Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 319

 

Б.Б, Ж.Д нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг 

                                    Г.Банзрагч

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/, Улаанбаатар  цахилгаан  түгээх  сүлжээ  ТӨХК-иас  2013  оны  09  дүгээр сарын 15-нд Тэгш плант ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн  нөхцлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Т п” ХХК-д олгосон 06/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, иргэн Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, тэд нарын өмчлөлийн  Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Т п” ХХК-ийн  орон  сууцны  барилгын цахилгаан  гадна хангамжийн  BCH13033  дугаар  шифртэй  ажлын  зургийг  бусдын  газар  өмчлөх  эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0281 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Б.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэрээр: 1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн /хуучнаар/ 6 дугаар зүйлийн 6.2.7, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-нд “Т п” ХХК-д олгосон 2745/2013 дугаар техникийн нөхцөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Т п” ХХК-д олгосон 06/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь бусдын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Т п” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0281 дүгээр магадлалаар: 1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах “Т п” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгааны гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг баталж, зөвшөөрөл олгосон хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйлдлийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Т п” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчихгүйгээр мэргэжлийн байгууллага шинээр ажлын зураг үйлдэж ирүүлсэн тохиолдолд зөвшөөрч, баталсан шийдвэр гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гомдол: “... манай байгууллага нь 2013 онд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татах ажлын зургийг боловсруулахаар “Б ч” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг боловсруулсан байдаг. Уг зураг төслийг “Б ч” ХХК нь холбогдох журмын дагуу боловсруулан зурсан байдаг бөгөөд энэхүү зургийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нарын эрх бүхий албан тушаалтан нар хянан зөвшөөрснөөр ажлын зургийг захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү зүйлд заасан захиргааны актын үндсэн шинжүүд заавал тусгагдсанаар захиргааны акт гэж үздэг.

5. Гэтэл тус маргаантай байгаа ажлын зураг нь захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн агуулаагүй байгаа тул захиргааны гэж үзэхээргүй байна. Учир нь ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу “Б ч” ХХК боловсруулж, угсралтын ажлыг “Э ф” ХХК хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас үзвэл ажлын зургийг нийтийн захиргааны байгуулагаас гаргасан гэж үзэхээргүй байна.

6. Мөн ажлын зургийг зөвшөөрснөөр “Б ч” ХХК-ийн боловсруулсан зургийн угсралтын ажлыг “Э ф” ХХК нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр бус иргэний эрх зүйн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд бус буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаагүй байна.

7. Ийнхүү дээрхээс үзвэл анхан шатны шүүхээс төрийн байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл олгосон тухайн үйлдлээр ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг захиргааны актийн шинжийг бүрэн агуулсан, захиргааны акт болно гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

8. Мөн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Т П” ХХК-ийн орон сууцны барилгын гадна хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг тудгэлзүүлснээр өнөөдөр тухайн орон сууцанд амьдардаг 400-450 орчим хүнд ямар нэгэн сөрөг байдлаар нөлөөлөх болбол яах вэ, амьдралын анхдагч эх үүсвэр болох цахилгааны хэрэгцээг тасалдуулсан тохиолдолд хичнээн их хэмжээний хохирол үүсч болох вэ, энэхүү байранд амьдарч байгаа маш олон иргэдийн эрх ашиг явж байгаа гэдэг нийтийн ашиг сонирхол, хуулийн этгээдэд илт хохирол учруулах нөхцөл байдлыг харгалзахгүйгээр дээрх орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн ажлын зургийг шинээр хийлгүүлж, эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл аван хийх хүртэлх хугацаа нь 3 сарын хугацаа нь бодит байдал дээр хийгдэх ажлуудын цар хүрээнд хүрэлцэхгүй бегөөд энэхүү хугацаа дуусч цахилгаан тасарсанаар болж тухайн байранд амьдарч буй иргэдийн эрх ашгийг маш ноцтойгоор зөрчиж байна.

9. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах газраар татсан “Т П” ХХК-ийн орон сууцны барилгын гадна хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг баталж, зөвшөөрөл олгосон хариуцагч нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйлдлийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” гэснийг, 2 дахь хэсэгт заасан “ЗХШХШ тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “нийслэлийн Хот төлөвлелт, ерөнхий төлөвлөгөөний газар”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Тэгшт Плант" ХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн ВСН13-033 дугаар шифртэй ажлын зургийг нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчихгүйгээр мэргэжлийн байгууллага шинээр ажлын зураг үйлдэж ирүүлсэн тохиолдолд зөвшөөрч, баталсан шийдвэр гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөсүгэй,” гэж тус тус зааж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Барилгын тухай (2008), Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “...Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах “Т п” ХХК-ийн орон сууцны барилгын цахилгааны гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг баталж, зөвшөөрөл олгосон хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйлдлийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж”, “...ажлын зургийг нэхэмжлэгч Б.Б, Ж.Д нарын газар өмчлөх эрхийг зөрчихгүйгээр мэргэжлийн байгууллага шинээр ажлын зураг үйлдэж ирүүлсэн тохиолдолд зөвшөөрч, баталсан шийдвэр гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, уг магадлалд нэхэмжлэгч, хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул гуравдагч этгээдээс хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

            12. Гуравдагч этгээд “Т п” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Данзангийн 1 дүгээр гудамжны 0.1397 га газарт 30.0х18.0 хэмжээтэй, зоорьтой, 9 давхар, бүрэн цутгамал төмөр бетон карказ бүхий 81 айлын орон сууцны барилга барьсан, уг барилгын гадна цахилгаан хангамжийн кабел шугамыг иргэн Б.Б, Ж.Д нарын өмчилсөн газар дундуур татахаар BCH13-033 дугаар шифртэй ажлын зураг гаргасан, уг ажлын зургийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, Зүүн түгээх төвийн менежер, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-ын Дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн нар баталж, зөвшөөрснөөр уг ажлын зургийн дагуу нэр бүхий иргэдийн өмчлөлийн газарт гуравдагч этгээдийн барилгын гадна цахилгаан хангамжийн шугам байршсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгчээс “...цахилгаан хангамжийн шугам байршсанаар өөрийн өмчлөх эрхтэй газарт эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон” гэж тус тус маргажээ.

13. Барилгын тухай (2008) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... зураг төсөл гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах ... техникийн болон ажлын зураг ...-ийг...”,  3.1.4-т “... барилга байгууламж гэж  барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан ... барилга, эрчим хүч ... /–ний/  инженерийн шугам сүлжээг...” ойлгохоор, 16 дугаар зүйлийн 16.2-т “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд, гуравдагч этгээдийн барилгын гадна цахилгаан хангамжийн кабел шугамыг эрх бүхий этгээдээр батлагдсан ажлын зураггүй гүйцэтгэх боломжгүй байна.

14. Зураг төсөл зохиогчийн бүтээсэн ажлын ажлын зураг нь анхдагч байдлаараа “захиргааны акт”-ын шинжийг агуулахгүй, харин эрх бүхий этгээдээс түүний баталж, зөвшөөрснөөр заавал биелэгдэх, эрх зүйн үр дагавар үүсгэх шинжтэй болдог байх тул тухайн тохиолдолд, нэхэмжлэгч иргэдийн газар өмчлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий хөндөж зурагдсан BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг зөвшөөрч баталсан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын үйлдлийг “хууль бус” гэж дүгнэсэн, нэхэмжлэгч иргэдийн газар өмчлөх эрхийг зөрчихгүйгээр мэргэжлийн байгууллага шинээр ажлын зураг үйлдэж ирүүлсэн тохиолдолд зөвшөөрч, баталсан шийдвэр гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна.

15. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор заасан, тухайн тохиолдолд, хариуцагч нараас маргаан бүхий BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг баталгаажуулж,  зөвшөөрөл олгосноор эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, хэрэв зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд уг ажлын зураг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагавар үүсгэхгүй байсан гэх агуулгаар хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг шүүх тогтоон шийдвэрлэсэн, маргаан бүхий ажлын зургийг “...  “Б ч” ХХК боловсруулж, угсралтын ажлыг “Э ф” ХХК хийж гүйцэтгэсэн нь буруу” гэж шүүх дүгнээгүй тул гуравдагч этгээдийн “... ажлын зургийг нийтийн захиргааны байгуулагаас гаргасан гэж үзэхгүй”, “...зургийн угсралтын ажлыг “Э ф” ХХК нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр бус иргэний эрх зүйн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд бус буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

16. Түүнчлэн, гуравдагч этгээдээс “... /шүүхийн шийдвэрийн улмаас/ тухайн байранд амьдарч буй иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөнө” гэх гомдлын үндэслэл нь хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаарх энэ захиргааны хэргийн маргааны үйл баримтад хамааралгүй байх тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм. 

17. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Т п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Т п” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА