Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2020/00398

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2020/00398

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Нийслэлийн засаг захиргааны 0 дугаар байр Хангарди Ордоны 0 дугаар давхарт байрлах Н.Х.О.Г-ОНӨААТҮГ /РД: 000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Зүүн ард Аюуш гудамж, 0 тоот хаягт байрлах “М.А.К” ХХК /РД: 000000/-д холбогдох,

 

Гэрээний дагуу шилжүүлсэн 33,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь “М.А.К” ХХК-тай гэрээ байгуулсан. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих шинээр барих байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг худалдан авах эрхийг Нийслэлийн засаг даргаас Хан-Уул дүүргийн засаг даргад шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн А/32 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь “М.А.К” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 48,500,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам, тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хуанлийн 90 хоногт багтаан зураг, төсвийг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон. Хариуцагчаас удаа дараа гэрээний үүргийг шаардсан боловч биелүүлээгүй. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 14,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 19,450,000 төгрөгийн буюу санхүүжилтийн 70 хувь болох нийт 33,950,000 төгрөгийг “М.А.К” ХХК-д олгосон. Ажил гүйцэтгэгч “М.А.К” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний тусгай нөхцөлд зааснаар эхний шатны санхүүжилт, дунд шатны санхүүжилт, эцсийн шатны санхүүжилт гэж 3 хувааж санхүүжилт хийгдэж байгаа. Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хариуцагч “М.А.К” ХХК-ийн захирал Н.Б ирж уулзсан хурлын тэмдэглэл байгаа. Уг хурлаар би ажлаа хийж гүйцэтгээд зургаа хийгээд очсон боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас засаад ир гээд явуулаад байна. Засуулах гэхээр би өөрөө туслан гүйцэтгэх компани авчихсан учраас эдгээр компаниуд маань уурлаад байна. Иймд 10 хоногийн хугацаа өгөөч гэсэн тайлбар байгаа. Иймд “М.А.К” ХХК-иас 33,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “М.А.К” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Н.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан тухайн тендерт “Н.К” ХХК-тай хоршиж орсон, учир нь манай тусгай зөвшөөрөл тухайн тендерт дангаараа ороход боломжгүй байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гэрээ хиймэгцээ хэмжилт, судалгаагаа эхэлж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д техникийн нөхцөл хүссэн албан бичгээ өгсөн. Мөн эскиз зургаа зурж 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төвлөгөөний газарт өгсөн. “Пента тера” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулж Тохижилт үйлчилгээний төвийн барилгын геологийн дүгнэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авсан, мөн дэвсгэр зургаа “Топо мастер” ХХК-иар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Хамтран ажиллаж байсан “Н.К” ХХК-д ажлын хөлсийг өгч чадаагүйн улмаас цахилгаан, холбоо, дохиолол, цэвэр, бохир ус, халаалт, салхивчийн зурагнууд түр зогссон. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраар эскиз зургаа 2014 оны 9 дүгээр сарын дундуур батлуулсан, үүнээс болж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгааны техникийн нөхцөл удааширч 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гарсан. Ингээд манайхаас үл шалтгаалах нөхцөл байдлаас болж зураг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон. Зураг төсөл зохиох материал, санхүүжилт 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шийдэгдсэн тул Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн барилга, Яармагийн зам дагуух дугуй, гүйлтийн 6.5 км замын зураг төслөө 2014 оны 12 дугаар сарын 8-нд дуусгаж Онцгой байдлын ерөнхий газарт өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай №632/0-180 тоот дүгнэлт гарсан. Ингээд эхний болон дунд шатны санхүүжилт 33,465,000 төгрөгийг манай компани хүлээж авсан. Бэлэн болсон зураг төсөл, төсвөө улсын экспертизэд оруулах саналтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Пд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 40 гаран хоногийн дараа Б.П нь барилгын архитектурын зурган дээр 9 ширхэг, төсөв дээр 10 ширхэг засах зөвлөмжийг өгсөн. Эдгээрийг ажлын 10 хоногт багтаан засч гүйцэтгээд буцаагаад өгсөн. Мөн л зураг төсөл, төсөв дээр тус тус 10 ширхэг засвар, холбоо, дохиолол, халаалт, салхивч, цэвэр, бохир ус, цахилгаан гээд бүх зурган дээр алдаа бичиж, үүнийг засч өг гэсэн. Эдгээрийг 14 хоногт багтаан засч өгөхөд мөн л хянана гээд аваад үлдсэн. Ингээд Б.П нь дугуй, гүйлтийн замын зургаа Нийслэлийн авто замын газраас хянуул гэж хэлсэн дагуу тус газрын дарга Д.Нанзаддоржтой уулзахад “танайх архитектурын компани байна, наад зургаа авто замын зураг зурдаг тусгай зөвшөөрөлтэй компаниар зуруул” гэж хэлсэн. Гэтэл тендер шалгаруулах ажлын хэсэг буюу үнэлгээний хороо манай компанийн бичиг баримт, тусгай зөвшөөрлийн заалт, мэргэжилтэй ажилчдын анкет, танилцуулга зэргийг хянаад шаардлага хангасан гээд тендерт шалгаруулсан. Үүнийг Нийслэлийн авто замын газрын дарга “наадах чинь хамаагүй, би наад зургийг чинь авто замын зураг зурдаг тусгай зөвшөөрөлтэй компаниар зуруулж авна” гэсэн тул аргаа бараад “Дөрвөн тэнхлэг” ХХК-иар зуруулсан. Ингэж явсаар 2015 оны зун болсон. Зургаа аваад Нийслэлийн авто замын газарт ороход мөн л засвар оруулсан, энэ тухай “Дөрвөн тэнхлэг” ХХК-д хэлэхэд төлбөрөө нэмж төл гээд дургүйцсэн. Энэ талаар мөн л Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Д.П-дхэлэхэд “тэгвэл танайх авсан санхүүжилт 33,465,000 төгрөгөндөө тохижилт үйлчилгээний төвийн барилгын зургаа тооцуулж өгөөд, үлдэх санхүүжилтэндээ дугуй, гүйлтийн замаа хаалгах юм уу” гэх тайлбарыг хэлсэн. Хэсэг хугацааны дараа дээрх саналын талаар ярилцахаар очиход Б.П 1 жилийн чөлөө авсан, манай зургийг хариуцаж байгаа хүн байгаагүй. 2017 оны 2 дугаар сарын 20-ны орчим Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Уянга гэх хүн яриад зургаа аваад ир гэсний дагуу зургаа аваачиж өгсөн, хянаад мөн л засварын карт өгсөн, хамтрагч компаниудтайгаа нийлж зургийг засаад 2017 оны 3 дугаар сарын 17-нд буцаагаад өгсөн. Ингэж явсаар 2017 оны 5 дугаар сар хүрэхэд манай компани дээрх зургийг нийт 7 удаа зассан байсан, тус газрын Хууль, хяналтын хэлтсийн дарга О.Баясгалан “танайхаар дахиж засуулахгүй, танай хийсэн ажил 50 хувьтай байна, авсан санхүүжилтийнхээ 20 хувь болох 10,000,000 төгрөгийг төл” гэж хэлсэн, үүнийг манайх зөвшөөрөөгүй.

 

 Манайх тусгай зөвшөөрлийн дагуу өмнө зураг төслийн ажлыг хүлээн авч 100 хувь дуусгаж хүлээлгэж өгч байсан. Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь ямар шалтгааны улмаас миний зургийг засвар хийх шаардлагатай гээд хүлээж авахгүй байгааг нь би ойлгохгүй байна. Зургаа 100 хувь хийж гүйцэтгээд Нийслэлийн онцгой байдлын газарт хянуулж батлуулчихаад байхад зургийг 50 хувьтай гэж  хүлээж авахгүй байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй юм болов уу гэж бодож байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь олон төсөл хөтөлбөр, барилгын зураг гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулдаг. Миний таньдаг найз нөхдийн зургийн компанитай хүмүүс хүртэл чамайг яагаад наад байгууллага чинь зуугаад байгаа юм, чи хэнийх нь дургүйг хүргэсэн юм гэж хэлж байсан. Зургийг завсартай ч байсан үгүй ч байсан энэ асуудлыг зөвхөн Барилгын хөгжлийн төв шийддэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 2 жилийн хугацаанд намайг сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсны дараа миний бие графикийн дагуу зургийг хүлээлгэж өгсөн. Зурагнуудаа 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 100 хувь хийж гүйцэтгэж тухайн өдрөө хүлээлгэж өгсөн. Зургийг 3 удаагийн зөвлөмжийн дагуу дахин зассан. Тэр үед хуулийн зөвлөх н.Бгэдэг хүн намайг дуудаж уулзсан. Зургаа шалгуулаагүй байж яагаад 19,450,000 төгрөгийн санхүүжилт авсан юм. н.Нарантуяа даргыг таньдаг юм уу, холбоотой юу гэж асууж байсан. Тэгэхэд нь би маш их гайхсан. н.Нарантуяа гэдэг хүнээс болж манай зургийг удаа дараа алдаатай байна гэдэг үндэслэлээр баталгаажуулж өгөхгүй байгаа юм болов уу гэж бодсон. Миний хувьд тэр хүнтэй ямар ч холбоогүй. Гэрээнд заасны дагуу санхүүжилтийг авсан. Би зургийг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Үлдэгдэл санхүүжилтээ аваагүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2, 3 удаагийн засвар оруулаад засаад өгч байхад тамга дараад өгчихсөн бол манайх Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулах бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Х.О.Г-ОНӨААТҮГ нь хариуцагч “М.А.К” ХХК-д холбогдуулан 33,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Х.О.Г-ОНӨААТҮГ, хариуцагч “М.А.К” ХХК-иуд нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам, тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ХУД 2014/ДЗ-ТҮТ тоот гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч, гүйцэтгэгч “М.А.К” ХХК нь Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам, тохижилт үйлчилгээний төвийн барилгын ажлын зураг, төсөв боловсруулах ажлыг нийт 48,500,000 төгрөгөөр, 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний хооронд нийт 90 хоногт багтаан хийж гүйцэтгэх /дээрх үнэд хэмжилт, судалгаа хийх, дэвсгэр зураг боловсруулах, геологийн хайгуулын ажил хийх, хангагч, холбогдогч байгууллагуудтай зургийг зөвшилцөх, батлуулах, экспертизээр оруулах, бүх төрлийн даатгалд хамруулах, татвар, хураамж төлөх зардал багтсан/, нэхэмжлэгч, захиалагч Н.Х.О.Г-ОНӨААТҮГ нь гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Захиалагч, нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 2 удаагийн үйлдлээр 33,950,000 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч, хариуцагч “М.А.К” ХХК-д олгосон, энэ талаар зохигчид хэн аль нь маргаагүй болно. Зохигчдын хооронд байгуулсан ХУД 2014/ДЗ-ТҮТ тоот гэрээний 4 дүгээр зүйлд “Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу дугуй, гүйлтийн зам, тохижилт, үйлчилгээний төвийн барилгын ажлыг 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний хооронд нийт 90 хоногт багтаан зураг, төсвийг захиалагчид хүлээлгэн өгнө” гэжээ. Гэтэл гүйцэтгэгч, хариуцагч “М.А.К” ХХК нь дээрх 90 хоногийн хугацаанд зураг, төсвийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгч Н.Б-ын “... Бэлэн болсон зураг төсөл, төсвөө улсын экспертизэд оруулах саналтай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Пд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч, гүйцэтгэгч нь гэрээний хугацааг сунгах талаар захиалагчид хүсэлт гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “... техникийн нөхцөл эрх бүхий байгуулагуудаас гарахгүй удсан, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтнүүд үндэслэлгүйгээр зургийг буцаасан, хамтран ажилласан байгууллагууд зураг буцаагдаж байсанд дургүйцсэн” гэж тайлбарлаж байна. Гэвч техникийн нөхцөл удаж гарсан талаар баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй, зургийг захиалагчийн төлөөлөгч засварлах шаардлагтай талаар карт өгөхөд гэрээний хугацаа хэтэрсэн байсан болно. Мөн хамтран ажилласан байгууллагууд зургийг завсарлахад дургүйцэх нь гэрээний хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

Нэхэмжлэгч Н.Х.О.Г-ОНӨААТҮГ нь “гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд зураг, төсвийг хүлээлгэн өгөөгүй” гэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж, өгсөн төлбөрөө шаардах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасантай нийцэж байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзахдаа мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмыг зөрчөөгүй болох нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазрын 2014 оны 3/3236-8, 2015 оны 3/1860, 3/3233, 3/3284, 2016 оны 3/2551, 3/2732 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч “М.А.К” ХХК -иас 33,950,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Х.О.Г-ОНӨААТҮГт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “М.А.К” ХХК -иас 33,950,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Х.О.Г-ОНӨААТҮГ-т олгосугай.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР