Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/00179

 

                                    

 

 

2020 оны 01 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00179

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... дүүргийн 25 дугаар хороо, байрлах, МХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, оршин суух, Ц. О /РД:/-д холбогдох,

 

            Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 582 898 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарыг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.          

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч МХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ц.О болон Б.А нар нь зээлийн гэрээ байгуулж, ....... дүүргийн 17 дугаар хороо, .......гудамж 23 тоот 447 метр квадрат газар, 1070 метр квадрат 4 давхар үл хөдлөхийг барьцаалж 600 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацааг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгосон. 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.О болон Б.А нар нь дуусгавар болгосон зээлийг 2 сарын хүүгийн хамт 660 000 000 төгрөг болгон 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дахин иргэн Ц.О болон Б.А нар нь 200 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.О нь МХХК-тай дээрхи хоёр зээлийн гэрээг нэгтгэн 972 702 000 төгрөгөөр тооцоо нийлсэн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөө МХХК-иас иргэн Од хүсэлт тавьж дээрхи тооцоо нийлсэн 972 702 000 төгрөг дээр 450 000 000 төгрөг, нийт 1 422 702 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 10 сар 4 хоногийн хугацаатай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл №2015/01 тоот зээлийн гэрээг байгуулсан. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрх 3 удаагийн Б.Аийн дансанд шилжиж орсон 1 250 000 000 төгрөг хүүгийн хамт иргэн Ц.О, МХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 6.1-т зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулна” гэж заасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №15/57 тоот худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр МХХК нь эдгээр гэрээний дараа нэмэлт санхүүжилт шаардлагатай болсныг үндсэн дээр дахин 1 800 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх тухай саналыг цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд энэхүү санал дээр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амын Дипломат резиденс хотхоны 3 ширхэг таунхаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ...........хотхоны 2 тоот 264 метр квадрат талбай бүхий 3 давхар таунхаус зэргийг бүрэн шилжүүлж барьцаалах санал тавьсан. Энэхүү саналын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай улсын бүртгэлийн          Ү- дугаартай 35/3 тоот хаус, Улсын бүртгэлийн Ү- дугаартай 35/4 тоот хаус, Улсын бүртгэлийн Ү- дугаартай 37/3 тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........3 дугаар байрны 3/1 тоотод байршилтай, Улсын бүртгэлийн       Ү- дугаартай хаусуудыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №DR02, DR05, DR06 эрх шилжүүлэх гэрээгээр, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой №NCD2015/2 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Оийн нэр дээр тус тус шилжүүлжээ. Дээрх шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр хариуцагч Ц.О нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2015/01 тоот зээлийн гэрээний 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаартай 35/3 тоот хаус нь Номин констракшн ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн DR06 тоот орон сууц захиалгын гэрээний үнээр 670 000 000 төгрөг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн   Ү- дугаартай 35/4 тоот хаус 670 000 000 төгрөг нь Номин констракшн ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн DR05 тоот орон сууц захиалгын гэрээний үнээр 670 000 000 төгрөг, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн    Ү- дугаартай 37/3 тоот хаус Номин констракшн ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн DR05 тоот орон сууц захиалгын гэрээний үнээр 670 000 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........3 дугаар байрны 3/1 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай хаус МХХК нь Номин констракшн ХХК-тай байгуулсан NCDMG 2015 үйлчилгээний талбай захиалгын гэрээний дагуу 995 600 000 төгрөгөөр тус тус тооцож МХХК-д тооцож өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. МХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг Номин констракшн ХХК-иас нийт 3 005 600 000 төгрөгөнд тооцож шилжүүлэн авсан. МХХК нь 3 005 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэмж зээл авах зорилгоор шилжүүлснийг Ц.О нь өмнөх зээлийн гэрээний нийт 1 422 702 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан байх бөгөөд тухайн шилжүүлсэн хөрөнгийн үнэлгээ нь 1 582 898 000 төгрөгөөр илүү үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн юм. МХХК болон Ц.О нарын хооронд 3 005 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх хөрөнгүүдийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд тухайн хөрөнгөөр өмнө хийсэн зээлийн гэрээний үүрэгт тооцож Ц.О нь өөрөө дур мэдэн авсан, ийнхүү хөрөнгө гүйцэтгэх ёстой үүргээс 1 582 898 000 төгрөгөөр илүү хөрөнгө авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу иргэн Ц.Оээс илүү шилжүүлсэн хөрөнгөө шаардаж байна. Ц.О нь тухайн хөрөнгийг бусдад шилжүүлснээр буцаан өгөх боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу 1 582 898 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 11 өдөр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4 удаа өөрчилсөн. Тухайн үед МХХК-ийн хөрөнгө оруулалтын захирал Б.А манайх ....... дүүргийн 26 дугаар хороо, Нарантуул захын урд 10 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж байна. Тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа учраас мөнгө зээлээч гэсэн. Иргэн Оийн зүгээс очиж үзэхэд барилгын ажил эхэлж байсан. МХХК-н хүсэлтийн дагуу 2015 ны 06 сарын 31 өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 сарын 11 өдөр 200 000 000 төгрөг зээлсэн. Ингээд 2015 оны 8 сарын 21 өдөр тооцоо нийлээд акт үйлдсэн. Тус тооцоо нийлсэн акт нь нийт 972 720 000 төгрөгөөр тооцоо нийлсэн. Үүний дараа дахин мөнгө зээлээч гэсний дагуу нэмж 2015 оны 8 сарын 26 өдөр нэмж 450 000 000 төгрөг зээлж зээлийн гэрээг 10 сарын хугацаатай нийт 1 422 702 000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээний үүргийн дагуу хүлээсэн хүү болон төлбөрийг төлөөгүй тул төлөхийг удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгч ямар нэг байдлаар бэлэн мөнгө өгөх боломжгүй байна. Харин бэлэн мөнгөний оронд 4 хаусыг төлбөртөө тооцоод өгнө гэсэн. Үүний дагуу 4 хаусыг 2 тэрбум орчим төгрөгөд тооцоод өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 26 өдрийн зээлийн гэрээний харилцаа дууссан гэж үзсэн. Үүнээс 6 сарын дараа шүүхээс хууран мэхэлж авсан хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн агуулгатай нэхэмжлэл ирсэн. Тухайн үед бидний зүгээс хаусыг шилжүүлж авахдаа ямар нэгэн үнэ тохироогүй. Зээлийн гэрээний үүрэгт хүлээсэн тодорхой төгрөгийн авлагатай 4 хаусыг шилжүүлж өгье гэж харилцан зөвшөөрсөн хэлцэл хийгээд Номин констракшн ХХК-д бичгээ өгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Иймээс ямар нэг байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авах ёсгүй зүйлээ авсан асуудал биш. Бид зээлийн гэрээний төлбөрт тухайн хаусыг аваад бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдол байгаа. Мөн бид тухайн 4 хаусыг зээлийн төлбөртөө тооцож авсан үнээсээ үнэтэй зарсан зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир хариуцагчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг О хуурч мэхэлж авсан гэдгээр тодорхойлсон. О нь Сугарсүрэн, Ө нараас зээл авч, МХХК-д өгсөн. Уг зээлийн гэрээний дагуу бид харилцан тохиролцож, МХХК-иас зээлийн гэрээний өр төлбөртөө тооцож, 4 хаус авсан. Иймээс бидэнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

            ҮНДЭСЛЭХ нь:  

 

            Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Ц.О, М.Ө, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нарт холбогдуулан 2015 оны 08 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 01 сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр МХХК-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ө, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нараас татгалзаж, хариуцагч Ц.Од холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү 1 582 898 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох тул хариуцагч М.Ө, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Ц.Оээс нэмж зээл авах зорилгоор            3 005 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлснийг Ц.О нь өмнөх зээлийн гэрээний үүргийн 1 422 702 000 төгрөгт тооцон дур мэдэн авсан, гүйцэтгэх ёстой үүргээс 1 582 898 000 төгрөгөөр илүү хөрөнгө авсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 582 898 000 төгрөгийг буцаан гаргуулна...” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “... хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэснээр нэхэмжилж буй 1 582 898 000 төгрөгөөр хариуцагч Ц.О үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхэд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Ц.Отэй 2015 оны 08 сарын 26-ны өдөр 2015/01 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.О нь МХХК-д 1 422 702 000 төгрөгийг 10 сар, 4 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 63-65/

 

Талууд мөн өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, МХХК-ийн  хариуцагч Ц.Од төлөх 972 702 000 төгрөгийн үүргийг дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэгт тооцохоор тохиролцон, үлдэгдэл 450 000 000 төгрөгийг 2015 оны 08 сарын 27-ний өдөр дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.               /1-р хх-ийн 70/

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний зүйл болох 1 422 702 000 төгрөгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 01 сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Номин констракшн ХХК-тай 2014 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын  DR02, DR05, DR06 дугаар гэрээгээр хүлээсэн бүхий л эрх, үүргээ МХХК нь эрх хүлээн авагч буюу хариуцагч Ц.Од, мөн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр  улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........хотхоны 3 дугаар, 3/1 тоот үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагчид шилжүүлжээ.              /1-р хх-ийн 9-16/

 

Нэхэмжлэгч нь Ц.Оээс нэмж зээл авах зорилгоор дээрх 4 үл хөдлөх хөрөнгийг түүнд шилжүүлсэн, өмнөх зээлийн үүрэгт тооцуулахаар шилжүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206066537,                                        Ү-2206066534, Ү-  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр  улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........хотхоны 3 дугаар, 3/1 тоот үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч Ц.Од шилжүүлсэн нь 2015 оны 08 сарын 26-ны өдөр 2015/01 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Од төлөх үүрэгтээ тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн,  хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Харин талууд 2015 оны 08 сарын 26-ны өдөр 2015/01 дугаар зээлийн гэрээний дагуу хэдэн төгрөгийн үүрэг үүссэн талаар тооцоо нийлсэн, хэдэн төгрөгийн үүрэгт дээрх үл хөдөлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Ц.Од шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч “...нэхэмжлэгчээс шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн тус бүрийн үнэлгээг тодорхойлоогүй, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, 4 үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгтээ тооцон хариуцагчид шилжүүлсэн...” гэж тайлбарласан.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 26-ны өдөр 2015/01 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид хүү, алданги төлөх үүрэг үүссэн атал зөвхөн зээлийн үндсэн үүрэг 1 422 702 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 сарын 28-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тодорхойлоогүй, харин 2016 оны 05 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр  улсын бүртгэлийн       Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........хотхоны 3 дугаар, 3/1 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 300 000 000 төгрөг гэж тодорхойлсноос үзэхэд хариуцагчийн тайлбар үнэн зөв байх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 3 005 600 000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 3 үл хөдлөх хөрөнгийн нэг бүрийн үнэлгээ 670 000 000 төгрөг болох нь Номин констракшн ХХК, МХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байх бөгөөд харин улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........хотхоны 3 дугаар, 3/1 тоот үл хөдлөх хөрөнгө 995 600 000 төгрөгийн үнэлгээтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй, өөрөөр хэлбэл хариуцагчид шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206066537, Ү-2206066534, Ү-  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр  улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........хотхоны 3 дугаар, 3/1 тоот үл хөдлөх хөрөнгүүд нь 3 005 600 000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдохгүй байна. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Ц.О нь 1 582 989 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлд дурдсан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч МХХК-ийн Ц.Од холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 582 989 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 000 115 төгрөгөөс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ногдох 8 072 895 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 927 222 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч МХХК-ийн Ц.Од холбогдуулан гаргасан                      1 582 989 000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МХХК нь хариуцагч М.Ө, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.Ө, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 927 222 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 8 072 895 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ