Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/01604

 

     2020       07          10

               182/ШШ2020/01604

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, мянгат гудамж, дугаар байр  тоот хаягт оршин суух /регистрийн дугаар /, овогт Н.Эгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, байрны  тоот хаягт оршин суух /регистрийн дугаар /  овогт Б.Бд холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 57,690,516 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцаа мөнгө болох 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Б, өмгөөлөгч Г.А, гэрч Х.Т, Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд болон төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б  Н.Э нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж 4А байрыг түрээслүүлэхээр 5 жилийн хугацаатай, нэг сарын төлбөрт 3,000,000 төгрөг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч түрээсийн гэрээнд заасны дагуу төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй, мөн ус дулаан цахилгааны гэх мэт ашиглалтын зардлуудыг ч огт төлөөгүй. Б.Б нь гэрээний дагуу 2016 онд төлөх түрээсийн төлбөрийг төлсөн боловч 2017 оны 36,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх байсан үүнээс 26,600,000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл 9,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны түрээсийн төлбөр 27,000,000 төгрөг, мөн дулааны төлбөрт 2,476,514 төгрөг, цахилгааны төлбөрт 614,002 төгрөгийн төлбөрийг төлөөгүй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байрыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 7.5-д заасны дагуу алданги тооцож байна. Иймд Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 36,400,000 төгрөг, алданги 18,200,000 төгрөг, дулааны төлбөрт 2,476,514 төгрөг, цахилгааны төлбөрт 614,002 төгрөг нийт 57,690,516 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Этай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг сард 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцон гэрээг байгуулан уг байранд их хэмжээний өөрийн зардлаар засвар хийж байж бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл хуулийн байгууллагаас явуулсан шалгалтаар бизнесийг зогсоож хаасан тул би цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж гэрээ хэрэгжээгүй тул түрээсийн төлбөр төлөхгүй. 2017 онд түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй. 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан хуудсыг Эрүүгийн цагдаагийн албанаас наасан тул Төрийн байгууллагын шаардлагын дагуу үйл ажиллагаа зогсоосон. Тухайн үед нэхэмжлэгч Н.Эд мэдэгдэж байсан учир 2018 оны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй учир дулааны төлбөр 2,476,514 төгрөг болон цахилгааны төлбөр 60,402 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Этай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тухай гэрээг бичгээр байгуулж, уг түрээсийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг барьцаанд 2016 оны 09 сарын 12-ны өдөр байршуулсан. Уг байршуулсан 3,000,000 төгрөгийг Н.Э нь түрээсийн төлбөрөөс хасахгүй байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр барьцаанд өгсөн 3,000,000 төгрөгийг авна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Эд түрээсийн төлбөрт төлсөн 32,600,000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37,751,522 төгрөг, ажлын хөлс зардалд 17,300,000 төгрөг нийт 87,651,522 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Б нь түрээсэлсэн байранд засвар хийх талаар Б.Э надаас огт асууж зөвшөөрөл авч байгаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээний 3.2.4-т зөвшөөрөлгүй хийсэн засан сайжруулалтын үнийг түрээслэгчид төлөхөөс татгалзахаар заасан тул Б.Бы байранд засвар хийх үйлчилгээ хийсэн гэх баримт нотолгоогүй зардлыг төлөх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар болон гэрч нарын мэдүүлснээр Б.Б нь тус байранд саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд зөрчилтэй байсан тул цагдаагийн байгууллагаас зөрчлөө арилгах талаар мэдэгдэл өгсөн. Харин үйл ажиллагааг нь зогсоогоогүй болох нь тодорхой байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Бд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 57,690,516 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч барьцаа 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 32,600,000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37,751,522 төгрөг, ажлын хөлс зардалд 17,300,000 төгрөг нийт 87,651,522 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 4-А тоот хаягт байрлах 475 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 3,000,000 төгрөг, барьцаа 3,000,000 төгрөг байршуулж Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх нэртэй гэрээ байгуулагджээ. 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр бус байх нь талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлдэг буюу талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгийн шилжүүлэг бий болсон, хөрөнгийн шилжүүлэг хийх үүрэг үүсээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэгжүүлэх үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг ашиглаж байгаа тал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул хариуцагч түрээсийн төлбөр түүнд хамаарах алданги зэргийг төлөх үндэслэлтэй.

 

Талууд гэрээ цуцлагдсан хугацааны талаар маргаж байх бөгөөд энэ нь гэрээний түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхойлно гэж тайлбарлаж байх боловч нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээ цуцлагдах хугацаа бус, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хугацаагаар буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-ыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагчаас 2017 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,400,000 төгрөг, 2018 оны түрээсийн төлбөр 27,000,000 төгрөг /3,000,000 төг*9 сар/, нийт түрээсийн төлбөр 34,400,000 төгрөг, гэрээний 4.1.4-т зааснаар гэрээний хугацаанд хэрэглээний зардлыг түрээслэгч тал төлөхөөр тохиролцсон тул дулаан 2,476,514 төгрөг, цахилгаан 614,002 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-ийн 19, 20 дахь тал/

 

Хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34,400,000 төгрөгийг, гэрээний 7.5-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 34,400,000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн

232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги 17,200,000 төгрөг нийт нийт 51,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Тодруулбал түрээсийн төлбөр 36,400,000 төгрөгөөс 34,400,000 төгрөг, алданги 18,200,000 төгрөг нэхэмжилснээс 17,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон тооцож 54,690,516 төгрөгийг гаргуулах үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэгч Н.Эд холбогдуулан барьцаа 3,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Эд түрээсийн төлбөрт төлсөн 32,600,000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37,751,522 төгрөг, ажлын хөлс зардалд 17,300,000 төгрөг нийт 90,651,522 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Э сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалсан гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 4-А тоот хаягт байрлах 475 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай, сарын 3,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцож Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй.

 

Хариуцагч Б.Б  дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 4-А тоот хаягт байрлах 475 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж түрээсийн төлбөр төлж байсан болох нь зохигчдын тайлбар, Төлбөр төлж,тооцоо нийлсэн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 11-13 тал/

 

Цагдаагийн байгууллагаас 2018 оны 01 дүгээр сард “Нийслэл” нэртэй “Бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулдаг, Орон байраар хангадаг, Хүн худалдаалж байж болзошгүй гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн шалгах, таслан зогсоох” чиг үүрэгтэй арга хэмжээ зохион байгуулахад  Б.Бы ажиллуулж байсан “Хилтон” гэх газар эмэгтэйчүүд биеэ үнэлдэг газар байсан болох нь уг шалгалтаар тогтоогдож хууль бус үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан болох нь гэрч Х.Тын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Түрээслэгч Б.Б нь эрхэлж байсан үйл ажиллагаа 2018 оны 01 дүгээр сард зогссон тул түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа боловч уг байрыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Байр хүлээлцсэн актаар нотлогдож байх тул энэ хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх ба цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнд түрээслэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг хариуцагч Б.Б 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Үл хөдлөх   хөрөнгө   түрээслүүлэх,   түрээслэх   гэрээг   хүчин   төгөлдөр  бус  хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 32,600,000 төгрөг буцаан гаргуулах, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37,751,522 төгрөг, ажлын хөлс зардалд 17,300,000 төгрөг нийт 87,651,522 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх ба харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй.

 

Учир нь нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус буюу талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад олж авсан барьцаа 3,000,000 төгрөгийг үндэслэлгүй олж авсан гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчид буцаан төлөх үндэстэй.

 

Иймд хариуцагч Б.Бы 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 32,600,000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37,751,522 төгрөг, ажлын хөлс зардалд 17,300,000 төгрөг нийт 87,651,522 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Н.Эгаас 3,000,000 төгрөг гаргуулж Б.Бд олгох үндэстэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баас 54,690,616 /тавин дөрвөн сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Н.Эгаас 3,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулж Б.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Эгаас түрээсийн төлбөрт төлсөн 32,600,000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37,751,522 төгрөг, ажлын хөлс зардалд 17,300,000 төгрөг нийт 87,651,522 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446,403 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,723,939 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431,404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 62,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7  дэх  хэсэгт  зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц

хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ