Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00638

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Д.Д,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “СС” ХХК /РД:2117809/-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 21,005,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлж гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д.Д нь “Таван толгой түлш” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг дуустал гурван сарын хугацаанд нүүрс тээвэрлэх, ачих, буулгах хамтран ажиллах гэрээг, “Таван толгой түлш” ХХК нь “СС” ХХК-тай Авто тээврийн хэрэгслийн 14С19904547 дугаартай гэрээ байгуулж 54- 54 ДУЭ улсын дугаартай “NORTHBENZ” маркийн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр 202,500 төгрөгийн хураамж төлж даатгуулсан. Тухайн үед тус тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.Б байсан.

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр буюу даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын зүйл болох 54-54 ДУЭ улсын дугаартай ND-4250 маркийн тээврийн хэрэгслийг Д.Д жолоодон хөдөлгөөнд оролцохдоо, уурхайн амны өмнө зогсож арын чиргүүлээ шалгах гэж буух үед гар кардан тавигдан уруудаж, урд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гарсан. Тухайн үед Төв аймгийн тээврийн цагдаад дуудлага өгөх гэсэн боловч утсаа аваагүй тул даатгагчдаа мэдэгдсэн байдаг.

Даатгагчийн зүгээс ослын газрын зураг авч баталгаажуулан хохирлын үнэлгээ хийлгэн материал бүрдүүлэн өг гэсний дагуу даатгалын тохиолдлын газар дээрх фото зураг, 54-54 ДУЭ улсын дугаартай ND-4250 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол үнэлгээний “Кости-Эстимейт” ХХК-аар хийлгэсэн үнэлгээний тайлан, холбогдогч, жолооч нарын бичиг баримтын хуулбар зэргийг өргөдлийн хамт “СС” ХХК-ийн нөхөн төлбөрийн газарт хүлээлгэн өгсөн.

“СС” ХХК-аас 2019 оны 8 дугаар сарын 05-ний өдөр нөхөн төлбөр татгалзаж шийдвэрлэсэн хариу ирсэн бөгөөд тухайн албан тоотод ... Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 “Жолооч гүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”, гэрээний 15.11.8-д “Тоормосны системийн идэвхжил нь шаардлага хангахгүй байх” гэсэн үндэслэлээр тус тус нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул Санхүүгийн зохицуулах хороонд хандсан.

Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг шалгаж үзээд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №9/3459 тоот албан бичгээр “...талуудаас ирүүлсэн баримтуудыг нягталж үзэхэд даатгуулагч Д.Д нь даатгалын гэрээний 15.11.18 дахь хэсгийг зөрчсөн гэдгийг даатгагчийн зүгээс үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэхээр байна. Иймд даатгалын гэрээний нөхцөлийн дагуу даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй” гэх хариуг өгсөн.

Гэвч “СС” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04\548 тоот мэдэгдлээр нөхөн төлбөр олгох боломжгүй гэж мэдэгдсэн тул хариуцагч “СС” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 21,005,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

Гэтэл хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа татгалзаж буй үндэслэлээ гэрээгээр тохирсон “хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл”-ийн улмаас хохирол учраагүй гэж, хөдөлгөөнд оролцох гэдгийг Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан томьёоллоор өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд хариуцагчаас нөхөн төлбөр 21,005,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү. Нэхэмжлэгч Д.Д нь даатгалын гэрээнд заасан даатгуулагч, Б.Б нь өмчлөгч тул хамтран нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Д.Д нь “СС” ХХК-д дараах агуулгатай даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Үүнд: “Д.Д нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн баруун урд Таван толгой нүүрсний газарт нүүрсээ буулгах гэж дугаарлаж байсан боловч тэр газар нь төв замтай ойрхон, талбайн хэмжээ бага, нүүрсний ам руугаа газар нь маш их уруу баруун зүүн талаасаа жалга нийлсэн амтай газар машинаа тавьсан байсан. Нүүрсээ буулгах гээд машины ард зогсож байсан болохоор жолооч маань машинаа асаагаад ороход бэлтгээд машинаасаа буугаад машиныхаа эргэн тойрон чиргүүлээ үзээд ирэх хооронд гэнэт гар кардан нь тавигдаад урд талынхаа машиныг мөргөж өөрийн машины нүүр тал, кабин тэр чигээрээ цөмөрч орсон” гэдэг.

“СС” ХХК даатгуулагч буюу нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч судлан үзэхэд даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах дараах үндэслэлүүд тогтоогдсон байдаг.

Үүнд: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, Даатгалын гэрээний 3.1, 3.3, 7.1, 7.1.1, 15.11.3, 15.11.8 зэрэгт заасан үндэслэлүүд тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Дд олгогдсон Даатгалын баталгаанд “сонгосон хамгаалалт”-ыг “гэрээгээр тодорхойлно” гэж заасан. Харин Даатгалын гэрээнд дараах эрсдэлүүдийг даатгалын тохиолдолд авч үзэхээр тохиролцсон.

Үүнд:

•Хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл,

•Галын эрсдэл гадны нөлөөллөөс үүдэлтэй,

•Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл,

•Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл,

•Их биеийн хулгайн эрсдэл,

•Салхины шилний эрсдэл,

•Мал амьтны нөлөөллөөс үүсэх эрсдэл,

•Байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэл,

•Дугуйнаас үүссэн эрсдэл зэрэг болно.

Гэтэл даатгуулагчийн “СС” ХХК-д гаргасан өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь даатгалын гэрээгээр тохирсон дээрх эрсдэлийн тохиолдлуудын алинд ч хамаарахгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзвэл замын хөдөлгөөнд оролцож байх үед болсон осол гэж тайлбарласан байх боловч дээрх үйл явдал нь замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хамаарахгүй юм. Энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж, Даатгалын гэрээний 3.2-т “Даатгалын зүйл, эрсдэлийг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Хэрэв шууд тайлбарлах боломжгүй гэж үзвэл гэрээний бусад нөхцөл, агуулгатай харьцуулах замаар тодорхойлохоор талууд тохиролцов” гэж тус тус заажээ.

“СС” ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг судлаад Даатгалын тухай хууль, даатгалын гэрээнд заасан үндэслэл журмын дагуу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан байна гэж үзэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, даатгалын гэрээний 7.2-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдсэн байдаг.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д, Б.Б нар нь хариуцагч “СС” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр 21,005,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч “СС” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

“Таван толгой түлш” ХХК нь “СС” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар 14С19904547 дугаартай “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар байгуулж, Б.Бийн өмчлөлийн 54-54 ДУЭ тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр, 55-14 АЧ чиргүүлийг 10,000,000 төгрөгөөр үнэлэн даатгуулж, “Таван толгой түлш” ХХК нь даатгалын хураамжид 202,500 төгрөг төлөх, “СС” ХХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг харилцан хүлээсэн бөгөөд даатгалын 330979 тоот баталгааг эзэмшигч Д.Дд олгожээ.

 

Шүүх Д.Д болон “СС” ХХК-ийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 89 дүгээр зүйлийн 89.3, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3, 433 дугаар зүйлийн 433.1-д заасанд нийцсэн байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр даатгалын зүйл болох 54-54 ДУЭ улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн нутагт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрсний уурхайд нүүрс буулгах дараалалд зогсож байх үедээ гар тоормос тавигдаж, урд талд зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж, 21,005,000 төгрөгийн хохирол даатгалын зүйлд учирсан үйл баримт тогтоогдсон байна.    

 

Даатгуулагч Д.Д нь даатгалын гэрээний 5.1.4-т заасан хугацааны дотор буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээний 5.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн даатгагч “СС” ХХК-д нэхэмжлэл гаргасан боловч даатгагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “Жолооч гүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэх заалтыг зөрчсөн тул гэрээний 15.11.8-д заасан “Тоормосны системийн идэвхжил нь шаардлага хангахгүй байх” гэсэн заалтын дагуу нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо энэ үндэслэлийг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах үндэслэлд хамаарахгүй тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна.

 

“СС” ХХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуг Санхүүгийн зохицуулах хороонд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 04/548 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар шүүхэд давж заалдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бол хариуцагч нь даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан гэж урьд гаргаснаас өөр үндэслэлээр уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Мэтгэлцээний талууд тэдгээрийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдал, даатгалын зүйлийн эзэмшигч, өмчлөгч, даатгалын хураамж төлөгдсөн эсэх болон даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйлд хохирол учирсан эсэх, учирсан хохирлын хэмжээ зэрэгт маргаагүй.

 

Харин даатгалын гэрээнд заасан эрсдэлээс даатгалын зүйлд хохирол учирсан эсэхэд маргасан тул шүүх маргаан бүхий энэ үйл баримтыг шалгаж тогтоох нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх гол үндэс гэж үзлээ.

 

Даатгалын гэрээний үндсэн нөхцөлд автотээврийн хэрэгслийн даатгалын хувьд “Хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл”-ийг даатгалын эрсдэл байхаар тусгажээ.

 

Нэхэмжлэгч нар энэ эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж шаардлагаа дэмжсэн бол хариуцагч уурхайн аман дээр нүүрс буулгахаар зогсож байсан тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д заасан замын хөдөлгөөнд оролцогч гэж үзэхгүй гэх үндэслэлээр татгалзлаа дэмжсэн.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, мөн хуулийн 3.1.7-д “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж тус тус заажээ.

 

“Таван толгой түлш” ХХК-д нүүрс ачиж, буулгах тээврийн хэрэгслийн зорчдог замыг нийтийн хэрэгцээний зам гэж үзэхэд эргэлзээтэй ч анхнаасаа нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хариуцагч даатгасан, уг даатгалын зүйлийн хөдөлгөөнд оролцох боломж нь нийтийн хэрэгцээний замаас гадна уурхайд нүүрс ачиж, буулгахад зориулагдсан замаар зорчих явдал болох нь илэрхий байсан тул нийтийн хэрэгцээний зам мөн эсэхийг тогтоох нь маргаанд ач холбогдолгүй гэж үзлээ.

 Түүнчлэн талууд тээврийн хэрэгсэлд хохирол учирч болох хөдөлгөөний хурдны хэмжээг гэрээгээр тодорхойлоогүй, хөдөлгөөн гэх ойлголтод тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг л ойлгох тул уурхайн аман дээр дараалалд дугаарлаж, урдаа байгаа тээврийн хэрэгслүүдээс шууд хамааралтайгаар шилжих хөдөлгөөний олон давтамж бүхий явах, зогсох зэрэг үйлдлийг хослуулан гүйцэтгэх замаар хийж байсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байсан гэж үзэхээс аргагүй юм.

 

Ийнхүү хөдөлгөөнд оролцох үед урдаа зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн ослын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон тул шүүх гэрээгээр тохирсон хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон гэх дүгнэлтэд хүрэв.

 

Иймд хариуцагч “СС” ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

 

Талууд учирсан хохирлын хэмжээнд маргаагүй, даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд 21,005,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14251040 тоот үнэлгээний тайлангаар тогтоогдсон, нэхэмжлэгч Д.Д нь даатгуулагч бөгөөд шууд эзэмшигч, нэхэмжлэгч Б.Б нь өмчлөгч буюу шууд бус эзэмшигч бөгөөд ашиг сонирхол нэг нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргасан нь хариуцагч “СС” ХХК-аас нөхөн төлбөр гаргуулахад саад болох хууль зүйн үндэслэл болохгүй тул шүүх хариуцагчаас 21,005,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан “СС” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 21,005,000 төгрөгийг гаргуулж Д.Д, Б.Б нарт олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА