Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 796

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭТЭМ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЭТЭМ ” ХХК,

Нэхэмжлэгч: “ЭТЭС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.П-д  холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 2.2-д заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээнээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436 060 000 төгрөг болон хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мөнгөнтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Тамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭТЭМ ” ХХК, түүнийг төлөөлж захирал БНСУ-н иргэн БХХ Ц.П-тай  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцоо нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр “ЭТЭС ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 000 төгрөгөөр 6 сарын дотор буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах, мөн тус компанийн 35 хувийн хувьцааг  1 жилийн дотор буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр 500 000 000 төгрөгөөр худалдахаар тус тус тохиролцсон.

Мөн өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “ЭТЭС ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2202009600 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 000 төгрөгөөр худалдсан. Гэвч Ц.П  нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 ам.долларыг хэлцлийн дагуу олгосон боловч хувьцааны үнэ 500 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3 000 000 000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй.

“ЭТЭС ” ХХК нь Ц.П ын аав П.Ц-гийн  эзэмшлийн “Ж”т ХХК-тай 2010 оноос интернэтийн бөөний үйлчилгээ болон суваг түрээсийн аж ахуйн үйлчилгээний хүрээнд хамтран ажиллаж ирсэн юм. Нэхэмжлэгч “ЭТЭС ” ХХК нь 2012 онд хувьцааны тодорхой хувийг худалдахаар томоохон компаниудтай хэлэлцээр хийж байх үед “Жт” ХХК-ийн удирдлагууд тус компанийн 35 хувийн хувьцааг худалдан авах саналыг гаргасан ба 2 компанийн удирдлага харилцан тохиролцоод “Жт” ХХК-иас Ц.П ыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх санал гаргасны дагуу 2012 оны 11 сарын 7-ны өдөр “Эс Ти Экс Монголи”а ХХК болон Ц.П  нарын хооронд “ЭТЭС ” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг 2 500 000 ам.доллараар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээний дагуу “ЭТЭС ” ХХК-ийн хувийн хувьцааны үнэ 2 500 000 ам.долларын 1 000 000 ам.долларыг худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр шууд төлөх, үлдэх 1 500 000 ам.долларыг “Ж ” ХХК-иас “ЭТЭС ” ХХК-д интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийлүүлж буй үйлчилгээгээр харилцан тооцож төлөхөөр тохиролцсон.

Гэвч 2014 оны 3 дугаар сараас “Ж ” ХХК нь “ЭТЭС ” ХХК-аас интернэтийн үйлчилгээний төлбөрөө нэхэмжлэх болсон ба улмаар худалдан авагч Хувьцаа худалдах, худалдан авах тухай дээр дурдсан гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. 2012 оны 11 сарын 7-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай актыг Ц.П ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ж ” ХХК-ийн захирал Ц.Б болон “ЭТЭМ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал БХХ нар 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн байдаг.

Ц.П , “Жт” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулснаас хойш танай компанийн хувьцааны үнэ буурсан, 2 500 000 ам.доллараар 35 хувийн хувьцаа авахгүй гэж гэрээнээс татгалзснаар “ЭТЭМ ” ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “ЭТЭС ” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж буй байр болох 1260 м.кв талбайтай 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, өмнө тохиролцсон “ЭТЭС ” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувь дээр нэмээд Ц.П аас хувьцааны төлбөрт авсан 1 000 000 ам.доллар болон “Ж ” ХХК-аас “ЭТЭС ”т ХХК-д үзүүлсэн интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.доллар буюу 2 216 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 2014 оны 06 сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээг Ц.П-тай байгуулсан.

2017 оны 09 дугээр сард “Жт” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны интернэтийн төлбөр алдангид 3 604 824 510 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 932 873 000 төгрөгийг “ЭТЭС ”т ХХК-аас гаргуулж “Жт” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүх зохигчдын хоорондын харилцааг тусад байлгах нь зүйтэй Ц.П ын үүргийг Жт ХХК шууд хариуцах буюу хувьцааны үнэ төлөх Ц.П ын үүргийг Жт ХХК-ийн үйлчилгээний төлбөрөөр Жт ХХК маргаж байгаа үед харилцан тооцох нь учир дутагдалтай гэж дүгнэсэн.

Иймд “ЭТЭМ ” ХХК нь Ц.П-д  бодитоор 1 000 000 ам.долларын өртэй, “ЭТЭС ” ХХК нь “Жт” ХХК-д шүүхийн шийдвэрээр 932 873 000 төгрөгийн өртэй.

Талуудын хооронд үүссэн өр ойролцоогоор 1 000 000 ам.доллар буюу 2 563 940 000 төгрөг нэмэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 932 873 000 төгрөг, нийт 3 496 813 000 төгрөг болж байсан.

Талууд 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Харилцан тохиролцооны гэрээ нэртэй гэрээг байгуулж, гэрээ байгуулснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн дотор худалдагч нь буцаан худалдан авах, хувьцааг 6 сарын дотор буцаан худалдан авах талаар харилцан тохироцсон. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохигчид Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж “ЭТЭС ” ХХК-ийн 35 хувийн хувьцааг 500 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 000 төгрөгөөр үнэлж дээрх өрийг төлөх баталгаа болгож шилжүүлсэн байдаг.

Ц.П гай дээрх гэрээг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр мөн “Жт” ХХК-тай төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1-д “Жт” ХХК-ийн одоогийн авлага нь 113 000 000 төгрөг болохыг тодорхойлж харилцан тохиролцов гэж тусгасан байдаг бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 932 873 000 төгрөгийг 0 болгож, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацаанд гэрээгээр авсан интернэтийн төлбөр 113 000 000 төгрөг болохыг талууд тохиролцсон хэлцэл юм.

“ЭТЭС ” ХХК нь хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөө Ц.П ын 1 000 000 ам.доллар, “Жт” ХХК-ийн 937 695 315 төгрөгийн өрөндөө өгсөн боловч “Жт” ХХК нь уг хэлцэлдээ хүрэлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулах ажиллагааг хийлгүүлж байна.

Иймд нэхэмжлэгч “ЭТЭС ” ХХК болон “ЭТЭМ ” ХХК, хариуцагч Ц.П  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ-ний шинжийг хэлбэрийн төдий хангасан боловч бодитоор гэрээний зүйлийг худалдах, худалдан авах талуудын хүсэл зоригийг агуулаагүйн зэрэгцээ тус гэрээний үндсэн шинж болох гэрээний зүйлийн үнийг төлөх үүргийг худалдан авагч талд бий болгоогүй, харин худалдагчийн худалдан авагчид болон гэрээний оролцогч бус этгээд “Жт” ХХК-д өгөх ёстой өр төлбөрийг дуусгавар болгох зорилгоор байгуулагдсан гэрээ юм.

2018 оны 10 сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гэх заалт нь худалдан авагч Ц.П аас бодитоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3 000 000 000 төгрөгийг төлөөгүй байхад төлсөн мэтээр бичиж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг хангахын тулд оруулсан худал заалт буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хийсэн хэлцэл юм.

Иймд гэрээг бүхэлд нь бус гэрээний 2.2 дугаар заалтыг хүчингүйд тооцуулах боломжтой юм.

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 3 000 000 000 төгрөгөөр тохиролцон нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.П-д  төлбөл зохих төгрөгийн өглөгийг бүрэн барагдуулж, зөрүү 436 060 000 төгрөгийг “ЭТЭС ” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувь болох 500 000 000 төгрөгийн үнэ бүхий 20 387 500 ширхэг хувьцааны хамтаар “Жт” ХХК-ийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 937 695 315 төгрөгийн өр төлбөрт тооцуулж дуусгавар болгохоор хариуцагчид шилжүүлж өгсөн боловч жинхэнэ үүрэг гүйцэтгүүлэгч “Жт” ХХК-ийн хүсэлтээр дээрх 937 695 315 төгрөгийг шүүхийн шийдвэрээр албадан гаргуулах ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа тул Ц.П аас хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зөрүү үнийг буцаан шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд “ЭТЭС ” ХХК, “ЭТЭМ ” ХХК, Ц.П  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "ЭТЭМ " ХХК нь "ЭТЭС " ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс иргэн Ц.П аас зээл авах санал гаргаж улмаар талуудын хооронд "Зээлийн гэрээ" байгуулагдсан. Энэхүү гэрээний зорилго нь "ЭТЭМ " ХХК нь "ЭТЭС " ХХК-ийн нийт хувьцааны 35 хувиас илүү хэсгийг шилжүүлэх баталгаатайгаар 2 500 000 ам.долларын хүүгүй, хөрвөгч зээл авахаар тус гэрээний 5.1-д тодорхой заасан байдаг. Гэрээнд зааснаар 1 000 000 ам.долларыг бэлнээр шилжүүлж, 1 500 000 ам.долларыг "Жт" ХХК-аас авч байсан интернэт үйлчилгээний төлбөрөөс суутган тооцуулж Ц.П  гэрээний үүргээ биелүүлж "ЭТЭМ " ХХК-д зээл олгосон байдаг.

Гэтэл "ЭТЭМ " ХХК нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрэх болсон тул 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр "гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт" үйлдэж "ЭТЭМ " ХХК нь 2 661 047 ам.доллар төлөхөөр болсон. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж "ЭТЭМ " ХХК нь өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг "ЭТЭС " ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцаа, Ү2202009600 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар Ц.П-д  шилжүүлэхээр болсон.

"ЭТЭМ " ХХК-ийн зүгээс иргэн Ц.П-д  "ЭТЭС " ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон 35 хувийн хувьцааг өр төлбөртөө шилжүүлэхээр тохиролцсон болох нь баримтаар тогтоогдож "ЭТЭС " ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгө нь "Ж " ХХК-ийн сүүлд тохиролцсон интернетийн үйлчилгээний төлбөр байсан.

Талуудын хооронд өмнө нь хийгдсэн харилцан тохиролцоо болон шүүхийн шийдвэрээс урьтал болгон баримтлахаар тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийг 6 сарын дотор, компанийн 35 хувийн хувьцааг тус тус эргүүлэн худалдан авахаар болсон. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", "хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" -г тус тус байгуулж үл хөдлөх эд хөрөнгө болон 35 хувийн хувьцаа Ц.П-д  шилжүүлсэн.

"ЭТЭМ " ХХК-тай харилцан тохиролцсон өмнөх үүргийг солихоор тохиролцож өмнө үүргийн харилцаа дуусгавар болсон. 2018 оны 10 сарын 26-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний 2.2-т заасан "төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн" гэх заалтыг бодитоор төлөөгүй байхад төлсөн мэтээр бичсэн худал заалт буюу 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу өр төлбөр шилжүүлэх өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул дээрх шаардлага үндэслэлгүй. Харин "Ж " ХХК-тай холбоотой гэрээ хэлцэл болон бусад асуудал нь Ц.П-д  хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭТЭС ” ХХК, “ЭТЭМ ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах хариуцагч Ц.П-д  холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭТЭС ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 408 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15 249 500 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч “ЭТЭМ ” ХХК, “ЭТЭС  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Талуудын хооронд гэрээ байгуулагдах болсон үндэслэл шалтгаан, гэрээний үр дагаврыг талууд өөр, өөрөөр тайлбарлаж байгаагаас гэрээ ямар хүсэл зоригийн дагуу хйигдсэн шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ зохигчид тайлбараараа, худалдах, худалдах авах гэрээнүүдийг тодорхой өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгох зорилгоор байгуулсан гэдэг талаар маргахгүй байгааг анхаараагүй.

“ЭТЭМ ” ХХК, Ц.П  нар харилцан тохиролцооны гэрээ, “Жт” ХХК, “ЭТЭМ ” ХХК-иуд төлбөр барагдуулах гэрээ, “Жт” ХХК, “ЭТЭМ ” ХХК-иудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан.

Ц.П  болон “ЭТЭМ ” ХХК хоорондын харилцан тохиролцоотой холбоотойгоор энэхүү гэрээг талуудын хоорондын өмнө хийгдсэн харилцан тохиролцоо болон шүүхийн шийдвэрээс урьтал болгон баримтална гэх агуулга нь дээрх 4 тал хоорондын авлага, өглөгийн асуудлаар нэг өдөр хэлцэл хийснийг нотлохын зэрэгцээ, Ц.П-тай  байгуулсан уг гэрээ нь “ЭТЭМ ” ХХК болон “Жт” ХХК-ийн хоорондын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 932 873 000 төгрөгийн өрийг барагдуулах хэлцэлтэй шууд холбоотой болохыг нотлож байна.

“Жт” ХХК-д төлбөл зохих 932 873 000 төгрөг, Ц.П-д  өөрт нь өгөх 1 000 000 ам.доллар гэсэн 2 төлбөрийг төлөх баталгаа болгож хөрөнгө, хувьцаагаа нэхэмжлэгч нар хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь гэрч Г.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог.

Гэвч Ц.П-д  хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж өгсний дараа “Жт” ХХК нь дээрх тохиролцоогоо зөрчиж, шүүхийн магадлалын дагуу 932 873 000 төгрөг төлөгдөөгүй гэж уг мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулах ажиллагааг явуулуулж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар “ЭТЭМ ” ХХК-аас 497 122 315 төгрөг гаргуулан авсан. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “ЭТЭМ ” ХХК болон Ц.П  нарын хооронд “ЭТЭС ” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг 2 500 000 ам.доллараар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Ц.П  хувьцааны үнэ 2 500 000 ам.доллараас 1 000 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1 398 220 000 төгрөгийг “ЭТЭМ ” ХХК-д төлсөн. Харин үлдэгдэл 1 500 000 ам.долларыг мөнгөөр төлөөгүй бөгөөд уг 1 500 000 ам.долларыг “Жт” ХХК-аас “ЭТЭМ ” ХХК-д Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу сар бүр нийлүүлэх интернэт урсгалын төлбөрөөр төлөхөөр тохиролцсон.

Ц.П  нь нэхэмжпэгч нарт эрх шилжүүлэх гэрээнд дурдсан 2 661 047 ам.доллар өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараараа 1 000 000 ам.долларын авлагатай болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хариуцагч Ц.П  2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээг хэрэгжүүлж, 2 500 000 ам.долларын авлагадаа нэхэмжлэгч компанийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө авсан мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хүчингүй болгож буй хуулийн үндэслэлээ шийдвэртээ хангалттай дурдаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь “дүр үзүүлэн хийсэн гэрээ” болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдох боломжтой. Иргэний хуулийн агуулга, хэм хэмжээгээр “үүрэг” үүсээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх мөн үүсэхээргүй байх бөгөөд шаардах эрх үүсээгүй тохиолдолд аливаа байдлаар өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсан хөрөнгийг өөртөө үлдээх хууль зүйн боломж байхгүй тул нэхэмжпэгчийн эсрэг гаргавал зохих шаардлагаасаа илүү давсан үнэ бүхий хөрөнгө, эдийн бус эрхийг шилжүүлэн авсан хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү, хувьцааг гаргуулж нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ЭТЭМ ” ХХК, “ЭТЭС ” ХХК нь хариуцагч Ц.П-д  холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр  436 060 000 төгрөг, “ЭТЭС ” ХХК-ийн 20 387 500 ширхэг хувьцааг тус тус буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний 2.2.-дах заалт буюу “Төлбөр төлөх нөхцөл: төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн” гэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай акт” нэртэй хэлцэл, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Харилцан тохиролцооны гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй гэж ойлгомжгүй дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

 

Мөн хариуцагч 1 500 000 ам.доллар шилжүүлсэн эсэх талаар талууд маргасан тохиолдолд хариуцагч уг үүргээ хэрхэн биелүүлсэн, уг үүрэгт нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 793 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалаар тогтоосон үйл баримт болох “Жт” ХХК-аас 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 614 675 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 338 198 000 төгрөгийн интернетийн үйлчилгээг “ЭТЭС ” ХХК авсан нь хамааралтай эсэх талаар дүгнэх учиртай байжээ.

 

Анхан шатны шүүхээс хийгдвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, үйл баримтыг тогтоогоогүй, талуудыг мэтгэлцүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар алдааг залруулах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 408 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                          

                   ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА