Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 957

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Э-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00500 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Э-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 57 690 516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээний барьцаанд байршуулсан 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болоржаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Алтанчимэг, Н.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б болон Н.Э нар нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж 4А байрыг түрээслүүлэхээр 5 жилийн хугацаатай, нэг сарын төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

Гэвч түрээслэгч түрээсийн гэрээнд заасны дагуу төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй, мөн ус, дулаан, цахилгааны гэх мэт ашиглалтын зардлуудыг ч огт төлөөгүй.

Хариуцагч Б.Б нь гэрээний дагуу 2016 онд төлөх түрээсийн төлбөрийг төлсөн, 2017 онд 36 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх байснаас 26 600 000 төгрөгийн төлбөрийг төлж 9 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны түрээсийн төлбөр 27 000 000 төгрөг, дулааны төлбөрт 2 476 514 төгрөг, цахилгааны төлбөрт 614 002 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байрыг хүлээлгэн өгсөн боловч түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй нэхэмжлэгчийг хохироож байх тул гэрээний 7.5-д заасны дагуу алданги тооцож байна.

Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 36 400 000 төгрөг, алданги 18 200 000 төгрөг, дулааны төлбөрт 2 476 514 төгрөг, цахилгааны төлбөрт 614 002 төгрөг нийт 57 690 516 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Н.Э-тай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээг байгуулсан ба түрээсийн байранд их хэмжээний завсар хийж, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл хуулийн байгууллагаас явуулсан шалгалтаар миний бизнесийг зогсоож хаасан тул би цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж гэрээ хэрэгжээгүй юм.

Би 2017 онд түрээсийн төлбөрөө 100 хувь төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй. 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан хуудсыг Эрүүгийн цагдаагийн албанаас наасан. Төрийн байгууллагын шаардлагын дагуу үйл ажиллагааг зогсоосон болно. Тухайн үед нэхэмжлэгч Н.Н.Э-д  мэдэгдэж байсан учир 2018 оны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Мөн 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй учир дулааны төлбөр 2 476 514 төгрөг болон цахилгааны төлбөр 60 402 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Н.Э-тай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тухай гэрээг бичгээр байгуулж, уг түрээсийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг барьцаанд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байршуулсан. Уг байршуулсан 3 000 000 төгрөгийг Н.Э нь түрээсийн төлбөрөөс хасахгүй байгаа тул барьцаанд өгсөн 3 000 000 төгрөгийг Н.Н.Э-аас  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Б.Б-аас 54 690 716 төгрөгийг гаргуулж Н.Н.Э-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 999 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Н.Н.Э-аас  3 000 000 төгрөг гаргуулж Б.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446 403 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 62 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч 182/Ш32020/00785 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүйгээр хааж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэрээ хүчин төгөлдөр бус байх нь талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгийн шилжүүлэг бий болсон, хөрөнгийн шилжүүлэг үүсээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэгжүүлэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Б-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 57 690 516 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барьцаа 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар, татгалзлалаа нотлохоор Х.Т-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2020/01891 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч гэрч А.Т-аас  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан мэдүүлгийг бэхжүүлсэн тэмдэглэлд шүүгч болон тэмдэглэл хөтөлсөн этгээд тус тус гарын үсэг зураагүйгээс уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болжээ. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 111 дүгээр зүйлд заасан гэрчээс мэдүүлэг авах ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд “гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлжээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2020/02395 дугаар захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн алдааг залруулах боломж олгоогүй нь талуудын зарчимд нийцээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                     

                               ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА