас тухайн жилүүдэд Засаг дарга нь солигдсон, судлаад үзье гэх тайлбарыг өгсөөр байсан, ямар нэгэн бичгээр хариу өгдөггүй байсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гомдлын хариуг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 7/663 дугаартай албан бичгээр хүргүүлэхдээ тухайн иргэний газрыг судлан үзээд хариу өг гэсэн чиглэл өгсөн. Сумын Засаг дарга манай газрын эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн. ...330 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасныг үндэслэн гаргасан.  40.1.1-т газрын гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гэх үйл баримтыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй....Газрын хувийн хэрэгт  ямар ч баримт байхгүй, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчөөд байгаа юм уу эсхүл ноцтой зөрчөөд байгаа юм уу гэдгийг хариуцагч тогтоох үүрэгтэй ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, 40.1.5 буюу газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлсөн. Төв аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаас ирүүлсэн газрын төлбөр төлөгдсөн байна гэх баримтаар нотлогдож байгаа. Гуравдугаарт, 40.1.6 буюу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлаад байгаа. Энэ заалтыг хэрэглэхдээ захиргааны байгууллага 3 урьдач нөхцөлийг заавал хангасан гэдгийг тогтоох ёстой. 1-рт хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоох, 2-рт, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан гэдгийг тогтоох ёстой. 3-рт, тухайн ашиглаагүй байх хугацаанд хуанлийн 2 жил дараалласан байх ёстой. Энэ гурван нөхцлийг гурвууланг нь хангасан тохиолдолд энэ заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ. Гэтэл С.Амарсанаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын газрын даамалтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д газар эзэмшигч эхний жилд хашаа барина гэж заасны дагуу 2017 оны 8 дугаар сард эзэмшлийн газраа тойруулан хашаа барьсан, газар дээрээ харуул хамгаалалт байрлуулаад, өөрөөсөө 30.000.000 гаруй сая төгрөгийн зардал гаргаад байгаа, энэ нь газраа ашигласан хэлбэр юм. Хоёрдугаарт, захирамжийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Аудитын дүгнэлтийг үндэслээд гаргаад байх шиг байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд С.Амарсанаад холбогдох ямар нэгэн зөрчлийн талаар дурдаагүй, дүгнэлтийн хавсралтад иргэн С.Амарсанаагийн нэр огт байхгүй. Аудитын дүгнэлт гарсныг 2020 онд газар эзэмших эрхээ цуцлагдсаныг мэдэх үедээ мэдсэн. Аудитын дүгнэлт бол захиргааны акт учраас холбогдох эрх ашгийг нь зөрчиж байгаа этгээдэд мэдэгдэх, тухайн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах үүрэгтэй. Аудитын байгууллагаас энэ үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн зөрчлийг хэрхэн тогтоосон талаар тодорхойгүй. Төсөл сонгон шалгаруулалт явуулах үүрэг нь хариуцагчийн үүрэг. Ийм учраас аудитын дүгнэлт үндэслэлгүй. Төсөл сонгон шалгаруулалтад оролцох ёстой байсан энэ журмыг зөрчсөнөөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болохгүй. Гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй.  Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тухайн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрээ нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Энэ хуульд заасан үүргүүдээ огт хэрэгжүүлээгүй учраас маргаан бүхий захиргааны акт хууль бус.  Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/360 дугаар захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтунгалаг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амарсанаа сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр баг Баяндавааны ард байрлах 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Уг газар нь дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон.  Төв аймгийн Аудитын газрын зөрчил арилгуулах тухай албан шаардлага, Газрын тухай хуулийг үндэслэн С.Амарсанаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болсон. Иргэн С.Амарсанаа нь 2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдсэн. Тухайн үед суманд захиргааны байгууллагад албан ёсоор хүсэлт гаргаж, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар баталж, тайлбарласан бичиг баримт нэгж талбарын хувийн хэрэгт байдаггүй. Тэр талаарх үйл ажиллагаа явуулж байсан талаар тайлбар ирүүлээгүй. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлээд аудитын дүгнэлтэд орсон. 2018 оны тухайн хүчингүй болсон маргаан бүхий акт гарах үед үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхойгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй гэсэн хариуг сумын Засаг даргаас өгсөн байдаг...сумд хувийн хэрэг гээд он сараар дугаарлаад хавтасласан хайрцаг дотор С.Амарсанаагийн хувийн хэрэгт захирамж л байсан, өөр баримт байгаагүй. 2015 онд Газрын тухай хуулиар аялал жуулчлалын зориулалттай газрыг дуудлага худалдаагаар олгох ёстой. Дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтад оролцож аваагүй. Хоёрдугаарт, 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй. Үйл ажиллагаа явуулаагүй . Захирамжид  олон нэгж талбарууд дурдагдсан, С.Амарсанаагийн гэрчилгээг хүчингүй болгох үед хувийн хэрэгт төлбөрийн баримт авагдаагүй, гэрээгээ огт дүгнүүлж байгаагүй байсан. Харин, хавтаст хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгдсөн гэж харсан. Газрын төлбөр дээр маргах зүйл байхгүй. Хяналт шалгалтын байгууллагууд нөхцөл байдлыг тогтоосон байх, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар 2018 онд нөхцөл байдал ямар байсан талаар би хэлж мэдэхгүй. Би тэр үед ажил хариуцаж байгаагүй. Өөр хүн байсан. Газрын даамлаар 4 хүн солигдож ажилласан. Аудитын албан шаардлагад орсон байсан. Дуудлага худалдааны суурь үнэ төлсөн байх эсэх нь хамаагүй, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцож авах ёстой гэсэн хуулийн заалттай дүйцүүлж ойлгох нь өрөөсгөл.  2020 онд С.Амарсанаа газар эзэмших эрхээ хүчингүй болсон талаар мэдсэн. Гэхдээ мэдмэгцээ би ийм үйл ажиллагаа явуулж байна, зориулалтын дагуу ашиглаж байна гэх тайлбарыг ирүүлээгүй байсан учраас манайх 2023 онд хариу өгөхдөө ашигласан эсэх нь тодорхойгүй байсан учраас боломжгүй гэх хариу өгсөн. Аялал жуулчлалын үйл ажиллагаа гэдэг нь хууль болон гэрээнд заасан зориулалтын үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Зөвхөн хашаа барьсан бол ашигласан биш гэж үзэж байна.

С.Амарсанааг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газрыг авсан, мөн хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу буюу аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдгээр 330 дугаар захирамжаар газрын гэрчилгээг нь хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд байдаг байх. Дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруултаар авах ёстой. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаас бусад газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгуулалтаар олж авах ёстой, Аялал жуулчлалын зориулалттай газрыг зайлшгүй дуудлага худалдаагаар авна. Сумын Засаг даргын 2018 оны А/330 дугаар захирамжаар олон газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир хуулийн зүйл заалтыг хамт бичсэн, шүүхээр маргах явцад С.Амарсанаа газрын төлбөр төлсөн нь тогтоогдсон тул энэ үндэслэлээр маргахгүй, А/330 дугаар захирамжид заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хэсэг С.Амарсанаад хамааралгүй, харин газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй эзэмшсэн, газраа 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр захиргааны актыг гаргасан гэсэн үндэслэлээр маргаж байгаа. Шийдвэр гарах үед алинаар нь тооцсон талаар ажил хариуцаж байгаагүй учраас хэлж мэдэхгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэж байна. Маргаан бүхий акт гаргасан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл аль алинаас нь ч тооцсон ч 2 ба түүнээс жил ашиглаагүй гэж харагдаж байгаа.  Газрын гэрээг 2018 онд дүгнүүлж төрийн захиргааны байгууллагад хандсан бол 2019 онд төлбөр төлөхгүй байх боломж байсан. Гэрээгээ дүгнүүлээгүй, дураараа газрын төлбөр төлсөн байх гэж таамаглаж байна. Жил бүр гэрээг дүгнүүлэх үүрэгтэй, С.Амарсанаа үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

2.3. Иргэдийн төлөөлөгч Б.Бүрнээ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Амарсанаад газрыг эргүүлэн өгөх нь зүйтэй гэжээ.

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.Амарсанаагийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: С.Амарсанаа нь тус шүүхэд Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны А/330 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 3 га газрын эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодруулсан байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/450 дугаар захирамжаар иргэн С.Амарсанаад тус сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ар нэртэй газарт байршилтай 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн 000632159 дугаар гэрчилгээг олгон, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18692299002290 дугаарт бүртгэж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газар  эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Хоёр. Маргаан бүхий захиргааны акт, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.1.7 дахь заалт, Төв  аймгийн Аудитын газрын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн 19-04-031/221 тоот албан шаардлагыг тус тус  үндэслэн 2008, 2011, 2012, 2013, 2015, 2016 онуудад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш жил  ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй нийт 101 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын 70 дугаарт “С.Амарсанаа, 3 га, Баяндавааны ард байршилтай аялал жуулчлал” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Амарсанаа нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэ сумын  газрын даамлаас маргаан бүхий захиргааны актыг гарсан тухай мэдэж, Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/663 дугаартай албан бичгийг Эрдэнэ сумын Засаг даргад хүргүүлэн, “...газар эзэмших эрхийг цуцлах захирамж гарсан үндэслэл болгож буй Мэргэжлийн хяналтын газрын материалыг үзэхэд С.Амарсанаагийн газрыг цуцалсан талаар дурдагдаагүй байна....иргэний хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг судлан үзэж иргэнд хариу өгөх”-ийг мэдэгдэж, уг албан бичгийн хувийг С.Амарсанаад хүргүүлсэн.

            Эрдэнэ сумын  Засаг даргаас С.Амарсанаад 2023 оны 06 дугаар сарын  08-ны өдөр 01/164 дугаар албан бичгээр “дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй...Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот зөрчил арилгуулах албан шаардлагыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон... газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй” гэх хариу өгснөөр, нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Маргаж буй үндэслэл:

- Нэхэмжлэгчээс “2015 онд Эрдэнэ суманд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй байсан. 3 га газрын суурь үнийн төлбөрт 1,920,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлж, газар эзэмших гэрчилгээ авсан. Газрын жилийн төлбөр 720,000 төгрөгийг 2016-2019 онуудад  бүрэн төлсөн. Газар эзэмшүүлэх гэрээнд эхний жилд хашаа барина гэж зааснаар 2017 оны 8 дугаар сард эзэмшлийн газраа тойруулан төмөр шонтой торон хашаа барьж 13,920,000 төгрөг зарцуулсан, хашааны сахиулд 2017-2023 онуудад 6,900,000 төгрөг зарцуулсан, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр газрын төлбөрөө төлөх гэж Эрдэнэ суманд очихдоо газрын даамлаас маргаан бүхий захиргааны акт гарсан тухай мэдсэн...” хэмээн маргасан.

-Хариуцагчаас “дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүй олгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй...Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот зөрчил арилгуулах шаардлагыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...” гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “сумын Засаг даргын 2018 оны А/330 дугаар захирамжаар олон газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир хуулийн зүйл заалтыг хамт бичсэн, шүүхээр маргах явцад С.Амарсанаа газрын төлбөр төлсөн нь тогтоогдсон тул энэ үндэслэлээр маргахгүй, А/330 дугаар захирамжид заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан хэсэг С.Амарсанаад хамааралгүй, харин газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй эзэмшсэн, газраа 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр захиргааны актыг гаргасан гэсэн үндэслэлээр маргаж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Иймд, хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж байгаа “дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүй газар олгогдсон, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэсэн 2 үндэслэлээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэв.

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.  Хариуцагч нь Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-031/221 дугаартай албан шаардлага зэргийг үндэслэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулаагүй газар олгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй хэмээн С.Амарсанаагийн 3 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлагад “...290 иргэн, аж ахуй нэгжид олгосон  4410 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор тус газарт ирүүлэхийг хариуцуулав...С.Амарсанаа 3 га” гэсэн, харин Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-031/221 дугаартай албан шаардлагад “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар олголт хийсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-ийг зөрчсөн байна...Шаардах нь:...3.зохих зөвшөөрөлгүй  газар эзэмшсэн ...хэдий ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй газруудын судалгааг гаргаж, газар эзэмших эрхийг цуцлах...” гэсэн, уг албан шаардлага, түүний хавсралтад С.Амарсанаагийн нэр тусгагдаагүй байх тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 19-04-031/221 дугаартай албан шаардлага нь энэ маргаанд хамааралгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл,  дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх эрх нь сумын Засаг дарга буюу төрийн захиргааны байгууллагад байх тул нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Үүнээс гадна, нэхэмжлэгч нь тухайн газрын суурь үнэ болох 1,920,000 төгрөгийг төлсөн, Төв аймгийн Аудитын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТӨАГ-2017/02-НА-01/111 тоот албан шаардлагын хавсралтад “С.Амарсанаа 3 га, 1,920,000 төгрөг” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “3 га газрын суурь үнэ 1.920.000 төгрөг болно” гэж тайлбарласан бөгөөд “С.Амарсанааг газрын суурь үнэ төлөөгүй” гэсэн үндэслэлээр маргаагүй болно.

Иймд, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулаагүйгээр газар эзэмшсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

4.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-т сумын Засаг дарга нь газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын газрын даамалтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д “газар эзэмшигч эхний жилд хашаа барина” гэж заасны дагуу 2017 оны 8 дугаар сард эзэмшлийн газраа тойруулан хашаа барьсан болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 07/991 дугаар албан бичгийн хавсралт дахь 18892299002200 нэгж талбарын дугаартай 3 га газрын 2016 оны сансрын зурагт 3 га газар дээр хашаа, үл хөдлөх биет дүрслэгдээгүй, харин 2017 оны сансрын зурагт 3 га газрыг тойруулан хүрээ татсанаар дүрслэгдсэн, мөн шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... 3 га газрыг төмөр торон хашаагаар хашсан” гэсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Гэтэл, нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр түүний 3 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу 2017 оны 8 дугаар сард газар дээрээ хашаа барьсан. Үүнээс 1 жил 4 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сард хариуцагчаас “2 жил дараалан газраа ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” хуульд заасан журмыг зөрчжээ.

Үүнээс гадна, хариуцагч нь захиргааны актыг батлан гаргахаас өмнө нэхэмжлэгч эзэмшлийн газраа эзэмшиж ашиглаж буй эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, энэ талаар нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдээгүй, түүнээс тайлбар баримт гаргуулаагүй нь нэхэмжлэгчийн “надад мэдэгдээгүй” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонсох ажиллагаа явуулсан эсэхийг мэдэхгүй, би тэр үед ажиллаж байгаагүй, газрын хувийн хэрэгт газар эзэмшүүлсэн 1 хуудас баримт байсан, өөр баримт байгаагүй” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын С.Амарсанаад холбогдох хэсэг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

4.3. Иргэдийн төлөөлөгч Б.Бүрнээ шүүх хуралдаанд “С.Амарсанаад газрыг эргүүлэн өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Дээр дурдсан, нөхцөл байдлуудаар, маргаан бүхий захиргааны актын С.Амарсанаад холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг урьдчилан төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод ээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2,  40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжийн С.Амарсанаад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Амарсанаад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН

 ШҮҮГЧ                                  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ