Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1047

 

 

 

 

 

 

 

 

 

Д.П, Б.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.П ,

Нэхэмжлэгч: Б.Ц  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С ” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 21 005 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Энхжин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П  нь “Т ” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 3 сарын хугацаанд нүүрс тээвэрлэх, ачих, буулгах хамтран ажиллах гэрээг,

“Т ” ХХК нь “С ” ХХК-тай даатгалын гэрээ байгуулж Б.Ц  өмчлөлийн 54-54 ДУЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 45 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр 202 500 төгрөгийн хураамж төлж даатгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр буюу даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын зүйл болох 54-54 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.П  жолоодон хөдөлгөөнд оролцохдоо, уурхайн амны өмнө зогсож арын чиргүүлээ шалгах гэж буух үед гар кардан тавигдан уруудаж, урд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гарсан. Тухайн үед Төв аймгийн тээврийн цагдаад дуудлага өгөх гэсэн боловч утсаа аваагүй тул даатгагчдаа мэдэгдсэн.

Даатгагчийн зүгээс ослын газрын зураг авч баталгаажуулан хохирлын үнэлгээ хийлгэн материал бүрдүүлэн өг гэсний дагуу даатгалын тохиолдлын газар дээрх фото зураг, 54-54 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол үнэлгээнийг “Кости-эстимейт” ХХК-аар хийлгэсэн үнэлгээний тайлан, холбогдогч, жолооч нарын бичиг баримтын хуулбар зэргийг өргөдлийн хамт “С ” ХХК-ийн нөхөн төлбөрийн газарт өгсөн.

“С ” ХХК-аас 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 Жолооч гүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө, гэрээний 15.11.8-д Тоормосны системийн идэвхжил нь шаардлага хангахгүй байх гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан ба Санхүүгийн зохицуулах хороонд хандахад тус байгууллагаас гомдлыг шалгаж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9/3459 тоот албан бичгээр даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэх хариуг өгсөн.

Гэвч “С ” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04\548 тоот мэдэгдлээр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа татгалзаж буй үндэслэлээ гэрээгээр тохирсон хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийн улмаас хохирол учраагүй гэж, хөдөлгөөнд оролцох гэдгийг Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан томьёоллоор өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж байна.

Иймд хариуцагчаас нөхөн төлбөр 21 005 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.П  нь “С ” ХХК-д даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Д.П  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн баруун урд Таван толгой нүүрсний газарт нүүрсээ буулгах гэж дугаарлаж байсан боловч тэр газар нь төв замтай ойрхон, талбайн хэмжээ бага, нүүрсний ам руугаа газар нь маш их уруу баруун зүүн талаасаа жалга нийлсэн амтай газар машинаа тавьсан байсан.

Нүүрсээ буулгах гээд машины ард зогсож байсан болохоор жолооч машинаа асаагаад ороход бэлтгээд машиныхаа эргэн тойрон чиргүүлээ үзээд ирэх хооронд гэнэт гар кардан нь тавигдаж урд талын машиныг мөргөж өөрийн машины нүүр тал, кабин тэр чигээрээ цөмөрч орсон гэдэг.

“С ” ХХК даатгуулагч буюу нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч судлан үзэхэд даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах дараах үндэслэлүүд тогтоогдсон байдаг. Үүнд: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, Даатгалын гэрээний 3.1, 3.3, 7.1, 7.1.1, 15.11.3, 15.11.8 зэрэгт заасан үндэслэлүүд тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.П д олгогдсон даатгалын баталгаанд сонгосон хамгаалалтыг гэрээгээр тодорхойлно гэж заасан. Харин даатгалын гэрээнд хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, галын эрсдэл гадны нөлөөллөөс үүдэлтэй, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл, жолоо шилжүүлэх үеийн эрсдэл, их биеийн хулгайн эрсдэл, салхины шилний эрсдэл, мал амьтны нөлөөллөөс үүсэх эрсдэл, байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэл, дугуйнаас үүссэн эрсдэл зэрэг эрсдэлүүдийг даатгалын тохиолдолд авч үзэхээр тохиролцсон.

Гэтэл даатгуулагчийн “С ” ХХК-д гаргасан өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь даатгалын гэрээгээр тохирсон дээрх эрсдэлийн тохиолдлуудын алинд ч хамаарахгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзвэл замын хөдөлгөөнд оролцож байх үед болсон осол гэж тайлбарласан байх боловч дээрх үйл явдал нь замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хамаарахгүй юм. Энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж, Даатгалын гэрээний 3.2-т Даатгалын зүйл, эрсдэлийг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Хэрэв шууд тайлбарлах боломжгүй гэж үзвэл гэрээний бусад нөхцөл, агуулгатай харьцуулах замаар тодорхойлохоор талууд тохиролцов гэж тус тус заасан.

“С ” ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг судлаад Даатгалын тухай хууль, даатгалын гэрээнд заасан үндэслэл журмын дагуу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан байна гэж үзэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, даатгалын гэрээний 7.2-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдсэн байдаг.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан “С ” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 21 005 000 төгрөгийг гаргуулж Д.П, Б.Ц нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг тайлбарлахдаа зохих хууль, хуульчилсан актыг үндэслэл болгохгүйгээр дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.34-т “Түр зогсолт" гэж жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас илүүгүй хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоосон үйлдэл нь түр зогсолтод хамаарна” гэж заасан байхад шүүх нүүрс буулгахаар зогсож байсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байсан гэж үзсэн. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн “С ” ХХК-д гаргасан өргөдөлд тухайн тээврийн хэрэгсэл нь гар кардан татаастай зогсож байсан гэх үйл баримт байгаа талаар шүүхийн шийдвэрийн 4 дэх талын 6 дахь догол мөрөнд тээврийн хэрэгсэл гар кардан татаастай зогсож байсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа энэ нь хөдөлгөөнд оролцож байсан гэж үзэхээс өөр аргагүй гэснийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний даатгалын эрсдэлд хамаарах хэсэгт Түр зогсолт хийсэн байх үеийн эрсдэл хамаарахгүй тул тус гэрээний 3.1, 3.2, 3.3, 7.1, 7.1.1, 15.11.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.П, Б.Ц нар нь хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 21 005 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Т ” ХХК “С ” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Даатгалын гэрээ байгуулж, гэрээний хавсралтад нэрлэн заасан 35 тээврийн хэрэгслийг даатгуулсан, хавсралтын 33-т 54-54 ДУЭ Нордбенз маркийн автомашин, өмчлөгч нь Д.П , даатгалын үнэлгээ 45 000 000 төгрөг, хураамж 202 500 төгрөг гэж тэмдэглэсэн байна.

 

 Мөн өдөр даатгагч “С ” ХХК нь Д.П д дурдсан мэдээлэл бүхий “Даатгалын баталгаа”-г олгожээ. Уг баримтад 54-54 ДУЭ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл гэж тэмдэглэгджээ. Иймд “С ” ХХК болон Д.П  нарын хооронд даатгалын харилцаа үүсч, даатгалын гэрээ даатгалын баталгаа хэлбэрээр хийгдсэн, гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр юм.

 

Харин Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэг нь даатгалын баталгааны хэлбэрээр даатгалын харилцаа үүсэх тохиолдолд уг баталгаа гаргагч этгээд баталгааг даатгагчид бодитоор хүлээлгэж өгөх үүргийг зохицуулсан тул гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх олгосон зохицуулалт биш болно.

 

“С ” ХХК нь даатгалын баталгааг Д.П д олгохдоо “Т ” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэсэн, уг гэрээ нь Д.П д ашигтайгаар даатгах даатгалд хамаарах, “Т ” ХХК даатгалын гэрээний хураамжийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Иймд Д.П  нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт зааснаар даатгагч “Т ” ХХК-тай зөвшилцөлгүйгээр гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах эрхтэй.

 

Д.П  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 54-54 ДУЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Төв аймгийн нутагт байрлах “Т ” ХХК-ийн нүүрсний уурхайд нүүрс буулгахаар жолоодож явсан ба дараалалд зогсож байх үедээ гар тоормсыг дутуу татаж автомашинаас буусны улмаас автомашин хөдөлж урд талд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн, 21 005 000 төгрөгийн хохирол учирсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Даатгалын гэрээгээр даатгалын хамгаалалтын төрлийн алийг сонгосон нь ойлгомжгүй байгаа тохиолдолд даатгалын баталгаагаар тохиролцсон нөхцөлийг тодорхойлох нь зүйтэй.

 

Д.П гийн үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “жолооч гүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэх заалтыг зөрчсөн байна. Даатгалын баталгааны 5.6, 5.6.1-д зааснаар даатгуулагч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан нь нотлогдвол хохирлын 80 хувиар тооцож нөхөн төлбөрийг олгохоор тохиролцжээ. Энэ заалтыг даатгалын байгууллага гэрээний 5.6-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэсэн урьдчилсан нөхцөл нотлогдсон тохиолдолд хэрэглэх юм.

 

“Т ” ХХК болон “С ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд гурвалсан этгээдийн буруутай үйлдэл хохирол учирсан тохиолдлын талаар зохицуулаагүй тул даатгалын байгууллагын заалтыг хэрэглэхээр байна.

 

Д.П  даатгалын төлбөрийг гаргуулахаар “С ” ХХК-д хүсэлт гаргасан, хүсэлтийг хангаагүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан талаар талууд маргаагүй бөгөөд хуульд заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн байна.

 

Дээрхээс дүгнэвэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар Д.П  нь даатгалын нөхөн төлбөрийг “С ” ХХК-аас шаардах эрхтэй ба уг нөхөн төлбөрийн хэмжээг гэрээний 5.6, 5.6.1-д зааснаар хохирлын 80 хувиар тооцох тул нэхэмжлэлийг 16 804 000 төгрөгөөр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Харин Б.Ц ийн хувьд “С ” ХХК болон “Т ” ХХК-тай даатгалын болон бусад гэрээний харилцаа үүсээгүй тул даатгалын төлбөр шаардах эрхгүй гэж дүгнэж, түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Даатгалын тухай хууль нь даатгалын үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулдаг тул Иргэний хуулийн Дөчин гуравдугаар бүлгээр зохицуулсан даатгалын гэрээний шаардлагыг зохицуулсан хэм хэмжээ нь илүү нарийвчилсан тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар түрүүлж хэрэглэгдэх юм.иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 

Б.Ц  нь автомашины өмчлөгчийн хувиар өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00638 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С ” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 16 804 000 төгрөгийг гаргуулж Д.П д олгож, Д.П гийн нэхэмжлэлээс 4 201 000 төгрөгт холбогдох хэсэг болон Б.Цэрэндоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, найруулж,

2 дахь заалтын “хариуцагчаас 262 975 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас 241 970 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

               ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА