Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/00877

 

 

 

 

 

 

2020 оны    03 сарын 16 өдөр  

   Дугаар 101/ШШ2020/00877

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух ..........Д /РД:........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................тоотод оршин суух О /РД:НБ78091706/-д холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, нарийн бичгийн дарга Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Пүрэвжав овогтой Д би 10 жилийн сургуулийн нэг ангид суралцаж байсан Сангидорж овогтой О-тай уулзсан. Тухайн үед санал тавиад хамтарч бизнес хийе гэхэд нь би зөвшөөрч, 5 сая төгрөгийг тухайн үед 3 сарын хугацаатай хөрөнгө оруулъя гэж 2019.05.27 ны өдөр данс уруу нь шилжүүлсэн. Гэвч О нь 5 сарын хугацаанд ашиг хүртээгээгүй түүгээр барахгүй хөрөнгө оруулсан мөнгө болох 5 сая төгрөгийг ч буцааж өгөөгүй байна. Би уулзаж, утсаар ярьж, зурвас бичиж мөнгөө нэхээд олж авч чадахгүй байгаа учраас намайг залилан мэхэлж итгэлийг минь эвдэж хохироосон тул гомдлыг минь барагдуулж, С.Оаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээ байгуулаагүй, хамтарч бизнес хийх, ашиг олвол надад мөнгө өгнө гэж ярилцсан. Бизнест мөнгө хэрэгтэй гэхээр нь хамт сууж байгаад О-ийн 5021080918 дугаартай Хаан банкны данс уруу нь мобайл банкаар 5 сая төгрөг шилжүүлсэн, 5021080918 тоот данс нь С.Оийнх мөн байна ...” гэв.

 

          Хариуцагч С.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “... Иргэн Дын нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д хариуцагч С.О-т холбогдуулан “5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Д хариуцагч С.От 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хамтарч бизнес хийхээр тохиролцож 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, П.Дын 5720441441 тоот дансны хуулга, Хаан банк ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 29/2320 дугаартай “5021080918 тоот дансыг Санждоржийн О эзэмшдэг” гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч тал “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байх боловч ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар, холбоотой баримтаа гаргаж өгөөгүй, С.Оаас П.Дд 5,000,000 төгрөг буцаан өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

С.О “бизнес хийх” гэж П.Даас 5,000,000 төгрөг авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл С.О, П.Д нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул С.О П.Даас авсан 5,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч С.Оаас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дд олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргалын эзгүйд хэргийг шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гарсан тул түүний  эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О-аас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.БАТЦЭЦЭГ