Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0227

 

Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Т.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Цөмийн энергийн газрын даргын “Албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах тухай” 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/252 тоот тушаал гарч миний бие ажлын байрны тодорхойлолт, цалингийн сан, хариуцаж буй эд хөрөнгийн хамт Ашигт малтмалын газарт шилжин ажилласан. Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, 6 төрийн албан хаагчийг Ашигт малтмалын газар луу шилжүүлсэн байхад тогтоолыг хэрэгжүүлэн ажиллуулж байснаа, тухайн тогтоолыг дахин үндэслэн тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 албан бичиг, Цөмийн энергийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1424 албан бичгээр нэр бүхий 6 албан хаагчийг тус газарт шилжүүлэн ажиллуулахаар ирүүлсэн. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/13 дугаар тушаалаар уг орон тоо /албан тушаал/-нд Цөмийн энергийн газрын Цацраг идэвхит ашигт малтмалын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Батчимэгийг түр томилсон.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 21-д “Ашигт малтмалын газрын орон тоо-145” байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын орон тоо-170 байсныг 145 болгож хассан байна. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн б/28 дугаар тушаалын хавсралтын 6-д зааснаар “Цацраг идэвхит ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог хасч, Ашигт малтмалын газрын орон тоог цөөрүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны б/42 дугаар тушаал нь “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гарсан хууль зүйн ёсны шийдвэр. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Батчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож Т.Батчимэгийн цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил, албан тушаалд тогтоохыг Ашигт малтмалын газрын даргад даалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Батчимэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Батчимэгийн ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 10 сар 5 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 7.126.895 төгрөгийг Т.Батчимэгт олгохыг Ашигт малтмалын газрын даргад даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолоор бүх шатны төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх чиглэлээр тодорхой асуудлуудыг хэрэгжүүлэхээр заасан.

Уг тогтоолын 1 дэх хэсгийн 5-д: "төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаар, түүнийг бууруулах арга хэмжээг УИХ-аас, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орон тооны хязгаарыг Засгийн газраас тус тус тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох", 3 дахь хэсгийн 3-т "...ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах...замаар цалингийн зардлыг хэмнэх"-ээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 21-д "Ашигт малтмалын газрын орон тоо-145" байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын орон тоо-170 байсныг 145 болгож хассан байна.

3асгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын "Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 6/28 дугаар тушаалын "Нэг"-д: "Ажлын байрны ачааллыг нягтруулан орон тоог бууруулж, зардал хэмнэх зорилгоор тус Агентлагийн даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 630 дугаар Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад заагдсан орон тооноос холбогдох хэсгийг хавсралтад дурьдсаны дагуу ажлын байрыг тус тус хасч орон тоог 11-ээр цөөрүүлж хавсралтад өөрчлөлт оруулсугай " гэж заасан.

Уг тушаалын "Хавсралт"-ын 6-д зааснаар "Цацраг идэвхит ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн"-ий орон тоог хасч, Ашигт малтмалын газрын орон тоог цөөрүүлсэн байна.

Ийнхүү Ашигт малтмалын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, зарим орон тоо хасагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаал гарч, Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхит ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Төмөрбаатарын Батчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3 484 260 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны Б/42 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ,.. хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг үндэслэн гарсан хууль зүйн ёсны шийдвэр/захиргааны акт/ болно.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...орон тоо цөөрсөн гэх нэрийдлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасантай нийцээгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны хуулийн 27.2.4 дэх заалтад заасан зохицуулалтаас Ашигт малтмалын газрын дарга өөрөө нэг зохицуулалтыг анхан шатны шүүх буруутгасан нь ямар ч үндэслэлгүй байна. Анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Батчимэг нь нэхэмжлэлдээ “... Цөмийн энергийн газрын даргын 2014 оны Б/252 тоот тушаалаар миний бие ажлын байрны тодорхойлолт, цалингийн сан, хариуцаж буй эд хөрөнгийн хамт Ашигт малтмалын газарт шилжин ажилласан... Ашигт малтмалын газрын даргын 2015 оны Б/42 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд тогтоохыг даалгажээ.

Хариуцагчаас маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор өмнө нь 170 албан хаагчтай байсныг цөөрүүлж 145 болгосон тул 11 албан хаагчийг чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэлэг олгон ажлаас чөлөөлсөн гэж дурдсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... манайд уул уурхайн байгаль орчныг хариуцсан ажилтан байдаг, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалыг тусдаа байх шаардлагагүй гэж үзсэн, учир нь цацраг идэвхит ашигт малтмалыг ашиглах лиценз 4, 5 л байгаа, үйл ажиллагаа нь эхлээгүй байдаг. Иймд чиг үүргийг нь уул уурхай хариуцсан ажилтан хийгээд явах боломжтой гэж үзээд орон тоог нь хассан тул томилох боломжгүй” гэж тайлбарлажээ.

Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрт заасан нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай нь дүйцэхүйц албан тушаал гэж ямар албан тушаалыг ойлгох, уг шийдвэрийг хариуцагч яаж биелүүлэх нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.  

Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газар татан буугдсантай холбогдуулж, албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, хариуцаж буй эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа байгууллагад шилжүүлж, тухайн тогтоолоор Ашигт малтмалын газрын орон тоог цөөрүүлж 145 болгожээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 дугаар албан бичгээр дээрх 387 дугаар тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарт багтаан 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан томилон ажиллуулахыг хүссэний дотор Т.Батчимэг орсон байна.

Үүнээс үзвэл Засгийн газрын дээрх 387 дугаар тогтоолоор төрийн байгууллага татан буугдсантай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих” гэсэн төрлийг нь сонгож хэрэглэн Ашигт малтмалын газарт С.Батчимэгийг шилжүүлжээ.

Харин Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн б-13 дугаар тушаалаар Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн Т.Батчимэгийг цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилсон байх бөгөөд 10 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 02-ны өдрийн б/28 дугаар тушаалаар уг албан тушаалын орон тоог хасахаар шийдвэрлэж, улмаар Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хэрхэн хангагдахыг заасан бөгөөд нэхэмжлэгч нь чухам аль баталгаагаар хангагдах эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчээс албан тушаалын орон тоо нь хасагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй /цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих/ гэж маргаж байгаа бол нэхэмжлэгч нь чухам аль албан тушаалд томилох байсан гэж үзэж байгаагаа тодруулах, шүүхээс хариуцагч захиргааны байгууллагад түүнийг мэргэжил, мэргэшлийнх нь дагуу ажиллуулах тухайн албан тушаалын сул орон тоо байгаа эсэх талаар шалгаж, холбогдох баримтыг цуглуулан Засгийн газраас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан шийдвэрийг тухайн захиргааны байгууллага биелүүлэх бодит боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийж нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.

Хэрэв нэхэмжлэгч нь Б/28 дугаар тушаалаар албан тушаалын орон тоо цөөрсөн боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар чиг үүрэг нь хасагдаагүй учраас албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах байсан гэж маргаж байгаа бол шүүхээс уг албан тушаалтай ижил чиг үүргийг гүйцэтгэж байсан албан хаагч байгаа эсэх талаар баримт цуглуулах шаардлагатай.   

            Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулж үнэлэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ