Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1046

 

 

 

 

 

 

 

 

 

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б ,

Хариуцагч: А.Д  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 1116 054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч А.Д ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: А.Д ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б , А.Д  нар нь “Х ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 1 жилийн 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн ба банк 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Х ” ХХК дахь зээлдэгч Б.Б ын эзэмшлийн дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1 473 497 төгрөг, зээлийн хүүд 841 544 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 045 төгрөгийг төлсөн. Зээлдэгч зээлийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1 070 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. “Х ” нь удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлийн төлбөрт 3 526 502 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх хүү 2 303 973 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258 578 төгрөг, нийт 6 116 054 төгрөгийг Б.Б , А.Д  нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Б ын тайлбар үндэслэлтэй бөгөөд банк буруу тооцсон байх тул нийт 6 038 361 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан тайлбартаа:Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 526 502 төгрөг, зээлийн хүү 2 226 281 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258 578 төгрөг, нийт 6 038 361 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Банк зээлийн хүүг буруу тооцсон байна гэжээ.

 

Хариуцагч А.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б тай нэг компанид 2013-2018 оны хооронд хамт ажиллаж байсан. Б.Б  нь “Х ” ХХК-аас цалингийн зээл авахдаа “н.Д  найз нь цалингийн зээл авах гэж байгаа, манай аав иргэний үнэмлэхээ гэртээ орхисон, өөрөө хол явж байна гэнэ, найз нь өнөөдөр зээлээ авчихвал болох гээд байна, чи хүрч ирээд найздаа туслаад гарын үсэг зураад өгчих” гэж утсаар ярьсан.

Тухайн үед Б.Б ыг зээлээ төлөхгүй байна гэж бодоогүй. Мөн тухайн зээлээс би нэг ч төгрөг аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б , А.Д  нараас 6 038 361 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77 692 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 111 564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Д  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анх шүүхээс дуудаж нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа шүүгчийн туслах эрх, үүрэг тайлбарлаж өгсөн. Харин зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж тайлбарлаж өгөөгүй. Мөн шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Би хөдөө орон нутаг руу барилгын материал болон ажилчдыг зөөвөрлөх зэргээр байнга автомашин барьж, замд явдаг ажилтай ба шүүгчийн туслах хурлын тов болон шүүхийн шийдвэр гардаж авахыг утсаар залгаж мэдэгдэх гэсэн боловч холбогдоогүй гэж тэмдэглэл үйлдсэн байгаа. Би хөдөө явдаг учраас гар утасны сүлжээ байнга унадаг. Гэрийн хаягаар явуулсан боловч хүнгүй байсан тул буцаж ирсэн байсан. Зүй нь гэрт хүнгүй тохиолдолд оршин суугаа хорооны Засаг дарга болон, Засаг даргын ажлын албанд гардуулсан бол Засаг дарга хүлээн аваад зэргэлдээ хашаанд байх хүргэн ахад өгөх боломжтой байсан.

Иймд шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүйд гомдолтой байна. Хариуцагч Б.Б  цалингийн зээл авсан ба хамт ажиллаж байсан намайг гуйгаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие нь тухайн зээлээс нэг төгрөг аваагүй, хэрэглээгүй.

Х ны ажилтнаас над руу удаа дараа холбогдож би Б.Б ын утасны дугаарыг олж өгч, гэрт нь хамт очиж байсан. Б.Б  зээлийг би өөрөө төлнө гэж хэлдэг байсан.

Анхан шатны шүүх хамтран хариуцагчаар татаж, зээлийн төлбөрийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүй, хэт нэг талыг барьж хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Б.Б , А.Д  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 116 054 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б  зээлийн гэрээний үүрэгт 6 038 361 төгрөг төлөхийг зөвшөөрч, хариуцагч А.Д  эс зөвшөөрч маргажээ.

 

“Х ” ХХК нь Б.Б , А.Д  нартай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 5 000 000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Б.Б , А.Д  нар нь зээлийг гэрээний 1.8-д заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс зөрчсөн нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь гэрээний 5.1.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр гэрээг цуцалж, хариуцагч нарт холбогдуулж зээлийн төлбөрт үндсэн зээл 3 526 502 төгрөг, зээлийн хүү 2 303 973 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258 578 төгрөг, нийт 6 116 054 төгрөгийн шаардлага гаргаснаа 6 038 361 төгрөг болгож багасгасан. Анхан шатны шүүх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээнд Б.Б , А.Д  нар нь хамтран үүрэг хүлээхээр хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв тул хамтран хариуцагчаар татаж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагч А.Д ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч А.Д ид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 72.2, 76.2, 77.8, 86.2, 100.3, 100.4, 119.4-119.6 дахь зүйлд тодорхойлсон хэргийн оролцогчийн эрх, үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх танилцуулсан. Хариуцагч А.Д ид шүүх хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон болохыг 2020 оны 02 дүгээр сарын 07-ны өдөр утсаар мэдэгдэхэд тэрээр “за ойлголоо” гэж хариулсан тухай тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлджээ.

 

Түүнээс гадна хариуцагч А.Д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, уг үүргээ тэрээр биелүүлээгүй байна. Хариуцагч А.Д  нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд ирээгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд анхан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцсэн нь хуульд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Д ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Д ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА