Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 482

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б******* овогт Т*******ын Б*******,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, иргэдийн төлөөлөгч Ж.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* овогт Т*******ын Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “... Т.Б******* би Ашигт малтмалын газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд :

Миний бие Цөмийн энергийн газарт 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан. 

Цөмийн энергийн газрын даргын “Албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах тухай” 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрын Б/252 тоот тушаал гарч миний бие ажлын байрны тодорхойлолт, цалингийн сан, хариуцаж буй эд хөрөнгийн хамт Ашигт малтмалын газарт шилжин ажилласан. 

Гэтэл Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/42 тоот тушаалаар төрийн албанаас үндэслэлгүй халагдлаа. Уг тушаалыг үндэслэхдээ Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, 6 төрийн албан хаагчийг Ашигт малтмалын газар луу шилжүүлсэн байхад тогтоолыг хэрэгжүүлэн ажиллуулж байснаа, тухайн тогтоолыг дахин үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчдигдсөн тухай гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс харьяалан шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн тул гомдол гаргах эрхийнхээ дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. 

Иймд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэв.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг тооцон олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, 2014 оны 12 дугаар сарын эхний хагас сарын цалинг Цөмийн энергийн газраас олгосон бөгөөд   үлдэгдэл цалинг Ашигт малтмалын газраас олгоогүйг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Т.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. МУ-ын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2, 3 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын тохируулагч Агентлаг- Цөмийн энергийн газрыг татан буулгаж, тус газрын холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сангийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 албан бичиг, Цөмийн энергийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1424 албан бичгээр нэр бүхий 6 албан хаагчийг тус газарт шилжүүлэн ажиллуулахаар ирүүлсэн. Дээр дурдсан Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, холбогдох албан бичгүүдийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б-11 дугаар тушаалаар тус газрын Уул уурхайн хэлтэст “Цацраг идэвхит ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний”-ий 1 орон тоог нэмсэн бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/13 дугаар тушаалаар уг орон тоо /албан тушаал/-нд Цөмийн энергийн газрын Цацраг идэвхит ашигт малтмалын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Б*******ийг түр томилсон. Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолоор бүх шатны төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх чиглэлээр тодорхой асуудлыг хэрэгжүүлэхээр заасан.   

         Уг тогтоолын 1 дэхь хэсгийн 5-д “төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдийн орон тооны дээд хязгаар, түүнийг бууруулах арга хэмжээг УИХ-аас, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орон тооны хязгаарыг Засгийн газраас тус тус тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох”, 3 дахь хэсгийн 3-т “...ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах ...замаар цалингийн зардлыг хэмнэх”-ээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолийн 2 дугаар хавсралтын 21-д “Ашигт малтмалын газрын орон тоо-145” байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл  Ашигт малтмалын газрын орон тоо-170 байсныг 145 болгож хассан байна. 

Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн б/28 дугаар тушаалын “Нэг”-д “Ажлын байрны ачааллыг нягтруулан орон тоог бууруулж, зардал хэмнэх зорилгоор тус Агентлагийн даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 630 дугаар Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад заагдсан орон тооноос холбогдох хэсгийг хавсралтанд дурьдсаны дагуу ажлын байрыг тус тус хасч орон тоог 11-ээр цөөрүүлж хавсралтад өөрчлөлт оруулсугай” гэж заасан. 

Уг тушаалын хавсралтын 6-д зааснаар “Цацраг идэвхит ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог хасч, Ашигт малтмалын газрын орон тоог цөөрүүлсэн байна. 

Ийнхүү Ашигт малтмалын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, зарим орон тоо /албан тушаал/ хасагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаал гарч, Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхит ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Т*******ын Б*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3 484 260 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны б/42 дугаар тушаал нь “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гарсан хууль зүйн ёсны шийдвэр /захиргааны акт/ болно. 

Иймд нэхэмжлэгч Т.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан, “...Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/42 тоот тушаалаар төрийн албанаас үндэслэлгүй халагдлаа...” гэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасантай танилцлаа. Ашигт малтмалын газраас иргэн Т.Б*******ийн гаргасан нэхэмжлэл /үндсэн/-д 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/3907 албан тоотоор Захиргааны хэргийн шүүхэд хариу тайлбар өгсөн. Уг тайлбарт дурдсанчлан, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны б/42 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гарсан хууль зүйн ёсны шийдвэр /захиргааны акт/ болно. Иймд нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг олгуулах”, “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх”-ээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч Т.Б*******ийн нэмэгдүүлсэн шаардлагын 3-т “2014 оны 12 дугаар сарын эхний хагас цалинг Цөмийн энергийн газраас олгосон бөгөөд үлдэгдэл цалинг Ашигт малтмалын газраас олгоогүйг нөхөн олгуулах” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 12 дугаар сарын сүүлийн хагасын цалинг Ашигт малтмалын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Т.Б******* Ашигт малтмалын газарт 2014 оны 12 дугаар сард ажиллаагүй бөгөөд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар түүнийг ажилд түр томилсон. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Т.Б******* 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Т******* овогтой Б******* миний бие Цөмийн энергийн газраас Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын дагуу Цөмийн энергийн газрын зарим чиг үүрэг болох цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудал, холбогдох ажилтнуудын хамт Ашигт малтмалын газар шилжин очсон. Гэтэл Ашигт малтмалын газар нь намайг тус байгууллагад чиг үүргийн дагуу ажиллах боломж олгохгүйгээр цомхотгол нэрийн дор намайг 2015 оны тоот тушаалаар ажлаас халсан. Засгийн газрын 387 дугаар тогтоолоор миний ажлын чиг үүрэг, цалингийн сан, эд хөрөнгө Ашигт малтмалын газарт шилжиж төрийн албаны баталгаа хангагдсан байсан. Гэтэл Ашигт малтмалын газар нь Засгийн газрын 387 дугаар тогтоолыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн миний ажиллаж байсан Цацраг идэвхт ашигт малтмалын орон тоог цомхотгосон нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн б/28 тоот тушаалаар Засгийн газрын 387 дугаар тогтоолыг биелүүлэхийн тулд Ашигт малтмалын газрын ажил, албан тушаалд цомхотголд оруулсан гэдэ. Гэтэл уг тогтоолыг биелүүлэхийн тулд уг тогтоолын 1 дүгээр хавсралтыг зөрчсөн. Цөмийн энергийн газраас Ашигт малтмалын газарт шилжиж ирсэн чиг үүрэг үгүй болоогүй байхад уг тогтоолыг хэрэгжүүлэхгүйгээр 2015 оны 2 дугаар сарын б/28 тоот тушаал гаргаж шилжин ирсэн бүх албан тушаалтныг түүн дотор намайг цомхотгол нэрийн дор халсан илт хууль бус болсон. Ашигт малтмалын газар нь 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн б/28 тоот тушаалаар миний ажлын байр, орон тоог цомхотгосон гэдэг боловч намайг ажлаас халсан тушаал нь энэхүү тушаалд үндэслэн гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан байдлаар тодруулж байна. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 тоот үүрэгт ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай тушаалыг хүчингүй болгож намайг Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохыг Ашигт малтмалын газарт даалгах, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Ашигт малтмалын газраас гаргуулах, /нэг өдрийн цалин сүүлийн 3 сарын дундажаас тооцвол 34562 төгрөг/, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Ашигт малтмалын газраар нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг даалгах зэрэг болно” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг Ашигт малтмалын газрын даргаас шинээр акт гарган дахин шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Т.Б*******ийг Цөмийн энергийн газарт 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газар нь татан буугдсан байх бөгөөд улмаар уг тогтоолоор тус газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Үүний дагуу Цөмийн энергийн газрын даргын “Албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах тухай” 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Б*******ийг ажлын байрны тодорхойлолт, цалингийн сан, хариуцаж буй эд хөрөнгийн хамт Ашигт малтмалын газарт шилжүүлсэн байна.

Дээрх тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/13 дугаар тушаалаар Т.Б*******ийг цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллага хариуцсан мэргэжилтэний албан тушаалд түр томилон ажиллуулж байгаад 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх  хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж /3 484 260/ олгон чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.   

Учир нь Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан бөгөөд Ашигт малтмалын газрыг 145 орон тоотой байхаар баталсны дагуу Ашигт малтмалын газрын дарга уг тогтоолын дагуу 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоо хасах тухай” б/28 дугаар  тушаалаар орон тоог 11-ээр цөөрүүлж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг цөөрүүлсэн байна. 

Бодит байдал дээр Цөмийн энергийн газар нь татан буугдаж тухайн байгууллагад ажиллаж байсан 6 ажилтныг Ашигт малтмалын газар руу шилжүүлэн ажиллуулах тухай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/252 дугаар тушаал гарсан төдийгүй Засгийн газрын 387 дугаар тогтоолыг биелүүлэх үүднээс нэхэмжлэгчийг Ашигт малтмалын газар руу шилжүүлсэн байхад уг газар нь нэг сар түр гэсэн тушаал дээр ажиллуулж байгаад мөн Засгийн газрын 387 дугаар тогтоолыг биелүүлэх үүднээс манай байгууллагын орон тоо цөөрсөн гэх нэрийдлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасантай нийцээгүй байна.  

Дээрхээс дүгнэж үзэхэд мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд томилох боломжтой байтал хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг  зөрчиж, хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Иймд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/42 тоот тушаалыг хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан хөдөлмөрлөх хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн болох нь тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмалын газрын дарга нь нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах боломжтой эсэхийг судалж, тодруулах шаардлагатай байх тул Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг Ашигт малтмалын газрын даргаас шинээр акт гарган дахин шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлагын тухайд:

Дээрх маргаан бүхий актыг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийн асуудлыг дахин шинэ акт гарсаны дараа шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргаас дахин шинэ акт гартал Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаалыг түдгэлзүүлсүгэй. 

2. Т.Б*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг Ашигт малтмалын газрын даргаас дахин шинэ акт гарсаны дараа шийдвэрлэхийг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.БАТСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                       М.БАТЗОРИГ