Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2023/0011/З |
Дугаар | 109/ШШ2024/0008 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 109/ШШ2024/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т У” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн захирал Р.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Т У” ХХК болон Архангай аймгийн Засаг даргар нарын хооронд “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Т У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан ****************дугаар бүхий тендерийн урилгын дагуу хоёр компани тус тендерт оролцсон бөгөөд “Т У” ХХК нь хамгийн сайн тендерээр тодорхойлогдож тус тендерт хууль ёсны дагуу шалгарсан. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/443 дугаар захирамжийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "Архангай аймгийн ноос угаах үйлдвэр байгуулах ажлын захиалагч гүйцэтгэгч хооронд байгуулах ****************дугаар бүхий гэрээг байгуулсан. Ингээд “Т У” ХХК-нь Архангай аймгийн ноос угаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэсэн боловч захиалагч талаас үйлдвэр барих газрын хөрсний инженер геологийн дүгнэлт гараагүй, нэг ч техникийн нөхцөл гараагүй байсан шалтгаанаар 2018 оны барилга угсралтын ажил хийх боломжит хугацаа дууссан . Ийнхүү 2019 оны 5, 6-р сард газрын хөрсний инженер геологийн дүгнэлт, цэвэр бохир усны техникийн нөхцөл гарч барилга байгууламжийн ажлын зургийг захиалах эхний нөхцөл үүссэн тул "И”ХХК-д үйлдвэрийн барилгын ажлын зураг боловсруулах захиалгыг өгч ажлын зураг 2019 оны 11-р сард магадлалаар батлагдан гарсан учир 2020 оны 5-р сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нөхцөл боломж үүссэн болно. Улмаар бид Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компани гэрээний үндсэн дүн 843.824.015 сая төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагчаас гэрээнээс татгалзаж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00525 дугаар бүхий шийдвэр, Архангай аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны 05 дугаар магадлалаар гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч болон хариуцагч өгсөн авснаа буцаах хуулийн үр дагавар үүссэн. Иймээс бид 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаар бүхий албан бичгээр аймгийн ГХБХБГазарт хандаж газар эзэмших хүсэлтийг хүргүүлсэн, Хүсэлтийг ГХБХБГазар хүлээн авч, улмаар аймгийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрсний үндсэн дээр 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар захирамжаар Архангай аймгийн, Эрдэнэбулган сумын, 7 дугаар баг, Тамир-7, 7110Б, нэгж талбарын 0513013672 дугаартай, 1000 м.кв газрыг Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт"-аар 16 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ****************дугаарт бүртгүүлэн, ******** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж эхэлсэн. Ингээд бид өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах ажлыг хийж гүйцэтгэж байх хооронд Архангай аймгийн Засаг дарга солигдож Б.Ц томилогдсон. Шинээр томилогдсон засаг дарга Б.Ц Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох ямарч үндэслэл тогтоогдоогүй байхад 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг гаргаж бидний эрхэд ноцтой халдаж, өмчөө захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй болгож хохироосон. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
3. Нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн захирал Р.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 244 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага байгаа. Өмнөх 2022 оны А/512 дугаар захирамж Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр олгогдсон. Одоо гэрээний үүднээс хөрөнгийг харилцан буцаах харилцаа үүссэн учраас энэ шийдвэрийн дагуу явсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн нэхэмжлэгч Т У ХХК-ийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл байвал дараагийн Засаг дарга цуцлах эрхтэй байдаг. Тэгэхээр өмнөх А/512 дугаар захирамжийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл бүрдээгүй байсан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Засаг даргын эрх хэмжээнд газрыг өмчлөх, эзэмших эрхийг 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож болно гэсэн заалт бий. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл үүсээгүй байсан. Нэгэнт энэ газар дээр бид нар дураараа үл хөдлөх хөрөнгө, объектыг бариагүй. Аймгийн захиргаатай, захиалагчтай гэрээ хийж ноос угаах үйлдвэр байгуулах, зориулалтын барилгыг барих зориулалтаар авч энэ дээр гэрээнийх нь дагуу Барилгын тухай хууль, Иргэний хуульд заагдсан бүх нөхцөл бололцоог хангаж хуулийн дагуу нийт 4 объект барьсан байдаг. Нэгдүгээрт мянга гаруй метр квадрат талбайтай ноос угаах үйлдвэрийн зориулалтын барилга барьсан. Энэ нь 64 ширхэг 202 метр 40см гүнд суурилуулсан төмөр бетон баганан суурьтай, дээгүүрээ төмөр бетон дам нуруугаар холбогдсон ийм суурин дээр 1 метр 20 см өндөртэй өрлөг бүтээцийн ханатай. Тэрнээс дээш 2 метр 50 см өндөр сэндвич хэлбэртэй ийм барилга баригдсан. Энэ барилга нь Газрын тухай хууль, Иргэний хууль, Үл хөдлөх бүртгэлийн тухай хууль зааснаар газраас бол салгах ямар ч нөхцөл боломжгүй. Хоёр дахь объект нь 72м2 энэ үйлдвэрийн ажилчдын барилга, ажилчдын амрах өрөө, оффисын зориулалттай барьсан. Энэ нь 72 м2 хэмжээтэй мөн төмөр бетон, шугаман суурьтай, өрлөгт бүтээцийн хийцтэй барилга газраас салгаж болохгүй объект юм. Дараагийн асуудал 0.4 дэд станц гэж байдаг 380 вольтын хүчин чадал бүхий үйлдвэрийг цахилгаанаар хангах агаарын дэд станцыг байгуулсан байдаг. Гуравдугаарт уг үйлдвэрийг цэвэр усаар хангах зориулалт бүхий 80 метрийн гүнтэй, гүний цэвэр усны гүний худаг байгуулагдсан. Дөрөвдүгээрт 10.000м2 газар дээр төмөр хийцлэлтэй 600м2 хашаа барьсан байдаг. Тэгэхээр энэ барьсан объектыг Засаг даргын Тамгын газартай барих гэрээ байгуулсан. Энэ ажлын урьдчилгааг 187,500,000 (нэг зуун наян долоон сая таван зуун мянга) төгрөгөөр тооцож санхүүжилт хийсэн байдаг. Нийт 789,000,000 (долоон зуун наян есөн сая) төгрөгийн санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Үүнээс 2018 оны 10 дугаар сард 187,500,000 (нэг зуун наян долоон сая таван зуун мянга) төгрөгийг өгсөн байдаг. Үлдсэн 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт нь “Т У” ХХК-ийн өөрийн санхүүжилтээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч бусад орлогоос санхүүжүүлж барилга объектыг бий болгосон. Энэ дээр Барилга хөгжлийн төвийн магадлалын газраар батлагдсан төсөв нь 2,2 тэрбум төгрөг, барилга байгууламжид 1,2 тэрбум төгрөг гарах юм байна. Үүнд тоног төхөөрөмжийг оролцуулаад 2,2 тэрбум төгрөг гарна гэсэн үнэлгээ гарсан байдаг. Гэтэл хариуцагч талын зүгээс энэ 2,2 тэрбум төгрөгийн үнэлгээг би санаачилж гаргасан юм шиг хандаж харилцдаг. Ерөөсөө газрыг манайх авна, чи яаж хохирсон байх нь хамаа байхгүй гэсэн хандлагатай өнөөдрийг хүртэл явдаг. Тухайн газар дээр баригдсан өмч хөрөнгө, хуулийн дагуу гарцаагүй салшгүй болсон газрыг нь өгөхгүй, захирамжийг хүчингүй болгосонд маш их гомдолтой явдаг. Тийм учраас л энэ захирамжийг хүчингүй болгож, өмнөх захирамжийг нь сэргээж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая итгэмжилсэн төлөөлөгч ингэж хэлэх шиг боллоо. Энэ газар эзэмших эрх цуцалж байгаа нь зөвхөн захирамж цуцалж байгаа асуудал байгаа гэлээ. Тэгэхээр одоо энэ хүний хэлснээр бид нарын газар эзэмших эрх хүчинтэй гэж ойлгогдоод байгаа юм уу. Бид нарын газар эзэмших гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, түүний гэрчилгээ дээр үндэслэж байгуулагдана гэсэн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэсэн үр дагаврыг үүсгэсэн тайлбарыг хэлээд байна. Манай үйлчлүүлэгч хэллээ, 1000 гаруй метр квадрат талбай бүхий хүнд үйлдвэр байгаад байгаа юм. Нэгэнт босчихсон үйлдвэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч байж цаашаагаа үйл ажиллагаа явуулах, холбогдох зөвшөөрлүүд нь гарна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авъя гэхлээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авчир гээд шаардаж байгаа. Тэгэхээр танайх шүүх дээр маргаантай тул энэ үл хөдлөх хөрөнгө дээр чинь гэрчилгээ олгох боломжгүй гэдэг нөхцөл байдал үүсэж байгаа. Хэрвээ энэ газрын асуудал шийдэгдэхгүй ийм байдлаар ингээд шийдэгдэх юм бол энэ үйлдвэр огт ажиллахгүй болох үр дагавар үүсэх гээд байгаа. Яг хариуцагчийн хийгээд байгаа үйлдлээр үзэхэд 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр гарчихсан. Нэгэнт босчихсон үйлдвэр одоо ажиллахгүй болох нөхцөл байдал үүсчхэж байгаа, энэ үйлдвэрийг нураагаад хаях юм уу, одоо яг яах юм. Босчихсон үйлдвэрийг дагаад дор хаяж 50 хүн гэр бүлээрээ ажлын байр нэмэгдэнэ гээд байхад тухайн орон нутагт маш их том хэмжээний бүтээн байгуулалт ашиглалт боломж үүсчхээд илүүдэл болоод байдаг ноос ноолуурыг үр ашигтайгаар бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэе гэдэг үйлдвэр нь бэлэн болчхоод байхад ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргаад байдаг. Яагаад өнөөдөр Захиргааны ерөнхий хууль гэж байгуулагдаад мөн захиргааны шүүх гэж байгуулагдсан юм. Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх, хууль ёсны итгэлийг хамгаалах гэдэг хүрээнд бол энэ нөхцөл байдал байгуулагдсан байгаад байгаа. Засаг дарга захирамж гаргах эрхтэй хууль бус актыг цуцлах эрхтэй гэсэн хэт ерөнхий буюу зөвхөн захирамж гаргах эрхтэй гэсэн заалтаар газар эзэмших эрийг эрхийг цуцлаад байгаа. Яг уншихад “Т У” ХХК юу буруу хийчихсэн юм бэ. Газар эзэмших эрхийг цуцална гэдэг нь өөрөө Газрын тухай хуулийг хэрэглэнэ гэдэг процесс буюу логик ургаж гарна. Газрын тухай хуулийн юуг зөрччихсөн юм бэ гэдэг өнөөдөр тайлбарлаад байгаа 35, 38 гэдэг үйл баримт чинь ч тэр акт дээрээс харагдахгүй байгаад байгаа. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг дуусгавар болгох ямар үндэслэлээр цуцлаад байгаа юм бэ, энэ акт яг юу юм бэ гэдэг нөхцөл байдал тодорхой харагдахгүй байгаа. Газрын тухай хууль бариагүй байж газар эзэмшигчдийн харилцааг дуусгавар болгоод байгаа. Мөн маргаан бүхий захиргааны акт нь өөрөө хууль бус буюу хүчингүй гэдэг. “Т У” ХХК-д газар эзэмших эрх үүссэн хугацаа дуусгавар болсон нэг жилийн хугацааны асуудлын хүрээнд л бид нарын өнөөдрийн маргааны хүрээ хязгаар буюу цаг хугацааны хүрээ хязгаар, хяналтын хүрээ хязгаар байгааг шүүх бүрэлдэхүүн бүүр тусгайлан анхаарч шийдвэрлэж өгнө үү. Газар эзэмших эрх үүсэх байсан үеэс гэдэг буюу маргаагүй үйл баримтын талаарх хариуцагчийн тайлбар ямар ч хууль зүйн үндэслэлгүй, мөн акт нь ч хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан бичгээр болон үйлдлээр захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан зарчмыг баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “аливаа захиргааны байгууллагын шийдвэр нь өөрөө хуульд үндэслэсэн байх ёстой”, 4.2.5-д шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой зарчмыг баримтална гэж заагаад өгчихсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд бичгээр гаргах захиргааны акт нь дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж заачихсан байдаг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заавал тодорхой тусгасан байна гэж заасан. Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заасан байхыг ойлгоно гэж заачихсан байдаг. Гэтэл манай бодит нөхцөл байдал дээр “Т У” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийг огт баримтлаагүй, газрын тухай хуулийг огт үндэслээгүй. Газрын тухай хуульд газар эзэмшигчийн гэрчилгээ болон эзэмших эрхийг энэ хуульд заасан үндэслэлээр цуцална гээд тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр хуульд заасан үндэслэлээр цуцлагдаагүй нөхцөл байдал харагдаж байгаа. Хоёр дахь үндэслэлийн тухайд хариуцагчийн хариу тайлбарт байдаг. Процесс хангагдаагүй гэсэн байдлаар тайлбар өгөөд байдаг. Захиргааны байгууллага процессоор хангах хангахгүй асуудал нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Бид нар хуульд зааснаар газар эзэмших хүсэлтээ өгөх ёстой гэсэн шаардлагаа биелүүлсэн. Тэр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх процесс бол хариуцагчийн өөрийнх нь асуудал. Өөрсдөө процессоо хангаагүй байж хэн нэгний эрхийг хязгаарлах үндэслэл болгож байгаа нь өнөөдөр Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмаа зөрчиж байгаа. Процесс хангагдах, хангагдаагүйн тухай асуудлын үр дагаврыг иргэн, хуулийн этгээд үүрэх ёсгүй юм. Тийм ч учраас Захиргааны ерөнхий хуульд төрийн захиргааны байгууллага иргэний хууль ёсны эрхийг, итгэлийг хамгаалах үүрэгтэй гэж заачихсан байдаг. Иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг бол энэ маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны байгууллага огт баримтлаагүй нь харагдаж байна. Эцэст нь хэлэхэд аливаа үйлдвэр өөрөө газартайгаа салшгүй холбоотой гэдгийг нэхэмжлэгч, өмгөөлөгч хангалттай хэлсэн. Тэгэхээр “Т У” гэдэг компани аймагт үйлдвэр бариад өглөө. Энд үйлдвэр барьснаараа үйлдвэрийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Дээр нь үргүйгээр үрэгдээд байдаг ноос ноолуурыг үнэтэй болгоод дээр нь тодорхой капитал нөхцөл байдал үүсгэчхээд байхад ажлын байр нэмэгдэх бүх л хангамж нь бүрдсэн үйлдвэр байгуулж өгчхөөд байхад өнөөдрийг хүртэл ингээд газрыг нь цуцлаад энэ үйлдвэрийг үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байдлаар саад учруулж байгаа нь төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан суурь үнэт зарчмуудаа зөрчөөд байгаа ийм үйлдэл байгааг анхаарч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
6. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Т У” ХХК-ий Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир-7, ***** хаягт байрлах нэгж талбарын *********2 дугаартай 10000 м.кв газрыг анх аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/80 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус газрыг “Т У” ХХК-д аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар 16 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн нэгж талбарын *********2 дугаартай хувийн хэргийг үзэхэд Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/512 дугаартай захирамж “Т У” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаартай тус газарт гаргасан хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан болох нь тогтоогдсон. Мөн тус шүүхийн шийдвэрээр зөвхөн аймгийн Засаг дарга, “Т У" ХХК-ий хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаатай холбоотой суудлыг шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх талаар дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл Т У ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас аймгийн Засаг даргын зүгээс ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул хоёр талын үндсэн үүргийн харилцаа дуусгавар болж, талуудын хооронд өгсөн авснаа буцаах харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 843.824.016 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн урьдчилгаа 187,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдал нь “Т У” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,66.3 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт газрын асуудал, хоёрдугаарт газар дээр барьсан барилгын асуудал, цаашлаад төр барилгын өмчлөх эрхийн асуудал гэсэн 3 зүйлийг нэхэмжлэгч талаас хооронд нь хольж яриад байна. Анх 2017 оны 12 дугаар сарын 1-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдсан. Энэ хурлаар аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 07 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын 4 дүгээр хавсралтаар төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын төлөвлөгөөг баталсан байдаг. Үүнд Эрдэнэбулган сумын Тамир багийн хуучин үйлдвэрийн 1000 га газрыг ноос ноолуур угаах үйлдвэрийн зориулалтаар төсөвт байгууллагад эзэмшүүлэхээр баталсан байдаг. Үүний дагуу 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр аймгийн Засаг дарга 80 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт тус газрыг ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Ингэж эзэмшүүлсний дагуу газар дээрээ ноосны үйлдвэр барих үүднээс 2018 оны 6 дугаар сарын 28-наас эхлээд аймгийн Засаг даргын зүгээс тендер зарлах үйл ажиллагаа хийгдсэн. Тендерт 2 байгууллага оролцоод “Т У” ХХК шалгараад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд явж байтал яасан бэ гэхээрээ “Т У” ХХК нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн. Магадлал хийгдэж баталгаажаагүй зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Тухайн үед нь нөгөө магадлалаар орж баталгаажсан зураг төсөв нь болохоороо гэрээ байгуулсны дараа нь гэсэн үг. Магадлалаар орж зураг төсөв нь гэрээгээр тохиролцсоноос хэд дахин өндөр үнэтэй тул гэрээг цуцлах мэдэгдлийг “Т У” ХХК-д өгч гэрээг цуцалсан. Үүнийг “Т У” ХХК-аас үл зөвшөөрч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 800 гаруй сая төгрөг нэхэмжилсэн, үүнийг 2 шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаад тоног төхөөрөмж нийлүүлэх гэхээр тоног төхөөрөмж авна гээд нэхэмжлэгч талаас 187.500.000 (нэг зуун наян долоон сая таван зуун мянга) төгрөгийг авсан. Тэгтэл үүгээр тоног төхөөрөмж аваагүй, зориулалтын дагуу зарцуулаагүй гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг 2 шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Тэгтэл энэ шүүхийн шийдвэрийн дагуу тухайн газрыг шилжүүлж өгөөч ээ гэдэг хүсэлтийг “Т У” ХХК гаргасан. Газрын тухай хуульд эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана, энэ дээрх хүсэлтийг талууд гаргана гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээрээ аль нэг тал нь биш талууд хамтарч гаргана гэсэн үг. Тэгээд мөн Газрын тухай хуулийн 38.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж болно гээд зааж өгсөн. Тэгэхээр хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр л газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж болно. Ингэхдээ талууд өөрөө хүсэлтээ гаргаж өгөх юм байна, хүсэлтээ дараах баримтыг хавсаргах юм байна гэж байгаа юм. Тэгтэл хэргийн материалд талуудын гаргаж өгсөн хүсэлт байхгүй. Яагаад байхгүй байгаад байгаа юм бэ гэхээрээ аймгийн Засаг даргын Тамгын газарт энэ бүрэн эрх өөрөө хуулиараа олгогдоогүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийг авч үзье л дээ. Энэ газар эзэмших эрх, үүрэг байгаа юм. Энэ дээр 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэй эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлнэ гэж байгаа юм. Гэтэл 35.2, 35.1.4-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газар чинь өөрөө төрийн байгууллага, төрийн байгууллага учраас газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлт гаргах эрхгүй буюу энэ эрх хэмжээ байхгүй. Аймгийн Засаг дарга 38.2-т заасны дагуу хүсэлт хэрвээ гаргасан байх юм бол тэр хүсэлт нь өөрөө хууль тогтоомжид нийцэн хүсэлт гаргах бүрэн эрхтэй субъект мөн үү гэдэг дээр нь аймгийн Засаг дарга хяналт шалгалт хийж хянаж үзэх хэрэгтэй байсан. Тэгтэл энэ үүргийг хэрэгжүүлээгүй буюу хууль тогтоомжоор төрийн байгууллага энэ газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж болохгүй гэж заагаад өгчихсөн байтал үүнийг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтгүйгээр тухайн “Т У” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлснээрээ энэхүү хууль тогтоомжийг зөрчсөн. Хоёрдугаарт өгсөн авснаа буцаана гэж яриад байна. Өгсөн авснаа буцаана гээд төрийн байгууллагын эзэмшлийн газар дээр тендер аваад барилгын ажил гүйцэтгэнгүүтээ үүргээ зөрчсөний улмаас захиалагч тал гэрээгээ цуцаллаа гэхэд өгсөн авснаа буцаана, манайх дээр нь барилга барьчихсан, энийг бид нар шилжүүлж авах ёстой гэдэг ийм зүйл байж болохгүй. Энэ нь өөрөө шударга ёсны зүй ёсны зарчимд нийцэхгүй. Гэрээгээ цуцалснаас болоод манайх хохирчихлоо, их хэмжээний хохирол учирчихлаа гээд байгаа юм. Тэгвэл та нар гэрээгээ цуцалсны дагуу хохирлоо иргэний хэргийн шүүхийн дагуу шаардах эрхтэй. Тэр эрх чинь байгаа шүү дээ. Энэ чинь төрийн байгууллагын эзэмшлийн газар байсан юм байна. Тэгтэл танай байгууллага тухайн газар дээр ноосны үйлдвэр барихаар шалгарсан юм байна. Тэгтэл ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүргийг зөрчсөний улмаас манайх гэрээнээс татгалзсан юм байна. Тэгтэл өгсөн авснаа буцааж байгаа гэдэг нэрийдлээр танайд манайх газраа шилжүүлээд өгчихсөн юм байна. Энэ нь өөрөө хууль тогтоомжоор хориглочихсон юм байна. Төрийн эзэмшлийн газрыг төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх ийм эрх хэмжээ байхгүй юм байна. Гэтэл энийг тухайн үеийн удирдлагууд судалж үзээгүйгээр ийм шийдвэр гаргачихсан юм байна. Тийм учраас аймгийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ тохиолдолд газар эзэмших эрхийг чинь цуцлаагүй, эрх олгосон захирамж нь өөрөө хууль бус байна гэсэн үүднээс манайх захирамжаа гаргасан.Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
8. Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Захиргаа, “Т У” ХХК-ийн 50/50 хувь буруу байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1. Нэхэмжлэгч “Т У” ХХК-д маргаан бүхий 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар хүргүүлснийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргажээ. Харин тус аймгийн Засаг даргаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/1148 дугаар албан бичгээр гомдлыг хангах боломжгүй талаар хариу хүргүүлсэн байна.
2. “Т У” ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дээрх шаардлагаа “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн тул шүүх уг өөрчилсөн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
3. Дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
1. Анх Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 4 дүгээр хавсралтад Төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ 4. Эрдэнэбулган суманд Тамир Хуучин үйлдвэрийн район гэх газарт 1 га газрыг ноос, ноолуур угаах үйлдвэрийн зориулалтаар олгохоор төлөвлөжээ. (2 дугаар хавтаст хэргийн 49-51 дэх тал)
2. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/80 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар хуралдааны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г тус тус үндэслэн төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрын хэмжээ, зориулалт, байршил, хугацааг хавсралтаар баталсны 2-т аймгийн Засаг даргын Тамгын газарт 1 га газрыг үйлдвэрийн районд Ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 73, 224 дэх дахь тал)
3. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир-7, ***** хаягт байрлах 10000 м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ноосны үйлдвэрийн зориулалтаар 20 жилийн хугацаатай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн ************ дугаартай гэрчилгээ олгож, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ************дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ” байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал)
4. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/744 дүгээр албан бичгээр орон нутгийн өмчийн газарт Ноос угаах үйлдвэрийн тендер шалгаруулах тухай хүсэлт хүргүүлж, ойролцоо төсөвт өртөг 800.000.000 төгрөг байх талаар тусгажээ. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/342 дугаар захирамжаар Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх Ноос угаах үйлдвэрийг зураг төслийн хамт гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулж, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тендерийн урилгыг нийтэлж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тендерт “Т Ц” ХХК 799.000.000 төгрөг, “Т У” ХХК 789.456.789 төгрөгийн үнийн санал гаргаснаас “Т У” ХХК ялагчаар тодорсон байна. Ийнхүү Үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжөөр “Т У” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг дарга 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/443 дугаар захирамжаар тус тендерийн гэрээний гүйцэтгэгчээр гэрээ байгуулах эрх олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 229-249, 2 дугаар хавтаст хэргийн 1-31 дэх тал)
5. Улмаар захиалагч Архангай аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “Т У” ХХК, зөвшөөрсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М нар баталж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ************дугаартай, нийт 789.456.789 төгрөгийн санхүүжилт бүхий “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулах ажлын захиалагч гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээ” Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.М, “Т У” ХХК-ийн инженер Ч.О нар байгуулсан байх ба гэрээгээр гүйцэтгэх ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тусгажээ. (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал)
6. Гэвч 2021 онд дээрх гэрээтэй холбоотой маргаан гарсныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна. Тодруулбал: “Т У” ХХК-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “843,824,016 (найман зуун дөчин гурван сая найман зуун хорин дөрвөн мянга арван зургаа) төгрөг гаргуулах тухай”, Архангай аймгийн Засаг даргаас “Т У” ХХК-д холбогдуулан “187,500,000 (нэг зуун наян долоон сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл бүхий маргаан үүсч, тус хэргийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т У” ХХК-аас гаргасан Архангай аймгийн Засаг даргаас “843,824,016 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Т У” ХХК-аас 187,500,000 төгрөг гаргуулах тухай” Архангай аймгийн Засаг даргын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 84-89 дэх тал)
7. Үүний дараа “Т У” ХХК-аас 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/23 дугаар албан бичгээр “ .. Ноос угаах үйлдвэр байгуулах тухай гэрээнээс захиалагч тал татгалзсанаар тооцсон шийдвэр гарсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, харилцан буцааж өгөх нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2018 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/80 дугаар захирамжаар Ноосны үйлдвэр байгуулах зориулалтаар олгогдсон 10000 м.кв газрыг манай “Т У” ХХК-ын эзэмшилд яаралтай өгч биднийг үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж ашиглах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсье ...” гэх агуулга бүхий хүсэлтийг Архангай аймгийн Засаг даргад хандан гаргажээ. ( 1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал)
8. Мөн “Т У” ХХК-аас 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/34 дугаартай албан бичгээр дээрх агуулга бүхий хүсэлтийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хандан гаргасан байна. ( 1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал)
9. Архангай аймгийн Засаг дарга нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан 1 га газрыг “Т У” ХХК-д шилжүүлж, захирамж гарсантай холбогдуулан байгууллагад өмнө нь эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, газар эзэмших эрх шилжсэн аж ахуй нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулан, “Э” дугаартай гэрчилгээ олгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 05 дугаар магадлалаар аймгийн Засаг даргад буцааж шилжүүлэхээр тогтоогдсон 187.500.000 төгрөгийг бүрэн төлж дуустал газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хэсэгчлэн шилжүүлэх, бусад хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг тус тус Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (Ч.О)-т үүрэг” болгож шийдвэрлэсэн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/512 дугаар захирамжийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гаргажээ. ( 1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал)
10. Ийнхүү Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир-7, ***** хаягт байрлах 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 16 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0******** дугаартай гэрчилгээг “Т У” ХХК-д олгон, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн *****************дугаар гэрээг тус компанитай байгуулсан байна. ( 1 дүгээр хавтаст хэргийн 74-79 дэх тал)
11. Архангай аймгийн Засаг дарга нь дээрх гэрээг байгуулж, гэрчилгээ олгосон /2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр/-оос хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Т У” ХХК-нд газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 512 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцож, энэхүү захирамж гарсантай холбогдуулан улсын бүртгэлд өөрчлөлтийг тусгаж, газар эзэмшүүлэх гэрээг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулан, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг гаргажээ.
12. Ийнхүү “Т У” ХХК-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан түүний 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх уг нэхэмжлэлээр 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
13. Оролцогчийг сонсох ажиллгааны тухайд: Архангай аймгийн Засаг даргаас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагт сонсох ажиллагаа явуулах болсон талаарх мэдэгдлийг “Т У” ХХК-ийн захирал Р.Т д хүргүүлж, тус компанийн захирлаас сонсох ажиллагаанд очих боломжгүй, шүүх хуралтай байгаа талаар тайлбар гаргажээ. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагаа явуулах талаар дахин мэдэгдэж, сонсох ажиллагааг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явуулж, тэмдэглэл үйлджээ. Уг сонсох ажиллагаанд “Т У” ХХК-ийн захирал оролцсон боловч, гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэлд дурджээ.
14. Тодруулбал: Маргаан бүхий А/244 дүгээр захирамжийг гаргахын өмнө нэхэмжлэгчтэй 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн “Сонсох ажиллагаа явуулсан” тэмдэглэлд: “... Аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт газрын гэрчилгээг шилжүүлэх хүсэлттэй хамт хавсаргах баримтуудыг зааж өгсөн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2 дахь хэсэгт "эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3 дахь хэсэгт “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” 38.2.4 дэх хэсэгт “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж хуульчилсан байдаг. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.С-с тодруулахад Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай захирамж нь танай байгууллагын 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргаж өгсөн хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00525 дугаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн гарсан болох нь тогтоогдсон. Иймээс Засаг дарга Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66 3 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Аймгийн засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/512 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг цуцлах болсныг танд мэдэгдэж байна ...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 56-60 дахь тал)
4. Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:
1. Архангай аймгийн Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, энэхүү захирамж гарсантай холбогдуулан улсын бүртгэлд өөрчлөлтийг тусгаж, газар эзэмшүүлэх гэрээг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулан, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал)
2. Тус Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/512 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хавсралтаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан 1 га газрыг “Т У” ХХК-д шилжүүлж, захирамж гарсантай холбогдуулан байгууллагад өмнө нь эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, газар эзэмших эрх шилжсэн аж ахуй нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулан, “Э” дугаартай гэрчилгээ олгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 05 дугаар магадлалаар аймгийн Засаг даргад буцааж шилжүүлэхээр тогтоогдсон 187.500.000 төгрөгийг бүрэн төлж дуустал газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хэсэгчлэн шилжүүлэх, бусад хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг тус тус Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (Ч.О)-т үүрэг” болгож шийдвэрлэжээ. ( 1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал)
3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа “... иргэний хэргийн шүүх тухайн газар болон уг газрыг эзэмших эрхийн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, “Т У” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд А/244 дугаартай захирамжийг гаргасан ...” гэж тайлбарлаж байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн маргаж буй А/244 дүгээр захирамж, түүний үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
5. Хариуцагч маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан зарчим зөрчсөн байна.
6. Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2. дахь хэсэг “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: ...”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж тус тус заасан.
7. Гэтэл маргаан бүхий А/244 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/512 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байх боловч уг захирамжаа Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай гэж тэмдэглэсэн нь захиргааны акт ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангахгүй байна.
8. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлсон. Улмаар мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж аймгийн Засаг даргын иргэн, хуулийн этгээд, төсөвт байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг хуульчилжээ.
9. Мөн дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 35.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж тус тус заасан.
10. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага өөрийн санаачлагаар буюу газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд зөвшөөрөл олгосон ч эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хоригложээ.
11. Гэтэл энэ хэргийн тухайд, маргаан бүхий газрын эзэмшиж байсан аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Т У” ХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт хийгдээгүй, харин эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/512 дугаар захирамжаар эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
12. Ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгогдсоноор нэхэмжлэгч хуулийн этгээдэд хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл бий болсон гэж үзнэ.
13. Мөн тухайн эзэмших газартаа ноос угаах үйлдвэр ажлын зураг, барилгын загвар зураг, ажил гүйцэтгэлийн тайлан, ноос угаах барилга, өртөг зардлын тайлан, ажлын зураг төсөл боловруулах гэрээ, барилга, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт болон тухайн газартаа цахилгааны шугам, гүний худаг, ноос угаах үйлдвэрийн удирдлагын байр, төмөр хашаа барьсан зэрэг нь эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 36-45, 82-169, 174, 187-200 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 92-162, 166-210)
14. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга “Т У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг гаргахдаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалтыг агуулсан Газрын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг баримтлалгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 хэсгийг баримталсан нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.
15. Иймд дээрх хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлыг нэгтгэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.1., 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ