Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 62

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Г

Хариуцагч: Хууль зүйн Дотоод хэргийн сайд, хамтран хариуцагчаар Цагдаагийн ерөнхий газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Тахарын ерөнхий газрын даргын Б/247 тоот тушаалыг илт хууль бусад тооцон хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О, нэхэмжлэгч Ж.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Хууль зүйн дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Боржигон овогт Жийн Г миний бие НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр 1989 онд төгсөөд 2014 оны 02 дугаар сарыг хүртэл Цагдаагийн байгууллагад тасралтгүй 31 жил ажилласан болно. Цагдаагийн Ерөнхий Газрын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 тоот тушаалаар Тахарын Ерөнхий газарт шилжиж, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тахарын Ерөнхий Газрын 13 тоот тушаалаар Хуяглан хүргэх хэлтсийн даргаар томилогдож , 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Тахарын Ерөнхий Газрын даргын Б/138 тушаалаар Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. Өнөөдрийн байдлаар миний бие төрийн тусгай албан буюу өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллага, Тахарын албыг оролцуулан нийтдээ 32 жил 8 сар тасралтгүй ажилласан болно. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Тахарын албаны хуулийг хүчингүй болгосон тогтоол гарсантай холбогдуулан Тахарын албаны зарим чиг үүргийг Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 04 дүгээр тогтоолын дагуу Хууль зүйн Дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/01/277 дугаар бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын үндэслэн Тахарын Ерөнхий Газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 тоот тушаалын нэг дэх хавсралтаар Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын албан хаагчдыг Цагдаагийн байгууллагад орон тоо, цалингийн төсвийн хамт шилжүүлсэн боловч тус газрын даргаар ажиллаж байсан Ж.Г намайг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар иргэн миний хууль ёс ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг надад мэдэгдээгүй, уг тушаалыг гардуулаагүй, гарын үсэг зуруулаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн байгууллага татан буугдсан нэгтгэсэн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан бөгөөд Тахарын Ерөнхий газрын үндсэн чиг үүргийг Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 4-т зааснаар “...холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Үасгийн газрын агентлаг, байгуулалгад шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай гэсний дагуу Тахарын ерөнхий газрын даргын тушаалаар орон тоо, цалингийн санг Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар луу тус тус шилжүүлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул Тахарын ерөнхий Газрын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 тоот тушаалын Ж.Г надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичит хийхийг даалгаж өгнө үү. Тахарын Ерөнхий газар татан буугдсан бөгөөд дээрх тушаал нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/01/277 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг үндэслэн гарсан тул Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бт энэ асуудлыг хуулиар хариуцахаар байна” гэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөхдөө: “Ж.Г би урьд гаргасан нэхэмжлэлд Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Тахарын албыг татан буулгах ажлын хэсгийг хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл гаргасан. Цугларсан нотлох баримтыг үндэслэн дээрх хариуцагчийг өөрчлөн Хууль зүйн Дотоод хэргийн сайдыг хариуцагчаар оролцуулахаар шинээр хүсэлт гаргаж байна. Хуульд нийцсэн шийдвэр гаргаж, иргэн намайг урьд эрхэлж байсан албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Тахарын ерөнхий газрын даргын Б/247 тоот тушаалыг илт хууль бусад тооцон хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн Хууль зүйн дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Г нь Тахарын ерөнхий газар /хуучнаар/-ын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тахарын албыг татан буулгаж, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж Тахарын албаны чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Тахарын ерөнхий газар /хуучнаар/-ын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт газрын дарга 1, албан хаагчид 16 үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тус газрын чиг үүрэг Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж Цагдаагийн ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын бүтцэд “Эрэн сурвалжлах хуяглан хүргэх хэлтсийг тус тус байгуулж, 4 алба хаагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 12 алба хаагчийг байгууллагад шилжүүлж, газрын даргын орон тоог бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн.

Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны Б/248 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Гг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас  олгоно” гэж заасны дагуу 6 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгосон.

Мөн нэхэмжлэгч Ж.Г нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хууль  зүй, дотоод хэргийн сайдад хандан “Цагдаагийн байгууллагад 33 жил ажилласан бөгөөд Тахарын алба татан буугдаж, тэтгэвэрт гарч амжилгүй ажлаас чөлөөлөгдсөн тул Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан 36 сарын цалин хөлстэй тэмцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа авах боломжгүй болох нөхцөл байдал үүссэн тул цагдаагийн байгууллагад ажиллуулж өгөх тухай хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас ажлын санал тавьсан боловч Ж.Г нь уг ажлын байранд ажиллахаас татгалзсан байна.

Мөн Ж.Гг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг Тахарын ерөнхий газар /хуучнаар/-ын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас уг иргэнийг чөлөөлөх тухай шийдвэр гараагүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/01/277 тоот хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу ажилласан байх тул иргэн Ж.Ггийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн Хууль зүйн дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах, эрин сурвалжлах газрын даргаар ажиллаж байсан. 07 дугаар сарын 27-ны хуулиар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, тус алба татан буугдсан. Үүнтэй холбоотой Засгийн газрын 04 дүгээр тогтоолд татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох бүх албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх ажиллагааг Хууль зүйн сайдад даалгасан байдаг. Чиг үүрэг гээд байна. Холбогдох албан хаагчдыг гэж байгаа юм. Мөрдөн шалгах, эрин сурвалжлах алба нь өөрөө цагдаагийн байгууллагад огт байхгүй байсан чиг үүрэг биш. Тахарын 550 албан хаагчдыг бүгд орон тооны бүтцээр татан буугдсан хүн болгонд тэтгэмж өгөх асуудал Монгол Улсын Засгийн газарт битгий хэл улсын төсөвт тийм  их хэмжээний мөнгө байхгүй. Үүний дагуу холбогдох албан хаагчдыг шилжүүлэх талаар удирдлагын зөвлөлөөр хэлж байсан. Ж.Г нь ТТ-16 зэрэглэлээр цалинжиж байсан. Мөрдөн шалгах, эрин сурвалжлах алба нь хэлтэст очихдоо тасаг болж шилжсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар хасагдсан байгаа юм. Цагдаагийн ерөнхий газарт Тахарын албанаас ямар нэгэн байдлаар даргын орон тоо огт очоогүй юм. Энэ заалт тохирч байгаа заалт юм. Ажлын байраар хангуулах гэж байгаа. Үүний дагуу ажлын байраар хангах гэхээр эрх зүйн байдал нь дордож байгаа юм. Ажлаас нь үндэслэлгүй чөлөөлөөд өөр нэг этгээдийг томилох. Эсхүл гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох гэж байгаа. Нэхэмжлэгчид 6 сарын тэтгэмж олгосон байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгдээгүй талаар дурдаж байна. Тухайн үед Тахарын алба чиг үүргээ хэрэгжүүлж байсан. Тахарын ерөнхий газар даргын тушаал гаргаж байгаа тохиолдолд доод албан тушаалтан буюу Тамгын газрын дарга сонсгох ажиллагааг хийх ёстой. Хууль сахиулах хүмүүс тэр сонсгох үйл ажиллагааг хийдэггүй юм. Нэхэмжлэгч хэлж байна Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг барьсан гэж байна. Энэ бол үнэн. Уг тушаал нь 3 хавсралтаас бүрдсэн тушаал байдаг. Орон тоо нь хасагдсан байхад орон тоо хасагдаагүй гэж тайлбарлаж байгаа юм. Батлагдсан төсөв, орон тоо шилжүүлэх тухай Сайдын тушаал байгаа. н.А даргын гаргасан Б/247 тоот тушаалыг үндэслээд нэгдүгээр хавсралтаар 400 гаран орон тоог Цагдаагийн ерөнхий газар руу шилжүүлсүгэй гээд тушаал гарсан. Орон тоо хасагдсан эсэх талаар энэ тушаалаас харж болох юм.(нотлох баримтаар гаргаж өгөв) Манайхаас Төрийн албаны тухай хуулийг барьж ажилласан. Гэрчийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг тодруулах шаардлагатай л байх.

Б/247 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар 402 орон тоог цагдаагийн ерөнхий газар руу шилжүүлсэн. Хоёрдугаар хавсралтаар 99 орон тоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу шилжүүлэхээр баталсан. Гуравдугаар хавсралтаар Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгох албан хаагчдын нэрсийг уг хавсралтаар гаргаж ирсэн. Уг тушаалын 1, 2 дугаар хавсралтаар орон тоог шилжүүлж байгаа нь Хууль зүйн сайдын тушаалаар шилжүүлээд үлдсэн орон тоо шилжээгүй гэдэг нь энэ баримтаас харагдаж байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын ерөнхий бүтэц, орон тоог нэмэгдүүлээгүй. Мөрдөн байцаах газартаа шингээсэн асуудал байгаа юм. Засгийн газрын тогтоолоор бүтцийг нэмэх шаардлага байхгүй. Цагдаагийн байгууллагаас чиг үүрэг нь шилжсэн зүйл байхгүй” гэжээ. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссор М.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тахарын ерөнхий газар татан буугдаж, түүний зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Үын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-3/58 дугаар албан бичгээр ирүүлсэн Тахарын албанаас шилжиж байгаа алба хаагч, эд хөрөнгийг шилжүүлэн авах ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлийн дагуу Тахарын албанаас цагдаагийн байгууллагад шилжин ирсэн алба хаагчдын боловсрол, мэргэжил, ажлын туршлагыг харгалзан албан тушаал /ажлын байр/-д томилон ажиллуулсан. Цагдаагийн байгууллагад томилуулахаар ирүүлсэн алба хаагчдын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Ж.Ггийн нэр байгаагүй.

Нэхэмжлэгч Ж.Г Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр

 цагдаагийн байгууллагад ажиллах тухай хүсэлт гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн

 яамнаас уг хүсэлтийг судалж, хариу ирүүлэх тухай албан бичгийн. дагуу Хүний нөөц, сургалтын хэлтсээс Ж.Г*******тай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, цагдаагийн байгууллагын хэмжээнд одоо байгаа ажлын байрны сул орон тооны талаар мэдээлэл өгч, цагдаагийн бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилон ажиллуулж, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар санал тавихад Ж.Г санал болгосон албан тушаал /ажлын байр/-д ажиллахаас татгалзсан байдаг. Энэ тухай Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.А  тэмдэглэл үйлдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2016 оны 09  дүгээр сарын 14-ний өдөр 0,1/330 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан бөгөөд дээр дурдсанаар Цагдаагийн ерөнхий газраас Ж.Ггийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Ж.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тахарын ерөнхий газар татан буугдаж зарим чиг үүргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ оны 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-3/58 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу шилжин ирсэн ба Тахарын алба хаагчдыг боловсрол, мэргэжил, ажлын туршлагыг нь харгалзан албан тушаал /ажлын байранд/ томилон ажиллуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын алба руу шилжүүлсэн албан хаагчдын нэрсийн дунд Ж.Ггийн нэр байгаагүй. Нэхэмжлэгч нь Хууль зүйн яаманд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасны дагуу хүний нөөцийн албатай уулзан хүсэлтийг нь сонсон одоо байгаа ажлын байрны талаарх мэдээлэл өгөн цагдаагийн бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилох, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар санал тавихад иргэн Ж.Г санал болгосон албан тушаалд ажиллахаас татгалзсан. Хүний нөөц, сургалт, хариуцсан мэргэжилтэн энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/330 тоот дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь Тахарын ерөнхий газарт Мөрдөн байцаах, эрин сурвалжлах газрын даргаар ажиллаж байсан. Уг ажлын байр болон албан тушаал Цагдаагийн ерөнхий газарт шилжиж ирээгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа өмнө ажиллаж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь цагдаагийн байгууллага урьд ажиллаж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилох үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Ж.Г Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Тэрээр Тахарын ерөнхий газрын үндсэн чиг үүргийг Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 4-т “...холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа...агентлаг, байгууллагад шилжүүлэхийг ...Хууль зүй дотоод хэргийн сайдад даалгаж..”  шилжүүлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй бөгөөд татан буугдсан агентлагийн дарга тушаал гаргасан нь илт хууль бус гэж маргажээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 04 дүгээр тогтоолын 4-т “Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цал  ингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж   байгаа Засгийн     газрын агентлаг,   байгууллагад    шилжүүлэх    арга хэмжээ авахыг...Хууль зүй, дотоод хэргийн сайдад..даалгасан.” байна.

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж “Тахарын албаны тухай хууль” хүчингүй болж, Тахарын албны чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Тахарын албаны орон тоо, төсөв, хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх ажлыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан шийдвэрлэхийг ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагч нарт даалгаснаар ажлын хэсэг удаа дараа хуралдаж хэлэлцсэн хэдий ч орон тоо, чиг үүргийг хэрхэн шилжүүлэх тухай тодорхой хэлэлцэж шийдвэрлэсэн, чиглэл болгосон талаар хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдаагүй байна.

            Тахарын ерөнхий газар (хуучин нэрээр)-ын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн талаар талууд маргаагүй хэдий ч, уг газрын даргын орон тоо, цалингийн сан хамт шилжсэн, орон тоо хасагдсан талаар тодорхойгүй байхад маргаан бүхий Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Гг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэл муутай болжээ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаалын чиг үүрэг, цалингийн сан Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн нь тодорхой байхад түүнийг газрын даргын сул орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвтгөх боломжгүй байна.

            Тодруулбал Тахарын ерөнхий газар (хуучин нэрээр)-ын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд тасаг болж шилжиж очсон нь хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч алба хаагчдын шилжин ажилласан шинэ бүтцэд боломжит ажлаар хангуулахаар шаардах эрхтэй юм. Хариуцагч Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын орон тоо хасагдсан гэж үзвэл энэ албан тушаалд ажиллаж байсан этгээдийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн баталгааны дараалсан нөхцөлүүдээс хамгийн хүнд буюу тэтгэмж олгож ажлаас чөлөөлөх бус харин цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, эсхүл 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах баталгааг шат дараатай хэрэглэх боломжтой байсан гэж үзнэ.

            Нөгөө талаар татан буугдсан Тахарын ерөнхий газрын дарга тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг буруутгахааргүй байна гэж дүгнэв.

            Түүнчлэн татан буугдсан Тахарын ерөнхий газрын чиг үүрэг, орон тоо, цалингийн санг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхдээ Засгийн газрын 04 дүгээр тогтоолд заасан үүргийг Хууль, зүй дотоод хэргийн сайд хуульд нийцүүлэн, алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр зохион байгуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул гаргасан эрхийн актаа эргэн харж хуульд нийцүүлж зөвтгөх шаардлагатай гэж  дүгнэв.

            Нэхэмжлэгч Ж.Ггийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “...ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зөрчсөн бөгөөд хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгөх..”-ийг хүссэн өргөдлийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн бөгөөд тус газраас нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон нь хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” нөхцөл байдал байх тул захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэлх хугацаанд  Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын Ж.Гд холбогдох хэсгийг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн  Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын Ж.Гд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоохыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд шинэ акт гаргаагүй бол нэхэмжлэгч Ж.Гг ажлаас чөлөөлсөн Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын Ж.Гд холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР