Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 890

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00179 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.О,

Хариуцагч: М.Ө ,

Хариуцагч: Ш.Э ,

Хариуцагч: “НК ” ХХК-д тус тус холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 582 898 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Алтанбилэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэцэнбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Атарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О, Б.А нар нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.А Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад сүрлэн гудамж 23 тоот 447 метр квадрат газар, 1070 м.кв, 4 давхар үл хөдлөхийг барьцаалж 600 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлсэн

Ц.О, Б.А нар нь 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх зээлийг 2 сарын хүүгийн хамт 660 000 000 төгрөг болгож 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сарын 2 хувийн хүү тооцон төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

Талууд дахин 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.А 200 000 000 төгрөгийг 70 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.О нь “М” ХХК-тай дээрх хоёр зээлийн гэрээг нэгтгэн 972 702 000 төгрөгөөр тооцоо нийлсэн ба мөн өдрөө “М” ХХК нь Ц.Оээс дээрх тооцоо нийлсэн 972 702 000 төгрөг дээр нэмээд 450 000 000 төгрөг, нийт 1 422 702 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 10 сар 4 хоногийн хугацаатай буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлж, зээлийн гэрээг байгуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 6.1-т “зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулна” гэж заасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

“М” ХХК-д нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр “дахин 1 800 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амын Дипломат резиденс хотхоны 3 ширхэг таунхаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оранж таун хотхоны 2 тоот 264 м.кв талбай бүхий 3 давхар таунхаус зэргийг бүрэн шилжүүлж барьцаалах санал тавьсан.

Уг саналын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамж хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2206046537 дугаарт бүртгэлтэй 35/3 тоот хаус, улсын бүртгэлийн Ү-2206046534 дугаарт бүртгэлтэй 35/4 тоот хаус, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаарт бүртгэлтэй 37/3 тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун 3 дугаар байрны 3/1 тоотод хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаарт бүртгэлтэй хаусыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Оийн өмчлөлд тус тус шилжүүлсэн.

Дээрх шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр хариуцагч Ц.О нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамж хаягт байршилтай 35/3 тоот, 35/4 тоот, 37/3 тоот хауснууд нь “НК ” ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үнээр тус бүр нь 670 000 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун 3 дугаар байрны 3/1 тоотод хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаарт бүртгэлтэй хаус “НК ” ХХК-тай байгуулсан 2015 үйлчилгээний талбай захиалгын гэрээний дагуу 995 600 000 төгрөг болох нь тогтоогдож байгаа бөгөөд “М” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг “НК ” ХХК-аас нийт 3 005 600 000 төгрөгт тооцож шилжүүлэн авсан.

“М” ХХК нь 3 005 600 000 төгрөгийн үнэ бүхий дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэмж зээл авах зорилгоор шилжүүлснийг Ц.О нь өмнөх зээлийн гэрээний нийт 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан байх бөгөөд тухайн шилжүүлсэн 4 үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 1 582 898 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК барилгын ажил гүйцэтгэж байгаа, тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэсэн хүсэлт гаргасан ба уг хүсэлтийн дагуу 2015 ны 06 дугаар сарын 31-ний өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 05 сарын 11-ний өдөр 200 000 000 төгрөг зээлсэн ба талууд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актаар нийт өр 972 720 000 төгрөг гэж тооцсон. Нэхэмжлэгч талаас дахин мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу нэмж 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 450 000 000 төгрөг зээлсэн ба зээлийн гэрээгээр нийт 1 422 702 000 төгрөгийг 10 сарын хугацаатай байгуулсан.

Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байх тул 4 хаусыг төлбөртөө тооцоод өгөх санал гаргасан. Үүний дагуу 4 хаусыг 2 000 000 000 орчим төгрөгт тооцож шилжүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа дууссан гэж үзсэн. Тухайн үед бидний зүгээс хаусыг шилжүүлж авахдаа ямар нэгэн үнэ тохироогүй.

Зээлийн гэрээний үүргээр хүлээсэн мөнгөн хөрөнгөд 4 хаусыг шилжүүлж өгөх хэлцэл хийж “НК ” ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр эрх шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгө авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн Ц.Од холбогдуулан гаргасан 1 582 989 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М.Ө , Ш.Э , НК  ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.Ө , Ш.Э , НК  ХХК нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 927 222 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 8 072 895 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.О, “М” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 6.1-т “Зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулна.” гэж заасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Эдгээр гэрээнүүд нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангаж гэрээг дуусгавар болгосон баримт хэрэгт байхгүй.

Мөн дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Ц.Од шилжүүлсэн талаарх баримт хэрэгт огт байхгүй, “М” ХХК зүгээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Зээпийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, анхан шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэн “...Ц.Од төлөх үүрэгтэй тооцохоор хүсэлт зоригоо илэрхийлэн, хүсэлт зоригийн дагуу гэрээ байгуулагдсан...” гэж дүгнэсэн болох нь ойлгомжгүй байна.

“М” ХХК дээрх гэрээний дараа нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны үндсэн дээр дахин 1 800 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх тухай саналыг цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд энэхүү санал дээр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 4 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж барьцаалах санал тавьсан. Анхан шатны шүүх уг баримтуудад үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэлийг ямар үндэслэлээр үнэлээгүй болох нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн зүгээс 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд авсан гэж тайлбарладаг боловч тухайн үл хөдлөх хөрөнгүудийг шилжүүлэх үед хичнээн төгрөгийн хүү алданги байсан, хичнээн төгрөгийн үүрэгт авсан талаарх баримт байхгүй.

Талууд эрх шилжүүлэх гэрээгээр ямар үнийн дүн бүхий гэрээний эрхийг шилжүүлж байгаа гэдэг нь шууд нотлогдож байгаа.

“М” ХХК-ийн хувьд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх үүрэг үүсээгүй байсан, ийнхүү шилжүүлсний дараа өмнөх гэрээний үүрэгт хариуцагч тал дангаараа шийдэн тооцож авсан, ийнхүү тооцож авахдаа гэрээний үүргээс илүү хэмжээний хөрөнгийг авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байгаа тул нийт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний илүү хэсгийг буцаан шаардаж байгаа.

“М” ХХК болон Ц.О нарын хооронд 3 005 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх хөрөнгүүдийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд тухайн хөрөнгөөр өмнө хийсэн “Зээлийн гэрээ”- ний үүрэгт тооцож Ц.О нь өөрөө дур мэдэн авсан, ийнхүү авсан хөрөнгө нь гүйцэтгэх ёстой үүргээс 1 582 898 000 төгрөгөөр илүү хөрөнгө авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ц.О д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү 1 582 898 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.О, Б.А нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 03, 2015 оны 05 дугаар сарын 10, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дүгнэхдээ “М” ХХК, Ц.О нар тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар “М” ХХК нь Ц.О д 972 702 000 төгрөгийг төлөх талаар баталгаажуулсан талаар талууд маргаагүй. Мөн өдөр “М” ХХК нь Ц.О тэй зээлийн гэрээ байгуулж, актаар баталгаажуулсан 972 702 000 төгрөг дээр 450 000 000 төгрөгийг нэмж, нийт 1 422 702 000 төгрөгийг зээлсэн талаар талууд мөн маргаагүй.

 

“М” ХХК, “НК ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр DR02, DR05, DR06 тоот Орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулж, уг гэрээнүүдээр “НК ” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Их Монгол Улсын гудамжинд байрлах “Diplomat residence” цогцолбор хотхоны таун хаус 6, 5, 2 дугаар орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, “М” ХХК нь 1 орон сууц тус бүрийг 670 000 000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 91, 126, 158/

 

“М” ХХК, “НК ” ХХК, Ц.О нар 2016 оны 01 сарын 28-ны өдөр DR02, DR05, DR06 тоот эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “М” ХХК нь “НК ” ХХК-тай байгуулсан DR02, DR05, DR06 тоот гэрээний дагуу хүлээсэн бүхий л эрх, үүргээ Ц.О д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

“М” ХХК, “НК ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр NCDMG2015 тоот үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр “М” ХХК нь Миллениум моол гэх худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын В1 давхрын 2016 м.кв талбайг барьж гүйцэтгэж “НК ” ХХК-д шилжүүлэх, “НК ” ХХК нь гэрээний дагуу 6 925 000 000 төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хөрөнгийг бартерийн хэлбэрээр “М” ХХК-д төлөхөөр тохиролцсон ба уг гэрээний 2.2-д заасан 10 нэр төрлийн хөрөнгөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны таун хаусыг 995 600 000 төгрөгөөр тооцсон байна.

 

Ш.Э , Ц.О нар 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд худалдагч Ш.Э , худалдан авагч Ц.О, төлбөр хариуцагч “М” ХХК, “НК ” ХХК гэж тодорхойлсон ба гэрээний 1.2-д “...худалдагч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны 3 дугаар, 3/1 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчид худалдана.”

4.1-д “...гэрээний 1.2-т заасан таун хаус болон 2 ш гараашийн үнэд 300 000 000 төгрөг байна. /төлбөрийг “НК ” ХХК, “М” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан NCDMG2015 тоот гэрээний дагуу төлөгдсөнд тооцно/” гэж тохиролцсон байна. /1хх15-16/

Гэрээ байгуулсан огноог 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж бичсэн боловч гэрээг 2015 онд байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хаусыг 995 600 000 төгрөгөөр тооцсон, NCDMG2015 тоот гэрээгээр тохиролцсон үнийг баримтална” гэж, хариуцагч “үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон 300 000 000 төгрөгөөр тооцно” гэж зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх уг зөрүүтэй, эргэлзээтэй, тогтоогдоогүй баримтыг тодруулж талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 072 895 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                                                      

                               ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА