Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00408

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/00408

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ЭМ ХХК,

Нэхэмжлэгч: ЭС ХХК нарын нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч:  Ц.П-д холбогдох

 

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: ..................... нар оролцов. 

 

Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч ЭМ ХХК, ЭС ХХК Нарын шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: 2018.10.19-ний өдөр ЭМ ХХК, түүнийг төлөөлж захирал БНСУ-н иргэн Биргэн Ц.Птай Харилцан тохиролцооны гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ЭС ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 3 тэрбум төгрөгөөр 6 сарын дотор буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, мөн тус компанийн хувьцааны 35 хувьтай тэнцэх хувьцааг 1 жилийн дотор буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр 500 000 000 төгрөгөөр худалдахаар тус тус тохиролцсон. Дээрх тохиролцооны хүрээнд талууд 2018.10.26-ны өдөр компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ЭС ХХК-ийн 35 хувь буюу 20 387 500 ширхэг хувьцааг 500 000 000 төгрөгөөр худалдаж, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Мөн өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ЭС ХХК-ийн өмчлөлийн Ү-2202009600 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 3 тэрбум төгрөгөөр худалдсан. Гэвч Ц.П нь 2012.11.12-ны өдөр 1 000 000 ам.долларыг хэлцлийн дагуу олгосон боловч хувьцааны үнэ 500 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3 тэрбум төгрөгийг төлөлгүй, гэрээг биелүүлээгүй. Иймд 2018.10.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө, 20 387 500 ширхэг хувьцааг Ц.П-с буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ЭМ ХХК, ЭС ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЭС ХХК нь хариуцагч Ц.П-ын аав П.Ц-ийн эзэмшлийн Ж ХХК-тай 2010 оноос интернэтийн бөөний үйлчилгээ болон суваг түрээсийн аж ахуйн үйлчилгээний хүрээнд хамтран ажиллаж ирсэн юм. Нэхэмжлэгч ЭС ХХК нь 2012 оны дундуур өөрийн хувьцааны тодорхой хувийг худалдахаар томоохон компаниудтай яриа хэлэлцээр хийж байх үед Ж ХХК-ийн удирдлагууд тус компанийн 35%-ийн хувьцааг худалдан авах саналыг гаргасны дагуу 2 компанийн удирдлага харилцан тохиролцоод Ж ХХК нь хувьцааг худалдан авахаар болсон байдаг. Гэвч Ж ХХК-иас Ц.П-ыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх санал гаргасны дагуу 2012 оны 11 сарын 7-ны өдөр ЭМ ХХК болон Ц.П нарын хооронд ЭС ХХК-ийн нийт хувьцааны 35%-ийг 2 500 000 ам.доллараар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байдаг. Дээрх гэрээний дагуу ЭС ХХК-ийн 35%-ийн хувьцааны үнэ 2 500 000 ам.долларын 1 000 000 ам.долларыг худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр шууд төлөх, үлдэх 1 500 000 ам.долларыг Ж ХХК-иас ЭС ХХК-д Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нийлүүлж буй үйлчилгээгээр харилцан тооцож төлөхөөр тохиролцсон байдаг. Ц.П байгуулсан 2012 оны 11 сарын 7-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.1-д зааснаар бэлнээр шилжүүлсэн 1 000 000 ам.доллар дээр Ж ХХК-иас авах интернэтийн үйлчилгээ 1 500 000 ам.долларт хүрч нийт 2 500 000 ам.доллар болоход урьдчилж төлсөн уг мөнгийг ЭС ХХК-ийн 35%-ийн хувьцаанд хөрвүүлэх ёстой байв. Гэвч 2014 оны 3 дугаар сараас Ж ХХК нь ЭС ХХК-иас интернэтийн үйлчилгээний төлбөрөө нэхэмжлэх болсон ба улмаар худалдан авагч Хувьцаа худалдах, худалдан авах тухай дээр дурдсан гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Ингээд 2012 оны 11 сарын 7-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай актыг Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ХХК-ийн захирал Ц.Б болон ЭМ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Б нар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн байдаг. Ийнхүү Ц.П, Ж ХХК-ийн зүгээс гэрээ байгуулснаас хойш танай компанийн хувьцааны үнэ буурсан, 2 500 000 ам.доллараар яагаад ч 35%-ийн хувьцаа авахгүй гэж гэрээнээс татгалзснаар ЭМ ХХК аргагүйн эрхэнд........... байрлах ЭС ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж буй байр болох 1260м.кв талбайтай 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг, өмнө тохиролцсон ЭС ХХК-ийн нийт хувьцааны 35% дээр нэмээд Ц.П-с хувьцааны төлбөрт авсан 1 000 000 ам.доллар болон Ж ХХК- иас ЭС ХХК-д үзүүлсэн интернэтийн үйлчилгээний төлбөр 1 500 000 ам.доллар буюу 2 216 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 2014 оны 6 сарын 24-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г Ц.П-тай байгуулсан байдаг. Уг Эрх шилжүүлэх гэрээний 3.2, 3.3-т заахдаа гэрээ хүчин төгөлдөр болсон 2014 оны 6 сарын 24-ний өдрөөс хойш 3 сарын дотор эрх шилжүүлэгч нь хувьцааны төлбөрт авсан 1 000 000 ам.доллар болон интернэтийн үйлчилгээний төлбөр 1 661 047 ам.долларыг /Ж ХХК нь интернэтийн төлбөрөө ам.доллар руу хөрвүүлээд мөн хүү, алданги тооцож гаргасан дүн/ эрх хүлээн авагчид төлж барагдуулаагүй бол эрх хүлээн авагч нь гэрээ ёсоор хувьцааны 35% болон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болж, холбогдох бүртгэлийг хийлгэхээр тохиролцсон байдаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ЭС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, хувьцааны 35%-ийг шилжүүлснийг бүртгүүлэхэд шаардагдах болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичиг, итгэмжлэл зэргийг ЭМ ХХК болон ЭС ХХК-ийн зүгээс бэлтгэж, баталгаажуулан гэрээний хавсралтаар хүлээлгэн өгсөн. Гэвч эрх шилжүүлэн авагч нь гэрээний зүйлийг өөрийн нэр лүү шилжүүлэх талаар ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг Хас банкны зээлийн барьцаанд тавьж ашигласан болно. Харин 2017 оны 9 дугээр сард Ж ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны интернэтийн төлбөр алдангид 3.604.824.510 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ЭС ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх ...932 873 000 төгрөгийг ЭС ХХК-иас гаргуулж Ж ХХК-д олгохоор болсон ба шүүх зохигчдын хоорондын харилцааг тусад байлгах нь зүйтэй Ц.П-ын үүргийг Ж ХХК шууд хариуцах буюу хувьцааны үнэ төлөх Ц.П-ын үүргийг Ж ХХК-ийн үйлчилгээний төлбөрөөр Ж ХХК маргаж байгаа үед харилцан тооцох нь учир дутагдалтай гэж үзсэн. Иймд ЭМ ХХК нь Ц.П-д бодитоор 1 000 000 ам.долларын өртэй юм. Харин ЭС ХХК нь Ж ХХК-д шүүхийн шийдвэрээр 932 873 000 төгрөгийн өртэй юм. Нэхэмжлэгч нарын Ц.П болон Ж  ХХК-д төлөх өр ойролцоогоор 1 000 000 ам.доллар х 2563.94 төгрөг /Монгол банкны тухайн өдрийн ханш/ 2 563 940 000 төгрөг +932 873 000 төгрөг=3 496 813 000 төгрөг болж байсан. Ингээд Ж ХХК, Ц.П нар ЭМ болон ЭС ХХК- иас өр төлбөрөө төлөхийг шахаж шаардан үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгохыг шаардсан. Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцаагаа худалдах ямар ч хүсэл зориггүй байсан бол нөгөө талаас хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцааг худалдан авах хүсэл зориггүй байсан. Энэ нь талууд 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Харилцан тохиролцооны гэрээ нэртэй гэрээг байгуулж, гэрээ байгуулснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн дотор худалдагч нь буцаан худалдан авах, хувьцааг 6 сарын дотор буцаан худалдан авах талаар харилцан тохироцсон байдаг. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохигчид Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж ЭС ХХК-ийн 35%-ийн хувьцааг 500 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 000 төгрөгөөр үнэлж дээрх өрийг төлөх баталгаа болгож шилжүүлсэн байдаг. Ц.П Харилцан тохиролцооны гэрээ үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр мөн Ж ХХК-тай Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1-д А талын буюу Ж ХХК-ийн одоогийн авлага нь 113 000 000 төгрөг болохыг тодорхойлж харилцан тохиролцов гэж тусгасан байдаг бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 932 873 000 төгрөгийг 0 болгож, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацаанд гэрээгээр авсан интернэтийн төлбөр 113 000 000 төгрөг болохыг талууд тохиролцсон хэлцэл юм. Гэвч Ц.П-д үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцааг шилжүүлсний дараа Ж ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ЭС ХХК нь дээрх 932 873 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна гэж өмнө үүссэн байсан боловч төлбөр авагчийн хүсэлтээр тодорхой ажиллагаа хийгдээгүй байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол санап гаргаж, улмаар НШГГ-аас манай компанийн данс, эд хөрөнгийг битүүмжилж 932 873 000 төгрөгийг албадан гаргуулах ажиллагаа явагдаж байна. ЭС ХХК нь хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөө Ц.П-ЫН  1 000 000 ам.доллар, Ж ХХК-ийн 937 695 315 төгрөгийн өрөндөө өгсөн боловч Ж ХХК нь уг хэлцэлдээ хүрэлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гаргуулах ажиллагааг хийлгүүлж байна. Иймд нэхэмжлэгч ЭС ХХК болон ЭМ ХХК, хариуцагч Ц.П нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний шинжийг хэлбэрийн төдий хангасан боловч бодитоор гэрээний зүйлийг худалдах, худалдан авах талуудын хүсэл зоригийг агуулаагүйн зэрэгцээ тус гэрээний үндсэн шинж болох гэрээний зүйлийн үнийг төлөх үүргийг худалдан авагч талд бий болгоогүй, харин худалдагчийн худалдан авагчид болон гэрээний оролцогч бус этгээд Ж ХХК-д өгөх ёстой өр төлбөрийг дуусгавар болгох зорилгоор байгуулагдсан гэрээ юм. Энэ нь ч хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байгаа юм. Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцааг өрөндөө авч өрийг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна. Иймд Иргэний хуулийн 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагаа нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасны дагуу Ц.П-ын 1 000 000 ам.долларын өрийг төлөх баталгаа болгох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд нь шилжүүлсэн хэлцлийг хүчинтэй байлгахад татгалзах зүйлгүй. Өмнө дурдсанчлан Ж ХХК-д төлбөл зохих 937 695 315 төгрөгийн өрийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэгч компаниуд нь хариуцагчид төлбөл зохих өрнөөсөө 1 тэрбум орчим төгрөгийн илүү үнэтэй эд хөрөнгөө шилжүүлсэн буюу хариуцагч уг хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. 2018 оны 10 сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь Төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гэх заалт нь худалдан авагч Ц.П-с бодитоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3 000 000 000 төгрөгийг төлөөгүй байхад төлсөн мэтээр бичиж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг хангахын тулд оруулсан худал заалт буюу Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хийсэн хэлцэл юм. Иймд гэрээг бүхэлд нь бус гэрээний 2.2 дугаар заалтыг Иргэний хуулийн 61.1 дүгээр зүйлийн дагуу хэлцлийн зарим хэсгийг хүчингүйд тооцуулах боломжтой гэж үзэж байна.

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 3 000 000 000 төгрөгөөр тохиролцон нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.П-д төлбөл зохих төгрөгийн өглөгийг бүрэн барагдуулж, зөрүү 436 060 000 төгрөгийг ЭС ХХК-ийн нийт хувьцааны 35% болох 500 000 000 төгрөгийн үнэ бүхий 20 387 500 ширхэг хувьцааны хамтаар Ж ХХК-ийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 937 695 315 төгрөгийн өр төлбөрт тооцуулж дуусгавар болгохоор хариуцагчид шилжүүлж өгсөн боловч жинхэнэ үүрэг гүйцэтгүүлэгч Ж ХХК-ийн хүсэлтээр дээрх 937 695 315 төгрөгийг шүүхийн шийдвэрээр албадан гаргуулах ажиллагааг НШГГ-аас явуулж байгаа тул Ц.П-С  хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зөрүү үнийг буцаан шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436,060,000 төгрөг, 20,387,500 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Иймд ЭМ ХХК, ЭС ХХК Ц.П нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436,060,000 төгрөг гаргуулах, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20,387,500 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.П-ЫН шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талуудын хооронд ууссэн харилцааг буруу ташаа тайлбарлан бичсэн байна. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЭМ ХХК, ЭС ХХК  нарын бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс иргэн Ц.П-с зээл авах санал гаргаж улмаар талуудын хооронд "Зээлийн гэрээ" байгуулагдсан юм. Энэхүү гэрээний зорилго нь ЭМ ХХК, ЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувиас илүү хэсгийг шилжүүлэх баталгаатайгаар 2,5 сая ам.долларын хүүгүй, хөрвөгч зээл авахаар тус гэрээний 5.1-д тодорхой заасан байдаг. Гэрээнд зааснаар 1 сая ам.долларыг бэлнээр шилжүүлж, 1,5 сая ам.долларыг "Ж ХХК-иас авч байсан интернэт үйлчилгээний төлбөрөөс суутган тооцуулж Ц.П гэрээний үүргээ биелүүлж ЭМ ХХК-д зээл олгосон байдаг юм. Гэтэл ЭМ  ХХК нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрэх болсон тул дараах байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Үүнд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр "гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт" үйлдэж ЭМ ХХК нь 2.661.047 ам.доллар төлөхөөр болсон. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №С1М/СМ-0003 дугаартай "Эрх шилжүүлэх гэрээ" байгуулж ЭМ  ХХК нь өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг ЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцаа, Ү2202009600 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар Ц.П-д шилжүүлэхээр болсон. Үүнээс ЭМ ХХК нь "зээлээ төлөх хугацаа хэрэгтэй байна, хөрөнгө оруулагч хайж байна, мөнгөтэй болох гэж байна" гэх зэргээр хугацаа авсаар байсан ба "Ж ХХК-ийн үйл ажиллагаа доголдож ЭС  ХХК-д холбогдуулж Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. ЭС " ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа "иргэн Ц.П-С  зээлсэн ам.долларын төлбөртөө компанийн 35 хувийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж үүргээ биелүүлсэн" гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүх иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан хувьцааны өр төлбөр шилжүүлэх, зээл тооцох асуудлаар хийгдсэн гэрээний харилцааг Ж" ХХК болон ЭС ХХК хооронд байгуулагдсан "худалдах, худалдан авах гэрээ"-ний үүрэгт шууд хамааруулах нь үндэслэлгүй буюу иргэн Ц.П болон ЭМ ХХК хоорондын гэрээний харилцаа нь хоорондоо хамааралгүй, тусдаа харилцаа гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ЭМ" ХХК-ийн зүгээс иргэн Ц.П-д ЭС ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон 35 хувийн хувьцааг өр төлбөртөө шилжүүлэхээр тохиролцсон болох нь баримтаар тогтоогдож "ЭС ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр нь Ж ХХК-ийн сүүлд тохиролцсон интернетийн үйлчилгээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Цаг хугацааны хувьд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2018 байгуулсан. Энэхүү гэрээгээр талуудын хооронд өмнө нь хийгдсэн харилцан тохиролцоо болон шүүхийн шийдвэрээс урьтал болгон баримтлахаар тохиролцоод үл хөдлөх эд хөрөнгийг 6 сарын дотор, компанийн 35 хувийн хувьцааг тус тус эргүүлэн худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", "хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" -г тус тус байгуулж үл хөдлөх эд хөрөнгө болон 35 хувийн хувьцаа Ц.П-д шилжүүлсэн. Тодруулбал, ИХ-ийн 110-р зүйлийн 110.1-д "үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэсний агуу Ц.П-ын өмч болсон. ИХ-ийн 183-р зүйлийн 183.1-д "эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасан ба талуудын хэлцлийн дагуу улсын бүртгэл хийгдсэн. ИХ-ийн 236-р зүйлийн 236.1.3-т "талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон", мөн 236.2-т "энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно" гэж заасанЭМ ХХК-тай харилцан тохиролцсон өмнөх үүргийг солихоор тохиролцож өмнө үүргийн харилцаа дуусгавар болсон. Мөн ЭМ " ХХК нь үүргээ гүйцэтгэсэн явдал нь гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй байхаар ИХ-н 82 дугаар зүйлийн 82.2, 82.3-т тус тус зохицуулсан байдаг. 2018 оны 10 сарын 26-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний 2.2-т заасан "төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн" гэх заалтыг бодитоор төлөөгүй байхад төлсөн мэтээр бичсэн худал заалт буюу 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй байх ба энэ хуулийн заалтад хамаарах үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу өр төлбөр шилжүүлэх өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул дээрх шаардлага үндэслэлгүй юм. Харин "Ж ХХК-тай холбоотой гэрээ хэлцэл болон бусад асуудал нь Ц.П-д хамааралгүй юм гэв.

 

Шүүх гэрч Г.Э-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭМ ХХК, ЭС ХХК нар нь хариуцагч Ц.П-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 2018.10.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар шаардсныг,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах болгон өөрчилжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018.10.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр ЭМ ХХК нь Ц.П-д бодитоор 1 000 000 ам.долларын өрийн асуудлыг болон ЭС ХХК нь Ж ХХК-д шүүхийн шийдвэрээр 932 873 000 төгрөгийн өрийн асуудлыг, нийт 3 500 000 000 төгрөгийн өр төлбөрийг шийдвэрлэх зорилгоор Харилцан тохиролцооны гэрээ үйлдэж, уг эд хөрөнгө болон компанийн хувьцааг шилжүүлсэн байхад...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тохиролцоондоо хүрэлгүй шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 932 873 000 төгрөгийг гүйцэтгэх ажиллагааг явуулж ирсэн. гэснийг хариуцагч тал зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ЭС ХХК болон Ц.П нарын хооронд 2018 оны 10 сарын 19-ний өдөр Харилцан тохиролцооны гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ЭС ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ц.П-ын өмчлөлд шилжүүлж өгөх, мөн ЭС ХХК-ийн 35 хувь буюу 20 387 500 ширхэг хувьцааг Ц.П-д шилжүүлж өгөх, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг ЭС ХХК нь эргүүлэн худалдаж авах эрхийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх, худалдаж авах үнэ 3 000 000 000 төгрөг байхаар, мөн ЭС ХХК нь хувьцааг шилжүүлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхийг хэрэгжүүлэх, хувьцаа худалдаж авах үнэ нь 500 000 000 төгрөг байхаар тохирчээ./хх-ийн 13/

Дээрх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор талуудын хооронд 2018.10.26-ны өдрийн Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.26-ны өдрийн Компаний эрх шилжүүлэх гэрээ, 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ зэргийг тус тус бичгийн хэлбэрээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатч үнэн зөвийг гэрчилж, баталгаажуулжээ./хх-ийн 14-24/

Дээрх гэрээнүүд байгуулагдсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Дээрх гэрээ байгуулагдах болсон үндэслэл шалтгааныг талуудын хооронд байгуулагдсан гэх 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-тэй холбон тайлбарлаж байх бөгөөд уг гэрээний агуулгыг талууд ЭМ ХХК, ЭС ХХК бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс иргэн Ц.П-С  зээл авах санал гаргаж улмаар талуудын хооронд "Зээлийн гэрээ" байгуулагдсан юм. Энэхүү гэрээний зорилго нь ЭМ ХХК, ЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувиас илүү хэсгийг шилжүүлэх баталгаатайгаар 2,5 сая ам.долларын хүүгүй, хөрвөгч зээл авахаар тус гэрээний 5.1-д тодорхой заасан байдаг. Гэрээнд зааснаар 1 сая ам.долларыг бэлнээр шилжүүлж, 1,5 сая ам.долларыг "Ж ХХК-иас авч байсан интернэт үйлчилгээний төлбөрөөс суутган тооцуулж Ц.П гэрээний үүргээ биелүүлж "ЭМ ХХК-д зээл олгосон байдаг юм. Гэтэл ЭМ  ХХК нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрэх болсон тул дараах байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Үүнд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт үйлдэж ЭМ ХХК нь 2.661.047 ам.доллар төлөхөөр болсон. гэж тайлбарлажээ.

 

Түүнчлэн Ж ХХК нь ЭС ХХК-нд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 604 824 510 төгрөг гаргуулахаар шаардаж, тус шүүхийн ..........ний өдрийн ..........дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1871 дугаар магадлалаар, ...932 873 000 төгрөгийг ЭС ХХК-иас гаргуулж Ж  ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрүүдээр шүүх нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ...төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо,..иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан өр төлбөр шилжүүлэх, зээл тооцох асуудлаар хийгдсэн гэрээний харилцааг зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шууд хамааруулах үндэслэл тогтоогдохгүй байна. гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрүүд хүчинтөгөлдөр болсон байна./хх-ийн 109-128/

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал Ц.П-с хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зөрүү үнийг буцаан шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж, хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зохигчдын хоорондын харилцааг тусад байлгах нь зүйтэй гэж дүгнэсэн байхад Ц.П-ТАЙ  байгуулсан гэрээгээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн өр төлбөрийг харилцан тооцох нь учир дутагдалтай, үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 сарын 19-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээ, 2018.10.26-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.26-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдэд талуудын тайлбарласан талууд шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөрийг, түүнчлэн Ц.П-С зээлсэн гэх 2,5 сая ам.долларын өр төлбөрийг хаах зорилгоор хийгдсэн талаар дурдаагүйн дээр шүүх дээрх өр төлбөрийг хэрхэн тооцсон талууд уг гэрээнүүдийг байгуулахдаа ямар тохиролцоог үндэслэж хийсэн, үр дагавар нь хэрхэн тооцогдох, гэрээ хэрхэн хэрэгжих талаар дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ байгуулагдах болсон үндэслэл шалтгаан, гэрээний үр дагаврыг талууд өөр, өөрөөр тайлбарлаж байгаагаас дээрх гэрээ ямар хүсэл зоригийн дагуу хийгдсэн шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.П-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭМ ХХК, ЭС ХХК-ийн  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах хариуцагч Ц.П-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 408 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15 249 500 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч ЭМ ХХК, ЭС ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ