Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1045

 

 

 

 

 

 

 

 

 

П.Д-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00877 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Д-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О-т  холбогдох,

 

5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д  би 10 жилийн сургуулийн нэг ангид суралцаж байсан С.О-т ай уулзсан. Тухайн үед санал тавиад хамтарч бизнес хийе гэхэд нь зөвшөөрч, 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай хөрөнгө оруулъя гэж 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр данс уруу нь шилжүүлсэн.

Гэвч С.О  нь 5 сарын хугацаанд ашиг хүртээгээгүй түүгээр барахгүй хөрөнгө оруулсан мөнгө болох 5 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Би уулзаж, утсаар ярьж, зурвас бичиж мөнгөө нэхээд олж авч чадахгүй байгаа учраас намайг залилан мэхэлж итгэлийг минь эвдэж хохироосон тул гомдлыг минь барагдуулж, С.О аас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээ байгуулаагүй, хамтарч бизнес хийх, ашиг олвол надад мөнгө өгнө гэж ярилцсан. Бизнест мөнгө хэрэгтэй гэхээр нь хамт сууж байгаад С.О ийн 5021080918 тоот данс уруу нь мобайл банкаар 5 000 000 төгрөг шилжүүлсэн, 5021080918 тоот данс нь С.О ийн эзэмшлийн данс мөн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: П.Д-ын  нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О аас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О аас 94 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Д д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М  миний бие анхан шатны шүүх хуралдаан болох өдөр буюу 2020 оны 03-р сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр шүүх хуралдаанд оролцох байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэх, зохицуулах боломжгүй байдаг тул анхан шатны шүүх хуралдааны тов гарах үед энэ тухай мэдээгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаануудын тов гарсны дараа би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанууд давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтийг эх баримтуудыг хавсарган бичгээр гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих үндсэн зарчмыг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Д  хариуцагч С.О-т  холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

П.Д  нь Х ин дахь 5720441441 тоот данснаасаа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “dashjargal” гэсэн гүйлгээний утгатайгаар 5 000 000 төгрөгийг 5021080918 тоот дансруу шилжүүлсэн, 5021080918 тоот данс нь Х ин дахь С.О ийн эзэмшлийн данс болох нь “Х ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 29/2320 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талууд хамтран ажиллахаар тохиролцсон” гэж тайлбарлах боловч хамтран ажиллах гэрээний үндсэн нөхцөл тохиролцоогүй тохиолдолд гэрээ байгуулсан гэж дүгнэхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшилд шилжсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлээр мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч С.О-т  2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М д 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан, нэхэмжлэлийг гардуулснаас хойш хариуцагчаас ирүүлсэн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч үндэслэлийг тайлбарлаагүй, нотлох баримт гаргаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлал, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай захирамжийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөө хойшлуулжээ. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан 3 сар гаруй хугацаанд хэргийн материалтай танилцаж, тайлбар өгч, мэтгэлцэх эрхээр хариуцагч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд шүүх эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт болох товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн нь шүүгчийн 101/ШЗ2020/05152 дугаар захирамжаар “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдсан иргэний хэргийн шүүх хуралдаанаас цаг хугацааны хувьд түрүүлж товлогдсон, мөн тус шүүхэд зарлагдсан шүүх хуралдааны дарааллаас харвал 15, 22 дахь хурлууд 10 цагт хийгдэх боломжгүй, анхан шатны шүүхэд товлогдсон хуралдаанд 10 цагаас оролцох боломжтой” гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА